Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Муйхарласан У.Хүрэлсүх мухардалд оржээ

УИХ намрын ээлжит чуулганаа Ерөнхийлөгчийн хоригтой, Ерөнхий сайдын зангаатай, ард түмний хүлээлттэй, айсуй сонгуулийн айдастай эхлэв. Ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай тогтоолд нь төрийн тэргүүн бүхэлд нь хориг тавьчихсан. МАН-ын даргын УИХ-ыг тарааж, Ард нийтийн санал асуулгатай хамт ээлжит бус сонгууль явуулах санаачилгад өөрийнх нь намын гишүүд “хориг” тавьчихсан. Эрх баригчдын “мэргэн” санаа нь бүтэлгүйтэж, муйхар бодлогууд нь мухардалд орчихоод байгаа ийм нөхцөлд намрын чуулган хөшгөө нээв. 

Спикерээсээ эхлээд ташраараа ЖДҮХС-гаас тэрбум тэрбумын зээл авч нэрээ баастсан өнөөгийн УИХ зөв, зоримог, алсын хараатай бодлого шийдвэр гаргах дотоод итгэл үнэмшил, чадавхигүй болтлоо сулбайсан. Олонхийн гишүүд олуулаа “но”-той. Тиймээс парламентын гаднаас намын дарга Ерөнхий сайд нь тэднийгээ зандран загнан командалж байгаа. Товчхондоо бол өнөөгийн УИХ-ыг Г.Занданшатар биш Хүрэлсүх эсвэл Зандансүх ч юм уу тийм хүн л далдаас удирдаж буй мэт. Хууль тогтоох засаглал нь гүйцэтгэх засаглалдаа дөрлүүлж, дарлуулж суугаа гэхэд ч болно.

Үүний тод жишээ нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах оролдлого. Энэ бол МАН-ын дарга У.Хүрэлсүхийн боловсруулсан ШБОС байв. Намынх нь хийгээд хувь хүний рейтинг нь цаашид уруудах замдаа шуударсан тул тэрбээр танагтай дээрээ УИХ-ын ээлжит бус сонгууль зарлахыг чухалчилсан. Тэгж гэмээнэ МАН дахин ард түмнээс ахиу мандат авч эрх барих магадлалтай гэж тооцжээ. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд УИХ дахь бүлгийн гишүүдээрээ парламентыг хугацаанаас нь өмнө тараах тухай тогтоолын төсөлд гарын үсэг зуруулж эхэлсэн. Гэвч гарын үсэг нь тоондоо хүрээгүй. Сураг сонсвол ЖДҮчид нь гарын үсэг зуралгүй цааргалж, 60 тэрбумынхан нь ч бас болгоомжилсон байна. Гишүүнээсээ буучих юм бол шууд АТГ, шорон, шүүх рүү хөтлөлцөн одох хүн олонхи нь учир арга ч үгүй биз. Аргаа барсан Ерөнхий сайд 47 гишүүн гарын үсгээ зурчихлаа, тавхан гишүүн нэгдчих юм бол УИХ тарах нь гэж бор шувуу нисгээд ч нэмэр болсонгүй. Олонхийн 64 гишүүн огцорч, тарахыг дэмжсэнгүй. Хэрвээ УИХ хугацаанаас өмнө тарах юм бол өнөөгийн гишүүд нь дахин нэр дэвших эрхгүй гэсэн үндэслэлийг олон нийт гаргаж тавьсан тул тэд ийм алхам хийх зүрх зориг хүрээгүй биз ээ. Ингээд хурандаагийн тушаал харандааны үзүүрт бүдрэв. Эцэстээ уржигдар буюу даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар гишүүд УИХ-ыг тараахгүй гэдэгт санал нэгджээ. Төрийн асуудлыг нам дээрээ шийдэх гэсэн У.Хүрэлсүхийн энэ мэт муйхар хандлага парламентат ёсонд сэв суулгаж, засаглалын институциудын эрэмбэ дараалал, эрх мэдлийн хуваарилалт гээд олон жишгийг эвдэж, буруу замаар будаа тээж мэдэхээр байсан юм. Парламент бол хэн нэгний дур зоргоор эмхэлж, эвдэж байдаг институц биш. Тэр тусмаа нэг намын даргын суудал сэнтийг бөхөлж, шавданг нь бататгахын тулд парламент тардаг байж бүр таарахгүй. УИХ дахь олонхийн гишүүдийн дийлэнх нь ЖДҮ, 60 тэрбум, концесс зэрэг авлига, албан тушаалын хэрэгт холбогдчихоод байхад тэдэндээ эхэлж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Тэгэлгүйгээр УИХ шууд тарна гэдэг хариуцлагаас зугтан, авлигачдаа хаацайлж, төрийн хуулийн дээгүүр гишгэлж буй үйлдэл болох юм. Хамгийн хохиролтой нь парламентын дархлаа буурна. Парламентын дархлаа буурна гэдэг ардчиллын баталгаа алдагдана гэсэн үг. Ийм олон давхар хор уршигтой, ужид самуун алхам руу У.Хүрэлсүх УИХ-ыг чирэх гээд чадсангүй. Юутай ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаархи Ард нийтийн санал асуулгаар далимдуулан сонгууль явуулж өөрийнхөө засаглалыг үргэлжлүүлэх гэсэн түүний төлөвлөгөө нэг их газар авалгүй нуран унажээ.

