УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол уриа нь “Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж, тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна” хэмээн тунхаглаж, сонгуульд оролцож байсан билээ. Гэтэл МАН-ын амлалт өнөөдөр хэрхэн биелэв.
Асуулт байна???
1. Иргэд өнөөдөр талхаа таллаж, ургамлын тосоо граммлаж авсаар. Хоосон яс чанаж өнөө маргаашийн борог амьдралаа залгуулж байна. Ийм байхад иргэдийн амьжиргаа сайжирсан, эдийн засагт амь тариа залгасан гэх үү?
2. Цэцэрлэгт хамрагдахын тулд хүүхдийнхээ ёндоонд найддаг цаг үе бахь байдгаараа л байна. Ард түмний хүүхдийг ялгаварлахгүй, азын сугалаанд найддаг байдлыг арилгана гэж амласнаа мартчихсан уу?
3. Цалин тэтгэвэр нэмнэ гэж амласан. Гэвч энэ амлалт хэрэгжээгүй. Ирэх 2020 онд буюу сонгуулийн жил биелүүлэхээр төсвийн төсөл боловсруулжээ. Өнгөрсөн гурван жилд яагаад нэмж болсонгүй вэ?
4. Элэгний С вирусийн халдварыг бүрмөсөн эмчилнэ гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр амлаж байжээ. Харамсалтай нь, өнөөдөр энэ өвчнөөр шаналж буй 14 мянга гаруй иргэн байна. Ж.Энхбаяр гишүүн ЖДҮ-гийн зээлээ хөөцөлдөөд энэ амлалтаа мартчихсан уу? Элэгний өвчлөл буураагүй төдийгүй тэмбүү, сүрьеэ, ханиад томуу гэх мэт нийгмийн халдварт өвчлөл бүр гаарсан.
5. “Цалинтай ээж” хөтөлбөрт бүх ээжүүдийг хамруулна гэж амлаж байсан ч хэрэгжилт нь тулахад олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүдэд олгоно хэмээв. Мөн жирэмсэн эхийн тэтгэмж авдаг бол давхар олгохгүй гэдэг заалт гаргажээ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг нь энэ болов уу?
6. 300 гаруй мянган ахмадуудын тэсэн ядан хүлээж байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг эрх баригчид цуцалсан. Харин тэтгэвэр нэмж, тэтгэврийн зээлийн 18 хувийн хүүг бууруулна гэсэн. Энэ амлалтаа яагаад биелүүлсэнгүй вэ?
7. Ногоон хот байгуулж, дүүрэг бүрт хиймэл нуур, усан сан байгуулна гэж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “айлдаж” байжээ. Гэтэл өнгөрсөн гурван жилд ногоон хот болох нь бүү хэл угаартсан хот болчих вий гэсэн айдас хүйдэстэй сууж байна. Хэзээ энэ ажлаа хийх вэ?
8. Хууль зүйн салбарыг 30 гаруй жил удирдаж яваа салбарын сайд төрийн бүх шатанд хуулинд захирагдаж ажилладаг болно гэж амлаж байж. Гэвч өнөөдөр түүний тойлголж буй салбарт хар тамхичин дипломатуудаас эхлээд журмын нөхөд нь ЖДҮ сангийн зээлийг “сааж”, “Эрдэнэт үйлдвэр”-ийг “тонож” болохгүй, бүтэхгүй бүхнийг хийж байна. Хэзээ хуулийн энэ завхарлыг засах вэ, орондоо хууль засах амархан, орноосоо босоод залруулах хэцүү биш гэж үү?
9. Шүүхийн засаглалыг хэнээс ч хараат бус байлгана гэж МАН-ын мөрийн хөтөлбөрт цагаан дээр хараар бичсэнийг Д.Лүндээжанцан гишүүн хэлсэн. Харамсалтай нь, өнөөдөр ЖДҮХС-гийн хэрэг үйлдсэн гишүүд аавын хаалга татахаас айсандаа шорон явчихгүйн тулд кноп дарагч болцгоосон. Шүүх засаглалын завхрал бүр хэрээс хэтэрч, авлига албан тушаалын хэрэг үйлдсэн төрийн өндөр албан хаагчид шалгагдахгүй, хөөн хэлэлцэх хугацааны хуулийн цоорхойгоор өршөөгдсөөр байна.
10. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголын нэр хүнд гадаадад буурч байгаа учраас үүнийг зөвхөн МАН л өргөж чадна гэсэн утгатай үгийг 2016 онд хэлж байжээ. Харин тэрээр сайд болмогцоо төрийн албыг төрлийн алба болгож, гадаад яамыг том дарга нарын “бүтэлгүй” хүүхэд, найз, ах дүү, нууц амрагаар дүүргэсэн. Тэдгээр хүмүүс гадаадад очоод хар тамхи хил дамнуулж, элдэв хэрэгт орооцолдон Монгол Улсын нэр хүндийг шавартай хутгаж буй. Ийм замаар улсынхаа нэр хүндийг гадаадад гаргах гэж Д.Цогтбаатар сонгогдов уу?
