Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Х.Тэмүүжин: Популизмыг хазаарлах ганц зүйл бол Үндсэн хуулийн дархлаа

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар “Эрчтэй өглөө” уулзалт дээр ингэж ярилаа.

Судлаачдын хүлээлт

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хуульчид болон судлаачид зургаан хүлээлттэй байсан.

1. Гүйцэтгэх эрх мэдэл тодорхой хариуцлагатай, Засгийн газар тогтвортой, кабинетийн зарчмаар ажилладаг болгох, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэдэг гол концепц унасан.

2. Сонгуулийн тогтолцоог тодорхой болгох: 2016 оны сонгуулийн өмнөхөн АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд хоёр нийлж, Үндсэн хуулийн цэц дээр улстөрийн хор найруулах байдлаар пропорционал сонгуулийн тогтолцоог үндсэн хуулийн бус аргаар шийдүүлсэн. Энэхүү Цэцийн шийдвэрийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөр дээр нь тогтолцооны асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй болсон. Сонгуулийн тогтолцоог тодорхой болгох, холимог тогтолцоог Үндсэн хуулийн түвшинд бичиж авах, сонгуулийн эрх, тогтолцоотой холбоотой асуудлаар “тэгш” гэдэг зарчим манай Үндсэн хуульд огт бичигдээгүй. Үүнийг бичих. Нэг жишээ дурдахад, 2008 оны сонгуулиар Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд 32 мянган хүний санал авч байсан бол Дундговиос сонгогдсон гишүүний санал 3500 байлаа. 10 дахин зөрүүтэй байсан. “Тэгш” гэдэг үг байхгүйгээс төлөөллийн зарчим ингэж алдагдаж байгаа юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн ашиглаад байгаа “шууд” гэдэг ойлголтыг илүү тодорхой болгох гэдэг нь судлаачдын хувьд тавьж байсан нэг зорилт юм. Энэ хэсэг байхгүй болсон. ҮХНӨ-өөс хассан. Олон улсын түвшинд сонгуулийн тогтолцооны зарчим, саналаа гаргах эрх гэж хоёр тусдаа ойлголт бий. Сонгуулийн тогтолцоо нь бүх нийтийн, тэгш гэдэг үндсэн зарчмаар хэрэгжих ёстой. Саналаа гаргах гэдэг нь нууцаар, шууд гэсэн хоёр үндсэн зарчимтай. Манайд, саналаа гаргах хэлбэр, тогтолцооны зарчим хоёрыг холиод бичсэн учраас будилаан үүссэн. Энэ будилааныг Цэц амжилттай ашиглаад “шууд” гэдэг үгийг тогтолцоон дээр нь хэрэглээд зөвхөн можаритар сонгуулийн тогтолцоо байх ёстой юм байна гэж тайлбарласан. Цэцийн шийдвэртэй учраас Үндсэн хууль дээр бичиж засахаас өөр арга байхгүй. 

3. Хотыг засаг захиргааны нэгжийн эрхтэй болгох: 1992 оны Үндсэн хуулиар “Хот” гэдэг статусыг байхгүй болгосон гэх шүүмжлэл явдаг. 1960 оны Үндсэн хууль дээр Монгол Улсын засаг захиргааны нэгж нь хот, аймаг, сум, дүүрэг, хороо багаас бүрдэнэ гэж бичсэн байдаг бол 1992 оны Үндсэн хууль дээр “хот” гэдгийг “нийслэл” болгочихсон. Түүнээс болоод “Хот” гэдэг чинь юу юм бэ гэдэг маргаан гарсан. Үндсэндээ дэлхий нийтээр, эдийн засаг, соёл, хүн амын үйлчилгээний хүртээмжийн байдал, хамгийн дэвшилттэй хөгжлийн загварыг хот гэж хардаг. Манай Үндсэн хуульд “нийслэл” гэдэг ойлголтыг буруу хэрэглэсэн. “Нийслэл” гэдэг нь бусад оронд эрхзүйн статусаараа төрийн төв байгууллага, парламент оршин байгаа хуулийн статус гэж үздэг. Нийслэлийг засаг захиргааны нэгж гэж үздэггүй. Харин “Хот” гэдэг бол хүмүүс амьдрахад зориулагдсан засаг захиргааны нэгж. Тэгэхээр “нийслэл”-д өөрөө удирдах ёс байж болохгүй гэж үздэг. Нийслэлийн захирагч гэдэг нь ЗГХЭГ-ын дарга байдаг. Манайд Улаанбаатар хот, нийслэл гэсэн төөрөгдөл байна. Судлаачид “Хот”-ыг яаж засаг захиргааны эрхтэй болгох вэ гэж хүлээж байлаа. Шийдэж байгаа эсэхийг нэмэлт өөрчлөлтийн эх дээрээс уншаад ойлгох биз ээ.

