ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, улс төрийн ухааны доктор О.Хатанболдтой ярилцлаа. Тэрбээр сүүлийн 20 гаруй жил Монгол дахь ардчиллын үнэлгээ, ардчилсан засаглалын үйл явц, засаглалын үр нөлөөний асуудлаар судалгаа хийж байгаа гэнэ.
-Ийм ярианууд байдаг, “Монгол ардчилсан улс мөн үү”, “Бид хаашаа яваад байна аа”. “Бид ийм ардчиллыг хүсээгүй” гэх мэт. Ардчиллын замаар яваад 30 жилийн дараа эргэлзээтэй үзэл бодолд зарим нь хүрээд байх шиг. Мэргэжлийн хүний хувьд үүнийг яаж оношлох вэ?
-Сүүлийн хэдэн жилд монголчуудын сонгож авсан ардчилсан тогтолцоо зөв үү, буруу юу гэдэг асуулт их гарлаа л даа. Мэдээж ийм асуулт нэг нийгмээс нөгөөд шилжсэн хүмүүсийн амнаас гарах нь зүйн хэрэг. Гэхдээ одоо ардчилсан тогтолцоо зөв, буруу гэхээсээ “Бид юун дээр алдав” гэдгээ ярих ёстой шиг байгаа юм. Таны асуултад хариулахын тулд хэдэн судалгааны дүнг түшиглэе. Монгол судлаач, экспертүүд анх удаа Монголын ардчиллыг судлах арга зүйгээ өөрсдөө боловсруулаад, 2003 оноос хойш давтамжтай судалгаа хийж эхэлсэн. Дөрвөн удаагийн судалгаа хийсэн юм. Эхний үед монголчууд ардчиллыг эрх чөлөө гэж ойлгодог байсан бол сүүлийн үед ардчилал бол шударга ёс, нийгмийн зөв тэгш харилцаа гэж ойлгох хандлагатай болсон. Ардчилсан тогтолцоо руу шилжиж эхэлсэн эхний жилүүдэд эрх чөлөө гэж яагаад үзэж байсан гэхээр хязгаарлагдмал эрхтэй, тоталитар дэглэмтэй байсан ард түмэн ардчилсан тогтолцоо руу орж ирэхээрээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг үүднээс 2000-аад оны дунд үе хүртэл ардчилал гэдэг юу вэ гэхээр эрх чөлөө гэж хариулдаг байсан. 2012 оны судалгаагаар аажимдаа шударга ёс гэсэн хариулт зонхилох болсон. Яагаад гэхээр нийгэмд шударга бус асуудлууд илэрч эхэлсэн. Тэр нь төрийн тогтолцоо төдийгүй нийгмийн бүх эд эс рүү нэвтэрсэн. Далдуур хуйвалдах, шударга бус, тэгш бус байдал, авлигын асуудлууд бий болсон. Энэ мэтээс болоод иргэд Монголын ардчилал зөв замаар явна уу, буруу явна уу гэж эргэлзэж эхэлсэн. Сүүлийн үед засаглалын тогтолцоог өөрчлөх талаар ярьж байна.
Бид гучин жилийн хугацаанд ямар алдаа гаргасан бэ гэдгээ олж хардаггүй. Ямар алдаа гаргав гэж үнэлж дүгнэхгүй мөртлөө хамгийн түрүүнд “Тогтолцоогоо өөрчилье” гэдэг. Монголчуудын сүүлийн гучин жилд тогтсон сэтгэлгээний эрх чөлөө байж магадгүй. Болохгүй бол өөрчилье гэдэг. Жишээлбэл хүүхэд мэндэллээ, хүүхэд маань санасан зоргоор хүмүүжихгүй, асуудал гаргаад эхлэхээр “Өө больё, энэ хүүхдээс татгалзлаа” гэхгүй шүү дээ. Ээжийгээ нас ахиад, хөгшин болоод эхлэхээр “Та одоо муухай болчихсон юм чинь миний ээж биш” гэхгүй. Бид сэтгэлгээгээ бодитоор өөрчилж чадаж байна уу?
