Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монголынхоо дээвэр Алтай Таван богдоор аялсан минь

Монгол Улсын хамгийн өндөр уулс болох Алтан Таван богдод аялах сан гэдэг мөрөөдлөө энэ зун биелүүллээ. Амралтаа авмагц л манай гэр бүл өнгөрсөн долдугаар сарын 25-ны орой Улаанбаатараас хөдөлж төрсөн нутаг Баян-Өлгийг зорилоо. Улаанбаатар хотоос Арвайхээр хүрэх 430 км засмал замын ихэнх хэсэг нь хуучирч муудсан, борооны усанд эвдэрч олон нүх гарсан нь жижиг тэргээр шөнө явахад хэцүү л юм. Өглөө үүрээр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод ирж шатахуунаа дүүргээд цаашаа хөдөлж Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайраад долдугаар сарын 27-ны өглөө л нэг юм Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод ирэв. 

Арвайхээрээс Баянхонгор хүртэлх 210 км засмал замыг хэдхэн жилийн өмнө барьсан ч нэлээд эвдэрчээ. Баянхонгороос Байдрагийн гүүр хүрэх шинээр барьсан 130 км засмал зам ёстой сайхан болжээ. Байдрагийн гүүрээс Бууцагаан сум орох замыг барьж байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын наана Үнэн ус хүртэлх 130-аад км-т засмал зам тавьчихвал Мянганы зам дуусах нь.
Өлгий хотод ирж хамаатан саднуудынхаараа зочилж хэд хоноод долдугаар сарын 27-28-нд Баян-Өлгий аймагт зохиогдсон “Алтай Таван богд” хурдан морины баруун бүсийн зуны уралдаан даншиг наадмыг үзэж сонирхлоо. Бас далимд нь Улаанхус сумын Даян нуурын наана Цэнгэлхайрхан уулын бэлд зусч байгаа баз хүргэнийдээ зочилж охиных нь хуримд оролцлоо.

 

Таван богдын сүрлэг уулс

Бид Алтай Таван богдын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөл, Хил хамгаалах газрын зөвшөөрөл зэрэг бичиг баримтаа цэгцэлж аваад наймдугаар сарын 2-ны орой 19:00 цагт Өлгий хотоос уул хад, бартаат замд найдвартайг нь бодож УАЗ-469 автомашинаар хөдөллөө. Монгол Алтайн мөнх цаст оргил Алтай Таван богдын уулсыг зорьсон манай багт надаас гадна миний эхнэр, гурван хүүхэд, хүргэн ах С.Бекет, төрсөн эгч М.Гуля, жолооч Г.Мөнхбуян нар багтсан юм.
Өлгий хотоос гарч Улаанхус сумын хажуугаар өнгөрч, цаашаа тус сумын Согог, Хөх хөтөл багийн төвөөр дайраад Таван богдыг зорилоо. Аймгийн төвөөс 100 км-т оршдог Хөх хөтөл багт очиход л харанхуй боллоо. Согог, Хөх хөтөл багууд дунд сургуультай, олон хүн амтай, бараг сумын дайтай томоохон багууд юм байна. Хөх хөтөлөөс цаашаа гар утсан дээрх Maps.me байршил тодорхойлогч газрын зургийн аппликейшний тусламжаар Алтай Таван богд руу довтолгосоор шөнийн 01:00 цагийн орчимд зорьсон газрынхаа наахна очиж хонолоо. Алтай Таван богдыг зорьсон маш олон автомашин явж байгааг бодвол энэ сүрлэг уулсыг үзэх гэсэн гадаад, дотоодын жуулчид маш их болжээ. Ялангуяа Улаанбаатар, Дархан, Орхоны дугаартай янз бүрийн бартаа туулах чадвартай жийп автомашинууд хөлөглөсөн дотоодын жуулчид зам зуур олноор тааралдлаа.


