Ардчилсан хувьсгалд анхлан оролцогч, Ардчилсан социалист хөдөлгөөн үүсгэн байгуулагчдын нэг Р.Хатанбаатартай Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан ярилцлаа. Тэрбээр 1992 онд Ардчилсан Үндсэн хууль батлалцаж байсан Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж байсан юм.
-Ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрчээ. Хувьсгал гарах үндэс суурь, тохироо нь 1990 оны үед хэрхэн бүрдсэн байсан бэ?
- Тэгээд 1989 оны сүүлчээс тодорхой зохион байгуулалтад орсон. 1989 оны аравдугаар сар гэхэд хүрээгээ нэлээд тэлсэн, олуулаа цугладаг болсон. Бид тэгээд байн байн цуглаж Монгол орондоо яаж ардчилал, шинэчлэлт хийх вэ гэдгийг ярьдаг болсон байсан үе л дээ. Хамгийн анхны зохион байгуулалтад орсон хүч нь Монголын Ардчилсан Холбоо (МоАХ). Дараа нь Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсан юм. Энэ нь социал демократ үзэлтнүүдийн хөдөлгөөн гэсэн үг. Ингээд Шинэ дэвшилтэт холбоо, Оюутны холбоо гээд байгуулагдсан түүхтэй. Нэг ёсондоо Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгал нь энэ дөрвөн хөдөлгөөний уриа дор нийт ард түмний хүсэл, зоригоор хийгдсэн. Тэгэхээр Монголын ард түмэн энэ хувьсгалд оролцсон л доо. Тухайн үед Сүхбаатарын талбай, Ялалтын талбайг дүүргэн цуглаж жагсч байсан нь ард түмний дэмжлэг хаа сайгүй байсан гэдгийг илтгэж байгаа юм. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт ардчилсан хөдөлгөөн өрнөж байсан.
-Та бүхэн яагаад Ардчилсан социалист хөдөлгөөн гэж тусдаа байгуулсан юм бэ?
-Манай хөдөлгөөн 1989 оны намар байгуулагдсан. Энэ үеэс эхлэн бид үзэл бодлоороо нэгдэж санал бодлоо солилцож Монгол Улсын Их Сургууль дээр мэдээллийн самбар ажиллуулж байсан юм. МоАХ-г байгууллага болон зохион байгуулалтад ороход нь бид нэлээд судалсан. Зарим нэг зүйл дээр бид санал нийлэхгүй байсан юм. Юуны өмнө тэд социалист систем, нийгмийн тогтолцоог сайжруулна, илүү төгөлдөр болгоно гэж ярьдаг. Энэ нь бидэнд таалагдаагүй. Харин бид Монголын нийгмийн тогтолцоог ор үндсээр нь өөрчлөх ёстой гэж ярьдаг байсан. ийм учраас бид МоАХ гэдэг байгууллагад нэгдэлгүй өөрсдөө бие даасан байгууллага байгуулахаар шийдсэн юм. Ардчилсан социалист хөдөлгөөн МУИС дээр төвлөрч байлаа. Хөдөлгөөний гол зохион байгуулагч, санаачлагчид нь МУИС-ын физик, математикийн багш нар. Өөрөөр хэлбэл физикч, математикч нар тухайн үеийн социалист нийгмийн дарамтад ороогүй жаахан чөлөөтэй ярьдаг хүмүүс байлаа. Ийм учраас тэндээс ямар нэг шинэ зүйл үүсэх нь тодорхой байсан. Хөдөлгөөн байгуулахаас өмнө бид цуглаж удаан хугацаанд ярилцаж ирсэн. Олон хүн цуглаж ярилцах үед ирнэ. Хамгийн түрүүнд ирсэн хүмүүс нь Шинжлэх ухааны академийн физик, математикийн хүрээлэнгийнхэн. Тухайн үед хүмүүс байгууллагаараа л аливаа зохион байгуулалтад ордог байлаа шүү дээ. Дараа нь маш олон байгууллагын хүмүүс ирдэг болсон. Тухайлбал, эмч, багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд ирж эхэлсэн юм. Биднийг ийнхүү ярилцаж явахад МоАХ-ны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд боллоо. Бид энэ цуглааныг харсан, үзсэн, ярьж байгаа зүйлийг нь сонсч байсан. Ингээд арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд өөрсдийн бие даасан байгууллага байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулах шийдвэрээ 1989 оны арванхоёрдугаар сарын 28-нд гаргасан түүхтэй. Тухайн үед хөдөлгөөнийхөө удирдах бүрэлдэхүүнийг сонгоод явсан. Үүнээс хойш 1990 оны нэгдүгээр сарын 4-нд Ардчилсан социалист хөдөлгөөний тунхаглал гэдэг анхны албан ёсны бичиг баримтаа гаргаж байлаа.
