Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Дорлигжав: Бодсон санасныг хэлж болдоггүй, хэлэхээр асуудалд ордог нийгэм хөл барьсан гутал өмссөнөөс хэцүү

Ардчиллын тухай Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай ярилцлаа.

-Монголын Ардчилсан холбоо үүссэн үеийн улс төрийн нөхцөл байдлын тухай ярилцлагаа эхлэх үү?

-За тэгье. Коммунист гэдэг юм уу, социалист орнуудыг нэгтгэн зангидан удирдаж байсан ЗХУ улс төр, эдийн засаг, үзэл суртлын гүнзгий хямралд орж, тэр их гүрэн өөрөө задарч бутралын даваан дээр очсон. 1980-аад оны сүүл үе. Гэхдээ шинэ гарч ирсэн удирдагч М.С.Горбачёв бол тэр их гүрний төгсгөл болж байгааг мэдэхгүй, өөрчилж шинэчлээд явна, түүний хажуугаар социалист орнууд эдийн засаг, улс төрийн нөлөөгөө алдахгүй, тавихгүй гэсэн бодлого нь хэвээрээ байсан гэж хэлж болно. Дээрээс нь ЗХУ-ын удирдлагууд И.В.Сталины дараа Н.С.Хрущёв, Н.С.Хрущёвын дараа Л.И.Брежнев гээд удирдлагууд гарч ирэх болгондоо өөрийнхөө багийг шинэчилнэ гэдэг нэрийн дор социалист орныхоо удирдагчдыг солих гэж оролддог байсан. Тэр үед Монгол оронд Монголын сэхээтнүүд дэлхий дээр томоохон өөрчлөлт болж болзошгүй гэдгийг мэдэрч эхэлсэн цаг үе. Ер нь Монгол орон Манжид эзлэгдсэнээс хойш 300-400 жилийг аваад үзэхэд боломж гарах бүрт тусгаар тогтнол, бие даасан байдлаа олох гэж тэмүүлж эрмэлздэг. Ил далд, их бага хөдөлгөөнүүд гардаг байсан. Яг түүний нэг шинж 1990 онд илэрсэн гэсэн үг. Энэ бүгдээс үүдсэн гэж хэлэхэд хилстэхгүй болов уу.

-ЗХУ-ын тогтолцоо нуран унах үед Монгол Улсад шууд нөлөөлөх нь ойлгомжтой байх. Ардчилсан холбоо эвслийг дарах гэж нэлээн асуудал үүсч байв уу?

-ЗХУ-ын тэр том тогтолцоо сулрах үед бид энэ хооронд хөл дээрээ босоод авъя, өөрөө өөрсдийгөө удирддаг болчихъё, удахгүй наадуул чинь цэгцрээд, эргээд биднийг базах гэж оролдоно. Тиймээс үүлэн чөлөөний нарыг ашиглаад хөл дээрээ босоод зогсчихсон байя гэдэг зорилго тавьж Ардчилсан холбоо ард түмэндээ ухуулга сурталчилгаа хийж байсан юм. Нөгөө талаас М.С.Горбачёв социалист орнуудыхаа хараа хяналтыг алдахгүй гэсэн бодлого хэрэгжүүлж, социалист орнуудыхаа удирдлагуудыг солих процесс эхлүүлж байсан. Гэхдээ бид үүнийг хожим мэдсэн. Тэр үеийн нам төрийн удирдлагыг солих, дараагийнхаа хүнийг бэлдчихсэн үе байсан гэж хэлж бас болох юм. Ардчилсан холбоо үүссэн үеэс нөхдүүд Ардчилсан холбооны хүчийг огцруулах гэж байгаа хүмүүсийнхээ эсрэг ашигласан. Тийм учраас Ардчилсан холбоог дараагүй, чөлөөтэй явуулаад байсан юм байна лээ. Гэхдээ тэр үеийн нам төрийн удирдлага бол мэдээлэл, цэрэг техник гээд хүчирхэг систем байгаа. Тиймээс хамаагүй оролдож болохгүй ийм цаг үе байсан юм. Ийм цаг үеийг ашиглаад улс орноо өөрчилнө гээд л үзэж байлаа шүү дээ.

