Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ч.Улаан сайд хуулийн дагуу бол эхнэрийнхээ дүүгийн компанид тусална гэв

Монгол Улс нэгэн үе мал аж ахуйн орон хэмээн тунхаглаж мандан бадарч байлаа. Одоо уул уурхайдаа хамаг анхаарлаа хандуулаад хөдөө аж ахуйн салбарыг тоох хүн тэр болгон үгүй. Гэхдээ монголчууд мах иддэг хэвээрээ. Энэ л анхаарлын зөрөөнөөс Хөдөө аж ахуйн яамны сайдаар томилогдсон хүн хөөрхөн гэр бүлийнхнийхээ бизнесийг өөд нь татах бөөн боломж мэтээр хардаг байх. 

Уг салбарын гол хүмүүс, гол үйл ажиллагаа нь хөдөөдөө явагддаг учраас хотынхны хувьд хол сэдэв. Хэдэн малчдаас нь вакцинтай ч хамаагүй мах аль ойрхон дэлгүүрт нь байж байвал болох нь тэр. Тиймээс л салбарын сайдын суудал бэлэглэлийн байх нь элбэг. Мал маллахаа маркизмаар ч заалгаж ирээгүй малчдад ямар сайд байх нь угтаа хамаагүй. Сайдтай ч, саадтай ч хэдэн малаа маллаад өөрсдийгөө болгоод явдаг. Газар тариалангийнх нь дотоодын үйлдвэрлэгч нэрээр улаан буудайнаасаа урамшуулал аваад бас болчихдог. Ийм л учраас сайдад “Монголын мал сүргийг эрүүл өсгөн үржүүлж дотоодын хэрэгцээг хямд чанартай махаар хангах” зэрэг нь огт хамаагүй. Учир нь хүн идэхгүйгээр амьдарч чадахгүйгээс хойш малчид, ченжүүд, хэрэглэгчид нь өөрсдөө л учраа олдог гэсэн үг. Хэрвээ Хөдөө аж ахуйн яам гэгч нь монголчуудыгаа нэгд тавиад илүү дутуугаа нааш нь цааш нь наймаалцах бодлоготой явж ирсэн бол Монголын хөдөө аж ахуй мандан бадарч бид гурилтай ааруул, хуурай сүү, вакцинтай махыг хэрүүлээрээ даруулан идэж суухгүй байсан биз ээ. Үе үеийн сайд нарын толгой тэгэхээр энэ салбарт хаана нь ямар нугалаа үүсгэх вэ гэдэгт л ажиллана. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг эхнэрийнхээ удирддаг “Тээвэр ачлал” ХК-иар 1.4 тэрбум төгрөг “гулгуулчихсан” байсан. Мөн дараахан нь түүнтэй холбоотой “Наму дэвжих” хэмээх компани ч гарч ирж байв. Хөдөө аж ахуйн салбар яалт ч үгүй ЖДҮ-тэй холбогддог учраас “саалийн үнээ” болдог байх.

Харин одоогийн сайд Ч.Улаан сайдын нэр эхнэрийнх нь дүүгийн тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компанитай холбогдон сэрдэгдээд буй. Сэрдэгдээд буй гол үндэслэл нь сайдын эхнэрийнх нь дүү О.Даваасүрэнгийн “Бээжин интосикэйшн интернейшнл трейд” гэх компани нь хилээр мал хөлөөр нь гаргадаг гэх мэдээлэлтэй холбоотой юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Би БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр малыг амьдаар нь гаргах талаар огт яриагүй. Харин мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тариа экспортод гаргах талаар ярилцсан. Ингэхдээ хил гаалийн үнэлгээ шинжилгээг түргэтгэх талаар ярилцсан. Урьд нь Засгийн Газрын 318 дугаар тогтоол гараад хэрэгжиж байгаа. Тогтоолд малыг амьдаар нь гаргаж болох талаар тэр дундаа үржлийн бус эр хонь, эр ямааны байж болох нөөцийн 20 хүртэлх нөөцийг гаргаж болохыг аймгуудын удирдлагуудад өгсөн. Өөрөөр хэлбэл мал хөлөөр гаргахыг аймгийн удирдлагууд мэднэ гэсэн үг. Бид зөвхөн бодлогын хувьд зөвлөнө. Энэ нь нөөц бололцоог тооцож өгөх үүрэг даалгавар юм. Одоогоор дөнгөж нөхцөл тохирч байна” гэж ярьсан нь энэ оны зургадугаар сарын үйл явдал.

