-Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ асуудал манайд хамаагүй гэх утгатай хариу бичиг өгсөн нь тун болчимгүй үйлдэл болсон-
Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй болсон асуудлаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.
-Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэл байгаа юу. Зарим албаныхан угаас саарал жагсаалтад байсан гэж тайлбарлаад байна. Энэ талаар ойлголт өгнө үү?
-Монгол Улс урьд нь саарал жагсаалтад байсан уу гэвэл тийм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) Монгол Улсад Глобал форум, BEPS гэсэн олон улсын санаачилгад нэгдэн орсон гишүүний хувьд санхүүгийн орчны бүрхэг байдлыг арилгах, банкны салбарын ил тод байдлыг хангах, хөрөнгийн эх үүсвэрээ тодруулах, татварын хуулиа тодорхой болгох зэрэг арга хэмжээ авахыг шаардсан. Гэвч тухайн үед 2017 оны арваннэгдүгээр сард Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ асуудал манайд хамаагүй гэх утгатай хариу бичиг өгсөн байдаг. Энэ нь мэргэжлийн бус тун болчимгүй үйлдэл болсон. Ер нь олон улсын санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэхээр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн статус, хүлээсэн үүрэг, ач холбогдлыг ойлгоогүйгээс ийм үйлдэл хийсэн юм болов уу гэж бодсон. Үүнээс хойш тун удалгүй хоёр долоо хоногийн дотор Монгол Улсыг Мөнгө угаах орчныг бүрдүүлсэн эрсдэлтэй улсуудын саарал жагсаалтад оруулсан байдаг. Саарал жагсаалтад орсон орныг албан ёсоор зарласныг мэдмэгц Сангийн яам маргаашаас нь эхлэн мэдэгдэл хийж OECD-гийн шаардсаны дагуу санаачилгыг дэмжих хүлээсэн үүргээ биелүүлнэ хэмээсэн юм. Ингээд тун удалгүй хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн тул саарал жагсаалтаас гарсан байдаг. Харин өнөөдрийн байдлаар Монгол Улс эргээд саарал жагсаалтад орох эрсдэл үүсээд байгаа нь үнэн. Ер нь энэ байдлаараа явбал саарал байтугай хар жагсаалтад ороход ч гайхаад байхааргүй л байдалтай байна шүү, манай улс.
-Хэрэв саарал жагсаалтад орох албан ёсны хариу гарвал үүний учир шалтгааныг юу гэж тайлбарлаж харах вэ?
-ФАТФ-аас саарал жагсаалтад орох эрсдэл буй талаар манайд албан ёсоор бичгээр мэдэгдсэн юм байна гэж ойлгосон. Энэ нь одоогоор олон нийтэд ил болоогүй байна. Арай улсын нууцад авчхаагүй байлгүй дээ. Шалтгааныг нь тэр бичигт тодорхой дурдсан гэж ойлгож байна. Тэнд дурдсан гэх зүйлийг сонсоход, манай банкны секторын нууцлагмал байдал, ОУВС-гаас 2017-2019 онд Монголын арилжааны банкуудад хийсэн шинжилгээний дүгнэлтээс үүдэлтэй асуудлууд гол шалтгаануудын нэг нь болжээ гэж ойлгосон. Ер нь тийм ч байх. Өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн санаачилгаар “PWC” компани манай банкуудад AQR-Банкны активын үнэлгээ хийсэн. Тэгээд Монголын арилжааны банкуудад нийт 784 сая ам.долларын өөрийн хөрөнгө дутагдаж буйг тогтоосон. Энэ дутаж буй хөрөнгийг тодрохой хугацаанд олох шаардлага тавьсан бөгөөд манай банкууд мөнгө олж өөрийн хөрөнгөө зузаатгасан боловч өдийг болтол тэр хөрөнгийг хаанаас авчирсан, эх сурвалж нь юу байсан, хууль ёсных эсэхээ баталж чадахгүй байгаа талаар ярьсаар ирсэн. Экспертүүдийн санал, AQR анализыг шинжлэн үзэхэд ОУВС-гийн санаачилгаар хийсэн энэ активын үнэлгээ нэртэй банкны эрсдэл даах чанарын шалгалт (international-quality stress testing) нь банкуудын эрсдэл, активын чанарыг тогтоохоос гадна Монголын арилжааны банкуудад бугшсан нууцлаг байдлыг ил болгох нэг зорилготой байсан. Гэвч банкууд нууцлаг, ил тод бус байсаар байгаа нь саарал жагсаалтад орох нэг үндэслэл болсон байхыг үгүйсгэхгүй.