-Ер нь нийгмээрээ Ардчилсан холбоо эвслийг дэмжиж байсан. Ямар насны хүмүүс ихэвчлэн дэмждэг байв. Ардчилсан нам байгуулагдсаныг хэзээ зарласан бэ?

-Голдуу залуучууд байсан гэхдээ ахмадууд ихээр дэмжиж байсан. Ер нь залуучууд манлайлж явсан болохоос биш дэмжигчид олон байв. Түүнийг хэн ч үгүйсгэхгүй. Энэ хөрсөн дээр Ардчилсан холбоо олон түмний холбоо болж дэмжигдэн, олон түмний анхааралд орж, гарч ирсэн. Ингээд Ардчилсан холбоо байгуулагдаад Ардчилсан холбооны анхдугаар их хурал дээр Монголын Ардчилсан намыг байгуулсан тухайгаа зарласан. Яагаад зарлах болсон гэхээр бидний ирээдүйн стратегийн зорилго бол Монголыг ардчилсан нийгэмт улс болгох, Ардчилсан улс болгохын тулд олон ургальч үзэл дээр суурилсан, олон намын тогтолцоотой, дэлхийн ардчилсан нийгмийн тогтолцоо руу ирээдүйд явах ёстой. Тэгэхийн тулд ганцхан шинэчлэлийг хийх хөдөлгөөнөөр явах нь бас тийм сайн биш юм. Тэгэхээр цаана нь зохион байгуулалттай улс төрийн хүчин заавал байх ёстой. Түүнийг Ардчилсан холбоо харуулж нийгэмд хоёр дахь намыг бий болгож, улс төрийн тогтсон нэг намын системийг задлах ёстой гэдэг зорилгын үүднээс Ардчилсан намыг байгуулсан. Ингэж үзсэн учраас бид хурал дээрээ зарласан. Тэгээд Э.Бат-Үүл бид хоёр намын удирдлагаа авч явахын тулд дарга, дэд дарга болсон. Талийгаач С.Зориг, Ц.Элбэгдорж хөдөлгөөнөө удирдана. Өөрөөр хэлбэл Ардчилсан хөдөлгөөнийг зогсоох цаг болоогүй, улс төр, нийгмийн шинэчлэл бүрэн явтал Ардчилсан холбоо идэвхтэй байх үүрэг хүлээсэн. Нөгөө талаар улс төрийн намын байр суурин дээр байх ёстой гэдэг үүднээс хоёр тийшээ хуваагдсан. Гэхдээ хоорондоо нэгдмэл үйл ажиллагаа, нэгдмэл бодлоготой байна гэдэг зарчим дээр тохироод үйл ажиллагаа эхэлсэн.

-Тэгэхээр тухайн үед улс төрийн акц нэлээн хийдэг байсан байж таарна. Хоорондоо хэр ойлголцож байв?

