Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Б.Түмэнцэнгэл: Хэрэглээний зээл хумигдаж байгаа ч бизнесийн зээл идэвхжиж байгаа

Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо (ЗӨАТБХ) хамтран “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод хийж байна.

Тус сургалтад Ази Номхон далайн бүс нутгийн арван орны төв банкны төлөөлөл оролцов. Сургалтаар санхүүгийн мөчлөгийн шинж чанар, шалтгаан болон эдийн засагт үзүүлэх нөлөө, бодлогын боломжит хариу үйлдлийг авч үзжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлээс энэ талаар тодрууллаа.

 

-“Санхүүгийн мөчлөг ба хямрал” сургалтын талаар мэдээлэл өгнө үү?
-Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбоо гэж байдаг. Энэ холбоонд Азийн төв банкууд гишүүнээр элсээд, хамтарсан судалгаа сургалт хийдэг гэж ойлгож болно. Монголбанк 1999 онд уг холбоонд гишүүнээр элссэн. Тэр цагаас хойш энэ холбооны сургалт судалгаануудад идэвхтэй оролцож ирлээ. Энэ удаагийн сургалт маань “Санхүүгийн мөчлөг ба эдийн засгийн хямрал” сэдвээр болж байна. Арван төв банкны гучаад мэргэжилтэн ирж оролцож байна. Багш нарын хувьд ЗӨАТБХ-ны Макро эдийн засаг, мөнгөний бодлогын менежментийн газар, Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны Ази, Номхон далайн орнуудын төлөөлөгчийн газар, Сан-Францискогийн Холбооны нөөцийн банкны экспертүүд байна.


-Санхүүгийн мөчлөг, хямралын үе нь хэдийгээр таарахаар байна. Хямралыг угтаж ямар бэлтгэл хангах боломжтой вэ?
-Судлаачид, бодлого боловсруулагчид, зохицуулагч нарын хувьд хамгийн чухал, анхаарах ёстой асуудал нь хямрал. Хямралын үед олон хүн ажилгүй болдог, хөрөнгө оруулалтыг хумьдаг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Аль болох хямралаас урьдчилан сэргийлэх, хямрал боллоо ч хохирол багатай, хурдан даван туулахад гол анхаарлаа төвлөрүүлдэг. Сүүлийн хямралуудын хувьд хамгийн том нь 2008-2009 оны Азийн санхүүгийн хямрал. Тэр болтол бодлого боловсруулагчид бизнесийн мөчлөг гэдэг чухал юм байна гээд гол анхаарлаа төвлөрүүлж байсан. Гэтэл санхүүгийн мөчлөг бас чухал гэдгийг энэ хямралаар ойлгосон юм. 2008-2009 оны хямралыг авч үзвэл инфляц төв банкуудын зорилтот түвшинд, зээлийн болон бусад хөрөнгийн үнийн өсөлт бүгд аятайхан дүр зурагтай байсан ч нэг л өдөр хямрал тохиолдсон. Тэр нь юутай холбоотой байсан гэхээр судлаачид ч бодлого боловсруулагчид ч тэр санхүүгийн мөчлөг гэдэг зүйлийг хангалттай сайн судлаагүй, бодит эдийн засагт үзүүлэх нөлөөг нь дутуу үнэлсэн гэж үздэг. Тэр том хямралаас хойш санхүүгийн мөчлөг гэдэг зүйл судлаач нарын гол сэдэв болсон. Энэ ч агуулгаараа энэ сургалтад Азийн арваад банкны санхүү, мөнгөний бодлого, макро зохистой бодлого хариуцсан мэргэжилтэн ирээд, энэ чиглэлээр хийгдсэн сүүлийн үеийн судалгаануудыг ярилцаад, ямар бодлогын арга хэмжээ илүү зохистой талаар үнэлэлт дүгнэлт өгч байна.