4. Шүүхийн хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах: Шүүхийн үндсэн тогтолцоо гэж юу байх юм, маргаан шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг яаж хангах юм, ШЕЗ-ийг яаж тодорхойлуулах юм, бие даасан хариуцлагын хороо байгуулж чадах уу гэх мэт хүлээлт байсан. Шүүхийн үндсэн тогтолцоо нь улсын дээд шүүх, аймаг нийслэл, сум дүүргийн гэж бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно гэсэн заалт бий. Энэ бол дэлхийд байхгүй заалт. Судлаачид болохоор, Шүүхийн үндсэн тогтолцоог анхан, давах, хяналтын шүүх гээд бичээд өгөөч гэсэн. Дэлхий нийтээрээ ингэж ойлгодог. Шүүхийн эрх мэдлийн хуваарилалт дээр байдаг хамгийн чухал заалт байхгүй болохоор Дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийг булаан авч хэрэгжүүлээд байна. Тэгэхээр шүүхийн бие даасан байдал Ерөнхийлөгчтэй, Ерөнхийлөгчгүй устчихаж байгаа юм. З.Энхболдын хүсч байсан ганц өгүүлбэр энэ юм.

5. Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, цэцийн гишүүний томилгоог боловсронгуй болгох гэсэн хүлээлт байсан. Цэц бол үндсэндээ улстөрийн захиалгын байгууллага болчихлоо. Үндсэн хуулийг хамгаалагч гэхээсээ илүүтэй, огт сонгогддоггүй, ардчиллаас ангид мөртлөө хууль тогтоодог, хуулийг ямар байхыг шийддэг, сонин институц болчихлоо. Жишээ нь, Германы үндсэн хуулийн цэцэд ирдэг маргааны 96 хувь нь шүүхийн шийдвэртэй иргэний үндсэн эрхийн маргаан байдаг. Үлдэж буй дөрөвхөн хувь дээр норматив хэм хэмжээ буюу Үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэдэг тодорхой албан тушаалтнуудын шийдвэрийг хянадаг. Манайд 100 хувь хоёр дахь нь. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүү шүүлтээс ангид байх ёстой” гэж бичсэн. Бодит байдал дээр эрүү шүүлтээс ангид байх боломж байхгүй. Огт хэрэгжихгүй байна гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэх механизм байхгүй. Үндсэн хуулиндаа тунхаг шинжтэй иргэний эрхүүдтэй. Түүнийгээ хангадаг механизмуудыг тэр институцэд хийж өгч чадахгүй байгаа гэсэн үг. Ардчилсан намын 2008 оноос хойш мөрийн хөтөлбөртөө бичиж байгаа зүйл. Гэхдээ ерөөсөө хэрэгжүүлж чадахгүй байна. Манай улсад 2000 онд баталсан хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр гэж байдаг. Зорилтоо одоо хүртэл хангаж чадаагүй. Энэ эрх мэдлийг ҮХЦ өөр дээрээ авах маш дургүй. Яагаад гэвэл хэтэрхий ачаалалтай, өөрсдийнх нь улстөрийн тоглогч байх боломжийг алга болгодог эрх мэдэл юм.

