Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн мэдээллийг би өмнө нь өгч байсан. Тухайн үед маш нууцын зэрэглэлтэй мэдээлэл УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ирсэн. Дипломатчдын тухай мэдээллийг хилийн чанадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн мэдээлэлтэй хамтатгаж ирүүлсэн юм. Гадаад хэргийн яамнаас хилийн чанадад ажиллаж байхдаа хэрэгт холбогдсон дипломатчдын тухай мэдээллийг маш нууцын зэрэглэлийн тамга дарж ирүүлсэн. Бид түүнийг нь маш нууцын зэрэглэлгүйгээр хүлээж авсан. Нийт 69 иргэдийн мэдээлэл байна. Эдгээрээс зарим нь төрийн алба, дипломат албанд, улс төрийн намуудын удирдах түвшний, зарим нь дипломат паспорт ашиглаж хууль бус хэрэгт холбогдсон хүмүүс байгаа. Манай байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодист оролцож байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох, дипломат албанаас чөлөөлөх, хуулийн хариуцлага тооцох талаар ажиллаж байна. Үүнээс гадна Монгол Улс дотооддоо хар тамхины хэрэглээ газар авчээ. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал мөн. Ийм учраас манай байнгын хороо гадаадад байгаа дипломат төлөөлөгчийн газраар зогсохгүй дотооддоо хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сүлжээг нь олох, хуулийн хариуцлага тооцох талаар тагнуул, цагдаагийн байгууллагад чиглэл өгч хамтран ажиллаж байна. Байнгын хорооны хурлаар уг асуудлыг хоёр удаа хэлэлцэж Засгийн газарт чиглэл өгсөн. Тэгэхдээ хэрэгт холбогдсон хүмүүсийг нэн даруй дипломат болон төрийн албанаас чөлөөлөх, хуулийн хариуцлага тооцох ёстой. Зарим хариуцлагатай албан тушаалтан гадаад улсын нутаг дэвсгэрт болсон хэргийг манай улсад шалгах боломжгүй гэсэн хариулт өгч байсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд би үүнийг зөвшөөрөхгүй. Дипломат болон тусгай албаны ажилтнууд Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. Төрийн алба хашиж байгаад зөрчил гаргасан хэрэгт холбогдсон хүмүүс Монгол Улсын хууль тогтоомжоор хариуцлага тооцож зохих шийтгэлийг нь ногдуулах ёстой юм. Ийм учраас гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгах чиглэлийг байнгын хорооны зүгээс хууль хяналтын байгууллагад өгсөн. Гадаадад гэмт хэрэг хийсэнтэй холбогдуулж Монгол Улс давхар шийтгэж байгаа юм биш. Тэр хүмүүсийн хөрөнгө орлого, хамаарал бүхий этгээд, нэр дээр нь бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг шалгах хэрэгтэй. Хууль бусаар орж ирсэн байж болзошгүй хөрөнгийн эх үүсвэрийг нь шалгах учиртай. Улмаар хууль бус наймааны орлогыг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлнэ гэдэг нь мөн гэмт хэрэг. Ийм учраас Монгол Улсын хуулиар шийдэх ёстой. Байнгын хорооны тогтоол батлагдаж зохих байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ингээд эхний ээлжинд зургаан албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн.
1.Х.Даваадоржийг Бельги улсад суух дипломат албанаас чөлөөлсөн. Тэгэхдээ хил дамнасан наймаа хийсэн гэсэн үндэслэлтэй юм. Тэрбээр 2005-2008 онд Вена дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Түүний гэргий Б.Болор мөн эрэн сурвалжлагдаж байгаа аж.
2. А.Батсайхан БНАЛУ дахь Элчин сайдын яамны зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тэрбээр 2004-2007 онд Польш улсад суугаа ЭСЯ-нд ажиллаж байх үедээ ОХУ-аас их хэмжээний янжуур тамхийг Европ руу дипломат дугаартай авто машин ашиглаж тээвэрлэсэн хэрэгт холбогдож байжээ.
3. Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Албан үүргээ гүйцэтгэж байгаа эрхээ хэтрүүлэн ашиглаж, тээврийн хэрэгслийг Хятад улсад татваргүйгээр нэвтрүүлж, ашиглуулсан зөрчил гаргажээ.
4. Б.Баттүшиг Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консулын албан тушаал хашиж байхдаа хууль бусаар хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баригдаж, шалгагдаж байгаа.
5. С.Эрдэнэбаяр Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консулын газрын жолоочоор ажиллаж байгаад их хэмжээний хууль бус хар тамхи тээвэрлэсэн хэргээр ХБНГУ-д баригдан шалгагдаж байгаа.
