Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сангийн яам, ХЗДХЯ, СЗХ “Саарал жагсаалт”-д ороход буруутай юу

Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын саарал жагсаалтад орох эрсдэл үүсээд буй. Анх 2013 онд манай улс жагсаалтад орж, богино хугацаанд үр дүнтэй ажилласны хүчинд эргээд 2014 онд гарсан түүхтэй. Гэсэн ч тэр үед хийсэн ажил хангалтгүй байсан бөгөөд монголчуудын хуулиа гууль болгодог назгай байдлын хар гайгаар 2016 онд буцаад эрчимтэй өргөтгөсөн хяналтад орсон билээ. Энэ утгаар нь авч үзвэл манай улс тэртээ гурван жилийн өмнө саарал жагсаалтад бараг орсон гэсэн үг. Бодит байдал дээр ч гэсэн тэр үеэс хойш АНУ болон хөгжингүй орнуудын банкууд манай улстай төлбөр тооцоо хийхээс татгалзаж, харилцаагаа тасалсан талаар албаныхан мэдээлсэн удаатай. Тэгвэл нөхцөл байдал ийм болсныг мэдсэн атлаа өнөөг хүртэл холбогдох байгууллагууд юу хийсэн юм бэ гэсэн асуулт ургаж байна. Лхагва гаргийн үдээс хойш Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгч, өнөөг хүртэл хийсэн ажлуудадаа саарал жагсаалтаас мултрах хэмжээнд гүйцэтгэсэн гэдгээ илэрхийлсэн. Наймдугаар сард болсон бүсийн хэмжээний чуулганд оролцож, хийсэн ажлаа танилцуулж дүгнүүлээд, үр дүнд нь Монгол Улс өргөтгөсөн эрчимтэй хяналтаас бага зэрэг суларч, өргөтгөсөн хяналтад орсон. Тухайн үед, холбогдох албаныхан үнэлгээний явц дуусаагүй байхад холбогдох мэдээлэл өгөх талаар хориотой байдгийг хэлж байсан ч зарим нэг албаны хүмүүс эерэг хүлээлттэй байгаагаа илэрхийлж байсан юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан бол шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс дөрөвт нь хангалтгүй үнэлэгдэж, энэ сар хүртэл дахин сайжруулах үүрэг хүлээгээд буй. Хангалтгүй үнэлэгдсэн дөрвөн үнэлгээг нь задалж харвал Сангийн яам, ХЗДХЯ-ны агентлаг, гүйцэтгэх байгууллагууд, ГХЯ-ны хариуцах асуудлууд үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс саарал жагсаалтаас гарах эсэх нь зөвхөн банк, санхүүгийн байгууллагын ажил биш хууль хяналт, гадаад харилцаа, хил гаалийн байгууллагууд илүү нягт хамтран ажиллах шаардлагатайг илтгэж байна.

Биелээгүй эхний зорилт нь “Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгаж, хяналт тавьж, зохицуулдаг” байх ёстой бөгөөд үүнд СЗХ, Сангийн яам, ХЗДХЯ гол үүрэгтэй оролцох ёстой аж. Өөрөөр хэлбэл, сэжигтэй гүйлгээний талаарх мэдээллийг зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас гадна Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын нотариатчдын танхим, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллага мэдээлэх үүрэгтэй. Мөнгө угаах үйл ажиллагаа нь маш өргөн хүрээг хамардаг, зөвхөн санхүүгийн байгууллагуудаар дамждаггүй, зүсээ янз бүрээр хувиргадаг учраас санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээний байгууллагуудад ч хяналт тавих шаардлага үүсч байгаа юм. Үүнээс гадна мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь үнэт эдлэл, эрдэнийн чулуу болон үнэтэй брэндийн сайн дуураймал бүтээгдэхүүнээр ч гэсэн дамждаг практик их байдаг учраас энэ бүхэнд хуулийн байгууллага хяналт тавих ёстой. Тиймээс ч ХЗДХЯ болон түүний харьяа хууль сахиулах байгууллагуудын оролцоо үүнд өндөр байгаа юм.