Монгол хүний дотоод мөн чанарыг судлахгүйгээр бүгдийг шинэчлээд байвал юу болох вэ. Магадгүй засаглалаа өөрчилье. Гучин жилийн дараа “Өө больё” гэх үү.
Дэлхий нийтээрээ үндэсний эрх ашиг корпорацуудын эрх ашигтай солигдож байгаа учраас аль ч тохиолдолд бэрхшээл бий болж байгаа. Хүн бүрт хувийн сонирхол бий. Тэр сонирхол үндэсний эрх ашигтайгаа уялдах учиртай. Үндэсний аюулгүй байдал, тогтвортой эдийн засаг, тогтвортой хүний нөөц байх ёстой, тогтвортой улс төрийн тогтолцоо байх учиртай. Тэгж гэмээнэ үйл явц энерциэрээ явна. Замд учирсан саад бэрхшээлийг засах ёстой.
-Өнгөрсөн хугацаанд бид юун дээр алдсан юм бэ?
-Төрийг урлах гэж ойлголт бий. Төр барьж байгаа хүмүүсийн сэтгэлгээ, хандлага дээр алдсан байж магадгүй. Нөгөө талаар тогтолцооны хувьд алдаа гаргасан гэхээсээ хувийн эрх ашиг нь үндэсний эрх ашгаас нь давж ирсэн. Би баян тансаг амьдарч байвал ард түмний, улс орны эрх ашгийг нэн түрүүнд тавих ойлголт байхгүй боллоо. Хэдийгээр бид төлөөллийн ардчиллыг бий болгоод УИХ-д сонгоод байгаа боловч тэд нь ард түмнээ төлөөлж чадаж байна уу?
Нэг анзаарагдаж байгаа юм бол гаргасан алдаандаа дүгнэлт хийхийн оронд дахин дахин алдаа гаргаад байгаа. Энэ бүхэн бидний сонгосон ардчилал биш гэж эргэлзэхэд хүргэж байна.
-Монголчуудын сэтгэлгээ, хандлага их онцлогтой л доо. Дөчөөд насныхан нь цэцэрлэг, бага ангийн сурагч байх үедээ социализмд хүмүүжиж байсан. Олонход нь их, бага хэмжээгээр өнгөрсөн нийгмийн нөлөө бий?
-Өнөөгийн 40 гаруй насныхан завсрын үед амьдарч байгаа хүмүүс. Нийгмийн шилжилтийн үед өсвөр нас нь таарсан. Нийгмийн шилжилтийн дараах үед өөрсдөө бүтээн байгуулах гээд явж байгаа. Сэтгэлгээний хувьд монголчууд аливаад хандахдаа хуучныг баримтлаад байдаггүй. Задгай сэтгэдэг. Задгай гэдгийг би эерэг утгаар хэрэглэж байна. Хүлээцтэй, хүлээж авах, хөрвөх чадвар сайтай хүмүүс. Аль ч нийгэмд болоод байдаг. Ямар ч тохиолдолд өөрийгөө аваад явдаг сонирхолтой хүмүүс гэж зарим нийгэм судлаачид дүгнэдэг шүү дээ. Ахмад үеийнхний туулж ирсэн амьдрал хэцүү бэрхшээлтэй байсан бол өнөөгийн бидний амьдрал түүнээс ч хэцүү байж болно. Өнөөдөр аж үйлдвэрийн IV дэх хувьсгал гэж яриад байна. Робот олон ажлын байрыг булааж авна. Оффис гэж байхгүй болох гээд байна шүү дээ. Үүнийг Евопын холбооны эдийн засгийн форум дээр ч хэлж байсан. Дэлхийн хүмүүс ч ярьж байгаа. Хиймэл оюун ухаанд тулгуурлаж, бодит үнэ цэнийг бүтээх асуудал чухал болсон. Энэ амаргүй үед бид нэмээд бүх тогтолцоогоо өөрчилье гэх боломжгүй. Ахиад арав, хорин жилийн дараа асуудал илүү нарийн болно. Тэр үед бид хуучнаа санагалзаад сууж болохгүй. Тэмүүлэх ёстой. Өөдрөг байх учиртай. Өөдрөг байхын тулд мэдлэгтэй, чадвартай байх ёстой. Дан ганц Монголынхоо асуудалтай ноцолдох бус дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудлуудыг анхаарах учиртай болж байна. Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц зөвхөн монголчуудынх биш шүү дээ.