-Энэ тунхаглалд юуны тухай бичсэн бэ?
-Бид өөрсдийнхөө үзэл бодлоо бүрэн дүүрэн илэрхийлж бичсэн гэж боддог. Тухайн үеийн нийгмийн тогтолцоог үндэсээр нь өөрчлөх ёстой. Монгол Улсад шударга ёс, ардчилал эрх чөлөө, тэгш эрх хэрэгжих ёстой гэсэн уриандаа нийцүүлж тэр баримт бичгээ гаргасан юм.
-Танай энэ хөдөлгөөнийг анх байгуулахад хэн хэн оролцож байсан юм бэ?
-Анхнаас нь Пунцагийн Улаанхүү, Дондовын Ламжав, Адъяагийн Ганбаатар гээд МУИС-ийн багш, эрдэмтэд байсан. Дараа нь олон хүн нэмэгдсэн. Жишээлбэл би нэмэгдсэн. Удалгүй Баабар ирсэн. МУИС-ийн Мэндсайхан гээд олон хүн нэмэгдсэн юм. Шинжлэх ухаан академиас Лхаасүрэнгийн Сэрдамба тэргүүтэй эрдэмтэд ирсэн. Ингээд бид байгууллагаа байгуулж үндсэн баримт бичгээ гаргачихлаа. Дараа нь дотоод байгуулалтаа хийсэн. Тэгэхдээ байгууллагын дарга гэж байхгүй шийдээд гүйцэтгэх зөвлөлийн нарийн бичгийн дарга гэж хүнтэй болсон. Энэ бол П.Улаанхүү юм. Энэ гүйцэтгэх зөвлөл нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Сүүлд нь манай хөдөлгөөнд хүмүүс олноороо нэгдээд гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ 10 болгосон. Ингээд гүйцэтгэх зөвлөлийн анхны даргыг сонгосон. Тэр нь би байсан юм. П.Улаанхүү гүйцэтгэх зөвлөлийн нарийн бичгийн даргаараа ажиллаж эхэлсэн. Удалгүй гүйцэтгэх зөвлөлийн гишүүний тоог нэмэх шаардлага гарч 12, 20 болсон түүх бий. Үйл ажиллагаа өргөжихийн хэрээр гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн тоо нэмэгдсэн л дээ. Өөрөөр хэлбэл зохион байгуулах ажлын хэсгээ өргөтгөхөөс өөр арга байгаагүй. Үүнийхээ зэрэгцээ МоАХ-той тогтмол харилцаатай, үйл ажиллагаагаа тодорхой хэмжээнд уялдуулж байсан. Мөн санал бодлоо солилцож ирсэн. Тухайлбал, МоАХ-оос Г.Бошигт гуай хэдэн хүнтэй ирж уулзаад “Та нар тусдаа байхаар бидэнтэй нэгдээч” гэж шууд хэлж байлаа. Бид яагаад ч та бүхэнтэй нэгдэж чадахгүй тусдаа байхаас өөр аргаггүй гэдгээ тайлбарлаж байсан юм.
