Зөвшөөрлийн тухай хуулиар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Зөвшөөрлийн тухай хууль нь яг ямар харилцааг зохицуулдаг вэ?
-Энэ хуулийн зорилт нь ерөөсөө л эрх бүхий этгээдээс олгодог зөвшөөрлийн тоог цөөлөх, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг илүү тодорхой, хүнд сурталгүй болгоход чиглэж байгаа юм. Энэ хүрээнд хуулийн төсөлд зөвшөөрлийн ангилал, төрөл ямар байх юм, тэдгээрийн бүртгэлийг хэрхэн хийх юм гэдгийг илүү нарийвчилж зааж өгсөн. Хатуухан хэлэхэд, өнөөдөр зөвшөөрөл гэдэг үг авлига, хүнд суртал гэдэг үгтэй бараг адилхан сонсогддог болчихсон. Араасаа заавал бөөн саад бэрхшээл, явдал чирэгдэл дагуулдаг болчихсон нь нууц биш. Үе үеийн Засгийн газар иргэд аж ахуйн нэгжийн ажил үйлчилгээ, бизнес эрхлэх үйл ажиллагаанд аранга болсоор ирсэн Зөвшөөрлийн тухай асуудлыг цэгцлэх тухай зорилт тавьдаг ч тэгсгээд л усанд хаясан чулуу шиг сураг алдардаг байсан. Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө “ Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасган, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана” гэж амласан. Энэ амлалтыг жинхэнэ ажил хэрэг болгохын тулд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм.
-Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг өнөөдрийн мөрдөж буй хуулиар хэрхэн зохицуулж байна. Шинэчлэгдэх хуулийн ялгаа ямар байх вэ?
-Өнөөдөр мөрдөж буй Аж ахуйн үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийн тухай хууль 2001 онд батлагдсан. Яг одоо бол энэ хууль болон салбарын шинжтэй 100 гаруй хуулиар тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох харилцааг ямар нэг хэмжээнд зохицуулж байгаа л даа. Гэхдээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш уг хуульд нийт 69 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг юм. Энэ нь явсаар нэр томьёоны зөрчил үүсэх, зарим талаараа хуулийн уялдаа холбоо алдагдахад хүргэсэн. Бүр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон салбарын шинжтэй бусад хуулиар бий болгоогүй зөвшөөрлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар бий болгодог буруу жишиг хүртэл тогтчихсон явж байна. Өөрөөр хэлбэл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй зөвшөөрлийн чиглэл, төрлөөр зөвшөөрөл олгодог гажуудал хэвшил болчихсон байх жишээтэй. Энэ бүхний цаана өнөөх хүнд суртал, авлигын хүрээ хаяа тэлж, иргэд, аж ахуйн нэгжид чөдөр тушаа болж байгааг Зөвшөөрлийн тухай хуулийн төслөөр засахыг зорьж байгаа юм.
-Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хэдэн чиглэлд, ямар төрлөөр тусгай зөвшөөрөл олгохоор тусгасан байдаг вэ?
-Хамгийн сүүлд гаргасан мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа бий. Энэ нь эргээд бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт учруулж байгаа. Харин Зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох биш харин зөвшөөрөлтэйгөөс бусад нь чөлөөтэй байх зарчмыг хуулийн төслийнхөө гол амин сүнс болгосон. Энэ хууль батлагдсанаар хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх Иргэний хуулийн суурь үзэл баримтлал илүү баталгаажна.
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй зөвшөөрлийн чиглэл, төрлөөр зөвшөөрөл олгох харилцаа хэрхэн явагдаж байна вэ?
-Хуульд заагаагүй зөвшөөрөл бий болгох, төлбөр хураамж авдаг асуудал улиг болсон байна. Нэг сумын Засаг даргын захирамжаар, нэг агентлагийн даргын шийдвэрээр хууль бус зөвшөөрлийн нэр төрөл нэмэгдэж байх жишээтэй. Өнөөдөр зарим мэргэжлийн холбоодод тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг шилжүүлсэн. Гэтэл энэ чиг үүргийг зарим Төрийн бус байгууллага хэт давуу эрхээр өөртөө шилжүүлэн авч, зарим талаар төрөөс ч илүү хүнд суртал гаргаж байгаа талаар багагүй санал гомдол ирж байна. Ганцхан жишээ хэлье. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаа”-гаар, Гаалийн тухай хуульд “Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг гурав хүртэл жилээр олгохоор хуульчилсан ба гаалийн байгууллага уг зөвшөөрлийг олгохдоо нэг жил гэж олгодог практик үйлчилж байна. Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох зарим эрхийг албан тушаалтанд олгосноос болж дураараа авирлах явдал ч гарч байна. Тусгай зөвшөөрөл хүсэгчээс хуульд заагаагүй баримт, материал шаардаж, төлбөр тогтоон чирэгдэл учруулж буй явдал ч багагүй гарч байна.
-Хуулийн төсөл батлагдсанаар хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болно гэсэн. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү?
-Зөвшөөрлийн тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг маш тодорхой зааж өгсөн. Тухайлбал, хар тамхи, мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодисыг агуулсан эм, бэлдмэлийг үйлдвэрлэхийг хориглосон. Мөн олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах, аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зэргийг хориглосон байгаа. Мөн ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хэн, ямар байгууллага чухам ямар зөвшөөрөл хэдий хугацаагаар олгох вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн.
-Зөвшөөрлийг олгох, сунгах явцыг цахим хэлбэрээр зохион байгуулна гэлээ. Ингэснээр ямар давуу байдал үүснэ гэж тооцоолж байна вэ?
-Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд “Эрх бүхий этгээд уялдаа холбоо бүхий зарим төрлийн зөвшөөрлийг зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулж болно” гэж заасан байгаа. Мөн “...хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж болно” гээд тов тодорхой заачихсан. Түүнчлэн Зөвшөөрлийн цахим нэгдсэн сантай байх асуудлыг хуульчилж байна. Зөвшөөрлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхлэхэд олгосон бүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг мэдээллийг агуулсан зөвшөөрлийн цахим нэгдсэн сантай байх юм. Энэ санд зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай шийдвэр, дуусгавар болсон, зөвшөөрлийг барьцаалсан, шилжүүлсэн тухай гээд бүхий л мэдээллийг бүртгэнэ. Энэ нь ил тод байдлыг хангахад, хүний хүчин зүйлтэй холбоотой хүнд суртлыг халахад чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно. Мөн зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгана гээд нийгмийн хүлээлт болсон олон хэрэгтэй зохицуулалт орсон байгаа. Одоо харин нэгэнт бэлэн болж УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг даруй хэлэлцэж “зөвшөөрөх” ажил л үлдээд байна даа.
-Ярилцсанд баярлалаа.