6. Үндсэн хуульд дархлаа бий болгох: Судлаачдын хувьд 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш ярьж байгаа асуудал. Монгол Улсын Үндсэн хууль өөрийгөө хамгаалах дархлаагүй юм. Парламентын засаглал, ардчилал, эрх мэдлийн хуваарилалт, иргэний үндсэн эрх гэх мэт маш олон ойлголтыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцаар үгүй хийх боломжтой. Үндсэн хуулийн суурь бүтцийг яаж хамгаалалттай болгож бичих вэ гэдэг зургаан хүлээлт байсан. Үндсэн хууль судалдаг маш олон судлаачдын 30 жилийн мөрөөдөл бол “Үндсэн хуулийн 68.3-т ийм өгүүлбэр оруу­лах юм сан гэж байгаа. Харам­салтай нь, үүнийг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Энэ бол популизмыг хязгаарлах ганц заалт юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга, үндсэн хуулийн цэцийн санал, ард нийтийн санал асуулга нь Үндсэн хуулийн суурь зарчим Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл парламентын бүгд найрамдах улсын төрийн байгууллыг хөндөх, үндсэн хуульд заасан хүний эрх эрх чөлөө, эрх мэдлийн хуваарилалт, түүний хяналт тэнцлийг дордуулахыг хориглоно.

Үндсэн хууль өчигдөр, өнөөдөр, маргааш

ҮХНӨ-д хэдэн гоё зүйл заалт орж байна гэхээс илүү үр ашигтай болж байгаа эсэхийг ойлгоход тусладаг индикатор бий. Энэхүү зарчмын асуудлуудаар л хэмждэг. 1992 оны Үндсэн хуулийн батлагдсан түвшин, 2000 оны “дордохын долоо” гэгддэг долоон өөрчлөлт бий. (Сурв: Энэ гурвыг харьцуулж, дор хүснэгтлэв) Миний бодлоор 2000 оны өөрчлөлт Байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг хойш татсан, Шийдвэр гаргах түвшинг бууруулсан, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан гэж болно. Бусад өөрчлөлт нь бол дэвшилттэй заалтууд байсан гэж харж байгаа. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр, парламент, Засгийн газар хоорондын эрх мэдэл, түлхэлцлийг багасгасан. УИХ төсвийг өөрийн дураар задалж, нэмэлт зардал гаргах байдлаар баталдаг байсныг болиулсан, давхар дээлийг тодорхой хэмжээнд хязгаарласан. Ерөнхийлөгчид Үндсэн хуульд тогтоосноос өөр эрх мэдэл нэмж олгохгүй гэж хязгаарласан. Шүүгчдэд хариуцлага тооцдог хороо гэж байгаагүй. Ийм байгууллага бий болгох боломжийг нээж өгсөн зэрэг дэвшилтэй зүйлс байна. Энэ бүгд эрх мэдлийн хуваарилалт гэдэг үзүүлэлтэд багтаж байгаа юм.

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчид эрх мэдлээ бэлэглэчихлээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар дараах асуултуудад хариулсан юм.

-Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний нэг хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэсэн заалт байна. Энэ заалт батлагдвал нийгэмд ямар үр дагавартай вэ?

-Яг ийм заалттай, Үндсэн хуультай улс дэлхийд байхгүй. Иргэний үндсэн эрх дээр байгаа эвлэлдэн нэгдэх, Засгийн бүх эрх ард түмний гарт гэдэг энэ хоёр зарчмыг авч хаяад, улстөрийн намаар хязгаарлаж байна гэсэн үг. Энэ бол ардчилал, хүний эрхийн индикаторыг доош нь унагаж байгаа заалт юм. 1992 оныхоос ч дордуулсан байна. Санаа нь цүнхний намуудыг үгүй хийнэ гэж бодсон юм шиг байгаа юм. Германд Ардчилсан нийгмийг хариуцлагатай болгохын тулд цүнхний намыг цэвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, 20 жил болдог, хэзээ ч сонгуульд ордоггүй, парламентад төлөөллөө байлгадаггүй, сонгууль болохоор шантааж хийх гэж оролддог намууд байдаг. Тэр намуудыг ардчилал өөрөө өөрийгөө цэвэрлэдэг ойлголтынхоо хүрээнд гурван бүрэн эрхийн хугацаанд сонгогдоогүй бол тэр намыг тараагаад энэ нэрээр ахиж үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Энэ бол хүний эрхийг зөрчсөн зүйл биш. Олон нийтийн итгэлийг авахгүй байгаа учраас ахиж энэ нэрээр үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг. Үндсэн хуулиар биш ердийн хуулиар шийддэг асуудал л даа.

