Нэг өдөр илүү амрах, зээл өгөхөөс өөр ямар хууль санаачлав???
УИХ-ын 1992 онд болсон анхны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад орж байжээ. Үүнээс хойш 1996 онд долоо, 2000 онд найм, 2004 онд тав, 2008 онд гурав, 2012 онд 11, 2016 онд 13 эмэгтэй гишүүн парламентад сонгогдсон байна. Эмэгтэйчүүд нийгмийн бүх шатанд оролцоотой байх, шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд илүү олноороо ажиллах ёстой гэсэн үзэл санааг олон нийт дэмжиж байгаа учраас сонгуулиас сонгуульд эмэгтэй гишүүдийн тоо өссөөр. Энэ хэрээр охид, эмэгтэйчүүд, хүний эрх, нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд эмэгтэй гишүүдээс гарах санал санаачилга, тэдний дуу хоолой хамгаас чухал байр суурь эзэлдэг.
Эмэгтэй гишүүд олонтой орны парламентад авлига, хээл хахууль багасч, нийгмийн асуудал сайжирч, үр дүнд нь улс орон хөгждөг ч гэж хөгжингүй орнууд үздэг. Учир нь эмэгтэй гишүүд орхигдож гээгдсэн нийгмийн асуудалд анхаарч, тэдний оролцоогүйгээр эмэгтэйчүүдийн асуудал шийдэгдэхгүй гэж үздэг.
Тэгвэл энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдож, Сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн квотоор МАН-аас нэр дэвшсэн 16 эмэгтэйн 12 нь ялалт байгуулсан юм. Энэ бол Монгол Улсын парламентын түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүнтэй Их хурал болсноороо дээд амжилт тогтоосон билээ. Нөгөөтэйгүүр монголчуудын сэтгэхүйд бат бөх суусан жендерийн хэвшмэл ойлголт нэг үеэ бодвол өөрчлөгдөж буйг сүүлийн хоёр парламентын эмэгтэй гишүүдийн тоо илэрхийлнэ.
Харин сонгогдсон эмэгтэйчүүд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүрээнд хариуцсан ажлаа хэр үр дүнтэй, сайн гүйцэтгэж, манлайлж ажиллахаас эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо цаашид нэмэгдэх эсэх нь шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, бэхжиж амжаагүй, зөв зүг рүүгээ чадан ядан тэмүүлж яваа нийгмийн хандлагыг хааш нь эргүүлэхээ эмэгтэй гишүүд өөрсдөө шийднэ гэсэн үг. Харамсалтай нь, АН-аас сонгогдсон парламентын гишүүний чигчий хуруунд нь ч МАН-ын 12 эмэгтэй гишүүн хүрэхгүй болохоо өнгөрсөн хугацаанд харууллаа гэж эмэгтэйчүүд бухимдаж байна.
УИХ-ын гишүүнээр сонгогдоод анх удаа БНСУ-д айлчлахдаа өмссөн, зүүснээрээ шуугиулж, түүнээс хойш хурал дээр унтаж, бохь зажилж, эсвэл боов идсэн. Мөн согтуу явсан, ЖДҮ-дсэн гэх мэт олиггүй мэдээллээр чих дэлдийлгэсээр энэ парламентын эрх баригч намын эмэгтэй гишүүд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах нь бололтой.
Энэ парламентын эмэгтэй гишүүдээс нийгэмд
Д.Оюунхорол гох гох
Н.Амарзаяа ангар ангар
М.Оюунчимэг бувар бувар
Б.Ундармаа гүд гүд хэмээсэн дөрвөн мөртөөс өөр дурсагдах зүйл үлдэх, эсэх нь одоогоор эргэлзээтэй байна. УИХ-ын гишүүн М.Билэгт гэнэ гэнэхэн “Өвөл болохоор хүйтэрдэг” мэтийн хошин шог ярьж олон нийтийн сүлжээний баатар болж байснаа гэнэт “60 сая малаа бартердаж Хятадаас эрчим хүч авъя” гэж хадуурсан нь ёстой малчид төдийгүй монголчуудын бүгдийн дургүйцлийг төрүүлсэн. Эмэгтэй гишүүдийн энэ мэт паян үргэлжилсээр.
Энэ парламентын эмэгтэй гишүүд уг нь өмнөх парламентын бүсгүйчүүдийн тогтоосон жишгийг дагаж, эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг байгуулсан. Тэд “Улс төрийн намын харьяалал, үзэл бодлын ялгаа харгалзахгүйгээр хүсэл зорилгоо нэгтгэж, эх хүний сэтгэлээр нийгмийн тулгамдсан, эмзэг асуудлуудад анхаарал хандуулах эрмэлзлээр байгуулсан” хэмээн өөрсдийгөө өргөмжлөн мэдэгдэж байв.
Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, цэцэрлэг, сургууль, амаржих газрын хүрэлцээг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, өрхийн эмнэлгийн хүрэлцээг сайжруулж, хэвтэн эмчлүүлэх нөхцөлийг хангах гэх мэт 10-аад асуудлыг онцгойлон анхаарч, хууль тогтоох ажилдаа тусгана хэмээж байсан тэд албан бус бүлгийн зорилгоо биелүүлэхийн төлөө нэгдэх бүү хэл албан ёсны бүлэг дээрээ ч хамтарч чадалгүй байсаар дөрөв дэх жилтэйгээ золгож байна.
Бүхэл бүтэн дөрвөн жилд нийтийн эрх ашиг руу хандсан ганц дорвитой төсөл санаачлаагүй хэр нь амин хувийн ажлаа чамгүй сайн хөөцөлдсөн, тэд. ЖДҮ авсан, зээлээ чөлөөлүүлсэн, өрөө хаалгасан. Түүнчлэн “25 настай бүсгүй УИХ-ын гишүүнд хүчиндүүллээ, 13 настай охиныг хүчиндээд, амийг нь хөнөөжээ. Шахмал түлшнээс болж гурван хоногт зургаан хүн нас барлаа” гэсэн сэтгэл сэртхийлгэм мэдээллүүдэд таг чиг суудаг эмэгтэй гишүүд намраас гэнэт ухаан оров бололтой.
Тэд бас ч зүгээр суусангүй, сонгууль ойртож байгааг мэдмэгцээ гэнэт сэрэн хуулийн төсөл санаачлан, боловсруулж, өргөн барьж эхэллээ. Тэр нь “Итгэлийн зээл”, “Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэх тухай хууль” гэх мэт аахар шаахар хууль. Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн баяр амралтын өдөр болгох хууль санаачилсан Д.Оюунхорол гишүүн “Энэ хуулийг баталснаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ” гэжээ. Амралтын өдөр нэгээр нэмэгдэхэд эдийн засаг сэргэж, ард түмний нийгмийн байдал, амьжиргаа сайжрах уу... Ямар үндэслэл, тооцоо судалгаа хийсэн улс юм бол... Бурхан багшийн их дүйчин өдрийг амралтын өдөр болгосноор хөдөлмөрийн бүтээмж хэдэн хувь дээшилж, Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн төдий хувиар өснө гэсэн тооцоо судалгаа байгаа юм уу.
Угтаа нэг өдөр илүү амрах, барьцаагүй зээл авахаас илүү тулгамдсан асуудал нийгэмд өчнөөнөөрөө бий. Өнгөрсөн жилүүдэд охид, эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж, тоо нь огт буурсангүй. Ирээдүй болсон залуус авлига, хар тамхинд орж байгаа гэх мэт эмэгтэйчүүдийн, ээжүүдийн санаа зовних ёстой ноцтой асуудал гарах болсон. Энэ бүхний төлөө өнгөрсөн гурван жилийн хугацаанд эмэгтэй гишүүд хуруугаа ч хөдөлгөсөнгүй, нэг ч хууль санаачлан батлуулсангүй. Харин ч оронд нь ийм л ажлууд хийсэн байх аж. Тодруулбал,
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг багасгах
-Ахмад настнуудыг жилд нэг удаа амралт, сувилалд хөнгөлттэй амруулах эрхийн бичиг нь олдохоо больсон,
-Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон
-Шинэ шинэ татвар бий болгох, татвар нэмсэн
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг зогсоосон зэрэгт намынхаа бодлогын дагуу товчлуур даран иргэд сонгогчдынхоо хүсэл эрмэлзэл, санал бодлын эсрэг ажиллаж.
Тэдний 2016 онд сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр соногчдод ярьж, хэлж, сурталчилж байсныхаа эсрэг ажилласны үрээр өнөөдөр төгрөгийн ханш улам суларч шатахуун, халаалт дулаан, цахилгааны үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Мөн өнгөрсөн дөрвөн жилд эмэгтэйчүүдийн анхаарлын төвд, ялангуяа төрийн түшээ эмэгтэйчүүдийн анхаарч, хөөцөлдөж байх ёстой эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж улам муудсан үзүүлэлттэй байна.
Харьцуулалт: Өмнөх парламентын эмэгтэй гишүүд юу хийж байв?