-Бид долоо хоногийн хугацаатай улс төрийн шаардлага тавьдаг, цуглаан хийдэг байсан. Улс төрийн үйл явц долоо хоногийн хугацаатай хурдан өрнөж байсан цаг үе. Хамгийн сүүлийн оргил үе нь тэр үеийн сайд нарын зөвлөл, Ардын Их Хурлыг тараах шаардлага тавьсан юм. Тэр үед Ардчилсан холбоо нам дотроо жоохон зөрчилд орсон. Юу гэхээр цаашид яах вэ? Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй, тэгж байж олон намын тогтолцоотой Ардчилсан нийгэм байгуулах ёстой гэж нэг хэсэг нь үздэг, нөгөө хэсэг нь “Үгүй” Ард түмний онц зөвлөл гэж байгуулаад, эднийг тараагаад, бүх хуулиа өөрчилж аваад цаашаа явна гэдэг. Тэгэхээр хэн өөрчлөх юм, Ард түмний онц зөвлөл гэдэг нь ямар байгууллага юм? Хууль ёсны байгууллага биш. Тэгэхээр хуульгүйгээр улс байгуулах юм бол энэ жишиг дараа нь хэн нэгэн гарч ирээд хуульгүйгээр засаг байгуулаад байдаг зүйл руу орно. Ямар ч байсан бүх юмыг хуулийн дагуу хийх ёстой гэсэн талд байсан. Энэ үзэл нь дийлж үндсэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар олон намын сонгууль хийгээд явна гэдэг замыг сонгосон. Үүний эсрэг нэг хэсэг нь салсан. Тухайлбал П.Нэргүй доктор тэргүүтэй хүмүүс салсан. Хувьсгал хийх ёстой. Тэр үед үүнээс болж хоёр хуваагдсан ч гэсэн ард түмний үзэл бодол, хүсэл бол аль ч үед цус гаргахыг хүсээд байхгүй. Ингээд тэр үеийн удирдлага уян хатан байж, Ардчилсан холбоонд хүлээцтэй хандаад энэ том өөрчлөлтүүдийг хийе. Тэртээ тэргүй цаг үеийн өөрчлөлт ирж байна, ЗХУ суларсан гэдэг дээр Монголчууд нэгдэж чадсан. Ер нь Манжаас хойших 300-400 жилд Монголчууд нэгдсэн нэг том цэг энэ юм шиг байгаа юм. Түүхийг уншаад байхад манайхан нэгдэж чаддаггүй, нэгнийгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй улсууд. Харин энэ дээр нэгдэж чадсаны үр дүнд бид богино хугацаанд улс төрийн том шинэчлэл хийгээд, буруу, зөв ч гэсэн өөрөө өөрийгөө удирдаад, өөрөө өөрийнхөө удирдлагыг сонгоод явдаг дэлхий нийтийн Ардчиллын зам руу улс орноо оруулж чадсан гэж боддог. Сайд нарын зөвлөл, Ардын их хурлыг тараая гэдэг шаардлага тавьж байгааг хүлээж авахын аргагүй шаардлага байсан юм. Тэгэхээр хоёр талаас нийгмийн том мөргөлдөөн үүсэх нөхцөлийг тавьчихсан. Нам төрийн удирдлагууд ч гэсэн жоохон мухардмал байдалд орсон юм шиг байгаа юм. Тэр үед бид нэг юм мэдэрсэн. Бид гэдэг нь хоёроос гурван хүний хүрээнд мэдэрсэн. Тэр нь ЗХУ-аас удирдлагууд ирж дараагийн өөрийн гэсэн хүмүүсийг гаргаж ирэхээр бэлдчихсэн үе байсан. Тэгэхээр бид одоо хуучныг нь ч, шинийг нь ч зайлуулах цаг нь болсон гэж үзсэн. Эдний дэмжлэгтэйгээр нэлээд явлаа, ард түмэн биднийг дэмжиж байна. Одоо бүгдийг нь түлхдэг цаг гэсэн л бодол бидэнд байсан. (инээв)

-Та том хурган дотортой дээл өмсчихсөн ярилцлаганд орж байгаа харагддаг. Тэр ямар учиртай ярилцлага байсан бэ?

-(инээв) Ардчилсан холбоо, намын удирдлагуудтай Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном тэргүүтэй хүмүүстэй шууд ярилцлагад орох шаардлага тавиад тэд хүлээж авсан юм. Тэр үед өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн төлөөлөл болж Э.Бат-Үүл бид хоёр очдог юм. Тэр үед тавигдсан том шаардлага өлсгөлөн зарлагчдын зүгээс Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. Хэрэв уг болзлыг биелүүлбэл Ардчилсан холбоо өлсгөлөнгөө зогсооно гэдэг шаардлага тавигдсан юм. Ардчилсан холбоонд жинхэнэ хувьсгал, өөрчлөлт хийх үзэл бодолтой хүмүүсээс гадна тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах газрын шургалуулсан улсууд зөндөө байсан. Тэр нь ЗХУ-ын бодлогыг хэрэгжүүлэх зорилготой орж ирсэн хэсэг нь, улс төрийн товчоонд дараагийн гарч ирэх улсуудыг дэмжих зорилготой. Нэг хэсэг нь өөр нэг хүчний төлөөлөл, нөгөө нэг хэсэг нь улс орноо өөрчилнө гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс. Ийм гурав, дөрвөн хэсэг Ардчилсан холбоо дотор явж байсан байна лээ. Гэхдээ Ардчилсан холбоо тухайн үедээ гол үзэл баримтлалууд дээрээ улс орноо хохироохгүй, хамгийн хохирол багатай явъя гэсэн газраа явж, хүрэх гэсэн газраа хүрч чадсан.

