Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Тонуулчид эртний булш бунхан сүйтгэсээр байна

Олны анхаарлыг татаад буй 700-800 жилийн өмнөх ховор олдворын талаар “Умар Монгол” төслийн археологич Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн ажилтан, археологич Ч.Баяндэлгэрээс тодрууллаа.

 

-Та энэ төсөлд хэзээнээс оролцож ажиллаж байна вэ?

-“Умард Монгол” төсөлд би 2016 оноос судлаачаар ажиллаж байна. Энэ төсөл маань 2012 онд эхэлсэн. 2016 онд Хориг уулыг тоногдсон гэдэг мэдээллийг нутгийн иргэдээс аваад энэ дагуу Ж.Баярсайхан ахлагчтай баг газар дээр нь очиж танилцсан. Тухайн жилдээ зөвшөөрөл байгаагүй учраас дараа жил нь малтлага хийх зөвшөөрөл авч ажилласан. Уг уулын орчмыг тонуулчид тонож сүйтгэсэн байсан нь харамсалтай. Эд өлгийн зүйлийг нь аваад хүний ясыг нь тараагаад хаячихсан байсан. Хүний яс наранд ил гарахаараа хувхайраад байхгүй болчихдог. Уг нь хүний ясанд ДНК-ийн шинжилгээ хийгээд олон мэдээлэл авах боломжтой байдаг юм.

-Эдгээр олдворуудын онцлогийн талаар тодруулаач?
-Өнгөрсөн жилийн судалгааны дүнгээр нарийвчилсан хугацаа нь хамгийн эрт үеийнх нь XI, хожуу үеийнх XVI зууных гэж тогтоогдсон. Монголын эзэнт гүрний үеийн археологийн дурсгалуудаас яг ийм язгууртных төдийлөн элбэг байдаггүйгээрээ онцлог. Эдгээр олдворууд бол дээрх үеийн Монголын түүхийн цоо шинэ эх сурвалж гэдгээрээ үнэ цэнтэй олдвор.
Харамсалтай нь тонуулчдын гарт бүх булш бунхан сүйдсэн байна. Бидний олдвор хэрэглэгдэхүүнээс авч байгаа мэдээлэл бол маш бага. Тонуулчид эвдэж сүйтгэж мэдээллийг авах бололцоог бүдгэрүүлдэг гэсэн үг.


-Эдгээр олдворуудын зарим нарийн шинжилгээг хийлгэхээр гадны улс орон руу явуулах уу?
-Хараахан амжаагүй байна. Өмнөх болон энэ жилийн олдворуудын судалгаа үргэлжилж байгаа. Хүйтний улиралд бид олдворуудаа судлах ажилд илүү төвлөрнө.
Манай улсад нарийвчилсан он цаг тогтоох лаборатор байдаггүй. Тийм учраас гадны улс орнууд руу дээжийг нь илгээж он цагийг тогтоолгосоор ирсэн.

-Манайд ийм олдворуудыг зөөх, тээвэрлэх, хадгалж хамгаалах багаж хэрэгсэл, боломж нөхцөл хэр байдаг вэ?
-Манай улс хангалттай түвшинд бол хүрээгүй байна. Зарим багаж хэрэгслээ өөрсдөө хийдэг. Гол нарийн багажуудаа гадныхантай хамтарч ажиллахдаа шийдэх зэргээр ажилладаг даа.

-Энэ олдворууд олон улсын түвшинд шинэ онцлог олдворууд болж чадсан уу?
-Чадсан гэж үзэж байна. Тухайн орчин нь цэвдэгтэй газар. Газрын хөрснөөсөө доош хасах градустай. Тийм учраас олдвор маш сайн хадгалагдаж үлдсэн. Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд ховор нээлт болж буй олдворууд юм. Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулсан ач холбогдолтой малтлага болж байна.

 

Археологочид тонуулчдын араас ажилладаг байдлыг зогсоох хэрэгтэй

 

Хөвсгөл аймгийн нутаг Хориг нэртэй уулнаас 700-800 жилийн өмнөх хугацаанд хамаарах мөнх цэвдэгт хадгалагдсан ваартай өрөм, шар тос зэрэг нь нэн ховор олдвор олдоод буй.
Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг Хөвсгөл аймгаас нээснээ Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран илрүүллээ.
Нийт 1000 гаруй булш байгаагаас 100 гаруй нь тоногдсон бөгөөд эдгээр тоногдсон булшинд судалгаа хийснээ судалгааны багаас танилцуулсан юм. Судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байгаа бөгөөд нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Тус багийнхан зөвхөн энэ бус музей байгуулах хэмжээний олдворыг дээрх тоногдсон булшнаас авран хамгаалжээ. Судалгааны багийнхан алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна.


Тухайлбал, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурхны дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд байгаа юм.
Судалгааны хамгийн сонирхол татахуйц онцлог олдвор нь 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй тухай эрдэмтэд ярьж байлаа.
АНУ-ын талаас судалгааны багийг ахалсан доктор Жулиа Кларк "800 жилийн өмнө амьдарч байсан 5-6 настай хүүхдийг хүндлэлтэйгээр оршуулсан байсан. Гэвч түүний булшийг хулгайч, тонуулчид хөндөж, ясыг нь хаа сайгүй тараасан байсан нь үнэхээр харамсалтай, гунигтай санагдсан. Соёлын өвийг хамгаалахад зөвхөн нэг байгууллагын ажил бус төр засаг, олон нийтийн хамтын ажиллагаа чухал байна. Соёлын өвийг устгаж буй гэмт хэргийн эсрэг олон нийт хамтран ажиллах шаардлагатай" гэсэн юм.
Судалгааны ажлыг хийхэд Монгол Улсын төрөөс нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд бүх зардлыг АНУ-ын судалгааны багаас гаргасан байна.
Мөнх цэвдэгт хадгалагдсан олдворуудыг Улаанбаатар луу авчрахын тулд саванд хөлдөөсөн мөс хийж, хайлангуут нь дахин мөс хийсээр авчирсан гэдгийг үзэсгэлэнг нээх үеэрээ хэлэв.


Мөн Монголын талын судлаачид тоносон булшийг малтахад музей байгуулах хэмжээний олдвор байна гэдгийг төр засагт уламжилсан бөгөөд энэ мэдээллийн араас хулгай, тонуул явах учраас хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг онцолж байна. Цаашид энэ бүс рүү нэг ч хүнийг оруулахгүй байх арга хэмжээг аймгийн Засаг захиргаа, цагдаа, төр засаг анхаарч, хараа хяналтаа сайжруулаасай, тонуулчдын араас археологичид нь явж ажилладаг байдлыг засч залруулаасай гэсэн хүсэлтийг хэлж байсан юм.
Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан онцолж байна. Тэрбээр "Бид зөвхөн нэг хэсгийг нь авран хамгааллаа. Цаашид Дархадын хотгор, Хорьдол сарьдгийн уулсыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах, судалгаа хийж, авран хамгаалах шаардлагатай байна" гэсэн юм. Түүнээс гадна олдворуудыг цаашид хадгалж хамгаалахад учир дутагдалтай байгаа юм. Орчин үеийн тоног төхөөрөмж дутмаг байгааг төсөлд хамтран оролцож буй гадны байгууллагуудаас дэмжлэг авч байгааг ч учирлаж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com