Монголчуудыг ус, цахилгаан, интернэтдээ маш бага мөнгө зарцуулж, гар утас, утасны төлбөр, архи, машиндаа асар их мөнгө үрдэг ард түмэн гэдэг. Гэхдээ ахуйн хэрэглээний аливаа өсөлт бухимдал үүсгэх нэг шалтаг болох нь бий. Хэсэг бухимдаж, шүүмжлээд яаж ч чадахгүйгээс хойш аргагүйддэг. Ахуйн хэрэглээний цахилгааны үнэ огцом нэмэгдсэн тухай сошиалаар хэсэгхэн яригдсан ч уул уурхайн бужигнаан, допингийн талцлаас болоод хэн ч анзаарсангүй. Хэрэглэгчид 130 орчим төгрөгөөр авч байсан 1кВт.ц эрчим хүч 270 төгрөгт хүрсэн гэх шийдвэрийн зурагтай поост явсан ч бодит байдал арай өөр байна. Гэхдээ муу үг модон улаатай гэгчээр цахилгааны үнэ нэмэгдсэн үү гэвэл нэмэгджээ. Дөрвөн удаа.
Дөрвөн шатлалтайгаар хэрэглэгчийн авч буй цахилгаан эрчим хүчний үнэ 16 хувиар нэмэгджээ. Тавдугаар сараас хойш нэг өрхөд 4000 орчим төгрөгөөр нэмэгдсэн тооцоолол байгаа юм. Харин уулзаж тодруулсан хэрэглэгчид өрхийнх нь нийт хэрэглээний төлбөр нь 5000-10.000 орчим төгрөгөөр нэмэгдсэн байх магадлалтай гэцгээж байна.
Цахилгааны үнэ нэмэгдсэн цаад учир
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн мэдээлснээр 2019 оны тав, зургаа, долдугаар сарын 1-ний өдрүүдэд цахилгааны үнийг шатлалтай нэмсэн байна. Энэ дагуу өнөөдөр бид ахуйн хэрэглээндээ 1кВт.ц тутамд 89 төгрөг 19 мөнгө, албан байгууллага 116 төгрөг 39 мөнгө төлж байгаа юм байна.
Уг үнийн нэмэгдлийг айл гэр, албан байгууллагын төсөвт цочроо өгөхөөргүй байхаар тооцоолж хийсэн учир ихэнх хүмүүс мэдээгүй байх гэсэн албан бус тайлбар ч мөн дагалдав. Мөн баяр наадмын үе байсан тул ард иргэд мэдээгүй өнгөрсөн нь олон бололтой.
Хэд хэдэн хэрэглэгчээс асуусан ч “мэдээгүй” гэсэн хариулт өгсөн юм. СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн Х.Баяртсайхан “Би цахилгааны төлбөрөө өөрөө очиж төлдөг. Гэхдээ энэ сарын усны, цахилгааны мөнгө ч нэлээд өндөр гарсан санагдлаа. Бид зун цөөхүүлээ мөн бага зарцуулалттай байдаг тул гайхсан юм. Гэхдээ үнэ нэмэгдсэнийг мэдээгүй” гэсэн бол Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Нансалмаа “Цахилгаан, усны үнэ нэмэгдсэнийг огт анзаараагүй. Гэхдээ хүмүүсийн амьдралд дарамт болохооргүй нэмэгдэж тэр нь эргээд хөрөнгө оруулалт болж чадаж байвал хэвийн үзэгдэл” гэв. Харин мөн хорооны гэр хороололд амьдардаг Л.Сумъяажав “Гэр хороололд амьдарч байгаа бид бүхэн түлээ нүүрсээр жижиглэнгээр үнэтэй авдаг. Харин орон сууцанд амьдардаг хүмүүс хэт үрэлгэн, цахилгаан, дулаан, усаа хэмнэхээ огт мэддэггүй. Тиймээс хэрэглээгээ зохицуулж, хэмнэж сурах хэрэгтэй. Орон сууцны айлд очиход халууцаад гээд өвөл цонхоо нээсэн, хэдэн литр ус хэрэглэдгээ ч мэддэггүй, багцаагүй байдагт харамсдаг. Бид бол дулаанаа алдахгүй гэж эрвийх дэрвийхээрээ гэр орноо дулаалдаг, усаа хэмнэдэг. Харин түүхий нүүрс түлүүлэхгүй гэчхээд цахилгааныхаа үнийг нэмээд байгаа нь гэр хорооллын иргэдэд энэ өвөл хүнд тусах байх. Төр засаг монголчуудыгаа орон сууц, гэр хороололд амьдардгаар нь ялгаварласан мэт бодлого явуулж байна” гэв.
