Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
2020-2024 оных яах вэ, 2016 оны мөрийн хөтөлбөрийн биелэлт…

Энэ долоо хоногийн мягмар гарагт эрх баригч МАН-ын У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийж 2020-2024 оны үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж.

Тогтсон жишгээр ч гэх юм уу, бидний ойлгодгоор, өнөө мөрдөж байгаа хуулиар бол парламентын сонгууль болж шинэ бүрэлдсэн Хууль тогтоох дээд байгууллага, Ерөнхий сайдыг батламжлаад, тэр нь Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-д оруулан батлуулсныхаа дараа тухайн Засгийн газар мөрийн хөтөлбөрөө батлуулдаг сан биш бил үү. МАН-ын эрх барьж байгаа энэ төрийн үед хууль хамаагүй болсон юм уу.

Харин МАН, өнөөгийн эрх баригчид 2020 оны сонгуульд ялахын төлөө хуулийг улан дороо гишгэлж үйл явцыг араас нь эхлүүлдэг болж.

Сонгуульд МАН ялах эсэх нь тодорхойгүй, шинээр сонгогдсон УИХ ямар Ерөнхий сайдыг батламжилж, тэр нь ямар бүтэцтэй, өөрөөр хэлбэл ямар ямар яамтай байх, өнөөдөр байгаа сайд нараас тэр танхимд орох эсэх, Засгийн газрын дараагийн тэр танхим өнөөдрийн эдний яриад бичээд байгаа мөрийн хөтөлбөрийг хэрэгтэй гэж авч үзэн залгамжлах эсэх нь тодорхойгүй “ёстой харанхуй” “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг юу ч гэмээр юм бэ дээ... Хоосон мөрөөдөл ч гэмээр юм уу.

Гээд яах вэ хий хоосон мөрөөдөгч, ухаан хомс улс юугаа хийж, юугаа ярьж байсан ямар хамаа байх вэ гэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим ингэж “алаагүй баавгайн арьс” хувааж суухын оронд “2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр, олон түмэн сонгогчдод амласнаасаа бид юуг нь хийж вэ, юу нь дутуу байна...” гэж ярьж байвал сонгууль хаяанд ирж байгаа энэ үед үнэмшилтэй байх сан. Чухам үнэнийг хэлэхэд энэ МАН, түүний байгуулсан хоёр Засгийн газар 2016 онд амлаад байсан бурам шиг сайхан амлалтуудаасаа нэгийг нь ч биелүүлээгүй, харин ч бараг бүгдээс нь ухарсан болохооор ярих юмгүй болоод тэр л дээ.

2020-2024 онд ажиллах энэ “Засгийн газар”-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өмнөх 2016 онд амлаж байгаад хийж чадаагүй зүйлүүдээ л арай өөр хэлбэрээр “хуулан бичиж” гэхэд болно.

Энэ дөрвөн жилд хийгээгүйгээ дараа дөрвөн жилд үү

2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрийн оршилд “Таны хүүхдэд” гэж байгаад “Бид таны хүүхдийг төрөхөд цэцэрлэг сургуульд ороход боловсрол, эрүүл мэндийн хамгийн чанартай үйлчилгээг үзүүлнэ. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна” гээд цагаан дээр хараар биччихэж. Гэтэл өнөөдөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ийм насны хүүхдийн 90.1 хувь нь хамрагдсан гэсэн мэдээлэл байна.
МАН тэгэхээр 2016 оны амлалтдаа хүрч чадсангүй. Тэгээд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэгчдээ “Таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна” хэмээн зөөлчлөн бичжээ. Гурав дөрвөн настай хүүхдийг мөн л ялгаварлах нь л дээ.

Сангийн яам нь л гэхэд “Аялал жуулчлал хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүүний чанар экспортыг нэмэгдүүлэх орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх... Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах... эрүүл мэндийн тогтолцоо үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх” ажил хийхээс биш өмнөх 2016 онд амлаж байсан шигээ “жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна”, “татвар нэмэхгүй”, “шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэсэн зүйл огт алга. Сангийн яам нь бас дагуул хот байгуулах юм байх.