-Он гарсаар эхний зургаан сарын байдлаар авлигын улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан. Авлига саарал жагсаалтад ороход нөлөөлж байна уу?
-Мэдээж авлига бол саарал жагсаалтад орох хамгийн гол шалтгаануудын нэг.
-Сангийн сайдын тайлбараар Төвбанк тайлбар өгөхгүй байна гэх. Арилжааны банкууд активаа нэмэгдүүлсэн 700 тэрбумынхаа 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадахгүй байгаа нь саарал жагсаалтад ороход нөлөөлөв үү?
-Саарал жагсаалтын асуудлыг Сангийн яам, Монголбанк хоёр бие бие рүүгээ чихсэн байдалтай байгаа нь харамсалтай. Гол нь тэр ФАТФ байгууллагаас ирүүлсэн албан бичгийг ил болгох хэрэгтэй. Яагаад Монгол Улс саарал жагсаалтад орох болсон бэ гэдгийг илүү тод болгоно. Ер нь Монголбанк, Сангийн яам хоёрт аль алинд нь асуудал бий. Жишээ нь, Монголбанкинд банкны секторын нууцмал байдал, хөрөнгийн зузаатгалын эх үүсвэр хууль ёсных байсан уу үгүй юу гэдэг асуудал байна. Энэ бол мэдэгдэж буй нэг л асуудал. Сангийн яаманд гэхэд татварын орчны бүрхэг байдал, глобал форум, BEPS гэх олон улсын санаачилга, төслүүдэд нэгдэн орчоод үүргээ биелүүлэхгүй гадаадын томоохон корпорацуудад дураар дургих татвараас зугтах, хөрөнгө, орлогоо нуух боломж олгоод буй асуудал байна.
-Сангийн яам, Хууль зүйн яам, СЗХ, гааль, тагнуул, цагдаа гэх мэт байгууллагууд саарал жагсаалтаас сэргийлэх ажлаа хэр зэрэг хийсэн бэ. Учир нь биелүүлээгүй дөрвөн заалтыг харахаар эдгээр байгууллагууд руу чиглэсэн үйл ажиллагаанууд байгаад байна?
-Мэдээж эдгээр байгууллагууд үүргээ биелүүлсэн бол Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэл үүсэхгүй байсан. Хариуцлага үүрэх газрууд нь Монголбанк, Сангийн яам, СЗХ шүү дээ. Гэтэл асуудлыг бие бие рүүгээ чихэх, асуудлаас зугтах байдлаар хариуцлагаас зайлсхийх оролдлого гаргасаар байгаа нь маш мэргэжлийн бус бөгөөд ажил үүргээ цалгардуулж байгаа ноцтой асуудал юм. Ер нь Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, эрх мэдэлтнүүдэд асуудлыг шийдэх эрх боломж нь байгаа, харин тэдэнд тийм хүсэл зориг байна уу? Асуудлыг шийдэхгүй байх сонирхол байна уу гэсэн асуулт урган гарч буй юм.
-Хэрэв саарал жагсаалтад орвол Монголд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Саарал жагсаалтад орвол олон улсын байгууллагуудын шууд хяналтад орно гэсэн үг. Цаашилбал Дэлхийн банк, ОУВС, Европын холбоо гээд бусад байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөл, тэднээс авах зээл тусламж хумигдах тал руу орно. Олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох, худалдаа хийх асуудлууд хязгаарлагдана. За тэгээд олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд орж ч болно.