Байгаль орчны төлөөх байлдаантай киноны цуврал
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэгдсэний дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Агуйт гэх газарт өнгөрсөн есдүгээр сарын 17-д тусгай ажиллагаа явуулжээ. Тусгай ажиллагаа гэдэг тагнуул, цагдаа, тусгай хүчнийхний “галын дэмжлэг” дор явагдсан гэсэн үг. Энэхүү тусгай ажиллагаагаар ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар алт олборлож байсан 47 иргэнийг үйлдэл дээр нь барьж орон нутгийн цагдаагийн хэсэгт хүлээлгэж өгсөн байна. Тэдгээр иргэд долоон эксковатор техник хэрэгслээр ой, гол мөрөн бүхий үзэсгэлэнтэй газрыг ухаж төнхөн орвонгоор нь эргүүлчихсэн байжээ. Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчдийн цахим хуудсанд нийтэлсэн бичлэгээс харахад тэр муу хэдэн нинжа нарыг барьж саатуулж байгаа нь үнэхээр сүртэй. Холливудын боевик кинонууд юу ч биш. Гэхдээ манай үзэгчид иймэрхүү баривчилгаа, тусгай ажиллагааг цувралаар үзсээр байгаад бараг уйдчихлаа л даа.
Дээрх тусгай ажиллагаагаар баригдсан нинжа нарыг өмөөрөх, хамгаалах агуулга энэ бичвэрт огт агуулагдаагүй гэдгийг юуны өмнө онцолъё.
Гагцхүү яагаад энэхүү тусгай ажиллагааг дурдав гэхээр сүүлийн үед Засгийн газраас уул уурхай, ашигт малтмалын салбарт явуулж буй бодлого нь баривчлах, хаах, хориглох, хөөх гаргах гэдэг хэдхэн түлхүүр үгэнд багтдаг болчхоод байгаад шүүмжлэлтэй хандах гэснийх. Засгийн газрын бодлого ийм муйхар, сүржин, олон нийтэд таалагдах гэсэн аястай, хий хоосон эх оронч тавилттайгаар өрнөх юм бол нинжа нар байгаль орчинд үүнээс ч илүү хор хохирол учруулна. Засгийн газар нь нинжа нараасаа ч илүү хор хөнөөл, уршиг тарина. Уул уурхайн салбарт улам л ужиг хямрал нүүрлэнэ. Дагаад улс орны эдийн засаг сүйрнэ. Хямарна, хүндэрнэ биш шүү, шууд л сүйрнэ. Яагаад гэвэл Монголын эдийн засаг өнөөдөр уул уурхай дээрээ л тогтож байгаа. Уул уурхайг үзэн яддаг, талархан дэмждэг хэн ч байсан үүнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Уул уурхай, эрдэс баялгийн салбар гэдэг ганц хөл дээрээ догонцож яваа эдийн засагтаа хөндлөн дэгээ тавьж унагахыг популист эрх баригчид юман чинээ бодохгүй байгаа нь ирэх сонгуульд ялахын төлөө хорхойссон баавгай шиг улангасч байгаагийнх билээ.
Хэрвээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх үнэхээр эх оронч хүн юм бол ингэхгүй байсан. Харин ч эсрэгээр нь уул уурхайн салбарын бодлогыг дэлхий нийтийн жишиг, өөрийн орны онцлогт тохируулж, таацуулан шинэчилж, боловсронгуй болгож, улмаар хариуцлагатай уул уурхайг дэмжин хөгжүүлэх ухаалаг алхмуудыг хийх ёстой байв. Гэтэл Ерөнхий сайд уул уурхайн салбарт алдаа оноо, амжилт бүтээл аль алиныг тээн, алдагдал, хохирол, ашиг орлогыг тэнцүү үүрч яваа томоохон аж ахуйн нэгж, компаниудаа сорчлон түүж “сор залж” эхэлсэн. Гадаадынхан гэхээр “эх оронч”-дын нүдэнд орсон шороо, шүдэнд орсон мах болж харагддаг тэр сэтгэлгээнд таацуулан уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч олон компанийг хааж боож, лиценз, зөвшөөрлийг нь хурааж эхлэв. Буу шийдэм, баг, дуулгатай баривчилгаа, тусгай ажиллагаануудын цуврал ингэж эхэлсэн билээ.