-Фэйсбүүкт тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүн байгууллагын нууц байранд биднийг цуглуулж, мөнгө өгөөд тэр үеийн Д.Содном, Ж.Батмөнх тэргүүтэй удирдлагуудыг огцруулах асуудлаар ард түмний дотор янз бүрийн зүйл хийх үүрэг өгсөн гэж бичсэн байсан. Тэгэхээр олон янзын бодолтой хүн та нар дунд байсан болов уу?

-Тэр яг үнэн. Ер нь түүх хараад байхад 1960 хэдэн оны сэхээтний төөрөгдөл Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарыг том өөрчлөлт хийх гэж байгаад алуулсан гэж санаад байсан чинь үгүй юм билээ. Тэр үеийн удирдлагыг өөрчлөх гээд Н.С.Хрущёв гарч ирээд, тэнд нийгмийн ухааны академид сурч байсан 26 хүнд албан тушаал амлаад, гэрээ байгуулж ЗХУ-ын төв намын ерөнхий хэлтэс дээр гарын үсэг зураад ирсэн нөхөд байна лээ шүү дээ. Тэр юм чинь 30-аад жилийн дараа коммунист намын архив ил болохоор гарч ирж байна. Тэр нь хоёрхон зүйлээс болсон гэж. Н.С.Хрущёв эрдэнэ шиш тариад социалист орнуудыг бужигнуулаад байж. Гэтэл Монгол Улс эрдэнэ шиш тарихгүй, үүгээр яах юм гэхээр үхэртээ өг. Манай үхэр наадахыг чинь иддэггүй юм аа гэж. Хоёр дахь нь Н.Хрущёв чинь нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг гарч ирж, И.В.Сталиныг буруутгасан. Та нар И.В.Сталины хөшөө, Х.Чойбалсаны хөшөөг буулга гэдэг байв. Энэ бүх зүйл бичиг баримт байгаа шүү дээ, нууц биш. Аз болж 1990 онд Ардчилсан холбоо цаг үеэ олж гарч ирсэн юм. Хэрэв тэгж чадаагүй бол нэг шинэ удирдлага гарч ирнэ. Нөгөөхтэйгөө сөргөлдөнө бид, тэгээд аягүй бол цус урсана. Тэгээд хоёр жил ЗХУ-ыг дагаж явна энэ Монгол Улсад хүнд тусах байсан. Одоо бидний 1990 оны хүндээс ч хүнд тусах байсан. Бид маш хурдан өөрчлөлтөө хийгээд, 1990 онд эвслийн Засгийн газар байгуулаад 1990 оны 9-12 сарын хооронд гэхэд Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн гишүүн болсон байв. Хэрвээ ЗХУ-тай тэврэлдсэн чигтээ байсан бол манайх юу болох байсныг төсөөлөхөд хэцүү. Тэгсэн бол тэр үеийн ард түмэн гал усны гашуун зовлонг үнэхээр эдлэх байсан.

-Ардчилал аль нэг нам, хувь хүний өмч биш. Та Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, С.Зориг нарыг хэзээнээс таньдаг болсон бэ?

