-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгын талаар яриагүй, хуулийн дагуу ажиллахыг хэлсэн-
УИХ-ын чуулганы баасан гаргийн (2019.10.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ингээд Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж чуулганд оролцсон гишүүдийн 61 хувийн саналаар хүлээж авлаа. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэхгүй болов. Харин одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зүйл, заалт бүрээр нь хэлэлцэж, шийдвэрлэх нөхцөл үүсч байна. Энэ нь ихээхэн цаг хугацаа шаардах асуудал бөгөөд энэ ондоо багтааж дуусах уу, үгүй юу гэдэг асуулт ч гарна. Юутай ч төслийг санаачлагч 62 гишүүн, эрх баригч намын дараагийн алхам юу болохыг хүлээх үлдэж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Зөвшилцөл өнөөдөр ч үргэлжилж байгаа. Хоригийг хүлээж авах эсэхээс дараагийн асуудал шийдвэрлэгдэнэ. Бид энэ хуулийн алдаагаа засаад намууд ойлголцоод эцсийн боломжоо ашиглаад үзье гэж байгаа юм. Ардчилсан нам ардчиллыг, ардчилсан Монгол Улсыг бий болгохдоо түүчээлэн оролцсоны хувьд энэ хуулийг зөв засаглал руу оруулахын төлөө саналаа гаргасан. Энэ цаг минутаас хойш танай манай намын тухай асуудал байхгүй. Хоригийг хүлээж авбал бүх зүйл задраад унана гэдэг айдсаасаа салах хэрэгтэй. Эцсийн эцэст энэ хоригийг хүлээж авч, ардчилсан парламентаа хамгаалъя.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Бид одоо боосон Үндсэн хуулийн төслөө задалбал харамсалтай байна. Харамсаад ч барахгүй зүйл болно. Дордуулсан долоон өөрчлөлтийг зассан байгаа. Залуу үе ямар нийгэмд байх вэ гэдгийг шийднэ. Аль болох ойлголцохын төлөө явж байна. Бүгдээрээ л улс орны эрх ашгийн төлөө гэж байгаа. Гэтэл яг амьдрал дээр тулаад ирэхээр олон ашиг сонирхол байдаг юм байна. Эрсдэл багатай гаргахын төлөө явж ирсэн.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг батлуулахын төлөө бид явж байгаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар Үндсэн хуулийн өөрчлөлт задрах уу. Эсрэгээрээ хоригийг хүлээж авахгүйгээр Ард нийтийн санал асуулга явуулах нь эрсдэлтэй. Ерөнхийлөгч агуулга дээр нь хориг тавиагүй. Хоригийг хүлээж аваад тогтоолдоо өөрчлөлт оруулаад Ард нийтийн санал асуулгыг явуулах хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-аар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээс өмнө сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй бол цаашид асуудал ямар байдлаар өрнөх вэ?
-Хориг хүлээж авахгүй ч гэсэн УИХ Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолоо гаргах ёстой. Санал асуулга явуулах 30 тэрбум төгрөг байгаа, байхгүй гэдэг шалтгаанаар УИХ тогтоолоо гаргаж чадахгүй гацчихаад байгаа юм. УИХ-ын дараагийн алхмыг л харна даа.
-Зарим улс төрч, хуульчид Ерөнхийлөгчийн хориг үндэслэл муутай гэж шүүмжилсэн. Энэ талаар та тодорхой тайлбар өгнө үү?
-Хоригийн үндэслэл маш тодорхой. Хүн болгонд таалагдах албагүй. Буруу зөвийг нь УИХ шийднэ. Тийм эсвэл үгүй гэсэн хоёр хариултын нэгийг сонгуулийн насны хоёр сая иргэнээс авахын тулд 30 тэрбум төгрөг зарцуулах нь дэндүү хайран юм. Ээлжит эсвэл ээлжит бус сонгуультай хамт явуулж болох юм.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх Ард нийтийн санал асуулгыг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулах боломж бий юү?
-Үүнийг УИХ шийднэ. Өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах боломж, заалт нь Үндсэн хуульд бий.
-Ард нийтийн санал асуулга явуулах асуудал Үндсэн хуулийн Цэц дээр очоод унана гэсэн байсан. Ямар үндэслэлээр ингэж хэлсэн юм бэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь шинэ зүйл биш. 1999 оны нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэц унагасан. Түүнийг нь үл тоож УИХ 2000 онд өөрийнхөөрөө баталсан. Тэр үед яригдаж байсан үндэслэлээр алдаагаа яг адилхан давтсан учраас би тэгж хэлсэн юм. Тухайн үед хуулийн хэлбэртэй байна, үгүй байна гэдэг маргаан гарч байсан. Ингээд Үндсэн хуульд дахиж ийм замбараагүй өөрчлөлт хийж болохгүй гэдэг утгаар 2010 оны арванхоёрдугаар сард УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан юм. Энэ хуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол хууль байна, хуулийн төсөл өргөн барина, Хуулийг батална гэдэг зохицуулалт бий. Ийм зохицуулалт байсаар байтал үүнийг зөрчсөн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихдаа хууль гэж бичээгүй, хэлэлцэх явцдаа хууль гэж үзэлгүй баталсан. Энэ нь хуулийн дагуу, журмаа мөрдөөгүй үйл явц болчихсон. Иймд энэ алдаагаа засаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлж гаргах бололцоо байна гэдгийг Ерөнхийлөгчийн зүгээс хэлж байгаа юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгын талаар огт яриагүй. Тийм боломж ч байхгүй. УИХ өөрчлөлт хийж болно. Тэгэхдээ журмынхаа дагуу явахгүй бол нэмэлт өөрчлөлт нь хүчингүй болох аюул байна. Олон жил, баахан мөнгө зарцуулж хийсэн зүйлээ хууль болгоод цааш явах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа юм. Үүний тулд алдаагүй бай. Хоригийг хүлээж аваад алдаагаа засвал цааш явах боломж бий гэсэн.
-Хоригийг хүлээж авсны дараа улс төрийн ямар нөхцөл байдал үүсэх бол. Хоёрдугаар хэлэлцүүлэг задрах уу?
-Үүнийг УИХ өөрөө шийднэ. Ерөнхийлөгчийн ажил биш. Хоригийг бүрэн хүлээж авбал хоёрдугаар хэлэлцүүлэг задарна. Хэсэгчилж авбал задрахгүй.