11. УИХ-ын дарга асан М.Энхболд зөвхөн МАН бол энэ улсыг хөл дээр нь босгож чадна. Тиймээс биднийг сонгоорой гэж хэлсэн байдаг. Харин өнөөдөр тэр энэ амлалтдаа хүрэх нь битгий хэл төрийн албыг наймаалцах 60 тэрбумын схемийг боловсруулалцаж, эцэстээ журмын нөхдөдөө суудлаа булаалгаж хоцорсон.
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө МАН мөрийн хөтөлбөрөө танилцуулж доорх амлалтыг өгч байв. Нэмэлт тайлбаргүйгээр хэн, юу гэж өгүүлж байсныг дор сийрүүллээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Бид 2020 он гэхэд элэгний С вирустэй 150 мянган хүнийг бүрэн эмчилнэ гэдэг амлалтыг ард түмэндээ өгч байна. Ийм бололцоо бий. Өнөөдөр С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгахад 160 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгө бол 130 км зам тавих мөнгө. Эрх баригчид 4000 км зам тавьсан гэдэг сурталчилгаа хийж байна. Хэрэв 130 км зам тавих мөнгөө эрүүл мэндийн салбарт өгсөн бол монголчууд элэгний С вирусийн ард гарах бололцоотой байсан.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх нь ээжүүдийг дэмжиж байгаа, нөгөө талдаа Монгол Улсын хүн амыг өсгөхөд томоохон суурь бодлого болно гэж харж байна. Хүүхдээ төрүүлээд эрүүл өсгөж, бойжуулахад 1.5 жилийг нь улсад ажилласан жилээр тооцно гэдэг эмэгтэй хүмүүсийн амьдралын хамгийн том баталгааг манай МАН эмэгтэйчүүдэд амлаж байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг:
-Хүүхэд багачууд цэцэрлэг сургуульд хамрагдаж чадахгүй байна. Азын сугалааны ард хүүхдээ 300 мянган төгрөгөөр оруулдаг авлига цэцэглэж байна. Тэгвэл МАН энэ удаагийн мөрийн хөтөлбөртөө ард түмний хүүхдийг алагчлалгүй бүгдийг нь цэцэрлэгт хамруулна гэсэн заалт оруулсан. Ялангуяа, МАН-ын мөрийн хөтөлбөрт аж ахуй, нэгж байгууллагуудтай төр хамтран ажиллаж, ажилчдынхаа хүүхдүүдийг цэцэрлэгээр хангасан байгууллагыг төрөөс бодлогоор дэмжинэ гэсэн заалт оруулсан. Энэ заалтыг ард түмэн талархан хүлээж авч байна.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга:
-Сүүлийн жилүүдэд оюутан залуучууд маань сургалтын төлбөрөө төлж чадахгүйгээс болж хичээл завсарлах, үр дүнтэй сайн суралцаж чадахгүй байна. Үүнээс болж ажлын байран дээр гараад гологдох олон асуудал гарч байна. Энэ нь иргэдийн ажилгүйдэл, ядуурлын олон асуудлын үндсэн суурь шалтгаан болж байна. Тиймээс оюутан залуучуудыг сурч боловсрох, сургуулиа сонгож авсных нь дараа хэрэв хүсвэл Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрөө зээлж суралцах бололцоо олгоно. Боловсролын зээлийн сангаас авсан зээлийнхээ төлбөрийг сургуулиа төгсч, ажлын байран дээр гарсныхаа дараа ажил хийх явцдаа үргэлжлүүлэн төлөх бололцоог олгоно.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Улсын хэмжээнд 300 гаруй мянган өндөр настан тэтгэвэр авдаг. Тэдний маань 70 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй байдаг. Тэтгэврийн зээл нь маш өндөр буюу 18 хувийн хүүтэй. Тиймдээ ч ахмадууд тэтгэврээс тэтгэвэр, өрнөөс өрийн хооронд сэтгэл гундуу амьдарч байна. Тиймээс бид ахмадуудынхаа тэтгэврийг жил бүр үнийн өсөлттэй уялдуулан нэмэх, улмаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-Төр хувийн хэвшлийн хамтын оролцоог сайжруулж, ногоон хот бий болгох, эрүүл орчинд иргэдээ амьдруулах санхүүжилтын хөшүүргийг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулж, цаашлаад хиймэл нуур, усан байгууламжийг шинээр хийнэ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-АН олонх болбол эдийн засгийн хямрал үргэлжилнэ. Сонгогчид энэ хямрал