Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Н.Баяртсайхан: Хар жагсаалтад орох эрсдэлтэй байсан ч шаардлагуудыг нь биелүүлсэн учраас саарал жагсаалт дээр тогтсон

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2019.10.23) хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг Б.Жавхлан гишүүнээр ахлуулан байгууллаа. Дашрамд дурдахад УИХ-ын дарга Г.Занданшатар Эдийн засгийн байнгын хорооны хурлын дараа СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг дуудаж уулзлаа. Тэгээд Саарал жагсаалтад орсонтой холбогдуулж ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар мэдээлэл сонсов. Дараа нь тэдэнд хариуцлага тооцох болно хэмээн мэдэгджээ. 

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Нийгэмд бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Олон улсын байгууллага мөнгө угаахтай холбоотой асуудал ярьж байгаа. Тэгэхээр банктай холбоогүйгээр энэ асуудлыг ярина гэж байхгүй. Гэтэл банктай холбоотой байгууллага, Банкны холбоо нь энэ бол банкнаас болоогүй гэж яриад байдаг. Энэ нь олон нийтийг төөрөгдүүлээд байгаа юм биш үү. Хэрэв банктай холбоотой асуудал саарал жагсаалтад нөлөөлөөгүй юм бол мөнгө угаах гэмт хэргийн талаар хэнтэй ярих юм. Саарал жагсаалтад ороход банкны үйл ажиллагаатай асуудал нөлөөлсөн юм уу. Би ойлгохдоо банктай холбоотой асуудал бий гэж боддог. Саарал жагсаалтад орсон, арилжааны банкуудад аудит хийсэн асуудлыг дэлгэрэнгүй яримаар байна. Саарал жагсаалтад орсон учраас төсөв, санхүүтэй холбоотой эдийн засгийн хориг тавигдах асуудал бий юу. Ойрын хугацаанд саарал жагсаалтаас гарч чадах уу. Хууль эрх зүйн талаасаа УИХ, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжлэг авч шийдэх зүйл байгаа юу. Гадаадын хөрөнгө оруулалттай банкны тухай хууль УИХ-д өргөн баригдсан. Энэ хуулийн талаар Монголбанкны зүгээс ямар байр суурьтай байна. Банк бус санхүүгийн байгууллагын (ББСБ) зээлийн яагаад буурдаггүй юм. Сарын 2.5-3.5 хувийн хүүтэй байгаа. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах талаар Санхүүгийн зохицуулах хороо ямар бодлого баримталж байгаа юм бол.

 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэнэбилэг:
-Саарал жагсаалтад орсноор эдийн засгийн ямар нэг хориг арга хэмжээ байхгүй. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 13 банкны гадаад арилжаа, гүйлгээ хаагдана гэсэн асуудал гараагүй. Сүүлийн хоёр гурван жилд ам.долларын гүйлгээтэй холбоотой шимтгэл 9-40 мянган төгрөгийн хооронд хэвээр байгаа. Энэ нь гүйлгээ хийж буй хэмжээнээс шалтгаалдаг. АНУ-ын банк байхгүй учраас Европ, Солонгос, Хятад, Оросын банкуудаар дамжуулж гүйлгээ хийдэг. Иймд гүйлгээ дамжиж байгаа тооноос шалтгаалж 10-30 ам.долларын шимтгэл төлдөг. Бид ирэх онд багтааж ФАТФ-аас тавьж байгаа шууд хэрэгжилттэй холбоотой дөрвөн асуудалд арга хэмжээ авна. Эдгээрт санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдэд эрсдэлд суурилсан үнэлгээ, шалгалт хийх асуудал бий. Мөн Нотариатчидын холбоо, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо гээд салбарын эрсдэлийн үнэлгээ хийх шаардлага бий. Хууль сахиулах байгууллагуудтай холбоотой асуудлууд байгаа. Шүүхээр одоо 14 хэрэг шийдэгдсэн. Гэвч авлигатай холбоотой бүх хэргийг хуулийн дагуу шийдэж байх ёстой. Цагдаа, тагнуул, АТГ-аас прокурорт, прокуророос шүүхэд шилжсэн хэргийн статистикийн тоог хараад олон улсын байгууллага авлигын хэрэгтэй тэмцэх ажил хангалтгүй байна гэж үзэж байгаа. Мөн Гаалийн ерөнхий газрын асуудал бий. Үүнийг шийдэхийн тулд Сангийн яам, ГЕГ-аас холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа байх. Ашгийн бус байгууллагын тухай хууль УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн гэж би ойлгосон. Энэ хууль батлагдвал саарал жагсаалтаас гарах нэг дэмжлэг болно. Банктай холбоотой асуудал энд байхгүй.