Гэвч У.Хүрэлсүхийн хүзүүгээр татсан асуудал үүгээр дуусахгүй. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрхэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Нөхцөл байдлаас харах юм бол Ерөнхийлөгчийн хоригийн хүлээж аваад Ард нийтийн асуулга явуулалгүйгээр УИХ дээр Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг эцэслэх нь зохистой. Үндсэн хуулийн төслийн жинхэнэ эх хэмээн баталж, ард иргэдээс саналыг нь авах гээд байгаа төсөлд засах өөрчлөх зүйл маш их байгааг хуульчид хэлж буй. Үндсэн хуульд маш муу, хортой өөрчлөлтүүд орж байгаа гэдэг байр суурьтай хүмүүс ч олон байгаа. Тэр бүх шүүмжлэлийг эргэн харахаас өөр аргагүй. Учир нь олон нийт ч тэр, мэргэжлийн хүрээнд ч гэсэн үндэслэлтэй, баримттай, бодитой шүүмжлэлүүд ярьж байгаа. Тиймээс Ард нийтийн санал асуулгад тавьсан Ерөнхийлөгчийн хориг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сайн мууг дэнслэх, эргэж харах боломжийг олгох юм.

Ард нийтийн санал асуулгаар батлуулахаар зүтгүүлж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд дараа дараагийн арав, хорин жил зөрчил маргааны үндэс суурь болж мэдэхээр алдаатай, буруу заалтууд цөөнгүй байгааг судлаач О.Чулуунбилэг онцолсон байна. Тухайлбал, УИХ-ын 20 гишүүний саналаар оруулсан гэх “стратегийн ордын хувьд өгөөжийн дийлэнхийг ард түмэн хүртэнэ” заалт. Энэ заалт батлагдвал дараагийн парламентын гишүүд стратегийн ордуудын жагсаалтын тоог нэмж суудаг ганц гол ажилтай л болно. Төр заавал 51 эсвэл 66 гаас дээш хувь эзэмших шаардлага гарч Оюутолгойгоос эхлээд нийгэмчлэх асар том хоморголсон кампанит ажил эхэлнэ гэдгийг судлаач анхааруулжээ. Цаашилбал, гадаадын хөрөнгө оруулалт саарснаар төгрөгийн ханш эрс суларч, инфляцийг хөөргөдөж ядуурал, ажилгүйдэл, нэмэгдэнэ. Мөн улс төрийн намуудын гишүүдийн тоо 21 мянгаас дээш байх заалт батлагдвал бүх намыг дахин бүртгэх, гишүүнчлэлийн давхардлыг шалгах нэрийдлээр Ерөнхийлөгчийн зүгээс намуудыг тараах шахалт албан ёсоор эхлэх эрсдэлтэй. Хамгийн түрүүнд МАН үүнд өртөнө гэдгийг У.Хүрэлсүх тооцсон байх. Гэвч одоохондоо тэрээр өөрөө л албан тушаалдаа тэсэж үлдэж байвал алс хэтийн сайн, муу үр дагавар огт хамаагүй гэсэн байдлаар аливаад хандаж буй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хоёр дахь хэлэлцүүлгийг нь хийж дуусгахдаа Ерөнхийлөгч болон сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсоогүй, тэдгээр субьектээс гаргасан төсөл, саналуудыг үндсэнд нь бүгдийг нь унагасан нь эрх баригчдын аархал хийрхлийн нэг илрэл байв. Тухайлбал, парламентын засаглалтай улс орон юм бол Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог байх, хоёрдугаарт, парламентыг бодлоготой байлгая гэж байгаа бол намуудын төлөвшилд анхаарах, намаар дамжсан бодлого төрд ордог зүй тогтолтой болох чиглэлийн заалтууд бүгд унасан. Мөн сонгуулийн тогтолцоог пропорцианаль хэлбэрээр холимог болгох санал ч дэмжигдээгүй. Гуравдугаарт, төрийн эдийн засгийн бодлогоо тодорхойлох суурь зарчмын санал тавьсан ч УИХ дахь олонхи үүнийг мөн л дэмжээгүй. Тиймээс АН Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт цааш оролцохгүй гэдгээ мэдэгдчихсэн. Ард түмний санал асуулга явуулах асуудалд нь Ерөнхийлөгч хориг тавьчихсан.

Ийм ацан шалаан дунд МАН-ынхан УИХ-ын намрын чуулганыг эхлүүлж, төлөвлөсөн ёсоор өчигдөр үдээс хойш Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч хойшлуулав. Шалтгаан нь Ард нийтийн санал асуулга болоод Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар УИХ дахь АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөх шаардлагатай гэж үзжээ. МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаархи Ард нийтийн санал асуулгыг ирэх жил болох УИХ-ын сонгуультай хамт хийх хувилбарыг гаргаж ирээд байгаа аж. Энэ бол ядарсан санаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэж заасан байдаг. Тэгэхээр МАН-ынхны энэ санал хуулийн дээгүүр алхах санаархал гэсэн үг. Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажна гэж энэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн оноо авах гэсэн У.Хүрэлсүхийн өнгөц пиар энэ хүрээд өндөрлөв. Тиймээс яг одоо МАН-ынхны хувьд айхад аргал хөдөлнө гэгч л болж байх шиг байна. Намын дарга нь амиа бодож уснаас хуурай гарчих гэж үзээд л. Нэг завин дээр суугаа ЖДҮчин гишүүд нь живбэл хамт живнэ гэсэн шийдсэн царай гаргаад л. Концессынхон, 60 тэрбумынхан нь үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг унахдаа Ухнаагийн хүүг авч унана гэсэн шазуур зуулттай.

Засагтаа дөнгөлүүлсэн хоригтой парламент зоригтой шийдвэр гаргаж ч чадахгүй таг гацаж, яг зогсчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com