Сэлэнгийн Ерөөд болсон тусгай ажиллагааны тухай яриандаа эргэж ороход хэрвээ У.Хүрэлсүх сайд “Бид байгаль орчны төлөө тулалдсан юм” гэдэг байлдаантай кино санаачлаагүй сэн бол ингэж нинжа нар талаар нэг дураар дургиж, ой мод, ус голыг сэндийчин самрахгүй байсан. Товчхондоо бол Ерөнхий сайд маань өөрөө өөрийнхөө бий болгож өсгөж бойжуулсан “дайсан”-тай үзэлцэж байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл өөдөө хаясан чулуу өөрийнх нь толгой дээр унаж буй юм. Ганц өөрийнх нь толгой дээр унасан бол яах вэ гэх сэн. Харамсалтай нь Засгийн тэргүүний замбараагүй популизм байгаль орчинд асар хортой нөхцөл үүсгэж, уул уурхайн салбарыг тогтворгүй байдал руу түлхэж байна. Баатар дайчин баримжаа чиггүйгээр хаа хамаагүй бууддаггүй. Харин хараа цэцэн, оноо мэргэн байж дайснаа дардаг юм. Байгаль орчноо, эх орноо хамгаалж байна гээд нүдээ тас аньчхаад л уул уурхайн компаниудыг толгой дараалан баруун зүүнгүй сэлэмдээд эхэлсэн чинь ар хударгаар нь нинжа нарын зэрлэг арми Монголын байгалийг самарч эхэллээ. Ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг тооцоололгүй баахан популизм хийчхэв үү? Эсвэл мэдсээр байж ийнхүү уул уурхайн компаниудыг зогсоож, нинжа нарыг зориуд түлхэв үү? Гадаадын улс орнуудад ингэж уул уурхайн ордуудыг нинжа нараар ухуулж төнхүүлэн үнэгүйдүүлж байгаад эрх баригчид өөрсдөдөө болон өөрсдийн хамааралтай компанидаа хямдхан авч өгдөг хар технологи бий.
“Манай Ерөнхий сайд манай талын нинжа”
Уул уурхайн салбарт алдаа, оноо аль аль нь бий. Тэрхүү алдаа, оноо энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй том жижиг, гадаад дотоодын бүх аж ахуйн нэгж, компанитай холбоотой. Нэгэн үе бол уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа замбараагүй, нөхөн сэргээлт хангалтгүй байсан. Харин одоо өөрчлөгдөж байгаа. Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж буй цөөн боловч компаниуд бий. Олон улсын шинэ техник, технологи, арга туршлага, сайн жишиг, соёлыг нутагшуулж, төлөвшүүлж байгаа тэдгээр компаниудад жинхэнэ үндэсний боловсон хүчнүүд, инженер техникийн ажилтнууд өсөн бойжиж, эхнээсээ дэлхийд үнэлэгдэх болжээ. Харамсалтай нь төр, засаг ийм компаниуддаа боломж олголгүй хоморголон намнаж эхлэв. Уул уурхайн салбарт буй алдаа дутагдал, зөрчил шүүмжлэлийг хэдэн талаасаа нүүр нүүрээ харалцаж суугаад хэлэлцэж, ярилцан, зөв шийдэл гаргаад шийдээд явчих юм бол жинхэнэ эх оронч шийдэл гэхсэн. Гэтэл тэгсэнгүй. Энэ царайгаараа бол удахгүй уул уурхайгаа бүрэн зогсоож аваад, бэлчээр талхаллаа, байгаль сүйтгэлээ гээд хэдэн малчдаа тусгай ажиллагаагаар баривчилж, малыг нь хурааж, нийгэмчлэх нь л дээ.
Үнэхээр байгаль орчноо хамгаалах гээд байгаа юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх аж ахуйн нэгжүүдтэйгээ дайн зарлах биш нинжа нартайгаа л тэмцэх ёстой. Яагаад гэвэл жинхэнэ байгаль сүйтгэгчид бол уул уурхайн компаниуд биш нинжа нар. Уул уурхайн компаниуд эрдэмтдийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр, дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн арга, технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн техник, технологи ч өдрөөс өдөрт хөгжиж, улам боловсронгуй болж байгаа. Тэд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Компани, аж ахуйн нэгж учир буух мөр, буцах хаягтай. Эзэн нь хариуцлага хүлээх чадвартай. Угаасаа ийм байж хариуцлагатай уул уурхай хөгждөг. Засгийн газар харин тэднээс нөхөн сэргээлт хийхийг шаардах, татварын орлогоо төвлөрүүлж авах зэрэг ажлаа сайн хийх ёстой. Энэ нь гэхдээ хааж хориглож, хурааж нураана гэсэн үг биш.