-1989 оны сүүл үед би Залуучуудын эвлэлийн төв хорооны эрдэм шинжилгээний ажилтан, залуучуудын хууль боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан. Ардчилсан холбоо үүсч байгаа тухай, залуучуудын хөдөлгөөн бий болж байгаа тухай хов жив маягтай зүйл сонсогдож байв. Тэр үед одоогийнхтой адил мэдээлэл байхгүй. Бүх юм хаалттай хатуу байсан үе болохоор. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрыг таньдаггүй байсан. Таних хүн С.Зориг л байсан юм. С.Зориг Их сургуулийн багш байсан. Энэ үед Дарь Сүхбаатартай гэр нэг зүгт учир бид хоёр танилцсан. Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөн дээрээс эхлэн нөхдүүд хоорондоо үзэл бодлоо ярилцдаг болсноос хойш нэг юм уу хоёр сарын дараа бид танилцсан. Тэгээд уулзаж, ярилцдаг улсуудад цугладаг газар байхгүй байв. Манай ажил хотын эвлэлийн хороонд байрладаг байв. Тэгээд тэнд уулзацгаадаг болсон. Ингээд арванхоёр дугаар сарын 9-ний орой Ардчилсан холбоо анхны зохион байгуулагдах хурлаа хийсэн юм. Эндээс С.Зоригийг Ерөнхий зохицуулагчаар томилох шийдвэр гарсан. Тэгээд анхны зохион байгуулалтад орж олон түмний өмнө гарсан процесс нь тэр. Яг бөөнөөр уулздаг болсон үе бол манай ажлын дугуй заалнаас эхэлсэн түүхтэй.

-Өлсгөлөнд оролцох гээд явахдаа гэртээ юу гэж хэлээд явав?

-Олон юм яриагүй дээ. Манай ажил дээр мартын 8-ыг угтсан цай уусан юм. Гэтэл би өлсгөлөн зарлах гээд ходоодоо угаачихсан юм идэж болдоггүй. Тэгтэл ид гээд шахаад байдаг. Тайлбар хэлж болдоггүй. Тэгээд тэнд байсан болж байгаад шууд 12 цагт гэж тохирсон газраа ирээд өлсгөлөнд оролцож эхэлж байсан учиртай.

-Өлсгөлөн зарлахыг хаанаас, хэн үүнийг санаачлав?

-Ардчилсан холбооны ерөнхий зохицуулах зөвлөл гээд хүмүүс байдаг. Долоо долоо хоногоор улс төрөө төлөвлөдөг. Энэ долоо хоногт юу хийх, болохгүй бол яах вэ гээд тойрч суугаад ярьдаг үе л дээ. Нэг хэсэг талийгаач н.Цэгмэдийнд нууц хурлаа хийдэг, цугладаг газар байж. Ардчилсан холбооны шаардлагын алийг нь ч хүлээж авахгүй, шаардлагын хугацаа өнгөрлөө гээд ярьж байсан. Тэгтэл н.Хадбаатар гээд нөхөр өлсгөлөн зарлая л даа. АНУ-д нэг эрдэмтэн өлсгөлөн зарлаад сууж байна. Ийм юм хийж болдоггүй юм уу гэсэн. Ер нь тэгье гээд бид санал солилцож, санал нэгдсэн байх жишээтэй.

-Ард түмэн өлсгөлөнг таагүй хүлээж авсан тийм ээ?

-Ард түмэн өлсгөлөн зарлахад таатай байгаагүй. Тухайлбал цочирдсон гэсэн үг. Тэгээд тэд Ардчилсан холбоог дэмжиж байсан. Гэтэл ийм муухай хачин юм хийгээд. Та нар бэлгэ дэмбэрэлгүйгээс эхлээд их олон юм болсон. Түүнийг үзэл суртал мундаг хийдэг нам, сонингоороо биднийг алж байсан.

-Шадар сайд байсан тухайгаа та дурсаач?

-Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд болчхоод та нарын яриад байгаа улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг ганц нам хийж даахгүй. Бүх парламентад суудалтай намууд оролцох нь зөв байх гэж шийдсэн. Тэр үед Э.Бат-Үүл, С.Зориг хоёрыг бас Ц.Элбэгдорж нарыг санал болгосон, бид. Тэгээд дахин ярьж байгаад хотын хурлын дарга байсан Д.Баттулгыг санал болгосон. Дарханаас сонгогдсон депутат байсан. Д.Бямбасүрэн гуай надад буцаагаад санал тавьсан. Та яагаад ингээд байгаа юм гэсэн чинь би өөрөө кабинет байгуулж байгаа хүн хүмүүсээ судалсан гэсэн. Хоёрдугаарт чи тодорхой хэмжээгээр ард түмний дунд танигдсан хүн. Тийм хүн надад хэрэгтэй байна. Үүнийгээ С.Зориг, Ц.Элбэгдорж нартай далдуур ярьчихсан байсан юм билээ. Би хариуд нь Ардчилсан холбооны шийдвэргүйгээр зөвшөөрөхгүй гэж байсан ч тэд зөвшөөрсөн. Тэгээд сүүлд нь арга буюу зөвшөөрсөн, арга буюу гэдэг нь Д.Бямбасүрэн гуай чинь сэтгэл зүйн их тактиктай хүн. Би чадахгүй гээд хэд уулзсан. Тэгсэн өөдөөс чадахгүй байсан юм бол яах гэж төр үймүүлж явсан улс вэ та нар гэж загнасан шүү дээ. (инээв) Хүн чинь яг ийм үед сонин болдог юм билээ. Тэгсэн чи чадна аа гээд зоригжуулсаар байгаад намайг болж байсан түүхтэй юм.

-Шадар сайд тэр үед ямар асуудлыг хариуцаж ажилладаг байв?

-Ерөөсөө хуучнаар Сайд нарын зөвлөлийн орлогч дарга гэж Ерөнхий сайдын орлогчийн албан тушаал байлаа шүү дээ. Тэр яг хэвээрээ байсан. Миний дор гэхэд таваас зургаан яам, тэдний хоорондын үйл ажиллагааг уялдуулна, зохицуулна.

-Эдийн засаг гэдэг чинь хүнд үе байсан шүү дээ?

-Мэдэхгүй. Тэгээд нэг юм болсон л юм даа.

-Болоод өнгөрснийг ард түмэн мэднэ. Их ухаан зарж олон хүндрэлийн цаана гарсан байх аа?

-Алдаа, оноо байсан л байх. Гэхдээ тэр үеийн улс төрийн гол ноён нурууг үнэхээр Д.Бямбасүрэн гуай босгосон юм шүү. Гайхалтай гурван хүн энэ үед байж шийдвэрийг зөв, ноён нуруутай гаргаж байсан. Энэ гурван хүн бол яах аргагүй Д.Бямбасүрэн, Б.Чимид багш, П.Очирбат гуай гурав юм. Эдгээр хүмүүс бидний дээд талд зулай гишгэсэн ах гэдэг шиг, ахмад хүний хувьд, улстөрч хүний хувьд зөвлөж хамтарч ажиллаж чадсан. Бүх л шийдэл энэ гурван хүн дээр тулгарч байлаа шүү дээ. Ингээд улс төрийн нам, хэдэн залуучуудтайгаа яриад, цаашаа яаж явах гэдэг зүйлийг зөв, уян хатан авч гарсан гурван хүн дээ.

-Тэр үед Шадар сайд шийддэггүй, ярьдаггүй асуудал байдаггүй байсан гэдэг.

-Тэр үед чинь өдөр болгон асуудалтай нүүр тулна шүү дээ. Тэр болохгүй, энэ болохгүй, эм тан, энд сонингийн цаас, бензин, тэнд өлсгөлөн зарлаж гэнэ, энэ байгууллагаас шаардлага тавиад байна гээд тэр хоёр жил яаж ч өнгөрсөн юм одоо бодоход, бүү мэд. Тийм л хүнд үед ажиллаж байж.

-Товчхоноор Монголчуудад ардчилал юу өгсөн бэ гэвэл, та юу гэж хэлмээр байна? Бид юу хожиж юуг алдсан бэ?