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-ФАТФ өөрийн гишүүн орнуудад таван жилд нэг удаа үнэлгээ хийдэг. Монгол Улсад анх удаа 2006 онд үнэлгээ хийсэн. Үүний үр дүн явсаар байгаад 2013 онд саарал жагсаалтад орсон. Ингээд шуурхай арга хэмжээ авсан учраас 2014 онд саарал жагсаалтаас гарсан байдаг. Гэвч 2015 оноос ФАТФ Монгол Улсад дахин үнэлгээ хийж эхэлсэн. Энэ үнэлгээний үр дүн 2017 онд тодорхой болсон. Ингээд тэр үед Шри Ланкад болсон олон улсын хурлаар Монгол Улс саарал бус хар жагсаалтад орох нөхцөл бүрдсэн гэж ярьсан юм. Үүнээс хойш шуурхай арга хэмжээ чадах ядахаараа авсан. Саарал жагсаалтаас гарахын төлөө холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай ажиллах болно. Энэ бол ганц банкны байгууллагын асуудал биш. Улс орны тогтолцооны асуудал. Ялангуяа, Засгийн газар үүнд анхаарал тавин ажиллах нь чухал шүү гэж хэлмээр байна. Хууль хяналтын байгууллагууд асар их дуулиан тариад хэрэг үүсгэдэг. Тэр нь шийдэгдэлгүй олон жил болохоор “Та нар үр дүн гаргахгүй байна” гэж саяхан Парисын хурлаар ярьсан байна лээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар нэлээд ажил хийх шаардлага бий. Холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн барих ажил эхэлсэн. Чадвал энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлүүлнэ. Банкуудын асуудал саарал жагсаалтад шууд нөлөөлөөгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл банкуудад хийсэн аудитын дүгнэлт есдүгээр сарын 25-нд бэлэн болсон. Гэтэл Тайландын Бангкокт болсон ФАТФ-ын хурал наймдугаар сард болсон. Энэ хурлаар Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл байдал үүссэн гэдгийг анхааруулсан. Ийм учраас банкны салбартай үүнийг шууд холбон ойлгох үндэсгүй гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг Монголбанк боловсруулж УИХ-ын гишүүн Б.Жавхлан өргөн барьсан. Энэ хуулийг батлуулахын төлөө бид зүтгэнэ. Энэ хуулийг яаралтай баталж өгвөл санхүүгийн салбарт өрсөлдөөн бий болох, банкны салбар бэхжих үндэс суурь тавигдана. Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр Монголбанкны үнэт цаас худалдаж авах хүсэлтэй байгаа тухай С.Чинзориг сайд таны албан бичиг надад ирсэн. Би танд хариу өгсөн байгаа. Төв банкны үнэт цаас худалдаж авахын тулд тодорхой хэмжээний техникийн бололцоогоо бүрдүүлэх ёстой. Үүнийгээ бүрдүүлье. Ингэсний дараа болохгүй асуудал биш гэсэн хариу өгсөн. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг эрсдэлээс хамгаалахын тулд Нийгмийн даатгалын ерөнхий газар Төвбанкны үнэт цаасны арилжаанд оролцдог болохыг дэмжиж байгаа.

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн:
-ББСБ-д өөрийн эх үүсвэрээс санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээлийн хүүгийн дундаж хэмжээ нэг пунктээр буурсан. Сард 4.2 хувийн хүүтэй байсан бол өнөөдөр 3.2 хувийн хүүтэй байна. Энэ хугацаанд ББСБ-ын тоо нэмэгдээгүй. Харин хөрөнгийн хэмжээ хоёр дахин өссөн. Энэ нь СЗХ-оос дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр гаргасны үр дүн. Арилжааны банкнаас зээл авч чадахгүй байгаа хүмүүс ББСБ-аас зээл авдаг. Харилцагчдын тоо өнгөрсөн гурван жилд огцом өсч 420 мянгаас 2.4 сая болсон. Зээлдэгчдийн тоо 2016 онд 63 мянга байлаа. Тэгвэл өнөөдөр 360 мянгад хүрсэн. Энэ нь хэрэглээний зээл хурдан шуурхай олгож байгаатай холбоотой. Цаашид зээлийн хүү нь буурах боломж бий.