6. С.Эрдэнэ БНХАУ-ын Хонконг хотод суух ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлөгдөж байна. Тэрбээр Вена дахь ЭСЯ-нд атташегаар ажиллаж байхдаа ХБНГУ-ын Лейбциг хотын гаалийн байгууллагад 2004 онд саатуулагдан шалгагдаж байжээ.
Ингээд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан гэмт хэрэгт холбогдож Польшийн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн нэрс, мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Тэрбээр та бүхэн уг жагсаалтыг судалж үзээрэй. Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам болон төрийн бусад албанд ажиллаж байгаа хүмүүс бий. Мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд нь төрийн албанд ажиллаж байна. Энэ жагсаалтад бичигдсэн 69 хүмүүсийг Польшийн цагдаагийн байгууллагаас өнөөг хүртэл эрэн сурвалжилж байгаа. Гэтэл тэд манай улсын төрийн албанд өнөөг хүртэл ажилласаар байна. Тэрбээр мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс хэд нь төрийн албанд ажиллаж байна вэ?
-Энэ хүмүүс төрийн албанд ажиллах үндэслэлгүй. Гадаадад улс оронд хууль бус наймаанд оролцоод Монголдоо аж ахуйн нэгж ажиллуулах хэлбэрээр ажилласан бол мөнгө угаах гэмт хэрэг болно. Тиймээс шалгуулж байгаа. Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс дотор одоо ЗГХЭГ-т ажиллаж байгаа хүмүүс ч бий. Үүнийг ойрын үед УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ. Материалыг нь бүрдүүлэх ажил хийж байна. Цаашдаа энэ ажил үргэлжилнэ.
-Нэрсийн жагсаалтыг харвал цагдаагийн байгууллагад өнөөдөр өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс ч байна шүү дээ. Тэгэхээр шударгаар шалгаж чадах болов уу?
-Албан тушаалаас нь чөлөөлөх үйл ажиллагаа үргэлжилнэ. Тэгээд зогсохгүй хуулийн байгууллагаар шалгуулна. Ялангуяа цагдаагийн байгууллагад үүрлэсэн алдаа завхрал гарч ирж байна. Цагдаагийн албан хаагч хууль бус ажиллагаанд оролцдог, иргэдийг хохироодог асуудал гарч байгаа. Түүний нэг илрэл нь хууль бус наймаанд оролцож гадаадын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа хэрнээ цагдаагийн байгууллагад хариуцлагатай алба хашиж байгаа явдал юм. Тэгэхээр ажлаас нь нэн даруй чөлөөлүүлнэ. Монгол Улсын хууль журмын дагуу хуулийн хариуцлага тооцуулна. Энэ жагсаалтад нэр нь бичигдсэн хүмүүсийн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн.
-Гадаад харилцааны яам дипломатуудын талаар ямар бодлого баримталж байна. Олон оронд ажиллаж буй дипломатчидын хугацаа дууссан, эгүүлэн татсан гэж байгаа шүү дээ?
-Монгол Улсын гадаад бодлого өнөөдөр зөв явахгүй, олон талаар доголдож байна. Орны хүмүүсийг нь томилоогүй байж дипломат, төлөөлөгчдөө татаад удаж байгаа. Тухайлбал, хоёр хөршөөс өгсүүлээд хариуцах эзэнгүй олон сар жил боллоо. Энэ нь улсын гадаад бодлогын залгамж чанар, аюулгүй байдал, тусгаар тогтнолтой яах аргагүй холбоотой асуудал. Иймд элчин сайд, дипломат төлөөлөгчдийн томилгоог ойрын үед УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага тавьж байгаа юм. Гадаад харилцааны яамны бодлого алдагдсан, цус ойртолт хамгийн их газар болж хувирлаа. Байнгын хорооны тогтоолоор Гадаад харилцааны яаманд аттестатчилал явуулж хүмүүсийг нэг бүрчлэн сонгон шалгаруулалт хийж томилогдсон албан тушаалыг нь эргэн харна. Мэдлэг чадвар туршлагагүй байж эргэлзээтэй байдлаар хариуцлагатай албан тушаал томилогдсон хүмүүс бий. Ийм учраас алдаа дутагдал их гарч байна. Дипломат төлөөлөгчдийн газарт ах дүү нараа томилуулах асуудал их гарч байгаа. Гадаад хэргийн сайд, Төрийн нарийн бичгийн даргад нь дээрх асуудлыг тавьсан. Энэ хүмүүс туслахуудаа Канад, Англи зэрэг улсад атташегаар томилдсон нь ашиг сонирхлын зөрчил мөн. Үүнийгээ өөрчил гэсэн шаардлага тавиад байгаа. Цаашид Элчин сайдаар томилуулахаар оруулж ирэх хүмүүст ч нэг бүрчлэн анхаарал тавьж ажиллана.