Өглөө эртлэн босоод хоол, цайгаа уучхаад Таван богдын тусгай хамгаалалттай газрын харуулын постоор нэвтэрлээ. Харуулын постоос Ерөнхийлөгчийн тахилгын овоо хүртэлх 11-12 км маш их бартаат замыг бараг хоёр цаг гаруй туулдаг юм байна. Бидний зорьж очсон өдөр Төрийн тахилгын өдөр тохиосон нь их аз завшаантай тохиолдол боллоо. Мөн Өлгий хотоос авч гарсан таван литр айраг бид яг хайрхны бэлд очиж биднийг автомашинаас буух үеэр буудаж тэнгэрт цацагдсан юм. Уг явдалд бид ихэд баярлан бэлгэдэв. Тэнгэр баганадаж, мөнгөн зулайгаа гялбуулсан Алтай Таван богдын оргилууд ямар сүрлэг харагдана вэ.
Монгол Улсын хамгийн өндөр уул болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын заагт орших Алтай Таван богд хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол наймдугаар сарын 3-ны билэгт сайн өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 181 дүгээр зарлигаараа Алтай Таван богд уулыг төрийн тахилгатай уул хайрхны жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.


Хайрхныг тайх анхны төрийн ёслол 2014 онд болж байсан бол энэ удаагийн тахилгад УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Мурат, С.Эрдэнэ, ЕТГ-ын Төрийн ёслолын хэлтсийн дарга Х.Жанцан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй төрийн элч төлөөлөгчид болон гадаад, дотоодын зочид, жуулчид, орон нутгийн иргэд оролцлоо.
Түүнчлэн Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн да лам Х.Бямбажав тэргүүтэй лам хуврагууд ном хурав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Алтай таван богд хайрхан уулын тэнгэрт хандаж Монгол орны сав шимийг зохилдуулан, ард түмний эвийн хүчийг батжуулах, амьдрал ахуй, ажил үйлс, цог хийморийг бадраан, мэлмий тунгалаг, өлмий бат байлгахыг айлтгасан айлтгалыг дуудан сонсгож тахилгын галд өргөн тэнгэрт илгээх, тэнгэрт дуут сум илгээх, морь сэтэрлэж тэнгэрийн хүлэг болгох ёслол үйлдсэнээр тахилгын төрийн ёслол өндөрлөсөн юм.


Ерөнхийлөгчийн тахилгын овоонд хүрэнгүүт л урьд нь олонтоо зургийг нь харж байсан мөнх цаст Алтай Таван богд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран оргилууд алган дээр байгаа юм шиг харагдана. Тэнгэр биднийг ивээжээ гэмээр бүртийх ч үүлгүй цэлмэг сайхан өдөр Алтайн уулс сүр жавхлангаа гайхуулан сүндэрлэж байлаа. Үнэхээр үлгэрийн орон ажээ.
Мөнх цас нь наранд үзэсгэлэнтэй гялалзана. Үзэмж төгс Монгол Алтайн уулсын оргилууд бидний энэ аяллын эхний зогсоол. Миний Монголын баруун хязгаар үнэхээр сэтгэл хоргодом сайхан нутаг. Алтай Таван богдыг үзлээ, харлаа, бахархлаа. Эргэн тойронд ганцаараа, бөөнөөрөө, хэсгээрээ гээд л зургийг ч нэг авхуулж өглөө.
Алтай таван богд нь Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтай оршдог. Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав нь өндөр уулсаар хүрээлэгдэн Монгол Алтайн нурууны уулархаг их мужийн өндөр уулын бүсэд оршино.