-Бид нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Монголчуудад юу өгсөн бэ гэдэг асуулт буруу. Энэ асуултыг бодохоор хүмүүс би ядуу амьдарч байна, зовж байна гээд надад юм өгөөгүй гэх талаас нь бодоод эхэлдэг. Хувь хүн ямар хэмжээнд амьдрах вэ гэдэг бол өөрийнх нь асуудал. Өнөөдрийн нийгмийг бүхэлд нь өөрчилсөн тогтолцоо хувь хүнд юу өгөв гэхээсээ илүү нийгэмд юу өгөв, Монгол Улсад юу өгөв гэдэг асуудал юм. Монгол Улс хэн нэгний эрхшээлээс гарч, хараат бус байж хэнтэй худалдаа хийх, хаашаа явах, яаж хөгжих вэ, гэж хүнээс асуудаг, хүний санаа бодолд өөрийгөө багтааж, тааруулж явдаг, таарахгүй бол эсэргүү болж явдаг их багагүй. Ийм зүйлээс салж буруу, зөв ч бай өөрийнхөөрөө амьдарч, өөрийн оюун ухаанаараа улс орноо хөгжүүлэх, өөрөөр хэлбэл бүрэн утгаараа тусгаар тогтнолоо олж авсан юм шүү дээ. Бүрэн утгаараа тусгаар тогтнолоо олж авахаас илүү юу байх ёстой юм. Юу өгөх ёстой юм бэ? Хамгийн том зүйл чинь тусгаар тогтнол мөн юм байгаа биз дээ. 1990 он хүртэл бид тусгаар тогтнолоо олоогүй байсан. Үнэхээр заримдаа эмзэглэх юм. 1990-ээд онд төрөөгүй байсан хүүхдүүд сайхан нийгмийг нурааж хаясан юм шиг, өөрөө тэр нийгэмд амьдарч байсан юм шиг ярьдаг залуучууд олон байна. Юмыг зөв харж, зөв дүгнэж сурах хэрэгтэй. Аль ч нийгэмд хүн сайн сайхан амьдарна гэдэг бол ерөөсөө л өөрийнх нь асуудал. Тэр нийгмийн хууль дүрэм, ааш аягт зохицоод л өөрөө амьдрах ёстой. Коммунист нийгэм байна уу, дарангуйллын нийгэм байна уу аргаа олоод амьдраад явах нь тэр хүний ухааны асуудал. Нийгмийг өөрчилж байгаа томоохон өөрчлөлт бол улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал. Бид энэ зорилгоо биелүүлсэн. Улс орноо жинхэнэ утгаар нь бүрэн тусгаар тогтносон улс болгож чадсан. Түүнээс цааш авч явж байгаа улсууд яаж сэтгэж, улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэг бол дараагийн асуудал.

-Бид хэнээс ч хараат бусаар улс орноо өөрсдөө авч явж байна, улсаа хөгжүүлж, хүссэн зүйлээ хэрэглэж, хэнтэй хаана уулзаж, гадаад харилцаагаа хөгжүүлэх вэ гэдгийг бие даан шийдэж чаддаг болсон нь Ардчиллын хамгийн гол үнэт зүйл. Айл гэр, аймаг сумын, улс орны хэмжээнд шийдэх асуудал гэж дотроо ялгаатай. Гэрийнхээ асуудлыг гэртээ шийд, сумын асуудлыг сумынхаа хурлаар шийд. Улсын асуудал гэж байна. Улс чинь гадаад харилцаа, олон улсын хэмжээнд шийдэх асуудал гээд олон зүйл байна. Тэр гэртээ болж байгаа, хороо хорооны хэмжээнд шийдчих асуудлыг улсад авчирч тохоод тэгсэнгүй, ингэсэнгүй гээд хүмүүс ярьдаг болж. Цөөхөн хүн амтайн шинж байдаг байх даа?

