Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ганц гялтайх заалт нь “Үндэсний баялгийн сан”

-Монголын эдийн засагт эрсдэл үүсгэж болзошгүй өөрчлөлтүүдээ ч мөн эргэж харах ёстой-


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг явагдаж дууссан. Одоо гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үе шат явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд парламентын хоёр шатны хэлэлцүүлэг дамжин батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авлаа. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх автоматаар гурав дахь шатны хэлэлцүүлэгт шилжив.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцангийн онцолж буйгаар анхны өргөн барьсан төсөл нь төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хадгалахад чиглэсэн. Харамсалтай нь, Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан саналуудаас зарим нь тухайлбал, Ерөнхий сайдад эрх, үүргийг нь өгсөн шиг өгөхөөр зорьсон заалтууд хэлэлцүүлгийн явцад унасан. Энэ мэтээр хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон өөрчлөлтүүд орж, санал асуулга ч ард иргэд зүйл заалт бүрийг нь нягталж, авах гээхийн ухаанаар хандах боломжгүй болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах, батлах ажлын хэсгийн хуульчид өдөр алгасалгүй ач холбогдлыг нь тайлбарлаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж байсан ч ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болсон. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дахин хэлэлцүүлэх нөхцөл байдал үүссэн тул Монголын эдийн засагт эрсдэл үүсгэж болзошгүй байгаа өөрчлөлтүүдээ ч мөн эргэж харах ёстой.
Одоогоос 15 жилийн өмнө тус бүр 10 сая төгрөгөөр эхэлж байсан УИХ-ын гишүүний тойргийн гэх мөнгө 2018 онд таван тэрбум төгрөг болж өссөн. 500 дахин өссөн нь энэ. Тэр хэрээр төсвийн үргүй зардал өсч, нөгөө талаар Засгийн газрын шаардлагатай хөрөнгө оруулалт үр өгөөжгүй, хөгжлийн бодлогод нийцээгүй явж ирсэн сул талтай. Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлт Засгийн газрын оруулж ирсэн төсвийн зардлыг нэмдэг УИХ-ын гишүүдийн тэрхүү эрхийг хязгаарласан. Энэ нь бараг гурван парламент дамжин судлагдсан гэх энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бага ч атугай сүүмийж буй гэрэл гэгээ юм. Мөн байгалийн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд хуримтлуулахаар Үндсэн хуульд зохицуулсан нь өнөө ба хойч үеийнхэн эрх тэгш амьдрах боломж бүрдлээ хэмээн харж болно.
 
 
Монголын улс төрийг тектоник хөдөлгөөнд оруулдаг сэдвүүд бол Эрдэнэт, Тавантолгой, Оюу толгой
 
Тогтвортой байдлыг хангах үүднээс Засгийн газрыг огцруулдаг УИХ-ын босгыг өндөрсгөсөн нь гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд нэг талаар эерэг мессэж өгч мэдэх. Харин үе үеийн Засгийн газрууд огцорч ирсэн хөшигний цаадах шалтгаан юу байв гэдгийг эргээд бодвол өөр дүр зураг бууна. Монголын улс төрийг тектоник хөдөлгөөнд оруулдаг сэдвүүд бол Эрдэнэт, Тавантолгой, Оюу толгой гээд байгалийн баялаг тойрсон мэдээ мэдээлэл. Харин нэмэлт өөрчлөлтөөр 6.2 дугаарт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн  үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Энэ заалтад орсон “үр өгөөжийн дийлэнх” гэдэг үгнээс салбарынхан, шинжээчид болгоомжилж буй.
Уурхайн үр өгөөж нь татвар хураамж, цалин хөлс, ашиг, дотоодын худалдан авалт цаашлаад хүний нөөц, ажиллах хүч гээд их өргөн утгатай. Татвар, хураамж, шимтгэлүүд улсад 100 хувь орох ёстой. Гэтэл мөнгөөр хэмжих боломжгүй үр өгөөж ч бий. Эерэг талаас нь харвал гадныхны анхаарлыг татдаг уул уурхайн салбартаа тоглоомын дүрмээ илүү тодорхой болгожээ гэсэн үг. Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн хуульч Д.Оросоо “Тоглоомын дүрмээ үр өгөөжийн дийлэнх нь ард түмнийх байна гэж тодорхой болгож, зөвшөөрсөн хөрөнгө оруулагчидтай л хамтарч ажиллая гэсэн үг. Ингэвэл цаашдаа ард түмэн ч эсэргүүцэхгүй, төр засаг ч тогтвортой, хөрөнгө оруулагч ч найдвартай байх эрх зүйн орчин бий болно” гэж тайлбар хийсэн.
Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн Ажлын хэсгийн хуульч О.Мөнхсайхан “Үр өгөөж гэдэг бол ордыг ашигласнаас төрд төлж байгаа татвар, ашигт малтмалын хураамжаас гадна монгол ажилчдын тоо, Монголын компани, хувь хүмүүсээс бараа үйлчилгээ авч байгаа байдал, эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр зэргийг томоор нь тооцох үзэл баримтлал явж байгаа. Ийм байдлаар ашигтай гэсэн утгаар ойлгосон хүмүүс байхад буцсан гэдгээр ойлгосон хүмүүс бас байна. Аль нь илүү үндэслэлтэй вэ гэдгийг ярилцах шаардлага үүснэ” гэж тайлбарласан. Тиймээс “үр өгөөжийн дийлэнх,” “ард түмэн” гэж юу вэ гэдгийг УИХ холбогдох хуулиудаар тогтоох ёстой.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үер УИХ-ын гишүүн Д.Оюунхорол эл заалттай холбоотойгоор “Ард түмний нэрээр популизм хийх, том төсөл хөтөлбөрүүдээ гацаах, нөгөө талаас эдийн засагтаа хүндрэл үүсэх вий гэсэн нөхцөл байдлаас болгоомжилж байна” гэж анхааруулсан. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт “Энэ бол ард түмэн байгалийн баялгийн үр өгөөжийг хүртэж, нөгөө талаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө эрсдэлд орохгүй байх боломжтой зохицуулалт” гэж гэх тайлбар өгсөн билээ.
 