-Иргэд шударга нийгмийг хүсч байна гэдэг. Гэтэл төрийн эрхийг барьж байгаа хүмүүс шударга бусын үлгэр дуурайл болж байна. Иргэд нь мэдлэгтэй болоод, эрх баригчдад шахалт үзүүлж, нийгмээ цэвэршүүлэх ёстой юм уу, аль эсвэл мөнгөтэй хүмүүс нь массыг хайрцаглаад, удирдаад явах шинжтэй байна уу. Цаашдаа юу болох вэ?
-Ерээд оноос хойш монголчууд мөнгө, эрх мэдлийг шүтэх болсон. Бүх асуудлыг мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс шийддэг гэж нийгэмд харуулаад байна. Үнэхээр л эрх мэдэлтэй хүмүүс хөгжмөө захиалаад, бид тэр хөгжмийнх нь нот болоод яваад байна. Үзэл бодлоо зөвөөр илэрхийлдэг, улс төрийн мэдлэгтэй, зөв бурууг тунгаадаг иргэд төлөвшөөд эхэлбэл сонгогдож байгаа хүмүүс шигшигдэж гарч ирнэ ээ дээ. Сонгогчдын боловсрол дээшилбэл нэр дэвшигчид мөнгө яриад, хэдэн төгрөг атгуулаад гараад ирэх боломжгүй болно. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд нийгмийг соён гэгээрүүлэхэд хойрго хандсан. Түүнийх нь харгайгаар чоно борооноор гэдэг шиг үзэгдэл цөөнгүй гарлаа. Шударга бус байгааг зүгээр хараад суух нь нийгмийн тэгш бус байдлыг улам даамжруулж байна. Тэмцье гээд ярьж хэлээд явахаар тодорхой зааг дээр тулж байгаа юм. Тэр хана нь шударга бусын хана. Зарим нь үүнийг шударга бусын хонгил ч гэдэг. Түүнийг нэвтлэх хүч ард түмэнд бий.
Хэдийгээр ардчилал бол ард түмний засаглах эрх мэдэл гэж ярьдаг ч ард түмэн яг хаана засаглаад байгаа гэхээр төлөөллийн ардчиллаараа дамжуулаад засаглах эрхээ УИХ-ын гишүүдэд, иргэдийн төлөөлөгчдөд өгчхөөд байгаа шүү дээ. УИХ-ын гишүүн сонгогчидтойгоо уулзах гээд очдог. Түүн дээр нь бид чамайг ийм ийм асуудлаар дэмжсэн, хийсэн ажил чинь хаана байна гээд үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой. Хоёр жил тутам иргэдээсээ тухайн гишүүний талаарх үнэлэмжийг гаргаж авч байх хэрэгтэй. Тэгвэл нам нь ахиад энэ хүнийг дэвшүүлэх үү гэдэгт анхаарах хэрэгтэй болно.
-Намууд иргэдийн хүсч байгаа нэр дэвшигчийг санал болгох уу гэдэг асуудал бий. Хүссэн хүсээгүй намуудын нэр дэвшүүлсэн хүмүүсийг дугуйлах уу. Иргэд хүсвэл “цагаан сонголт”-оороо сонгуулийг дахиулах хэмжээнд нөлөөлж чадах уу?