-Төр засагт ажиллаж байгаа хүмүүсийг мундаг сайн байгаа гэж хэлэхгүй. Муу байгаа. Гэхдээ түүнийг шүүмжлэхдээ таны хэлдгээр шүүмжлэх ёстой, шүүмжлэх ёсгүй зүйл гэж бий. Түүнээс ар гэрийнхээ зовлонг ярьж загнахаар эргээд эд нар нь эргүй юм шиг болчихсон. Өнөөдөр та хар л даа асуудлыг шийдэж чадахгүй ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ гэсэн байдалд орчхоод байна. Тиймээс ямар нэг асуудлыг ялгаж салгаж төр засагт тавьж байх ёстой юм. Аль асуудлыг нь шүүмжлэх ёстой юм бэ гэж бодох ёстой. Бүүр тодруулбал аль хувь хүний асуудал, аль нь аймаг орны нөхдүүдтэй ярих асуудал юм гэж. Үүнийгээ ялгах ёстой хамгийн эхэнд. Ардчиллын үнэт зүйл, ардчилал юу өгсөн бэ гээд ярьдаг. Хүнд санасан бодсоноо чөлөөтөй ярьдаг, хэн нэгнийг шүүмжилдэг, удирдлагадаа болохгүй байгаа зүйлийг нь хэлж чаддаг, улс төрийн эрх чөлөө өгснийг бид үнэхээр буруу ашиглаж байгаа юм. Хүмүүс нэг л юм ойлгохгүй юм даа. Өөрийнхөө бодсон санасныг хэлж болдоггүй, хэлэнгүүт асуудалд ордог тийм нийгэмд амьдраад үзсэн хүн бол, хөлийг нь барьсан гутал өмссөнөөс хэцүү шүү дээ. Сэтгэл санаагаар хүнд, хүний хараат явна гэдэг хэцүү гэдгийг. Нэг хүн эрх чөлөө гэдэг чинь юу юм бэ, хэнд хэрэгтэй юм, наад ардчилал чинь гэж асууж байсан. Тэр хүн хариуд нь хүчилтөрөгч гэхэд тэр хүчилтөрөгчөөр би яах юм гэж хэлж байгаатай агаар нэг юм. Тэгэхээр хүний хамрыг барьчих юм бол хүн хүчилтөрөгчгүй нэг ч минут амьдарч чадахгүй, бүгчимдээд үхнэ. Энэ цонхыг бүгдийг нь хаачхаад агааргүй байвал хэр удаан байх бол. Мэдээж хэсэг байх л байх. Хүний эрх чөлөө ялгаагүй шүү дээ, үүнтэй адил. Хүнийг чи үг хэлж болохгүй, ингэж болохгүй гээд байвал яг хамраа бариулсантай адилхан. Энэ үнэгүй хүчилтөрөгчийг амьсгалж байгаа шиг энэ эрх чөлөөг эдэлж байгаа чинь асар том юм шүү дээ. Үүний үнэ цэнийг зөв ойлгож яваасай даа л гэж бодох юм.

-Ардчиллын түүхэнд, анхдагчийн хэмжээнд, ямар нэгэн байдлаар оролцож, бүтээлцэж явсан хүний хувьд та түүхэнд үлдэх хувьтай хүн. Ардчиллыг байгуулах гэж Монголчууд бүгдээрээ тэмцсэн зүтгэсэн. Бид нэгдэж чадсан, тийм үү?

-1990 оны үйл явц бол зохион байгуулсан, зүтгэсэн, өөр дээрээ хаягласан, зөв бурууг нь авч яваа улсууд бол Монголын Ардчилсан холбоо, түүний үүсгэн байгуулагчид, Монголын Ардчилсан холбоо намын гишүүд мөн л дөө. Гэхдээ энэ том өөрчлөлт, энэ цаг үеийг мэдэрсэн өөрчлөлтийг Монголын Ардчилсан холбоо дангаараа хийгээгүй. Үүнийг Монголын ард түмэн, бусад ардчилсан хөдөлгөөнүүд, тэр байтугай тэр үеийн төр засгийн удирдлагууд бүгдээрээ хийцгээсэн. Хэн нэг нь энд хувийн ашиг сонирхлоо бодож, ингэвэл бидэнд ашигтай, тэгвэл манай намд ашигтай гэдэг байр сууринаас биш энэ цаг үеийг алдалгүй улс орноо яаж өөрчилж, бие даасан улс болгох вэ гэдэг дээр Монголчууд миний мэдэх Монголын 400-аад жилийн түүхэнд анх удаа нэгдэж чадсан том нэгдэл байсан, Монголын ард түмний бүтээл байсан. Энэ бол нийт ард түмэндээ, тэр үеийн бүтээсэн улс төрчдөдөө, тэр үед идэвхтэй амьдарч байсан хүмүүст талархлаа илэрхийлэх ёстой. Бид ухаантай байж чадсан, бид эвтэй байж чадсан, бид нэгдэж чадсан, бид алтан үе байсан юм шүү гэдгийг хэлэх ёстой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com