үргэлжлэх эсэхийг л шийдвэрлэнэ. УИХ, Монголбанк нь Засгийн газрынхаа карманд орчихсон, эрх баригчид нь Үндсэн хууль, түүнийг сахиулах ҮХЦ-ийн дээр гарчихсан, цаашилбал АТГ-ыг дангаар удирдаж байна. Үүнийг л таслан зогсооход МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн засаглалын хэсэг нь оршиж байгаа юм. Энд нэг их олон онцгүй зүйл байхгүй. Ганц үгээр тодорхойлбол, бүх байгууллага, албан тушаалтан хуулийн дагуу ажиллаж, хуулиа биелүүлэх асуудал яригдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Шүүхийн тогтолцоог хараат бус, хэний ч нөлөөнд автахгүй, зөвхөн хуульд захирагдаж ажиллана гэсэн зарчмыг хангах нөхцөл бололцоог бодитой бий болгох зорилтуудыг тавьсан. Үүнийг манайхан хуулиар тунхаглачихвал болчих юм шиг ойлгож, Үндсэн хууль болон бусад хуулиар хийж өгсөн боловч харамсалтай нь алагчлалтай ханддаг явдал байсаар л байна. Иймд иргэдэдээ чирэгдэл учруулахгүйгээр шүүх засаглал, шүүгчийг сонгон шалгаруулах тогтолцоо төрийн шүүхийн захиргааны хуулийг боловсронгуй болгох чиглэлээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тодорхой заалт оруулсан.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөл толгой нь олдохгүй байсан, эргэж буцсан шүүхийн олон хуулиудыг цэгцэлж, хамгийн гол нь шүүх ямар нэг улс төр, улстөрчдийн нөлөө, дарамт шахалтгүй үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний тулд шүүгчдийн сонгон шалгаруулалтыг ШЕЗ өөрөө 100 хувь хариуцан зохион байгуулдаг, дээр нь ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид олонхын саналаар томилж, тодруулдаг байх арга хэмжээг авна.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж байна. Монголын зээлжих эрх буурч, энэ хэрээр нэр хүнд маань гадаадад буугаад байгаа. Монголын нэр хүнд сэргэх хүнд биш. Бид зөв бодлоготой, зөв санаатай, зөв сэтгэлтэй байж, гаднынханд найрсаг сэтгэлээр хандаж, Монголыг чиглэсэн гаднынхны сэтгэлийг эргүүлэн сэргээх, халуун дулаан болгох боломж бүрэн бий.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан М.Энхболд:
-МАН яагаад ялах ёстой вэ гэвэл өнөөдрийн бий болсон нөхцөл байдлыг засч залруулж, голдиролд нь оруулж, ажиллаж чадах улс төрийн хүчин бол МАН гэдэгтэй ард түмэн санаа нэг байгаа. Тиймээс МАН ялах ёстой. Монголын ард түмэн нийтээрээ ялцгаая. Монголчууд хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжье.
Төгсгөлд нь, бид 2000 шинэ манлайлагчдыг бойжуулна. 20 мянган мэргэшсэн өндөр технологийн залуучуудыг бэлтгэнэ. Ингэж байж Монгол Улс эдийн засгаа өөрчилж, МАН залуучууддаа боломж олгоно. Тиймээс та нар сонгуульдаа идэвхтэй оролцоорой. МАН-д саналаа өгч, дэмжээрэй. Жалга дов тойрсон ахарсан үзлээр биш, хэтийг харж, холыг төлөвлөсөн цогц бодлогоор МАН улс орноо удирдан жолоодно гэжээ.
Ингээд харахад МАН-ынхан хамтдаа зүтгэж, хамтдаа хөгжиж чадсангүй. Тэд нэг нэгнээ хэмлэж, сандал суудлын төлөө алалцсаар 2016-2019 оныг дуусгав. МАН-ынхан өөрсдийн эмхлэн байгуулсан Засгийн газраа, өөрсдийн сонгосон УИХ-ын даргаа унагааж, бохир улс төр хийлээ. Улсын хамгийн тэргүүлэх чиглэлийн боловсролын сайдыг гэхэд дөрвөн удаа солилж ямар тогтворгүй байгаагаа харууллаа. Концесс, ЖДҮХС-гаас хэдэн тэрбумаар нь өөрсдөө зээл авч, төрийн албыг төрөл садангийн алба болголоо. Энэ мэт дурдаад байвал дуусашгүй олон жагсаалт үргэлжилнэ. Нэг зүйлд ихээхэн харамсч байна. Хүний амьдралын бүхэл бүтэн гурван жил, нэгэн 10 жарны бүхэл бүтэн гуравны нэг хугацааг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүллээ. Хайран цаг хугацаа...