-Тухайн үед танай хөдөлгөөн ямар ямар үйл ажиллагаа явуулж байв?
-Юуны өмнө төр засгийн байгууллагуудад хандаад удаа дараа мэдэгдэл гаргаж байлаа. Мэдэгдэлдээ нийгмийг бүхлээр нь өөрчлөх ёстой болсон байна. Нэг намын дарангуйллаас салах ёстой. Үндсэн хуулиа өөрчилж олон намын систем бий болго гэсэн шаардлага удаа дараа тавьж байсан юм.
-Та бүхний явуулж буй үйл ажиллагааг тухайн үеийн төр засаг хэрхэн хүлээн авч байв. Мөрдөн шалгах зэргээр янз бүрийн дарамт ирж байв уу?
-Би 1990 оны гуравдугаар сарын 4-нд олон арван мянган хүн оролцсон цуглаан зохион байгуулагдахаас өмнөх асуудлыг ярьж байна. Тухайн үед ямар нэг байдлаар хяналт шахалт ирж байсан. Тухайлбал, манай МУИС-ийн намын (МАХН) хорооноос физик, математикийн факультетийн удирдлагад хандаад энэ хэдэн багш нарт арга хэмжээ ав гэж шаардаж байсан удаатай. Харин манай факультетийн намын байгууллага ямар нэг арга хэмжээ аваагүй. Яагаад гэвэл энэ хүмүүс өөрсдөө өөрчлөлт шинэчлэлт хийх, ардчилалтай байх ёстой гэдгийг ойлгосон байсан юм. Бид тунхаглалаа гаргасны дараахан Улаанбаатар хотын намын дарга тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүн Л.Лантуу гуай биднийг ирж уулзаач гэсэн. Ингээд П.Улаанхүү, А.Ганбаатар, Б.Баабар бид дөрөв очиж уулзсан. Биднийг очиход манай тунхаглалыг өөрийнхөө намын баримт бичиг шиг улаан эрээн болгон засчихсан ингэж байж болохгүй шүү дээ хүүхдүүдээ гээд сууж байсан юм. Тэгээд бид тусдаа Л.Лантуу гуайд “Тусдаа шал өөр үзэл бодолтой байгууллага. МАХН-ын үзэл суртлын эсрэг явж байгаа хүмүүс. Тэгэхээр та яагаад бидний баримт бичгийг засав” гэж ярьж байлаа. Тэр үед бид МУИС-ийн хоёр байрны хооронд мэдээллийн самбар гаргадаг байсан. Түүнийгээ хураалгасан үе л дээ. Бодвол дээрээс шахалт ирээд түүнийг хураагаа биз. Тэгээд бид Л.Лантуу гуайд “Тэр самбараа буцааж тавимаар байна” гэсэн хүсэлтээ хэлсэн. Гэтэл “Тэг тэг” гэж зөвшөөрсөн юм. Бид тэр самбараа дахин байрлуулж өдөр бүр мэдээллийг нь шинэчилдэг болсон. Ер нь бид нэлээд их бичиг баримт хэвлэж гаргадаг байлаа. Бид МИУС-ийн физик, математикийн факультетийн багш нар байсан учраас тухайн үедээ компьютер, принтер ашиглана шүү дээ. Өөрөөр хэлбэл бичиг баримт боловсруулах, хэвлэхэд ямар ч хүндрэл байгаагүй. Ийм учраас бичиг баримт мэдээллийн хуудас хэвлэж гудамд наана. Сонин гаргаж байсан. Эхнийхээ сонинг принтерээр хэвлээд гаргаж байлаа.
-Тэр мэдээллийн самбар дээр ямар мэдээлэл тавьдаг байсан бэ?