-Цагаан хуудас бол намуудад өгөх шийтгэл гэж боддог. Бид ардчилсан нийгэмд амьдарч л байгаа бол намуудаас нэр дэвшүүлж байгаа хүмүүс нь сонголтгүй байгаа бол иргэд сонголт хийхгүй байгаа нь бас нэг сонголт шүү дээ. Намууд өөртөө дүгнэлт хийх ёстой. Энэ олон жил дэвшүүлсэн хүмүүс маань нийгмээ ямар болгов, эцэстээ манай нам ямар түвшинд байна гэдгийг олж хар л даа. Тэгж байж улс төрийн намуудын дотоод ардчилал, цэвэрлэгээ явна. Хэнийг ч байсан сонгоод байвал бидэнд боломж байна гэж үргэлжлүүлэх болно. Сонгуулиар бид дараагийн дөрвөн жилд төрийн эрх барих хүчнийг сонгож байгаа болохоос биш засаглалыг солихгүй байгаа шүү дээ.
-Сонгуулийн тогтолцоо бүхнийг шийдэж байна гэж зарим улстөрчид ярьж байна. Сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй бол гуравдагч хүчин гарч ирэх боломжгүй байна гэсэн шүүмжлэл ч сонсогдож байна?
-Миний хувьд холимог тогтолцоог боломжийн гэж үздэг. Нам бодлогын хүрээгээ тодорхой болгоно. Нам өөрийгөө засан сайжруулах боломжтой. Сонгуулийн тогтолцоогоо хийхдээ ижил гараанаас буюу социалист тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжсэн орнуудын туршлагуудыг олж хараад нарийн шинжилгээ хийж үзэх ёстой болов уу. Түүний дараа сонгуулийн тогтолцоо ярихаас биш Америк ийм тогтолцоотой, Орос ийм тогтолцоотой гээд хүссэнээрээ яриад байдаг нь сонгуулийн тогтолцоог түвэгтэй байдалд оруулдаг. Манайх шиг том газар нутагтай, газрын баялагтай, хүн ам цөөн улсын хувьд Скандинавын орнуудын жишгийг давхар харвал зүгээр шиг байгаа юм. Эдгээр орнууд хүн ам харьцангуй цөөн, энэ талаас нь харьцуулсан шинжилгээ, бодлогын шинжилгээ хийж, түүндээ дүгнэлт хийгээд, ярихгүй бол хэт том, холбооны улсуудын жишээг авах нь тохиромжтой бус.
-Шилдэг улс төрч шалгаруулах судалгаануудыг харахаар популист гэгддэг улс төрчид эхний аравт яваад байгаа харагдах юм?
-Нийгэмд бухимдал байна. Ард түмэнд хүсэл байна. Хүмүүс стресс багатай нийгэмд амьдрахыг хүсч байна. Эрүүл байж, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, боловсролд санаа зовохооргүй нөхцөлд амьдрахыг хүсч байна. Монголчууд түвшин амгалан амьдрах дуртай. Түүн дээр нь улстөрчид тоглолт хийгээд байгаа юм л даа. Нэг бодлын буруу бас биш. Гэхдээ популизм хийхдээ зохистой байх ёстой. Мянган удаа ярьсан зүйл чинь биелэхгүй бол нэг л өдөр нөгөө сонгогчид чинь таныг жигшихэд хүрнэ. Шилдэг улс төрч гэж хэн бэ гэж надаас асуувал шударга, алдаа гаргасан бол түүнийгээ ухамсарлаж, хариуцлага хүлээж огцорч чаддаг бол улс төрийн соёл ухамсартай гэж үзнэ. Өөртөө улс төрийн соёл төлөвшүүлээгүй байж, популизм хийгээд хүмүүсийг итгүүлснийгээ шилдэг улс төрч гэж үзэж байгаа бол үгүй. Алдаа гаргасан бол алдаагаа хүлээгээд огцрох улс төрийн соёл бий болгох хэрэгтэй байна.