Үүнээс үзэхэд 2016 онд хоосон амлаж байгаа өчнөөн татвар шинээр бий болгож, орлогын албан татаврыг нэмсэн дутагдлаа засч ирэх дөрвөн жилд бүтэшгүй зүйл амлахгүй байж байгаад төрөл төрлийн татварыг нэмж, шинээр бий болгох гэж байгаа юм байна гэж ойлгож болох нь. Дараа нь “бид татвар нэмэхгүй гэж амлаагүй шүү дээ” хэмээн ам хаах нь л дээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэхэд л хүн рүү чиглэсэн тодорхой ганц өгүүлбэргүй атлаа ирэх дөрвөн жилд “Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын мэдээллийн технологийн чадавхыг бэхжүүлж бүрэн цахимжуулах” ажил хийх юм байна. Харин энд ард түмнээ ажилгүй, орлогогүй, татвараар дарамталж ядууруулснаа гэнэт санасан уу, эсвэл 2020-2024 онд ингэж амлахын тулд энэ дөрвөн жилд биднийг ингэтэл ажилгүй, ядуу болгосон уу энэ мөрийн хөтөлбөртөө “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ” гээд оруулчихаж. 2016 оны мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлсэн бол ингэж амлахааргүй л байх сан.

Хууль зүй дотоод хэргийн яам бол “харьяа байгууллагууд болон албан хаагчдынхаа орон сууц зэргийг барьж ашиглалтад оруулах” том ажил хийх нь. Байгаль орчны яам харин “Жуулчдын тоог 1.5 саяд, салбарын орлогыг 1.6 тэрбум төгрөгт хүргэх” юм байна. ХХААХҮЯ бүх малчдыг орон сууцжуулна гэнэ.

Хоосон амлалт, биелээгүй хөтөлбөр

Өмнөх дөрвөн жилд амласнаасаа 100 хувь буцаж, ард түмнээ сөхрүүлчхээд тэр амлалтаа дурсахаас ичиж суугаа энэ МАН, түүний Засгийн газар энд тэндхийн барилга байгууламж, замыг хэсэгчлэн нээж тууз хайчлахынхаа хажуугаар ярих хийх юмгүйдээ ийн цаг нөгцөөж сууна.

Энэ мундаг мөрийн хөтөлбөрт ЭМЯ “Ирэх дөрвөн жилд Монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэнэ” гэсэн өгүүлбэр шигтгэжээ. Монгол хүний дундаж нас 2015 онд 69.89 байжээ. 2018 оны эцсээр арай гэж 70.19 болж өссөн байна. Дөрвөн жилд сар хүрэхгүй хугацаагаар л нэмэгдэж. Гэтэл энэ МАН, түүний Засгийн газар дараа дөрвөн жилд даруй дөрвөн жилээр уртасгаад өгөх нь л дээ.