-Монгол орон ардчилал, зах зээлийн замд шилжихээс өөр аргагүй боллоо. Өнөөгийн нийгэм явуургүй болсон гэсэн утга санаатай нийтлэл, мэдээлэл тавина. Үүнээс гадна зүүн Европын социалист орнуудад өрнөж буй ардчиллын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж тавьдаг байсан. Тэр үед мэдээлэл өнөөгийнх шиг нээлттэй байгаагүй шүү дээ. Хүмүүс сонин, сэтгүүл, зурагт, радиогоор мэдээлэл авна. Мэдээж хэрэг нэг намын дарангуйллын үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр бүр мэдээллийг нийтэлж, нэвтрүүлээд байхгүй. Бид өөрсдийн боломжийн хэрээр орос, Б.Баабар, А.Ганбаатар нар польш хэлээр мэдээлэл авдаг байсан Үүнийгээ л олон нийтэд орчуулан хүргэнэ. Мөн “Үг” гэдэг сонин гаргаж байлаа. Энэ сонины анхны дугаар нь бичгийн цаасан дээр боршур маягаар хэвлэгдэж байсан. Бас л нөгөө принтерээр хэвлэнэ. Гэхдээ одоогийнх шиг ийм гоё принтер биш шүү дээ.
-Монголын Ардчилсан хувьсгал өнөөг хүртэл ямар замаар явсан гэж дүгнэж, цэгнэж байна вэ?
-Алдаатай, оноотой явж ирсэн. Зарим талаар удаан дутуу мэт боловч явах ёстой замаа туулж өнөөг хүрлээ. Ардчилсан хувьсгал ялснаар Монгол Улсад өмчийн олон хэлбэр, үзэл бодлоо уралдуулах олон намын тогтолцоо бий болсон. Энэ нь ардчилал явдаг замаараа явж байна гэсэн үг. Орчин үеийн залуус хүн өмчтэй байж болохгүй цаг үе Монголд байсныг сайн мэдэхгүй байх. Тэдэнд ойлгомжгүй зүйл шүү дээ. Хуучин нийгмийн үеийн хуулиар хувийн өмч гэсэн ойлголт байгаагүй. Амины өмч л гэж нэрлэдэг байсан. Тухайлбал, амины гэдэг нь хөдөө орон нутагт нэг өрх 50 богтой тэнцэх хэмжээний малтай байхыг зөвшөөрнө. Хот суурин газрын орон сууц амины өмч биш. Улсын мэдлийнх. Тэгэхээр амины өмч нь ор дэр ширээ сандал нь байсан. Айлуудын гэр нь өмч нь байх. Яах вэ Монгол Улсын төр засгийн урагшгүй үйл ажиллагааны улмаас ардчилал хүрч чадах хэмжээндээ хүрсэнгүй гэвэл тусдаа ярих асуудал.
-Хүмүүс өнөөдөр ардчиллын үнэ цэн алдагдлаа. Хүн бүр дур зоргоороо авирлах боллоо гэж ярих нь бий. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Ардчилал гэдэг нь хүн бүр дур зоргоороо авирлахыг хэлэхгүй. Ардчилал гэдэг нь хуулийн засаглал гэж бид ойлгодог. Энэ хуулиуд нь хүн төрөлхтний ардчиллын үнэ цэнээр бий болсон байдаг. Монгол Улсын хувьд энэ хууль, эрх зүйн тал нь хангалттай сайн болсон. 1992 онд батлагдсан Үндсэн хууль үнэхээр сайн хууль. Хүний болон өмчийн эрх чөлөө, ардчилсан төртэй байх зэргийг хуульчилж багтааж чадсан юм. Харин хуулиа хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэг нь дараагийн асуудал. Хууль хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа хэрэгтэй. Хамгийн гол нь ард түмнээс ихээхэн шалтгаална. Хүн өөрөө хуулийн хүрээнд ажиллаж, амьдардаг бол хуулиа хүндэлж хэрэгжүүлдэг байх нь чухал. Түүнээс биш дээр нь хэчнээн мундаг төр засаг, диктатур байгаад ч хуулийг хэрэгжүүлнэ гэдэг бол амаргүй зүйл. Хууль хэрэгжүүлнэ гэдэг нь хүний өөрийн ухамсартай холбоотой зүйл. Энэ талаас нь харвал Монголын ард түмний ухамсрын түвшин өнөөдөр хууль дээдлэх, хүндлэх хэмжээнд бүрэн дүүрэн хүрч чадаагүй нь харамсалтай.