Энэ заалт энэ чигээрээ батлагдвал юу болох вэ гэж байна. Улстөрийн практикт юу болох вэ гэвэл, сонгуулиар маш олон бие даагч нар орж ирэх байх. Тэд, энэ хоёр нам бусад намыг шахахын тулд бидний үндсэн эрхийг хулгайлсан байна гэдэг бэлэн сэдэвтэй орж ирээд хоёр намыг баллана. Ингээд бид Ардын намын бөөрөнд иргэний үндсэн эрх хулгайлсан, үндсэн хуулийг дампууруулсан гэдэг хаягтай үлдэх гэж байна. Яагаад гэхээр энэ санаачилга Ерөнхийлөгчийнх. Ардын нам зөв хийх гэж байхад АН өөрчилсөн гэх боломж байгаа юм. Тэгэхээр, улстөрийн маш таагүй хаяг нь манай дээр үлдэх үр дагавартай юм. Түүнчлэн сонгуулийн эрхтэй иргэдийн нэг хувь гэхээр Ардын нам, Ардчилсан намын суурин дээр нэг нэг нам гарч ирэх байх. МАХН дээр МАН-аас шахагдсан хүмүүс нэмэгдээд орж ирнэ. Шинэ нам, Хүн нам 21 мянган иргэнийг нэгтгээд орж ирэх магадлалтай байна. Энэ намуудын хооронд л өрсөлдөөн үүсэх байх.

-Үндсэн хуульд төрийн, хувийн, нийтийн өмч гэсэн ойлголтууд байдаг. Харин нэмэлт өөрчлөлтөд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий дэх баялаг, ой усны сан, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан байна?

-Төрийн нийтийн өмч гэдэг бол маш маргаантай ойлголт. Тэгэхээр, төрийн хувийн өмч гэж байх уу. Яг, төрийн жинхэнэ албан хаагч гэдэг шиг л юм болж байна. Энэ ойлголтыг бид утгажуулах гэж зовдог. Төрийн хуурамч албан хаагч гэж байх уу. Дэлхий нийтэд нийтийн захиргааны алба хаагч гэдэг. Төрийн нийтийн өмч гэдэг ойлголтыг Үндсэн хуулийн цэцийн есөн хүн өөрсдийн үзэмжээр тайлбарлах боломж бүрдэнэ. Маш буруу хандлагыг өлгөж авч болохуйц нэр томьёог Үндсэн хуульд үйлдвэрлээд байх юм бол тэр Үндсэн хуулийн сүүдэр доош орж ирэхдээ будаа болдог. Энэ бол хуульзүйн хувьд маргаантай ойлголт юм.

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно гэжээ. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Энэ заалт дээр эдийн засагчид яагаад юм ярихгүй байгааг ойлгохгүй юм. Дийлэнх гэдэг ойлголт тоогоор илэрхийлэгдэхээр хэд болдог юм. 66 хувийг илэрхийлдэг. Үүнээс гадна үр өгөөж гэдэг чинь санхүүгийн шинжилгээнд ашигладаг нэр томьёо болохоор хуульд ийм тодорхойлолт байх ёсгүй. УИХ-ын гишүүн С.Бямбацогт үүнийг тайлбарлахдаа, дийлэнх гэдэг бол 50-иас илүү хувийг хэлж байгаа юм. Үр өгөөж гэдэгт хувьцаа, ногдол ашиг, бусад өгөөжүүд бүгд орж байгаа гэсэн. Текст ямар гоё санаагаар орсон бэ гэхээс илүү үр дагавар нь яаж гарах вэ гэдэг нь чухал. Гадны хөрөнгө оруулалт байхгүй болно, зах зээлийн тоглолт байхгүй болно. Төрд эрх мэдэл олгож, төрийн тоглолт хүчтэй болно. Улстөрчид баялгийн хуваарилалтыг дахин хийх гэж оролдоно. Үр өгөөж гэдэг үгийг хувьцааны ногдол ашиг, хувьцааны хувь болгож магадгүй. Ямар нэгэн бодит хүмүүсийн гар дээр тавих популизм болж хувирна. Тэгэхээр Үндсэн хууль гэдэг поп улстөрчдийн баримт болох гэж байна. Урьд нь ийм баримт байгаагүй шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг заавал хийх ёстой байсан уу. Ердийн хуулийг өөрчлөөд явчих боломжтой байсан уу?