Монгол улсын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил энэ ууланд оршдог бөгөөд далайн түвшнөөс дээш 4374 метр өндөр юм. Найрамдал оргил нь 4082 метр өндөр, Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн дээс орших учир ийнхүү Найрамдал гэж нэрлэжээ. Бүргэд уул 4068 м, Өлгий оргил 4050 м (Ургах наран ч гэж нэрлэдэг). Хамгийн нам цэг нь Хурган нуур бөгөөд 1800 метр болно. Хотон, Хурган, Даян зэрэг нь мөстлөгийн гаралтай томоохон нуурууд бөгөөд тэдгээрээс гадна 250 гаруй жижиг нуурууд бий. Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96 хувь нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол байдаг бөгөөд нийт талбай нь 24 ам.километр.
Алтай таван богдын мөсөн голоос эх аван урсах Цагаан гол харагдана. Нутгийнхан Сүүн гол гэж нэрлэх нь ч бий. Яагаад ийм цагаан урсдаг юм бэ гэдгийг нь Алтай таван богдын хаяанд очоод ойлгох болно. Биднийг очиход цэлмэг байсан тэнгэр гэнэт үүлээр бүрхэгдэж бороо орж эхлэв. Уулын орой харагдахаа байж хэдхэн минутын дотор жилийн дөрвөн улирал ээлжлээд өнгөрлөө. Биднийг ч Ерөнхийлөгчийн овооноос бууж харуулын постод эргэж ирэх үеэр тэнгэр цэлмэж хайрхны оройг нар ээж байлаа.
Алтан Таван богдын бэлээс уруудаад хэдхэн км яваад багийн өдөрлөгтэй таарлаа. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Их Ойгор багийн өдөрлөгөөр 32 бөх барилдаж, их насны болон дааганы уралдаан болов. Тэр өдөр хайрхны бэлд хоноглоод маргааш нь буюу наймдугаар сарын 4-ний өглөө аяллын дараагийн зогсоол болох Цэнгэл сумын нутагт орших Бага түргэний хүрхрээг чиглэн хөдөлсөн юм.

 

Бага Түргэний хүрхрээ

Таван богдоос 150 км гаруй зам туулж орой 16:00 цагийн орчимд байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хотон нуур, Хурган нуурын хөвөөнд очлоо. Зам харгуй дардан биш, бартаа ихтэй. Харин байгаль бол жинхэнэ гайхамшиг. Дархадын хотгор лугаа хонхор болгонд нуур цөөрөм тогтсон. Хотон, Хурган нуур цэнхэртээд, дэргэд ногоорон гэрэлтэх ойн дундаас мөнгөрөн цайрах уулс хөглөрөөд, янзтай.
Хотон, Хурган нуурын заагт оршдог шатахуун түгээх станцаас бензин авах гэсэн боловч дууссан байв. Тэгээд баахан эрэл хайгуул болж, тэндээ 2005 төгрөгөөр зарагддаг А-80 бензинийг 2500 төгрөгөөр шаглан авч аяллаа цаашаа үргэлжлүүллээ. Бага түргэний хүрхрээ, байгалийн цогцолборт газар улсын хилийн зурваст оршдог тул Сыргалын заставаас нэвтрэх бичиг авдаг юм байна.


Бага түргэний голын эргээр өгсч явсаар хүрхээнд дөхөж очоод буудаллахад бидний буусан газар үнэхээр сайхан, ширүүн урсгалт Их түргэний голын хөвөөнд. Цаашаагаа хүрхрээ хүртэл хоёр км ч, зам бол үнэхээр хэцүү. Чулуу хад ихтэй. Манай жолооч Г.Мөнхбуян УАЗ-469-өө чадварлаг жолоодож биднийг машин явж болох замын төгсгөл хүртэл хүргэв. Цаашаа 400 орчим метр алхаж Бага түргэний хүрхрээнд хүрдэг юм байна. Байгаль эхийн гайхалтай нэгэн бүтээл. Үнэхээр дуу алдам. Цас мөс, өндрөөс шуугин урсах их усны дуу чимээ, уулын цавчим өндөр хавцал, ногоон ойн дунд халиурах өндөр өвс ногоо.
Уулын жимээр алхана гэдэг гайхалтай аялал. Бага түргэний хүрхрээг харж, хадыг зүсэн хүчтэй асгарах дууг нь сонсч, 25 метрийн өндрөөс унах усанд цохиулах жинхэнэ гайхамшиг юм байна. Сыргалын нурууны энэ чиглэлд амралт аялах хүмүүсийн хөл сүүлийн жилүүдэд тасрахаа больжээ. Баян-Өлгийд тэр дундаа Алтай Таван Богд чиглэлд аялал жуулчлал хөгжиж байгаа нь илт. Биднийг Бага Түргэний хүрхрээнд очихоор өгсч байхад тааралдсан гадаад, дотоод жуулчдын цуваа тасарсангүй. Европ, Солонгос, Японы жуулчид болон Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотоос ирсэн хүмүүс ихээр тааралдлаа.
Бага түргэний голын эрэг дээр нэг хоночхоод эргээд Өлгий хотын зүг хөдөллөө. Хотон нуур, Хурган нуурыг холбосон хоолойн дэргэд байрлах Сыргалийг дайран Цэнгэл сум хүрч шатахуун авна. Зам зуур байгаль ч ярих юм биш, янзын сайхан. Могойтын гол, Ховд голын гүүрээр гарчхаад, дагаж уруудсаар яваад Цэнгэл сум хүрч шатахуун аваад Сагсай сумаар дайран орой 22:00 цагийн орчимд Өлгий хотод ирж манай аяллын эхний хэсэг өндөрлөв.