-Тэгвэл энэ байдал юунаас үүдэлтэй, холбоотой гэж та харж байна вэ?
-Бодъё л доо. 1990 оныг. Энэ үед Монгол орон тэжээвэр эдийн засагтай байсан. Өөрөө өөрийгөө аваад явах чадваргүй байлаа шүү дээ. Хэдэн үйлдвэр аж ахуйн газар байсан ч зах зээлд ороод явахад биеэ даагаад ажиллаж ашиг олоод явах чадваргүй байлаа. Ингээд эдийн засаг үндсэндээ нуран унасан. Өөрөөр хэлбэл тэжээдэг байсан ЗХУ нь биднийг тэжээх нь байтугай өөрөө задарсан. Эдийн засаг нуран унаж хүндэрсэн нь биднийг замбараагүй байдалтайгаар ардчилалд шилжих эхлэл нь болсон юм. Тэр үед хүн амьдрахын тулд өөрөө л мөнгө олох хэрэгтэй болсон. Гэтэл 70 жилийн турш монголчуудыг өөрөө хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж, хөрөнгө мөнгө олдог системээс холдуулсан байсан. Ийм учраас хүмүүс идэх хоол, өмсөх хувцастай амьдрахын тулд дор бүрнээ сэтгэж эхэлсэн. Тухайлбал, ганзагын наймаанд явсан, социализмын хэллэгээр хар зах дэлгэрсэн. Энэ бүгд нь эхлээд хууль эрх зүйн талын зохицуулалт хангалтгүй байсан учраас замбараагүй явсан. Өнөөг хүртэл энэ замбараагүй байдал хадгалагдсаар л байна. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш нийгмийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил үргэлжилж байгаа. Гэтэл энэ ажил нь нийгмийн хөгжлөөс хоцорч эхэлсэн. Одоогийн нийгмээ гүйцэж чадахгүй байна. Дээрээс нь хүмүүст хуулийг хүндэлсэн биш илүү чөлөөтэй задгай байдал ноёрхож байгаа юм. Нийгмийн энэ байдал засагдахад тодорхой хугацаа шаардана. Одоо ч гэсэн ерөнхийдөө гайгүй болоод байна гэж хардаг.
-Өнөөдөр ч гэсэн манай улсын эдийн засаг хөл дээрээ найдвартай зогсч чадаагүй. Уул уурхайн салбар хэт давамгайлж байна л даа. Үүнийг хэрхэн өөрчлөх талаар та бодолтой явдаг вэ?