Мэлзэх, булзах аргатай сайдтан

Мал хөлөөр нь гаргах тухай гэрээ хэлцэл хийсэн хэмээн ярьж байсан Ч.Улаан сайд ард иргэд эсэргүүцээд эхлэнгүүт нэг л өглөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт мал хөлөөр гаргахгүй, ер нь тийм юм яриагүй гэж мэлзсэн. Энэ зэргийн мэлзэлт ч одоо цагт хачин биш болсон хойно. Угаасаа улайдаггүй Улаан сайд нэртэй энэ эрхэм уул уурхай, эдийн засаг гэж улс амьтныг бужигнаж хөдөө аж ахуйг хэдэн малчдаар төсөөлөн хотдоо шавааралдаж байх хооронд хийхээ хэдийнээ хийчихсэн гэдгийг хэвлэлүүд гаргаж тавилаа. Ч.Улаан сайдын эхнэрийнх нь дүү О.Даваасүрэнгийн “Бээжин интосикэйшн интернейшнл трейд” гэх компани өмнөд хилээр мал хөлөөр нь гаргах зорилгоор Сүхбаатар, Замын-Үүдийн малчдаас амьдын жингээр нь худалдаж авдаг байна. Ямааг амьдын жингээр нь 3000, хонийг 3300-аар авсан гэдгийг малаа удаа дараалан зарсан малчид нь хэлсэн байна. Тус компани хоёр жилийн өмнөөс идэвхтэй үйл ажиллагаа явуулсан гэдгийг нутгийнхан болон дотор нь ажилладаг ажиллагсад хэлсэн байна. Тэд малаа нутгийн жижиг хүнсний дэлгүүрээр дамжуулан цуглуулдаг гэсэн мэдээлэл ч байгаа юм.
Гэвч энэ компани өмнө нь “Болор гантиг” нэртэй О.Даваасүрэнгийнх байж байгаад нэрээ өөрчлөхийн зэрэгцээ одоо Хаунг Мин гэгч хятад иргэнээр улсын бүртгэлд бүртгэгджээ. Мөн Дорноговь аймгийн Засаг дарга Г.Энхтүвшингийн зөвшөөрлөөр 2017 онд 100 га газар авчээ. Гэтэл 100 га газар нь гэнэтхэн 300 га газар болсон байна. Одоо тэр компанийн хашаанд 25 мянган мал байгаа гэж дотор нь ажилладаг ажилтан баталжээ. Энэ малыг хуулийн дагуу гаргах уу, хууль зөрчиж гаргахаар тэжээж байна уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Замын -Үүдээс хориодхон км зайтай оршдог уг компани үйлдвэрийнхээ хашаанд гадна хэнийг ч нэвтрүүлдэггүй. Мөн дотор ажиллагсдаа дотуур байрандаа амьдруулж байгаа гэдэг мэдээлэл алдагдахаас сэргийлж “гэрээлсэн”. Гэрээлсэн гэдэг нь ам алдахгүй байхыг хатуу сануулсан гэсэн үг.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өмнөд хөршид айчилж мах экспортын талаар ярилцсан гэж мэдэгдэхээсээ өмнө хилээр мал хөлөөр нь гаргах зөвшөөрлийг зургаан компанид өгсөн байдаг аж. Уг гэрээ нь 2022 оны тавдугаар сарын 15-ныг хүртэл хүчинтэй. Тэдгээр компаниуд жилд 24 мянган бог мал хилээр гаргах зөвшөөрөлтэй. Иргэдийн шахалт Ерөнхий сайдын попролтын үр дүнд шийдвэр өөрчлөгдсөнөөс болж тэдгээр компаниуд зөвшөөрлөө зарахад хүрчээ. Нэлээд өндөр үнийн дүнгээр зөвшөөрлөө зарахаар дуулдаж буй эдгээр зургаан компани мэдээж алдагдлаа хаахыг хичээх нь зүй.
Ч.Улаан сайдын хэлж буй 2018 оны Засгийн газрын 318 тогтоолоос өмнө уг компани үйл ажиллагаагаа эхэлсэн нь тодорхой байна. Энэ тухай Ч.Улаан сайдаас тодрууллаа.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Хуулийн дагуу ороод ирвэл би тэр компанийг дэмжинэ