Өмнөх парламентын эмэгтэй гишүүд дуулж хуурдахаас эхлээд хууль санаачлах, лоббидон батлуулах ажилд хамтдаа зүтгэсэн. Өнөөгийн парламентын эмэгтэй гишүүдтэй харьцуулбал таван намын төлөөлөл болсон 11 эмэгтэй гишүүн тун ч ажил хэрэгч, атгасан гар шиг ажиллажээ. Тэд 2012 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нийгэмд гаргаж тавин, онцгой анхаарал хандуулж, НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтран, нийтийн анхаарлыг татан, батлагдсанаасаа хойш хэрэгжээгүй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Ганц энэ хичээл зүтгэл нь л тэднийг магтах хангалттай шалтаг мөн юм.
Өмнөх парламентын эмэгтэй гишүүдийг сайнаар дурсах зүйл ганц энэ биш.
2012-2016 онд эмэгтэй гишүүд:
1. Тамхины хяналтын тухай хууль
2. Хүүхдийн эрхийн тухай хууль
3. Хүүхэд хамгааллын тухай хууль
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль
5. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
6 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
8 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль
9. Хамтын тэтгэврийн тухай хууль
10. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль
11. Хүнсний аюулгүй байдлын тухай хууль
12. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль
13. Хог хаягдлын менежмэнтийн тухай хууль
14. Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай хууль
15. Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай гэх мэт олон хуулийг санаачлан батлуулж, улс орны хөгжил, иргэдийн амьдралд үр өгөөж өгсөн байна.
Тэрчлэн бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд шинээр барих шаардлагатай 800 цэцэрлэгийн хөрөнгийг нэг дор шийдэх боломжгүй учраас асуудлыг шийдвэрлэх өөр арга зам хайж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачлан боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулсан нь олон ч хүүхэд, гэр бүлд буян болсон. Мөн ахмадын тэтгэвэр нэмэх, одонтой эхчүүдийн мөнгө, малчдын тэтгэврийн нас зэрэг ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэй гишүүд ахмадын нэрийн өмнөөс байнга дуу хоолой болж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол санаачлагчаар ажиллаж, батлуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийг батлуулсан.
Санаачлан батлуулсан хуулиуд нь элдэв шалтгааны улмаас алдаг оног хэрэгжиж буй ч тэдний хийсэн ажил монголын түүх, нийгэм эдийн засгийн амьдралд үлгэр жишээ болж үлдсэн юм. Тэд жинхэнэ хууль тогтоож байж, чадаж сайн ажилласан нь өнөөгийн парламентад эмэгтэй гишүүдийн эгнээ тэлж 13 бүсгүй болоход нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй билээ.
Гэтэл өмнөх гишүүдийнхээ хийж бүтээсэн санаачилсан зүйлийн үр дүнг амсч, “УИХ-д ер нь эмэгтэй гишүүн хэрэгтэй юм байна” гэсэн сонгогчдын хүлээлтээр хууль тогтоох дээд байгууллагад хамгийн олноороо орсон өнөөгийн парламентын эмэгтэй гишүүдийн дунд улс орны нийгэм эдийн засгийн амьдралд түлхэц болох хууль санаачилсан нь бараг үгүй. Харин ч Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас зээл авсан, төрөөр өөрөөр хэлбэл ард түмний хөрөнгөөр хувийнхаа аж ахуйн нэгжийн зээлийг төлүүлсэн, ард иргэд сонгогчдоо загнаж зандарсан, УИХ-ын хуралдаанаа тасалсан, унтаж, идэж хуралдааны цагийг үр ашиггүй өнгөрүүлсэн гээд муу муухай жишээгээрээ алдаршин түүхэнд үлдэх болж байгаа нь нууц биш.
Харамсалтай нь “хүн гэмээ, тэмээ гэдгэрээ мэддэггүй” гэдэгчлэн өнөө хэд маань өөрсдийгөө улстөрч гээд өргөмжилчихсөн дахиад УИХ-д соногдох нүхээ хайгаад өөрсдийгөө магтан мандуулаад эхэлчхэж. Үүний нэг нь дээрх улс оронд бүү хэл, хэн нэгэнд ч хэрэг болохооргүй элдэв хуулийн төслүүд.
Угтаа бол энэ 12 эмэгтэй өөрсдийгөө “УЛСТӨРЧ” болсон гэж андууран, тэгж нэрлээд байгаа болохоос биш нэг жил хүрэхгүй хугацааны дараа энэ хүмүүсийн анкет бүртгэлд “УИХ-ын гишүүн байсан” гэдгээс өөр тод мөр үлдэхгүй л болов уу. Улстөрчийн бүү хэл жирийн нэг эмэгтэйн ёс зүйгүй.