-1992 оны Үндсэн хууль бидний амьдралд шаардлагатай стандартаар бичигдээгүй. Эрх мэдлийн хуваарилалт тодорхой биш байдаг. Үндсэн хууль хяналт, тэнцлийн системийг хангалттай хийж өгсөн бол УИХ-ын даргыг огцруулах саналыг Ерөнхийлөгч хэзээ ч гаргахгүй байсан. Үүнийг Үндсэн хууль шийдэж чадахгүй байна. Ердийн хуулиар, энгийн олонхоор шийдчихэж болох зүйлийг Үндсэн хууль руу оруулж ирээд, дөрөвний гурваар баталснаа шийдэл гэж байна. Судлаачдын хүлээж байсан гол зүйлийг хийлгүй, зүгээр л наймаалчихлаа шүү дээ. ҮХНӨ-ийн агуулгыг зөв буруу гэхгүй. Ядаж АНСА-гаар битгий батлаач гэж байгаа юм. Алдаа гарвал дараагийн парламент өөрчлөх боломжтой. АНСА-аар батлах юм бол наанадаж арван жил хүлээнэ. Ард талын парламент засах боломжгүй гэсэн үг.

-Ард нийтийн санал асуулга унавал шууд Ерөнхийлөгчийн засаглал руу орох гэж байна гэсэн айдас нийгэмд бий болчихлоо. Энэ талаар?

-Ерөнхийлөгч хориг хүлээж авахгүй бол явна. Гэхдээ санал асуулга унана. Эрх баригчдад оноо өгөхгүйн тулд жижиг намууд эсэргүүцнэ. Ардын нам ҮХНӨ-ийг эергээр хийе гэсэн зорилгогүй. Зүгээр л дараагийн сонгуульд эрх мэдэлтэйгээ үлдэх гэсэн оролдлогоо гарчгийг нь солиод явуулчхаж байгаа юм. Сонгуулийн пиарын нэг хэсэг гэж харж. Тийм учраас ээлжит бус сонгуулийг цуг хийе гэдэг тэнэг санал гаргаж байна. Тэр нь бол явахгүй байх.

Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэдэг бол зориуд гаргаж ирсэн айдас юм биш үү гэж харж байна. Үнэндээ, Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн засаглал тогтсон тогтоогүй Ерөнхийлөгчид эрх мэдлээ бэлэглэчихлээ шүү дээ. Дээд шүүх, Ерөнхийлөгч хоёрын түншлэлийг Үндсэн хуулиар албан ёсоор баталгаажуулсан. Ц.Элбэгдорж яаж хаан болсон юм. Ц.Элбэгдоржийн ердийн хуулиар завхруулсан зүйлийг Үндсэн хуульд оруулчхаад түүнийгээ дэвшил гээд харж сууна. Том зургаар нь харвал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг АНСА-аар баталсан батлаагүй ялгаагүй. Баталлаа гэхэд 20 жил хөндөж чадахгүй болно. Үндсэн хуулиа өөрчлөх гэж нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх эсвэл хамраараа газар шаах сонголт л үлдэнэ. Гуравны хоёроо бүрдүүлэх хэмжээний зөвшилцөл баталж байж арай гэж асууна. Асуухдаа алдаагаа засах гэж, ард түмэнд баялаг тарааж өгнө гэдэг поп сэдвээр асууна.

Эдийн засгийн хувьд үр дагаврыг нь харвал, хоёр дахь Венесуэль, дарангуйлал бий болно. Бид арай гайгүйг нь сонгох хэрэгтэй болж байна. Тэгэхээр АНСА бол хоолтой зодолдох уу, хоолгүй зодолдох уу гэдгийг шийдэх сонголт юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com