-Санхүүгийн мөчлөг гэж яг юугаа хэлж байна вэ?
-Ерөнхийдөө бизнесийн мөчлөг гэхээр ажил эрхлэлт, эдийн засгийн өсөлт гэх мэт үзүүлэлтүүдийг голлон авч үздэг. Үүнийг ч олон нийт хангалттай мэдэж байгаа. Эдийн засаг хоёрдугаар улиралд 6,5 хувь өслөө. Хагас жилийн байдлаар 7,3 хувь өслөө гэж өнгөрсөн долоо хоногт ҮСХ зарласан. Гэх мэтчилэн бизнесийн мөчлөгийг илэрхийлэх үзүүлэлтүүдийг харьцангуй сайн мэддэг. Санхүүгийн мөчлөгийн гол хэмжих индикаторууд нь зээлийн өсөлт, газрын, хувьцааны үнэ цэн ямар байна, хөрөнгийн үнийн өсөлт зэрэгт илүү тулгуурлаж хэмждэг гэж ойлгож болно. Нэг талдаа эдийн засгийн өсөлт тодорхой түвшинд, ажил эрхлэлт, үнэ, инфляц, хэвийн байгаа ч цаагуураа санхүүгийн мөчлөг дээрээ зээл хэт хурдтай өсөөд байвал хэзээ нэг цагт уналтыг авчрах эрсдэлтэй гэдэг нь өмнөх хямралаас ойлгогдсон зүйл байгаа юм. АНУ-д гэхэд үл хөдлөх хөрөнгө, моргейжийн зээл маш хурдтай өссөн. Дагаад байрны үнэ хөөсөрсөн. Тэгж явж байгаад нэг өдөр хага үсрэхэд дэлхий нийтийг хамарсан маш том хямрал бий болсон.

-Монголчуудын хувьд ч нэг хэсэг моргейжийн зээл хэт их олгогдож байна. Америкийн хямрал шиг нөхцөлд орох вий гэсэн шүүмжлэл их явдаг байсан. Сүүлийн жилүүдэд ипотекийн зээл хумигдчихлаа л даа. Гэсэн ч өрхүүд зээлийн дарамтанд орох хандлагатай байна гэсэн судалгааны дүгнэлтүүд сонсогддог. Тэр дарамтыг Монгол банкны зүгээс хэр анзаарч арга хэмжээ авдаг вэ?
-Энэ асуудал санхүүгийн секторын эрэлт гэдэгтэй холбогдоно. Сүүлийн хоёр жилд эдийн засаг сэргэж, сайжирч байгаа ч цаагуураа өрхийн өрийн дарамт нэмэгдэж байгаа. Энэ нь дунд хугацаанд эрсдэл авчрах магадлалтай. Тийм учраас 2018 онд Төв банкны тухай хуулийг шинэчилсэн. Монголбанк шинээр макро зохистой бодлого хэрэгжүүлэх эрх, үүрэгтэй болсон байгаа. Энэ хүрээнд хэрэглээний зээлд тодорхой хязгаарлалтууд тавьсан. Цалин, тэтгэвэр, машины зээл гэх мэт хэрэглээний шинж чанартай зээлүүдийн өр, орлогын харьцаан дээр 70:60 хувийн дээд хязгаар тогтоосон. Хугацаан дээр 30 сар гэдэг хязгаар тогтоосон байгаа. Дээр дурдсанчлан иргэд маань нэг талдаа моргэйжийн зээлийн өртэй, дээр нь нэмээд хэрэглээний зээл аваад ирэхээр сард орлогынхоо маш их хувийг зээлийн эргэн төлөлтөд зориулдаг. Эдийн засгийн дараагийн уналтын цикл рүү ороход зээлээ эргэн төлж чадахгүй байх магадлалтай. Үүнд одоо хязгаар тогтоохгүй бол эрсдэл нэгэнт хуримтлагдсан хойно санхүүгийн сектор том шоконд орно. Монгол Улсын хувьд Засгийн газрын өр, санхүүгийн байгууллагууд, хувийн компаниудын өр өндөр түвшинд очсон байна. Үүн дээр нэмээд өрхийн өр энэ түвшинд очвол нийт эдийн засаг маань өрийн дарамттай, эмзэг байдалд орох эрсдэл бий. Үүнийг урьдчилж харж, сэргийлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.