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
-Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны мөнгөний бодлогод нэгдгээрт, өрийн дарамт, хоёрдугаарт, саарал жагсаалт гадаад дотоод эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлөх тухай хоёр том эрсдэл, сорилт байгаа гэлээ. Гэвч хариуцлагагүй үг хэлж байна. Бид хар жагсаалтад орох байсныг арай гэж саарал жагсаалтад оруулж ирлээ гэсэн. Ийм үг хэлж болохгүй байх. Жил бүрийн мөнгөний бодлогыг УИХ-аас батлахдаа мөнгө угаах, терроризмтэй тэмцэх шат дараалсан арга хэмжээ авах үүргийг нэн тэргүүнд өгдөг. Гэтэл хариуцлагагүй үг хэлж байгаад харамсч байна. Монгол Улсын 2020 оны төсөвт Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлт гарсан. Үүнд Монгол Улс саарал жагсаалтад орсон тохиолдолд улсын орлого буурах, зээлийн хүүгийн зардал өсч дунд урт хугацаанд төсөвт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий болно гэж дүгнэсэн. Зээлжих зэрэглэл буурна, гадаадын хөрөнгө оруулалт багасна. Ийм бодит аюул нүүрлээд байна. УИХ-аас жил бүр Монголбанкинд тодорхой ажил хийх чиглэл өгдөг. Гэтэл энэ ажлаа дутуу хийсэн байна гэсэн үг шүү дээ. Сангийн сайд нь саарал жагсаалтад орсон шалтгааныг өөрөөр ярьдаг. ХЗДХ-ийн сайд ч бас нэг зүйл ярьдаг. Уг нь ХЗДХ-ийн сайд Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх үндэсний зөвлөлийг ахалдаг. Монголбанк, Сангийн яам, ХЗДХЯ-ны төлөөлөл хамт сууж байгаад Монголын ард түмэнд саарал жагсаалтын талаар тодорхой мэдээлэл өгөх ёстой. Гэтэл гурвуулаа өөр өөр зүйл яриад сууж болохгүй. Энэ бол Монгол Улсын эрсдэл. Үүнээс гадна өрийн хэмжээний асуудал бий. Засгийн газар, хувийн хэвшил нийлээд нийт өр 29.5 тэрбум ам.долларт хүрсэн. Өрийн эргэн төлөлтөд манай улсын валютын нөөц хүрэхгүй. Одоо байгаа нөөцөөс 3.5 дахин их өрт тавьчихсан. Үүний эргэн төлөлтийг 2020-2024 онд төлөх гээд сууж байгаа. Энэ асуудлаас бид яаж гарах вэ. Валютын нөөц гэж 3.8 тэрбум ам.доллар яриад байдаг. Үүний хоёр тэрбум нь бараг Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцэл байгаа шүү дээ. Валютын нөөцийн хамгийн гол эх үүсвэр нь гадаадын хөрөнгө оруулалт, экспорт.

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Би туйлын хүнд байдалд орсон. Түүнээс гарахын төлөө ажилласан гэдгээ хэлсэн. Үүнийг буруу ойлгосон байж магадгүй. Бид техникийн талын 15 үзүүлэлтийг сайжруулсан. Энэ тал дээр асуудал алга гэж Ази Номхон далайн бүлгээс үнэлсэн. Үр дүнгийн 11 үзүүлэлт бүгд муу дүнтэй байсан. Эдгээрийн долоог нь сайн болгож чадлаа. Үлдсэн дөрвөн үзүүлэлтэд асуудал байна гэж анхааруулга өгсөн. Нэгдүгээрт, Хойд Солонгосын ажилчидтай холбоотой асуудал бий. Хоёрдугаарт банк, санхүүгийн байгууллагад тавьж буй хяналт, гуравдугаарт хууль хяналтын байгууллагад хийгдэж байгаа ажлын үр дүнг нэхсэн. Дөрөвт тодорхой мэргэжлийн хүмүүс аудиторууд, үнэт чулууны бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нарт тавих хяналт хангалтгүй байна гэсэн. Ингээд үйл ажиллагааны төлөвлөгөө нэхсэн. Үүнийг бид боловсруулж Парист саяхан болсон хурлаар батлуулж авлаа. Уг төлөвлөгөөг биелүүлэхийн тулд шуурхай ажиллах ёстой болоод байна. Улсын өрийн нийт хэмжээ 29.7 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг бууруулах талаар бид бодлогын баримт бичиг боловсруулж эхэллээ. УИХ-аас зөвхөн Засгийн газрын өрийг бууруулах баримт бичиг баталж шийдсэн. Иймд Монголбанкнаас улсын нийт өрийг барагдуулах баримт бичиг боловсруулж ирэх арванхоёрдугаар сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Тэгээд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр экспортын чиглэлийн бүх аж ахуйн нэгжид саад тотгор учруулахгүй байх ажил маш чухал. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих нь зүйтэй. Монголбанк алт худалдан авч экспортлох замаар жилд 500-800 сая ам.долларын орлого олдог. Өнгөрсөн онд 810 сая ам.долларын орлоготой ажилласан. Энэ онд үүнд арай хүрэхгүй нь.

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн:
-ФАТФ-ын зөвлөмжид СЗХ-нд шинээр алт мөнгөний дархан, энэ чиглэлээр бизнес эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдын үйл ажиллагааг хянах зохицуулалт хийхийг заасан. Ингээд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com