-Танай эхнэрийн дүүгийн компанийн тухай мэдээлэл хэвлэлээр гарч байна...?
-Ямар?
-Танай эхнэрийн дүүгийн компани мал хөлөөр нь гаргаж байна гэсэн мэдээллийн тухайд...?
-Ямар ч компаниас нэг ч ширхэг мал хөлөөрөө гараагүй. Тэр компани байгаа байлгүй дээ.
-Эхнэрийнхээ дүүгийн компанийг та мэдэх үү?
-Байгаа байлгүй дээ. Манай эхнэрийн дүү тэнд ажилладаг л юм. Намайг энд томилогдохоос өмнө тэнд байгуулаад анхнаас нь ажиллаж байсан.
-Та салбарынх нь сайд энэ ашиг сонирхлын зөрчил биш үү?
-Юуных нь ашиг сонирхлын зөрчил байх билээ. Би тэр компанитай холбоотой ямар ч шийдвэр гаргаагүй байна. Би төрд ажиллаж байна, тэр хүн хувийн компанид ажиллаж байна.
-Та компанид нь биш салбарынх нь хэмжээнд бодлого шийдвэр гаргаж байгаа шүү дээ?
-Би юунд нь нөлөөлөх юм. Би ямар ч давуу эрх олгосон шийдвэр гаргаагүй байна.
-Тэр компани танай яам дээр ороод ирвэл та яах вэ?
-Хуулийн дагуу л шийднэ. Хуулийн дагуу ороод ирвэл би дэмжихгүй байж болохгүй шүү дээ. Надад байхгүй салбар алга байна шүү дээ. Энэ бүх салбарын чинь хаа нэг газар, хэн нэгэн ажиллаж байхыг зөрчил гэж үзэх үү. Одоогоор ямар ч тийм шийдвэр гараагүй. Өмнө нь өчнөөн Засгийн газрын шийдвэр гараад хөрөнгө оруулалтаа шийдээд ажиллаж иржээ тэр компани. Ингээд хувийн хэвшилтэйгээ хамтраад мал эрүүлжүүлэх үйлдвэр байгуулаарай гээд аймгийн засаг даргад нь үүрэг өгчхөж. Тэр дагуу л орон нутагтай хамтраад үйл ажиллагаагаа явуулчхаж.

Ч.Улаан сайд ийн хариулт өгч байна. Энэ хардлагыг нотлоход амар биш. Гэхдээ хардах хэд хэдэн үндэслэл байгааг дээр өгүүллээ. Компанийн 100 га газар яагаад 300 га газар болов. Яагаад ажиллагсдаа мэдээлэл алдахаас тэгтлээ айв. Засгийн газрын тогтоолоос өмнө байгуулагдсан хийгээд зөвшөөрлөө хэрхэн авсан бэ гэх мэт олон асуудлууд байгаа юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан удаа дараа хэвлэлээр би тэр компанийг мэдэхгүй, надад хамаагүй гэж тайлбар өгч байгаа ч нэг ч ширхэг мал хөлөөрөө гараагүй гэдгийг хэрхэн мэдсэн бэ гэдэг нь сонирхолтой л асуудал.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com