Тэгвэл нинжа нар байгаль орчныг сүйтгэхэд хэн хариуцлага хүлээх вэ? Хэн ч биш. Тэд эхнээсээ л хууль бусаар олборлолт явуулсан тул хуулиас гадуур бүх үйл явц нь өрнөнө. Хууль бус бүхэн тэнд цэцэглэж, хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхдэг ширэнгийн зарчим үйлчилнэ. Ухсан нүхнүүд онгойж харлаад үлдэхэд хэн ч хариуцлага хүлээхгүй. Нинжа нар ажиллаж байгаа газарт гэмт хэрэг, зөрчил хэвийн үзэгдэл мэт болно. Тэдний хөлд нэрвэгдсэн газрын ойр орчинд нь амьдарч байгаа айлууд, нутгийн иргэд хохирч үлддэг. Ийм дүр төрх Тосон Заамараас эхлээд олон аймаг, суманд бий болсон. Нинжа нар ингэж дур зоргоор авирлах гол нөхцөл нь эзэнгүйдэж орхигдсон, эсвэл хаагдаж хоригдон харуул хамгаалалт нь татан буугдсан уурхайнууд юм. Хаана уурхай хаагдана, тийшээ нинжа нар сүрэглэн дайрч, ухаж төнхдөг нь өнгөрсөн жилүүдэд ч, өнөөдөр ч үргэлжилсээр байна. Үүнд Засгийн газрын харалган бодлого дэмж болж буй нь л хамгийн харамсалтай.
Ерөнхий сайд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон компанийн үйл ажиллагааг хоморголон цуцалсан. Өмнөговь, Архангай гэх мэтээр тоолбол олон. Үйл ажиллагааг нь зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан тэр компаниуд дотор хариуцлагатай уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгж цөөнгүй байсан. Угаасаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэдэг нь хуулийн дагуу шаардлагаа тавьж, хууль журам, технологийн горимыг мөрдүүлж хэрэгжилтэд нь хяналт тавихыг хэлэхээс биш хааж хориглох асуудал огт биш юм.
Юутай ч өнөөдрийн байдлаар уул уурхайн компаниудын лицензийг цуцалснаар 12 мянган ажлын байр байхгүй болсон гэсэн албан бус тоо баримт байна. Үүний цаана уул уурхайн салбарт ажиллаж байгаа хэчнээн мянган иргэн, тэднээс хамааралтай айл өрхийн амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлж, орлого нь буурч, ажилгүйдэл, ядууралд нэрвэгдэж байгааг тооцоолох юм бол уул уурхай дахь “Зарлаагүй дайны оршил” эгэл жирийн монголчуудад, улс орны эдийн засагт маш хортойгоор тусч байгаа. Монгол Улсын төсвийн орлогын 85-90 хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын компаниудын татвар улсын төсөв бүрдүүлэхэд голлох үүрэгтэй. Уул уурхай 24 цаг зогсоход улсын төсөв 8.1 тэрбум төгрөгөөр тасарна гэсэн тооцоо бий. Манай улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 1.7 сая хүн улсын төсвөөс шууд хамааралтай амьдардаг. Уул уурхайн салбар зогсвол төсвийн ажилчид, ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмж, цалин орлого шууд тасалдах, эмнэлэг, сургууль гэх мэт төсөвт байгууллагууд зогсох бодит эрсдэлтэй.
Гэтэл бүхий л эрсдэлээ үүрэн, хуулийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын компаниудаа дарамтлаад Монгол Улс, төр, засаг юу хожих юм бэ? Хамгийн сайндаа л эрх баригчид айсуй сонгуулиар хэдэн санал зулгаавал их юм. Өөр юу ч хожихгүй.
Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцалснаар хууль бус нинжа нарт боломж олгож байна. Лицензийг нь цуцалсан газар бүрт хууль бус алт олборлогчид багаж, техникээ чирэн очиж байгаль орчныг доройтуулж сүйтгэж байна. Дүр эсгэсэн эх орончдоос эх орноо аврахын тулд уул уурхайн компаниудынхаа лицензийг цуцлах бус хууль бусаар алт олборлогчдоо журамлах алхмыг цаг алдалгүй хийх хэрэгтэй. Гэтэл өнөөгийн Засгийн газарт, Засгийн газрын тэргүүнд тийм бодол алга. Харин ч босогчид, тэмцэгчидтэй патиар татуулсан шигээ л партизаны отрядын жанжин маягтай малилзаж явах аж. Тийм зургийг нь өнөөх нинжа нар нь алга ташин дэмжиж, түгээгээд л. Энэ бүхнээс харахад Ерөнхий сайд маань өөрөө нинжа нарын ахлагч юм биш биз гэж хардах сэтгэл эрхгүй төрнө. Учир нь иргэдэд хардах эрх л бий. Эх орончийн дүр эсгэсэн олон нинжа нар Ерөнхий сайдтай мессэжээр харилцдаг болохыг ч зарим эх сурвалж хэлж буй. Нинжа нар бараг л “Манай Ерөнхий сайд манай талын нинжа” гэдэг бололтой юм. Монголд нинжагийн эдийн засаг хүчээ аваагүй байгаасай гэж хүсч байна. Төр засаг нь хариуцлагатай уул уурхайг шууд хааж боож байгаа цагт нинжа арилна гэж байхгүй.