-Эдийн засаг хэт нэг салбар, зөвхөн нэг улсаас хамааралтай байхын лайг бид өнөөдөр үүрч яваа. Социализмын 70 жилд бид өөрсдөө бие даасан бус гаднаас хараат байж үзлээ. Тэгээд 1990-ээд онд маш хүнд байдалд орсон. Дараа нь 2000-аад оноос уул уурхай хөгжиж хөрөнгө мөнгөтэй болж эхэлснээр Монгол Улс эдийн засгийн хувьд бие даах замдаа орсон. Монгол Улсад одоохондоо уул уурхайгаас өөр хөрөнгө мөнгө олох эх үүсвэр харагдахгүй байна. Гэвч энэ бол тодорхой нэг үе. Уул уурхай дагнаснаас илүү олон салбар ноёлсон эдийн засагт шилжих цаг хугацаа тулаад ирчихсэн юм. Энэ зүгт явна. Эдийн засгаа удирдах тал дээр Монгол Улсын төрийн байгууллагууд, Засгийн газар, парламент нь хангалтгүй ажиллаж байгаа. Энэ нь олон салбартай эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болж эхэлсэн. Дээрээс нь авлига хээл хахуулийн асуудал газар авлаа. Эдгээр нь эдийн засгаа урагш хөдөлгөхгүй уячихсан. Хувийн хэвшлийг хар л даа. Өмнөговь аймагт цахилгаан станц барьчихсан. Гэтэл төр засаг Улаанбаатар хотод V цахилгаан станц барина гээд 30 жил яриад чадахгүй л байна. Төр оролцохгүй зүйлдээ хэт их оролцохоор эдийн засгийн хөгжлөө боогдуулдаг. Төр орсон ажил л бүтэж өгдөггүйн жишээ V станц шүү дээ. Монгол Улсын төсөв саяхан 2011, 2012 онд хоёр их наяд орчим төгрөгт багтаж байсан. Өнөөдөр 2020 он боллоо. Тэгвэл улсын төсвөө 10, 11 их наяд төгрөгөөр ярьдаг болсон юм. Энэ хугацаанд мөнгөний ханш тодорхой хэмжээнд буурсан. Гэхдээ ингэтлээ их хэмжээгээр буураагүй. Мөн хүн ам өссөн гэхдээ энэ хэмжээнд хүрч өсөөгүй. Энэ хугацаанд ердөө нийгмийн халамж нэмэгдсэн, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьсан л байх. Гэвч төсвийг ингэж огцом тэлэх хэмжээнд хүргээгүй. Төсөв ийм их хэмжээгээр тэлэх нь төрийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийг л дураараа дургих, авлига хээл хахууль авах нөхцөл болно. Энэ нь эргээд улс орны эдийн засгийг боомилдог талтай. Хэрэв төсөв тэлсэн тэр мөнгө хувийн салбартаа эргэлдэж байсан бол илүү их бүтээн байгуулалт хийгдэнэ. Олон хүн ажлын байртай болно.
-Тэгэхээр төр өнөөдөр эдийн засгаа “алаад” байна гэж та хэлэх нь ээ дээ?
-Тийм. Төр эдийн засагт хэт их оролцоотой боллоо. Төрийн өмчтэй том том үйлдвэрийн газрууд байгуулагдлаа. Тэр нь хувийн сектортой өрсөлдөж эхэлсэн. Нүүрс эксковатороор хутгаад ачааны машинд ачаад гаргахад төрийн өмчит үйлдвэрийн газрын хэрэг байхгүй. Хувийнханд өг л дөө. Төр татвараа ахиухан авдаг л юм байгаа биз. Хувийнханд байсан бол өчнөөн олон ажил амжуулчихна. Жишээ нь төр нүүрсээ уурхайгаас шууд ачаад гаргадаг. Хувийнхан угааж, баяжуулаад гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр хувийнхан хамаагүй илүү хурдан ажиллаж байгаа биз. Товчхон хэлэхэд хувийн хэвшлээ төр нь боож эхэлсэн. Төр өнөөдөр эдийн засгийн оролцоогоо эрс багасгах шаардлагатай.
-Хүмүүс баялгийн тэгш хуваарилалт гэдэг зүйл ярьдаг. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бол?
-Монгол Улсын иргэн болгон баялгаасаа тэгш хүртэх эрхтэй. Энэ эрхийг хангах нь төрийн үүрэг. Гэтэл манай төр эрхийг нь хангахын оронд өөрөө мөнгө шууд татаж аваад нийгэмд буцааж тараах гэж оролдоод байна. Өөрөөр хэлбэл, буруу замаар явж байгаа юм. Баялгаасаа хүртэх эрхийг нь хангах, хууль эрх зүйн орчинг нь бий болгох ёстой. Гэтэл хувийн хэвшил, иргэдийн бүтээсэн хэдэн төгрөгийг хамж аваад буцааж тараагаад байх нь баялгийн тэгш хуваарилалт биш. Хавтгайрсан халамж гэдэг зүйл болно. Энэ рүү л бид явж байна.