Биелүүлээгүй бас нэг заалт нь “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болохуйц шийтгэл ногдуулах” бөгөөд энэ бүхэн хууль сахиулах байгууллагуудын уялдаатай нягт холбоотой. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын удаа дараа мэдэгдсэн шиг мөнгө угаахтай холбоотой болон авлигын гэмт хэргүүдээс шийдэгдсэн тохиолдол тун хангалтгүй байгаа явдал. АТГ-ын статистикаар энэ оны эхний хагас жилийн байдлаар авлигын гэмт хэргийн эдийн засагт учруулсан хохирол 11.9 их наяд төгрөг байна. Жилээс жилд авлигын гэмт хэрэг нэмэгддэг ч гэмт этгээдүүд хуулийн хариуцлага хүлээхгүй байгааг олон улс хараад л, хянаад л байгаа хэрэг. Харин энэ бүхэнтэй тэмцэх тогтолцоо нь ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллагын хамтын ажиллагаа юм.

Харин удаах хоёр нь гадаад болон дотоодод мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах үйл ажиллагаа. Энэ тал дээр манай дипломат албаныхны дуулиантай цуврал, тэдний толгойг илдэг, авлигад амташсан эрх баригчид бодит жишээ нь. Үүнийг таслан зогсооход Сангийн яам болон түүний харьяа Гаалийн ерөнхий газар, ГХЯ, Тагнуулын ерөнхий газар шууд хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Яагаад дипломат албаныхны хууль бус үйлдэл, хилээр мэдүүлээгүй нэвтрүүлэх гэж байсан их хэмжээний валютын талаарх мэдээлэл усанд хаясан чулуу мэт нам жим болоод байна вэ?

Гаалийн шинэчлэл хийнэ гэж сүүлийн гурван жил ярьсан атлаа яагаад зөвхөн ирэх оны төсөв дээр л олигтой мөнгө хуваарилав? Сэжигтэй гүйлгээ хийсэн гэмт этгээдүүдэд ногдуулсан торгууль, шийтгэл нь цочроо өгөх хэмжээнд байна уу? Мөнгөн торгуулийн хэмжээ дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж чадаж байна уу? гэх зэргээр асуулт тавьсан ФАТФ байгууллагын мэргэжилтнүүд өнөөг хүртэл хариулт авч чадаагүй учраас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаас аргагүй гэдэг дүгнэлтэд хүрээд байна. 

Үүнээс гадна ФАТФ-ын гишүүн орнуудтай Монгол Улсын улс төрийн харилцаа ч тодорхой хэмжээгээр саналын үр дүнд нөлөөлж болзошгүй юм. Сүүлийн үед хувийн өмч, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашигт халдсан Засгийн газрын үйлдлүүдийг хөгжингүй орнууд ажиглаж суугаа. Гишүүн 39 орноос гурав нь л Монгол Улсын эсрэг буюу биднийг мөнгө угаах, терроризмтой тэмцэхэд ахиц дэвшил гаргаагүй гэж үзвэл саарал жагсаалтад орно. Эцсийн хариуг өнөөдөр буюу орон нутгийн цагаар 12.00-д ФАТФ-ын Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд мэдээлнэ.

Энэ мэдээлэлтэй зэрэгцэн ам.долларын ханш бага багаар нэмэгдэж эхэллээ. Энэ сарын 11-ний байдлаар 2670 төгрөгийн ханштай байсан ам.доллар 14-ний өдрөөс эхэлж нэмэгдсээр өчигдрийн байдлаар 2674 төгрөгт хүрлээ.

Нэгэнт саарал жагсаалтад орвол Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, гадаад зах зээл дээр арилжиж буй бондуудын зардал өсч, тэр хэрээр төсөвт дарамт учирч, гадаадын хөрөнгө оруулалт зогсч, валютын ханш цойлно. Мөн иргэд аж ахуйн нэгжүүдийн хувьд хоёр хоногт гүйцэтгэдэг байсан гадаад төлбөр тооцоо дор хаяж 5-7 хоног болж сунжрах эрсдэлтэйг Монголбанкны удирдлага мэдэгдсэн. Төгрөгийн ханш унаж, иргэдийн амьжиргаа муудахын цагт Монголбанкнаас ял асуух улс төрийн тоглоом, хэрээс хэтэрсэн попрол эцэс төгсгөлгүй өрнөх нь тодорхой. Энэ бол аймшигтай хар бараан зураг! Гэхдээ баасан гарагт ямар шийд гарахаас үл хамааран ирэх арванхоёрдугаар сард манай улс ФАТФ-д дахин тайлан илгээж, ирэх оны нэгдүгээр сард хамгаалах юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com