Улс орноо уруудуулах уул уурхайн популизм
Гацууртын орд гэж гацаатай орд бий. Гадаадын хөрөнгө оруулалттай компани уг ордод олборлолт явуулах гэсэн боловч эсэргүүцэлтэй тулгарсан. Ноён уулын археологийн олдворуудаас хол зайтай, огт хамааралгүй газарт хайгуул хийж байсан ч тус компанийн үйл ажиллагааг эхлүүлээгүй. Уг нь Ноён уулын булшинд уг уурхайн үйл ажиллагаа ямар нэгэн нөлөөгүй тухай Археологийн хүрээлэн болон бусад төрийн бус байгууллагын дүгнэлт 2013 онд гарчихсан байсан. Иргэний хөдөлгөөнүүд энэ асуудлаар шүүхдэж олон арван удаа шүүх хурал нь хойшилж байсан юм. Эцэст нь Ноён уулыг дархан цаазтай болгох шийдвэрийг Засгийн газар гаргаад буй. Ард түмэнд таалагдсан энэ шийдвэр алс хэтдээ уул уурхайд буруу жишиг тогтоох вий. Ноён уулыг дархан цаазтай болгосон нь буруу биш. Харин дандаа ингэж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниудыг муу муухайн туйл мэт олон нийтэд ойлгуулж, үйл ажиллагааг нь харлуулан, зөвшөөрөл лицензийг нь хураадаг болчихвол асар хохиролтой. Энэ бол уул уурхайн популизмын нэг л жишээ.
Түүнчлэн УИХ дээр хоёр дахь шатны хэлэлцүүлгийг нь хийгээд байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн заалт тусгагдаад буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Дийлэнх гэдэг нь дор хаяж 66 хувь гэсэн үг. Энэ нь өөрөөр хэлбэл Оюу толгойн 66 хувийг төр авна гэсэн үг үү. Хөрөнгө оруулалтын 66 хувь нь дандаа төрийн мэдлийнх байна гэсэн үг үү. Эдийн засгийн үр дагавар юу вэ гэдэг дээр маш маргаантай. Энэ агуулгуудыг нь харахаар Монгол Улс сүүлийн жилүүдэд гаараад байгаа, ихэнхдээ шантааж, сүйтгэл дагуулаад, зарим талаар гадны гар хөл болж, Монголын дотоод шийдлийг үгүй хийхэд хүргээд байгаа уул уурхайд түшиглэсэн популизмыг Үндсэн хуулийн болгоод биччих шиг боллоо.
Үүний үр дагавар ирээдүйн 20, 30 жилдээ Монголд гадны хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болгоно. Яагаад гэхээр хэн ч үйл ажиллагааныхаа дийлэнх буюу 66 хувийг дээрэмдүүлээд сууна гэж байхгүй. Хоёрдугаарт, манай эдийн засаг царцах юм байна. Хүмүүсийн амьдралд нөлөөлж, иргэдийн халаас хоосорч, улстөрчдийн чихэр, боов тараалт нэмэгдэх юм байна. Монгол Улс Венесуелийн араас маш хурдацтайгаар явах нөхцөлөө бүрдүүлж байгаа юм байна гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэ бол уул уурхайн популизмын удаах жишээ.
Үнэхээр л эдийн засгийн алуурчид, чөлөөт нийгмийн дайснууд гэдэг чинь энэ л дээ. Эдийн засгаа тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ажлын байр үүсгэн, иргэдээ баялаг бүтээх үйл ажиллагаанд оролцуулах, тэдэнд эдийн засгийн өсөлтийн үр шимийг шударгаар хүртээж, татварын боломжоо нэмэгдүүлэх гээд үнэнд ойр, үр ашигтай ажиллаж болох эрүүл саруул механизмыг бий болгохын оронд ийм л популист алхмуудыг эрх баригчид хийж байна.