Стратегийн ордыг Үндсэн хуульд оруулсан нь бодлогын маш том алдаа байв уу
Байгалийн баялаг ашиглахтай холбоотой бас нэг ярих сэдэв бол “Байгалийн баялгийг төрийн нийтийн өмч” хэмээх томьёолол. Энэ талаар нэмэлт өөрчлөлтийн саналын хувилбар бүрд хэвлэл мэдээлэл, судлаачид, мэргэжлийнхэн санал шүүмжлэлээ хэлж байсан. Гэвч зөвшилцлийн Ажлын хэсэг “төрийн нийтийн өмч” гэдэг хувилбараар ард нийтийн санал асуулгад оруулахаар зэхсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар эл томьёоллыг тайлбарлахдаа “Төрийн нийтийн өмч” гэдэг нь аливаа стратегийн ордыг ашиглахдаа ард түмнээс асууна гэсэн утгаар оруулсан гэж буй.
Байгалийн баялаг бол нийтийн өмч. Төр энэхүү нийтийн өмчийг захиран зарцуулах л ажил хийдэг. Харин “төрийн нийтийн” гэж тодотгосноор төр нь ард түмнээс тусдаа өөрөө өмчлөгч гэж ойлгогдож байгааг хуульчид хэллээ. Ингэснээр төрийн өмчит компаниудаар дамжуулан төр стратегийн гэх ордуудыг өмчлөх эрх зүйн үндсээ Үндсэн хуульд суулгаж байна гэж хардах сэдэл гарч ирэх юм.  Харамсалтай нь, үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээнэ гэдэг нь цаашдаа нийгмийн тэгш бус байдлыг улам л даамжруулна. Байгалийн баялаг ард түмний өмч гэдэг үг Үндсэн хуульд байхгүй. Cover Mongolia компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдөл “Стратегийн ордыг Үндсэн хуульд оруулсан нь бодлогын маш том алдаа. Ард түмнийг төөрөгдүүлэгч улс төрчид буюу попууд байгалийн баялгийг ард түмний өмч гэж ярьсаар дас­гаж, итгүүлсэн. Улмаар энэ “шинэ концепц”-оо Үндсэн хуульд ёсжуулахыг оролдож байна. Яагаад Үндсэн хуульд стратегийн орд гэдгийг оруулсан бэ гэдэг хардлага нь энэ. Энэ үгээр халхавчилж хувийн хөрөнгө оруулалттай, эрсдэлээ үүрээд хай­гуул хийж буй компаниудын өмчийг л төрд авах, нийгэмшүүлэх эрх зүйн үндэс сууриа тавьчихлаа” гэсэн юм.

Төрийн өмчит компаниудаар дамжуулж эрх мэдлийн өнгөн дээрээ баялгийн дахин хуваарилалт хийдэг жишиг хөгжингүй пост коммунист орнуудын туулж өнгөрүүлсэн туршлага. “Ийм орнуудад засаг солигдох бүрт, яваандаа эрх баригч намын доторх хүчний харьцаа өөрчлөгдөх болгонд төрийн өмчит компаниудын удирдлага солигддог. Иргэд нь ядуу учраас таалагдахын тулд ард түмний өмч нэрээр булаан авч, санхүүгээ бэхжүүлдэг. Эхлээд нам дотроо, дараа нь нам хооронд өрнөж сүүлдээ төрийн механизм болсон нь энэ” хэмээн Тинк Танк-ийн ТУЗ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх бодлогын алдааг нь тайлбарлалаа. Өдгөө дэлхийн жишиг болсон баялгийн сангууд бүгд олон улсын менежмэнтээр явдаг бөгөөд төр зөвхөн ашгаа аваад л сууж байдаг. Төрийн мэдлийн уурхай ажиллуулсан улс амжилт олсон түүх байдаггүйг судлаачид хэлдэг. Хамгийн тод жишээ нь эрдэсээр баян Африк. 1965 онд тусгаар тогтнолоо олсон Зимбабве улсын түүх гэхэд уурхайн төлөөх олигархиудын л тэмцэлд өнөөдрийн төрхийг олсон.

Нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүл­гийн явцад эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдэх нэг санал гарч ирсэн ч эрх баригчид тойроод гарлаа. Хууль тогтоогчид газрын зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй, төлөвлөлтгүй санал оруулах замаар улсын төсвийг үрэн таран хийж, өрийн дарамтыг нэмэх эрсдэлийг хаах нэг шийдэл нь Үндсэн хуульд өрийн хэмжээг зааж өгөх явдал байв. Монголбанкны мэдээллээр манай улсын гадаад өр ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж буй. Улс орнууд өрийн дарамтаас сэргийлж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулдаг. Харин манайхан үүнийг хийж чадсангүй. Сонгуулийн жил дөхсөн, улс төрийн зах хязгааргүй популизмтай энэ цаг үед эрх баригчид ард түмний дургүйг хүргэхээсээ айж, Үндсэн хуулийг шинэчлэх нэрээр үндсэндээ сэглээд л дуусгах нь уу. Нийт 23 нэмэлт өөрчлөлт орсноос 4-5 нь л ач холбогдолтой, бусад нь салбар хуулиар зохицуулах боломжтой өөрчлөлт байсан гэж хуульчид дүгнэж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com