МАН 2008-2012 онд Засгийн эрх барьж байхад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нь нэг сая жуулчин хүлээн авна гэж сүржигнэн хий ам гарчихсан чинь тэр жил жуулчдын тоо харин ч буурч 300 гаруйхан мянга болж байсан гашуун түүхийг давтах нь л дээ. Гээд, сэлэм У.Хүрэлсүх, сэтгүүлч Д.Сарангэрэл хоёр ийм болгох бүхий л боломж нөхцөлийг нь хангачихсан, нарийн тооцоо судалгаа хийсэн байхыг хэн мэдлээ.
2016 онд МАН тухайн үеийн байдлыг “УИХ-ын гишүүүд олноороо давхар дээл нөмөрснөөр төр засгийн ажил цалгардаж “Их ажлын дүр, ид ажлын садаа” болж хувирлаа” хэмээн шүүмжлээд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана” гэж амлаж байжээ. Гэтэл өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын 16 гишүүний дотор ганц У.Хүрэлсүх л УИХ-ын гишүүн бус, бусад нь давхар дээлтэй зогсч байна. МАН бас 2016 оны мөрийн хөтөлбөртөө “2008 оны Засгийн газар 11 яамтай байсан бол 2012 онд бүрдсэн Засгийн газар 16 яам болон хэт данхайж чиг үүрэг нь давхардан “Бийд нэмэргүй, байхгүйд газаргүй” албан тушаалтнуудаар төрийн алба дүүрлээ гэж шүүмжилж байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газар 15 гишүүнтэй ажиллаж байгааг дэвшил гэх үү. Тэгээд ч МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сундуй нарын хүмүүс 2016 оны парламентын сонгуулийн үеэр төрийн албыг худалдан борлуулах замаар 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж, үүнийгээ албан ёсоор хэрэгжүүлээгүй ч, сонгуулийн дараа ийм наймаа газар авснаар мөнгө өтөлчихсөн мэдлэггүйчүүд төрийн албыг дүүргэж ёстой л “Бийд нэмэргүй, байхгүйд газаргүй” гэгч болсны гайг ард иргэд өдөр тутам амсч, үгээ хэлж үүнийгээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлэхээс хэтрэхгүй арга чаргаа барж байна.

2016 онд “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий “Итгэлийн зээл” олгох болдлого баримтална” гэж амлаж байсан энэ МАН-ын УИХ-д суугаа бараг бүх гишүүн нь өнөөх ЖДҮ-ийн сангийн хөнгөлөлттэй зээлийг тэрбум тэрбумаар нь аваад ах дүү, хамаатан садан, амрагууддаа өгчихсэн тэд нь үүнийг нь эргэлдүүлэн “амьжиргаагаа дээшлүүлж” явсан дуулиан өнөө хэр намдаагүй л байна.

Төгсгөл

Өмнөхөө идэж бараагүй байж, ахиж цаашлаад байдаг хүнийг монголчууд “хэнхэг туссан” гэдэг. МАН-ын хувьд 2016 оныхоо мөрийн хөтөлбөрөөс ядаж хагасыг нь ч амжуулаагүй байж дараагийн дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гаргаж суугааг ёстой “начинг даваагүй байж, арслан амлана” гэгч л гэж хэлэхээс өөр яалтай. Бүүр ядахнаа хаа хожмын юм ярьж цаг нөгцөөж сууснаас өнөө маргаашид тулгамдаад байгаа нийгэм эдийн засгийн олон асуудлыг шийдэх гэж ярьж суувал хүнд үнэмшилтэй сэн.

Дахин сануулахад дэс дарааллаар нь авч үзвэл, эхлээд парламентын сонгууль болж, шинэ парламент бүрэлдээд Ерөнхий сайдыг томилох болов уу. Тэгээд Ерөнхий сайд нь олонхоос ч юм уу, эвслийн засгийн газраа бүрдүүлээд, тэр танхим нь 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулан УИХ-д оруулан батлуулах ёстой баймаар. 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбат тэргүүтэй “мэргэжлийн” гэсэн сүржин нэртэй Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ 2016 оны аравдугаар сарын 4-нд баталж байж.

Тэгэхээр бүтэн жилийн дараа, ямар бүтэцтэй байх нь бүрхэг УИХ-д хэн тэргүүн нь байх нь тодорхойгүй аль намынх нь бүү мэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хамаг муу муухайгаа бүрдүүлчхээд ирэх сонгуулиар зайгаа тавьж өгөхөд бэлэн байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар яриад сууж байгааг юу гэж ойлгох вэ. Өөрийнхөө хийнэ гэж амласнаа хийж чадалгүй бүхэл бүтэн 100 хувь эргэж ухарчхаад одоо хэний ч хийх ёстойг амлаж байгаа гэх вэ дээ. Ёстой “өөрийнхийгөө барахгүй байж, өрөөлийнхийг...” гэгч л юм болов уу даа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com