Есдүгээр сарын 1. Энэ өдөр бол хүн төрөлхтөнд хамгийн их гай гамшиг дагуулсан, хамгийн хөнөөлт Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдөр. Энэ аймшигт дайныг Гитлерийн герман эхлүүлсэн гэдэг боловч чухам үнэн хэрэг дээрээ Сталин, Гитлер хоёр эхлүүлсэн гэдэг.
Бүх зүйл 1939 оны наймдугаар сарын 23-ны ЗХУ-ын Гадаад хэргийн сайд Молотов, фашист Германы Гадаад хэргийн сайд Риббентроп нарын гарын үсэг зурсан Харилцан үл довтлох хэлэлцээрээс үүдэлтэй. Хэд хэдэн гэрээнээс бүрдэж байсан энэ хэлэлцээр маш нууц нэмэлт нэг протоколтой энд нь Дорнод Европт “газар нутаг, улс төрийн шинэ байгуулал бий болгох” тохиолдолд талуудын ашиг сонирхлыг тусгаарлах тухай заажээ.
Эндээ Латви, Эстони, Финлянд Польшийн зүүн мужууд, Бессараб нь Зөвлөлт холбоот улсын сонирхлын хүрээнд, Литва болон Польшийн баруун хэсэг нь Германы ашиг сонирхлынх байна гээд заачхаж.
Чухам энэ гэрээ, протоколынхоо дагуу Герман 1939 оны есдүгээр сарын 1-нд Польшид цөмрөн орсон бол Англи, Франц улсууд мөн тэр оны наймдугаар сарын 25-нд гарын үсэг зурсан харилцан туслалцах хэлэлцээрийнхээ дагуу Германд дайн зарласан байна. Есдүгээр сарын 17-нд өнөөх гэрээнийхээ дагуу өөрийн ашиг сонирхлын бүсдээ Зөвлөлтийн цэрэг довтолж орлоо. Польш есдүгээр сарын 28-нд эсэргүүцлээ зогсооход тэр өдөр Герман, ЗХУ хоёр Польшийг хуваах тухай гэрээ, Найрамдлын тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.
Риббентроп, Молотов хоёрын гарын үсэг зурсан энэ протоколоор хоёр улсын арми Польшийн Нарев, Висла, Сан голууд дээр золгон хил тогтоох ёстой байж. Гэтэл Сталин арай наагуур зогсчээ. Өнөөх гэрээнд заасан Варшав болон Люблин мужуудыг улаан арми эзэлсэнгүй, Керзоны шугам дээр зогссон байна. Хэргийн учир нь энэ газрыг Англи, Франц хоёр уугуул польш иргэд болон польш бус үндэстний хил хэмээн 1920 онд Антантаас хүлээн зөвшөөрснөөр бол ЗХУ, Польшийн хил гэнэ. Сталин ингэж Германтай тохиролцсоноо зөрчсөн. Британийн парламент ч есдүгээр сарын 18-нд Орост ямар ч эсэргүүцэл илэрхийлэхгүй гэж шийдвэрлэсэн байна. Сталины энэ үйлдэл Гитлерийн дургуйцлийн төрүүлэхгүй байж чадсангүй. Улмаар Сталины зүгээс Гитлертэй харьцах, хандах шинэ бодлогын эхлэл болсон гэж болно. Ийнхүү Сталины Германтай найрамдах төгсгөл боллоо. Сталин одоо аажмаар Англитай ойртохыг эрмэлзэж эхэллээ.