-Тэтгэврийн зээлийг хязгаарласан гээд зарим нь шүүмжлээд байгаа ч авахаас өөр аргагүй л арга хэмжээ юм байна?
-Хэрэглээний зээл гарч байна гэдэг хэрэглээг өрөөр санхүүжүүлж байна гэсэн үг. Нөгөө талдаа худалдааны салбарт дэмжлэг болж байгаа. Авсан зээлээрээ бараа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаж авна. Энэ нь эдийн засагт дэмжлэг болно. Гэхдээ зээлээр санхүүжсэн хэрэглээ тогтвортой урт хугацаанд үргэлжлэх аргагүй. Хязгаарлах нь зайлшгүй шаардлагатай. Эдийн засагт гашуун эм шиг нөлөөлнө. Мэдээж зээлээ 100 хувь авч чадахгүй 70, 60 хувиар авна, хугацаа нь илүү урт байснаа 30 сараар хязгаарлагдах нь зарим иргэн аж ахуйн нэгжид хүндээр тусах магадлалтай. Гэхдээ эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдал гэдэг өнцгөөс харвал уухаас аргагүй гашуун эм гэсэн үг.
Хэрэглээний зээлийг авч үзвэл 2017 оны гуравдугаар улирлаас эхлээд 40 гаруй хувийн өсөлттэй явж байгаа. Энэ нь нэг талаар өрхүүдийн өрийг маш хурдтай нэмэгдүүлж байгаа. Худалдааны салбар, боловсруулах үйлдвэр зэрэг зарим бодит эдийн засгийг зээлээр санхүүжүүлж дэмжиж байгаа. Үргэлжлүүлэх хүндрэлтэй. Банкны салбарын гол эх үүсвэрүүд хэрэглээг санхүүжүүлээд байвал яаж урт хугацаандаа бизнесийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх вэ, эдийн засгийг төрөлжүүлэх вэ гэдэг асуудалтай болно. Тэгэхээр нэг талдаа хэрэглээний зээлийг зохистой түвшинд хязгаарлаж байж, нөгөө талдаа бизнесийн зээл өсч, ажлын байр, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл бий болох гарцыг нээнэ. 2018 оны хоёрдугаар улирлаас эхлээд бизнесийн зээл хоёр оронтой тоогоор өсч эхэлсэн. Нэг талдаа хэрэглээний зээл хумигдаж байгаа ч бизнесийн зээл идэвхжиж байгаа нь энэ бодлогын арга хэмжээний гол үр дүн гэж харж байна.


-Банкны салбарын зээлийг хязгаарлахаар иргэд Банк бус санхүүгийн байгууллагад илүү их хандах болсон гэдэг. Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтэрсэн нь зээлийн хувь хэмжээ огцом нэмэгдэхэд нөлөөлж, өрхийн өрийн дарамт үүсгэхэд хувь нэмрээ оруулж байгаа болов уу. Энэ чиглэлийн байгууллагад анхаарал тавьдаг уу?
-Таны хэлсэн байгууллага Банк бус санхүүгийн байгууллагад хамрагддаг. Үүнийг СЗХ зохицуулдаг. Хэрэглээний зээлийн хугацаа, өр, орлогын хэмжээнд тавьсан хязгаарлалт зөвхөн арилжааны банкуудад хамаатай. Банк бус санхүүгийн байгууллага нийт банкны салбарын зээлийн таван хувьтай л тэнцэж байгаа. Банкны салбарт хязгаар тавигдахаар эрсдэл ББСБ-д шилжих үйл явц явж байна. Технологид суурилсан шинэ үйлчилгээнүүд нэг талаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, илүү олон хүн амар аргаар зээл авах боломжтой болсон. Эрсдэлийг нь СЗХ хянах ёстой.


-Олон улсын судалгааны дүн танилцуулагдана гэсэн шүү дээ. Шинэлэг арга замууд санал болгож байгаа юу?
-Сургалт учраас бодлогын зөвлөмж гэж ойлгож болохгүй. Сүүлийн үед олон улсын энэ чиглэлийн тэргүүлэх судлаачид юу хэлж байгаа вэ, ямар судалгаа хийсэн бэ гэдгийг сонсоно. Гэхдээ яг тэр үр дүнг бодлогод авч хэрэглэхэд хугацаа шаардагдана. Яг одоо бол эрдэмтэн судлаачид юу хийж байгаатай танилцах нь ач холбогдолтой. Бодлого хэрэгжүүлэхдээ тулах юм бол Монголынхоо орчинд тохирсон нэмэлт судалгааг давхар хийх ёстой. Тэгж байж судалгаанд тулгуурласан бодлогын арга хэмжээ болно.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com