ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас ЖДҮХС болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
-ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс зээлээ төлсөн үү?
-Төлж байгаа. Би яг одоо сүүлийн үеийн тоог нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Ер нь оны эхнээс 40 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн. Энэ мөнгөний тодорхой хувийг нь жижиг дунд үйлдвэрийг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлд гаргаж байгаа. ЖДҮХС-нд улсын төсвөөс нэмж хөрөнгө өгөөгүй. Зээлийнхээ эргэн төлөлтөөс санхүүжүүлэх зорилготой сан шүү дээ. Зээл төлүүлэх ажлыг графикийн дагуу хийж байна. Зээлээ төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг шүүхэд өгч байгаа. Тэгээд аж ахуйн нэгжүүдийн зээлээ төлөх ажил идвэхжиж байна. Учир нь аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулж тодорхой графикийн дагуу зээлээ төлж эхэлсэн. Иймд төслийн шалгаруулалтын үйл явц хэвийн үргэлжилж байна. Одоо гурав дахь шатны шалгаруулалт эхэллээ. Одоогоор 100 гаруй аж ахуйн нэгж зээл авсан. Шинэ журмын дагуу ил тод нээлттэй сонгон шалгаруулж байгаа.
-Сангуудаас эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс зээл авч байгаа талаар ямар хяналт тавьж байна вэ?
-Бид хөнгөлөлттэй зээл олгох журамдаа маш тодорхой заасан. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, аймаг орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамааралтай аж ахуйн нэгжид зээл өгөхгүй гэсэн хатуу журам бий. Бид төсөл сонгон шалгаруулахдаа тухайн аж ахуйн нэгжийн гарал үүслийг шалгаж АТГ-аас лавлагаа авч байгаа. Учир нь хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсан аж ахуйн нэгж байгаа эсэхийг тогтоож буй юм.
-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд бүгд зээлээ төлсөн үү?
-Аж ахуйн нэгжүүд зээлээ төлөөд явж байна. Ямар ямар аж ахуйн нэгжүүд зээл төлсөн, төлөөд явж байгаа дэлгэрэнгүй жагсаалт нь энэ сангийн вэб сайтад ил тод байгаа.
-ЖДҮХС-гаас нэг аж ахуйн нэгж дунджаар хэдэн төгрөгийн зээл хүсч байна вэ?
-Харилцан адилгүй ялгаатай шүү дээ. Хуулиар тогтоож өгсөн хэмжээтэй. Арилжааны банкаар дамжуулна гэвэл 300 саяас нэг тэрбум төгрөг хүртэлх төгрөгийн зээл авч болно. Мөн 20-300 сая хүртэл төгрөгийн зээл авах аж ахуйн нэгжүүдийг зааглан ялгасан байгаа. Зээлийн ийм ангилалыг мөрдөж ялгавартай авч үзэж буй юм. Урд нь зээл хүссэн төслийг бүгдийг нь авч үздэг байсан. Өөрөөр хэлбэл 50 сая төгрөгийн зээл хүссэн аж ахуй нэгж нэг тэрбум төгрөгийн зээл хүссэн аж ахуйн нэгжийн хооронд асар том зөрүү гарч байгаа юм. Тэгээд томоохон зээл хүссэн аж ахуйн нэгж нь авч жижигт нь хүрэлцэхгүй болж байсан. Ийм учраас ЖДҮХС-гаас олгох зээлийн багцыг гурав хуваасан. Үүний үр дүнд зээл олголтын хүртээмж энэ жил нэмэгдсэн. Урд нь цөөн төсөлд их хэмжээний мөнгө өгч хүртээмж муу байсан гэж хэлж болно. Одоо бүх аймагт арилжааны банкаар дамжуулж болон сангаас зээл идэвхтэй олгож байна.
-Танай яамны хоёр мэргэжилтэнг АТГ-аас саатуулсан мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Түр зуур саатуулж тодруулга авсан. Одоо ажлаа хийж байгаа. Олон жилийн өмнө болсон асуудлыг шалгаж байгаа юм билээ. Мөрдөн байцаалтын нууц учраас нарийн зүйлийг нь мэдэхгүй. Холбогдох мэдээллүүдийг нь өгсөн.
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн төсөв энэ жил нэмэгдлээ. Энэ нь хардлага төрүүлж байгаа. Яагаад төсвийг нь нэмсэн юм бэ?
-Аж ахуй нэгжүүдийн гурилын үйлдвэрт тушаасан улаанбуудайн тонн тутамд нь урамшуулал өгдөг. Өмнөх жилүүдэд нэг тонн улаанбуудайн урамшуулалд 50 мянган төгрөгийн урамшуулал өгч ирсэн. Үүнд 12 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Ирэх онд бид гурилын үйлдвэрт тушаасан улаанбуудайн тонн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал өгнө. Ингээд 23 тэрбум төгрөгийн урамшуулал өгөх мөнгө 2020 оны төсөвт тусгаж байгаа.
-Энэ сангаас олгосон зээл нэлээд асуудал дагуулж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Энэ сан зээл олгохдоо бэлэн мөнгөөр өгдөггүй. Тоног төхөөрөмж, үр, ургамал хамгааллын бодис, хүлэмж, услалтын систем зэрэг байдлаар зээл өгдөг. Зээл өгч байгаа байдал нь тус бүртээ өөрийн журамтай. Хамгийн гол нь хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжид өгдөг.
-Зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгжийн талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг зээлд хамруулахгүй байгаа. Тариалалт эрхэлсэн аж ахуйн нэгжүүдэд тариалалт хийх болон ургацаа хурааж авах, ирэх жилийн тариалалтад зориулж уринш хийхэд нь зориулж зээл өгч байна. Хамгийн гол нь аж ахуйн үйл ажиллагаатай нь холбож зээл өгдөг.
-Тэгвэл Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга албан тушаалаа ашиглаж зээл авсан гэдэг мэдээлэл бий. Ийм зүйл гарсан юм уу?
-Энэ бол ЖДҮХС-тай холбоогүй. Ийм асуудал ирсэн. Судалж байна.
-Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн төлөгдөөгүй хэдэн төгрөгийн зээл байна вэ?
-Нэлээд бий. Манай системийн хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн зээл төлүүлэх ёстой. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сантай холбоотой 100 тэрбум орчим төгрөгийн зээл бий. Энэ бүгдийг төлүүлэхээр бид хөөцөлдөж л байна. Тэгээд зээлийн ашиглалтыг хянаж хаана ямар зориулалтаар ашигласныг нь тодорхой болгож байгаа. Нөгөө талаар төлөх хугацаа, графикийг нь хянаад зээлээ төлөх шаардлага тавьж эхэлсэн. Төлөхгүй, хугацаа хэтэрсэн зээлийг нь шүүхэд өгч байна.