Түүхч Л.А.Безыменский Польшийг хуваах хэлэлцээрийн талаар “Гитлер, Сталин хоёр их тулааны өмнө” гэдэг номдоо “Сталин, Гитлерт наймаа хийх дараах санал тавьсан. Гитлер Варшав мужийн ихэнх хэсгийг, Люблин мужийг бүхэлд нь авах. Харин Сталин эхлээд германд өгсөн Литвийг авч үлдэх. Сталин энэ саналаа есдүгээр сарын 20-нд германы талд тавьж шинэ нууц хэлэлцээр хийх гэжээ. Литвийн тухай Сталин зүгээр ч нэг санаагүй байна. Англи, Франц, зөвлөлтийн цэргийнхний Москвад болсон хэлэлцээр дээр маршал Шапошниковын төслийг хэлэлцэх үеэр барууныг чиглэсэн стратегийн чухал маршрут болох “Виленскийн хонгил” үлдээж зөвлөлтийн цэргийн тусламж илгээж байхаар ярьснаас үүдэлтэй хэрэг. Үүнээс гадна Гитлер бүр есдүгээр сард Литвад германы нөлөөллийг бэхжүүлэх арга хэмжээнүүдээ аваад эхэлчихсэн байлаа. Берлин дэх Литвийн элчин сайд Шкирпа Литвийг германы цэргийн захиргаанд шилжүүлэх тухай нууц хэлэлцээр хийчихсэн байв. Германчууд ч польшийн Вильнод шилжүүлчихсэн байсан Литвийн нийслэлийг хуучин нийслэл Вильнюст нь эргүүлж аваачихаар төлөвлөчхөөд байлаа.
Харин Сталин шинэ холбоотондоо тийм үйлчилгээ үзүүлэхийг хүссэнгүй, Вильног ч бас литвчүүдэд өгөхийг хүссэн байна. Ингээд есдүгээр сарын 20-нд Сталин бүхнийг эхнээс нь эхлэхийг бодож Шуленбергээр дамжуулан Берлинд санал тавьсан байна. Гитлер зөвшөөөхөөр аргагүй болов. Сталинд хүссэнийг нь өгснөөр энэ удаа тэр ялагдах нь тэр.
Ингээд л Гитлерт нэг бол Сталин, эсвэл би гэсэн хоёрхон зам үлдэж өөр сонголт байсангүй. Зөвлөлт холбоот улсад хамгийн таатай байрлалуудыг ингээд өгөөд байх уу. Чухам эндээс цахилгаан биш, маш удаан дайн эхэлсэн нь түүнд зөвлөлтийн нефть, зүр тариа, хүдэр хэрэгтэй байсных” гэж бичсэн байна.
Эндээс үзэхэд Гитлер Польшийн хэсгийг авахыг нэг их эрмэлзээгүй байна. Харин тэр тэнд цэргийн генерал амбан захирагч бүхий цэргийн захиргаа байгуулахыг хүсч байсан бололтой. Литваг сонирхож байснаа Сталинд алдчихсан. Уг нь сарын өмнө бол Сталин Литвийг дурдахгүй байсан юм шүү дээ. Тэгэхэд Германтай найрамдах нь чухал байснаас биш Литва бол хоёрдугаар зэргийн зүйл байлаа. Хамгийн гол нь Гитлертэй гэрээ байгуулж гарын үсэг зурах.
Яг тэр 1939 оны наймдугаар сарын Москвагийн хэлэлцээрийн уур амьсгалыг Риббентроп Шуленбергт илгээсэн захидалдаа дурдсан байдаг.
“Би наймдугаар сарын 23-нд Москвад ирлээ. Англи, Франц улсууд германы талаас дайн зарлавал ЗХУ-аас цэргийн тусламж гуйхаар төлөөлөгч ирүүлчихсэн үед би ирсэн болохоор Сталин, Молотовтой хийх хэлэлцээрээ “би энд ирээгүй шүү” хэмээн мэдэгдлээр эхэллээ.
Ийм тохиолдолд Германы засгийн газарт тусламж хэрэггүй, гэхдээ Польшийн болон барууны эсрэг тэмцэлд цэргийн хангалттай хүч хэрэгтэй. Энэ талаар Сталин “хэлэлцээрийн эхэнд зөвлөлүүдийн орон Германд цэргийн ямар нэгэн тусламж үзүүлэхгүй гэдэгтээ хатуу байр суурьтай байна. Зөвлөлт холбоот улс Германыг өөрийн хөрш, хүчирхэг, барууны орнуудтай цэргийн хүчээ сорьсон тохиолдолд мэдээж ялаасай гэж үзэж байна. Зөвлөлт холбоот улс Германыг хэзээ ч хүнд нөхцөлд орхихгүй” гэжээ. Ю.Фельштинский. “ЗХУ-Герман, 1939-1941” номоос.