Тэрээр цахилгааны үнэ нэмэгдсэнийг өөрөө төлбөрөө төлөхдөө мөн л мэдээгүй гэж хэлсэн юм. Орон сууцанд амьдардаг олон хүнээс цахилгаан, дулаанаа хэмнэх талаар ямар арга хэрэглэдэг талаар асуухад нэг ч тодорхой хариулт өгсөнгүй. Харин гэр хорооллын айл өрхийн эздүүд хэрэглээний зардлаа мэддэг хэмнэх талаар өөр өөрийн гэсэн арга хэрэглэдэг тухайгаа ярьж байв.
Цахилгааны үнэ тарифыг судалж тооцоолж, хөдөлгөдөг газар бол Эрчим хүчний зохицуулах хороо. Эрчим хүчний үнэд 2015 оноос хойш өөрчлөлт ороогүй гэж тус газраас мэдээлэв. Харин энэ зуны хувьд олон хүчин зүйлээс шалтгаалж үнийг нэмэх зайлшгүй шаардлага гарсан тухайгаа тэд тайлбарлаж байлаа.
Цахилгааны өртөг эрчим хүчний үйлдвэрлэлийн зардлаас мэдээж шалтгаална. Тухайлбал сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нүүрсний үнэ 40 гаруй хувиар нэмэгджээ. Уурхайнууд ч нүүрсний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг дээд газрууддаа байнга тавьдаг. Нүүрсний төмөр замын тээврийн зардал цахилгааны өртөгт нөлөөлнө. Энэ зардал сүүлийн жилүүдэд 10 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эрчим хүчний өртөгт нөлөөлдөг гол хүчин зүйл нь валютын ханшийн өсөлт. Валютын ханшийн өсөлт монголчууд бидний үргэлж хоолой дээр тулгасан хутга болж байдгаараа энэ удаа ч бүх бараа бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлсөн нь статистикуудаас харагдаж байна. Манай улс эрчим хүч үйлдвэрлэлийн сэлбэг материалаа гаднаас валютаар авдаг. Энэ зардал 30-40 хувиар өсчээ.
Монгол өрх 220 квт.ц эрчим хүч дунджаар хэрэглэдэг бөгөөд 32.000 төгрөг болдог. Энэ хэрэглээний өртөг нь Монгол Улсын үйлдвэрлэн түгээж буй эрчим хүчний өртгөөс 30 орчим хувиар доогуур байдаг гэнэ. 2018 оны жилийн эцсийн дүнгээр авч үзэхэд ахуйн хэрэглэгчдэд 62.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Энэ нь нэг өрх сард 9000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг гэсэн тооцоо. Үүнийг улсаас олгож буй хөнгөлөлт гэж ойлгож болох юм.
Хэрэглээний шатлалыг нь 150 кВт.ц хүртэлх эрчим хүч хэрэглэдэг өрх 130 төгрөг, түүнээс дээш цахилгаан хэрэглэдэг хэрэглэгчийн хэрэглээг 150 төгрөгөөр бодож тооцдог. Эмзэг бүлгийн хэрэглэгч гэх бас нэгэн хөнгөлөлт байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ нь бодит өртгөөс 2-3 дахин бага үнээр хэрэглэсэн цахилгаанаа төлдөг. Эдгээр хэрэглэгч материалаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-д бүрдүүлж өгснөөр эдэлдэг “эрх” юм.
Албан байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл, усны суурь үнэ хүртэл эрчим хүчний үнэ нэмэгдэхэд нөлөөлдөг.
Ахуйн хэрэглэгчийн хувьд ийм үнээр эрчим хүч хэрэглэх нь сайхан ч нөгөө талынхаа халааснаас бид хаашаа савируулж байгаагаа мэдэхэд хэцүү биш. Хувь хэрэглэгч хэмнэсэн, хөнгөлүүлсэн зардлаа банкны лизинг, эрүүл мэндийн төлбөр, татварт хураалгадаг тогтолцоо манайд байгаагаас хэрэгтэй салбар нь хөгждөггүй мөнгө хүүлэгч, дамжуулан борлуулагч нар нь хожсоор буй. Эдийн засаг гэгч нь хувь хүний нэг халаасанд орсон ч нөгөө халааснаас урсч байдаг тийм л тогтолцоо. Харин түүнийг халаасандаа жаахан ч гэсэн хуримтлуулж үлдээхийг хувь хүний хандлага бас төрийн бодлого л мэднэ. Энэ бүхнээс харахад манай улсын эрчим хүчний өр авлагын гинжин хэлхээ овоо урт байдаг болов уу гэсэн таамаг гарна.