 

Төрсөн нутаг Цамбагаравын бэлд

Өлгий хотод хоёр хоног амарч аваад гурван хүүхдээ дагуулаад төрсөн нутаг Алтанцөгц сумыг зорилоо. Аймгийн төвөөс 43 км-т орших сумын төв Цагаантүнгэ ороод тэндээс цаашаа 10-аад км явж Цонжийн хөдөө хэмээх газарт байдаг “Бекжанай” ХХК-ийн чацарганы талбайд очив. Намаршиж байгаагийнх уу гурван га-д тариалсан янз бүрийн сортын чацаргана их гоё ургажээ. Хүүхдүүд маань ургаж буй чацарганыг модноос нь түүж идэж, ихэд баярлав. Тэндээсээ хөдлөөд эргээд Цагаантүнгээр дайраад Алтанцөгц сумын зусланг зорилоо. Цагаантүнгэ зун их халуун, шумуул ихтэй байдаг тул айлууд сумын төвөөс 30-40 км-т нүүж зусланд гардаг аж.

Монгол Улсад өндрөөрөө хоёрт ордог Цамбагарав уулс алсаас сүндэрлэн харагдана. Цамбагарав уулын Цаст оргилын яг бэлд манай Алтанцөгц сумынхан зусдаг. Сумын төвийнхөн зусдаг Хоёр толгой хэмээх газарт манайхан зусдаг, миний бага насны олон сайхан дурсамжит зун тэнд өнгөрсөн билээ. Хонь, хурга хариулж, морь унаж, тоглож өссөн газраа харахад их таатай байлаа. Долдугаар сарын 11-12-нд Хоёр толгойд болдог сумын наадмаа мөн ч их догдлон хүлээдэг сэн. Наадмын өдөр хонины ээлжинд таарахгүй юмсан гэж эртнээс бодно.
Мөнх цаст Цамбагарав уул 4175 метр өндөрт оршдог. Энэ уул нь ан амьтнаар баялаг төдийгүй мөс судлалын ач холбогдолтой, нэн ховор ирвэсний өсөлтийг хангахуйц чухал нутаг дэвсгэр аж. Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн заагаар орших энэ уулыг 2000 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Урьд цагт Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж, Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрийджээ.
Цамбагаравын бэлд Хоёр толгойн зусланд, тоглож өссөн Эргэт голын хөвөөнд төрсөн гэртээ хоёр хоночхоод Өлгий рүүгээ буцлаа. Улаанбаатар хотоос Өлгий хүртэл 1700 км-ын замыг туулсан. Улаанхус сумын Даян, Цэнгэлхайрханыг зориход 200 гаруй, Алтай Таван богд, Бага түргэний хүрхрээнд аялахад 600, төрсөн нутаг Алтанцөгц сумыг зориход 150 км-ын замыг туулсан аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
erbo202.21.108.70
Улам олон газраар сайхан аялаарай
2023/03/15
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com