ЗХУ, Германы найрамдлын тухай гэрээ, В.Молотов, И.Риббентроп хоёрын мэдэгдэл
бүхий 1939 оны есдүгээр сарын 29-ний ”Правда” сонин”
Ердөө гурван долоо хоног өнгөрөхөд Сталины хэлснээр хэзээ бүү тохиолдоосой гэмээр үйл явдал эхлэх нь тэр. Германчууд Их Британитай дайтаж эхэлсний дараа Сталины энэ үг 180 градус эргэсэн байна. Гитлертэй цаашид найрамдаад байх шаардлагагүй боллоо. Ер нь тэр Гитлерээс Литвийг нэхэхдээ л сөргөлдөөнд бэлэн байгагаа илэрхийлж байж. Тэгэхэд чинь есдүгээр сарын 17-нд Германтай найрамдлын гэрээнд гарын үсэг зураагүй байсан шүү дээ.
Белорусын Белостокт зөвлөлтийн тал цэргийн томоохон бүлэглэл байгуулсан нь бас хоёр улсын харилцааны төвөгтэй байдал руу, их дайны галыг өдөөсөн хэрэг болсон байна. Энэ талаар германы генерал-фельдмаршал Вильгельм Кейтель Нюренберг дэх олон улсын шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ингэж дурдсан байдаг.
“Зөвлөлт холбоот улсад довтолсон минь ердөө Оросууд Германд довтлохоос урьдчилан сэргийлэх явдал байсан” гээд цааш нь “1941 оны хавар хүртэлх бэлтгэл ажил маань ердөө л Улаан армийн болзошгүй довтолгооноос хамгаалахад чиглэж байсан юм. Ийм байдлаар Дорно зүгт хийсэн дайнд анхдагч байхаас аргагүй болсон. Энэ бүх бэлтгэлийн явцад бид хамгийн үр дүнтэй арга бол Зөвлөлтийн талын довтолгооноос урьтаж санамсаргүй цохилтоор зэвсэгт хүчнийг нь бут цохих явдал гэж үзсэн юм. 1941 оны хавар гэхэд оросын хүчирхэг цэрэг манай руу довтлох юм бол бидний хувьд стратегийн болон эдийн засгийн харилцааны хувьд хямралт байдал байсан л даа. Энэ талаар хамгийн гол бааз минь Дорнод Прусс, Дээд Силез байсан юм. Тэгэхээр Оросууд манай руу довтолсон эхний долоо хоногт л бид хүнд байдалд орох байсан. Манай гэнэтийн дайралт бол энэ бүх аюулаас урьдчилан сэргийлэх явдал л байсан” гэжээ. /1945 оны зургадугаар сарын 17-ны өдрийн байцаалтын тэмдэглэл./
Хурандаа генерал А.Йодль ч бас “Улс төрийн талаас нь авч үзвэл Оросууд хэрвээ эхлээд довтолсон бол нөхцөл байдал тун хэцүү болох байсан” гэж 1945 оны долдугаар сарын 18-ны байцаалт дээр мэдүүлсэн байдаг.
ЗХУ, Герман хоёр 1939 оны есдүгээр сард Польшийн хуваан авсны дараах газрын зураг.
Үнэхээр эдний хэлээд байгаа эдийн засгийн гол тулгуур Дорнод Пруссийнх нь зааг дээр зөвлөлтийн Белостокийн цэргийн том бүлэглэл хил залгаад байж байлаа. Сталины байгуулж бүх талаар хангаж байсан энэ бүлэглэл мөн л ЗХУ энэ дайнд бага хохирол амсахын тулд Германы талын дайралтаас урьтаж довтлоход бэлтгэж байсан хүч гэнэ.
Өдгөөгөөс яг 80 жилийн өмнө Герман, Зөвлөлт холбоот улс хочр нууц хэлэлцээрээр Польшийг хуваан авах гэсэн нь сүүлдээ тохиролцоо нь санаанд нь хүрэхгүй байснаас цэргийн хүчирхэг хоёр гүрний сөргөлдөөн нь дэлхийн дайнд хүргэсэн түүх энэ.