Үнэ өсгөхгүй байх одоогийн ганц сонголт
Үнэ өсөхөд нөлөөлж буй дээрх зардлуудыг манай улс яаж ч мачийгаад бууруулах нөхцөл ядруу учраас харин хэмнэх нэг л арга байгаа юм. Тэр нь нэгдүгээрт он удаан жилийн насжилттай дулааны шугам сүлжээг шинэчлэх ажил. Аль хэдийнээ 60 жил хол давж “өндөр насны тэтгэвэрт гарсан” шугам сүлжээгээ солихыг түгээдэг, үнэ тариф тогтоодог газар нь хариуцахгүй. Цахилгаан, дулааны алдагдлыг бууруулахад шаварт унасан шарын эзэн гэгчээр хэдэн газрууд нь чадлаараа “нөхөж цойлдох” ажлыг хийдэг. Тухайлбал гол алдагдал шугам сүлжээнээс үүсдэг бөгөөд энэ алдагдал өнгөрсөн жилийн тооцоогоор 14.73 хувь байсныг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газар 13.93 хувь болгож бууруулсан тухайгаа ам бардам хэлж байна.
Харин салбарын яамтай энэ асуудлаар яриа хөөрөө болбол бэтэгт бор бялзуухайн үлгэр болох нь тодорхой. Тухайлбал төсөл хөтөлбөр байлаа ч, төсөв хөрөнгөгүй гэдэг гол шалтгаан. Дараа нь эмх замбараагүй баригдсан хотын барилгууд, ганцхан замыг түр хаахад түгжрэл, бухимдал үүсдэг хотын замуудын ачаалал. Иймээс энэ аргаар бид ойрын хэдэн жилдээ асуудлаасаа салж чадахгүй байх. Тэгээд ч дэд бүтцийн төсөл дөрвөн жилийн эргэлттэй. Харин сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь хамгийн сайн хувилбар аж. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсан.
Тухайлбал нарны эрчим хүчээр ажиллах станц 1кВт.ц эрчим хүчийг хэрэглэгчдэд 15-18 цент буюу 400-480 төгрөгөөр, салхины эрчим хүчээр ажиллах станц 8-9,5 цент буюу 200 гаруй төгрөгөөр цахилгаан нийлүүлэх хатуу тарифыг хуулиар тогтоож өгчээ. Энэ бол бидэнд бас л ахадсан үнэ. Тиймээс 2018 оны жилийн эцсийн байдлаар нар салхины эх үүсгэвэртэй эрчим хүчийг 150 төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэж иржээ.
Мөн манай улс олон улсын гэрээ конвенцоор сэргээгдэх эрчим хүчийг 20 хувьд хүргэж хүлэмжийн хийг бууруулах “даалгавартай” байдаг аж. Халаас нь цоорхой ч саятан болох мөрөөдөлтэй хүү шиг л юм.
Дэлхий дахинаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглах олон шинэ аргууд гарч өртөг нь буурч байгаатай холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулснаар одоогоор 12 центээр өртгийг бууруулах боломжтой болсон байна.
Сэргээгдэх эрчим хүчний өртөг хямд байх нь эрчим хүчний үнэ өсөхгүй байгаад түлхэц үзүүлдэг учраас энэ нь бидэнд чухал.
Одоогоор манай улсад Салхитын цахилгаан станц (2013 онд ашиглалтад орсон), Өмнөговь аймгийн Цогтцэций сумын салхин станц (2017 ), Баянчандманийн нарны станц (2017), Дарханы замд байрлах (2017 он) болон Замын Үүдийн нарны станц, Хөшигийн хөндийн (2018 он) сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ажиллаж байна. Эдгээр нь эрчим хүчний эх үүсвэрүүд нийт системийн 18 хувийг хангадаг.
Байгалийн эрчим хүчийг ашиглахад хүч, хөрөнгөө хаявал байдал дээрдэнэ гэж салбарын мэргэжилтнүүд ч үздэг.
Энэ өвөл их хүйтэрнэ гэсэн даарахгүй, зутрахгүй байх болов уу гэдэгт хэрэглэгч бүр санаа зовниж суугаа. Энэ зун нэгэнт суурь үнэ хөдөлсөн учир ойрын жилдээ нэмэгдэхгүй байх бололтой. Харин хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг мөн тавдугаар сарын 1-ний өдрөөс нэмжээ. Тухайлбал айл өрхийн ахуйн хэрэглээний, нэг литр цэвэр усны өртгийг өмнөхөөс 9 мөнгөөр нэмж 71 мөнгө болгосон. Бохир ус татан зайлуулах өртөг литр тутамд 47 мөнгө байсныг 58 мөнгө болгож нэмсэн. Аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээний цэвэр усны үнийг 18, бохирынхыг нь 20 мөнгөөр өсгөжээ. Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК ч дулааны үнээ нэмэх сураг чих дэлсч, зүрх дэлсүүлсээр л байна...
Валют чангарч, үнэ өсч, даарч хөрөхгүй тавтай таатай өвөл болоосой гэж бурханд залбирахын оронд хэрэглээгээ хянаж, хэмнэлтээ сайжруулах л хялбар арга бидэнд үлдэж байх шиг.