Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЁС ЖУРАМГҮЙ ПАРЛАМЕНТЫН БАЛАГ ҮЛЭМЖ ИХ

Айл гэр бүр өөрийн гэсэн төсөвтэй. Адилхан орлоготой хоёр гэр бүлийн нэг нь боломжийн хэмжээнд амьдралаа зохицуулаад авч явж болоод байхад харин нөгөөх нь үргэлжийн өр ширтэй, элдэв асуудалд хутгалдаж явах нь бий. Яагаад ийм байдаг юм бэ гэдэг асуултад ганц хариулт бий. Тэр нь олох орлогынхоо хэмжээнд зарлага гаргах ёстой гэсэн “алтан дүрэм” байдгийг гэрийн төсөв барьж буй хэн ч хэлээд өгнө. Улс орны төсөвт яг л энэ дүрмийг баримтлах учиртай.
Парламентын засаглалтай улс орон жил бүр төсвөө зохиож, хуульчлах эрхийг нь гишүүдэдээ даатгадаг. Манай улсын хувьд ч ялгаагүй. Улсын төсөв зохиох, батлахад хамгийн ихээр чухалчилж үздэг нэг үзүүлэлт байдаг нь төсвийн орлого, зарлага тэнцэж байх явдал. Тухайн санхүүгийн жилийн зарлага нь орлогоос хэтэрч байвал төсвийн алдагдал бий болно. Чухамхүү энэ үзүүлэлтээс улсын эдийн засгийн байдал, эрх барьж байгаа улс төрийн хүчний хэрэгжүүлж байгаа бодлогыг “уншиж” болдог. Төсвийн алдагдал бий болоход нөлөөлдөг хүчин зүйл бий л дээ. Дайн самуун, эдийн засгийн хямрал, хэмжээнээсээ хэтэрсэн нийгмийн бодлого, далд эдийн засаг, татварын буруу бодлого зэргийг дурдаж болох юм.


Хамгийн сайн төсөв нь тооцоо судалгаа сайн хийсэн, алдагдалгүй байх учиртай юм. Сүүлийн гурван жилд Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүний дэлхийн үнэ ханш огцом өсч, үүнийг дагаад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудын санхүүгийн тусламж ар араасаа цувран урсаж байгаа үед алдагдалтай, тэр дундаа их наядаар хэмжигдэх алдагдалтай төсөв өргөн барихыг, түүгээр үл барам энэ нь дөрвөн жил үргэлжлэхийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй. Жил бүр Засгийн Газар төсвөө өргөн барихад хэчнээн хэмжээний алдагдалтай байгаа талаар татвар төлөгч иргэн бүр анхаарлаа хандуулж, хувийн дүгнэлтээ хийж, эрх баригчдад дуу хоолойгоо хүргэж байх учиртай. Учир нь та бидний хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөж олсон хэдэн цааснаасаа өгсөн татварын мөнгийг УИХ хэнд хэрхэн хуваарилж байгаад хяналт тавьж байх ёстой юм.


Энэ жилийн төсөв өмнөх гурван жилийнхтэйгээ яг ижил туйлын муу болсон байна. Төсвийн алдагдал 2017 онд 2 их наяд 711 тэрбум төгрөг, 2018 онд 2 их наяд 420 тэрбум төгрөг, 2019 онд 1 их наяд 900 тэрбум төгрөгөөр батлагдсан. Ирэх жил хоёр их наяд төгрөг давсан алдагдалтай төсөв дахин өргөн барьж байгаа юм. Ийм архаг төсвийн алдагдалтай улс орон дэлхий нийтэд туйлын цөөхөн байдаг. Ихэнхдээ дотоодын дайнд нэрвэгдсэн, эсвэл африкийн ядуу буурай хэдэн тооны улс архаг төсвийн алдагдалтай. Гэтэл нэг хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд дээгүүр бичигдэх манай улс сүүлийн дөрвөн жилд есөн их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлахад бэлэн болчхож. Энэ нь өнгөрсөн сонгуулийн үеэр сонгогчдыг айлгадаг “Чингис бонд”-ыг хэд дахин нугалах их хэмжээ. Түүнийг татвар төлөгчдийн халааснаас төлнө, та бидний хойч ирээдүйд өр болон үлдэнэ. Үүнийг хэрээсээ хэтэрсэн үйлдэл гэж нэрлэхэд ч багадаж байна.


Ер нь төсвийн алдагдлыг шийдэх хэд хэдэн арга бий. Гүйлгээнд шинээр мөнгө хэвлэн гаргаж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж болно. Гэвч энэ нь үнэ хөөрөгдөж, инфляцийг нэмэгдүүлснээр эдийн засаг, нийгмийн хямралыг шууд өдөөх аюул дагуулдаг. Энэ бол өнөөгийн Венесуэлийн дүр төрх. Дэлхий нийт энэ аргаас татгалздаг.
Мөн төсвийн зарлагаа танах чухал арга бий. Төсвийн зарлагыг хорогдуулах боломж үргэлж байдаг. Гэвч 2016 онд нэгдсэн төсвийн нийт зарлага 7,954.4 тэрбум төгрөг байсныг 2020 онд 13,872.6 тэрбум буюу даруй таван их наядаар нэмчхээд сууж байгаа хүмүүс “сургууль, цэцэрлэгийн халаалт, дулааныг хааж, цалин тэтгэврийн хэмжээг бууруулах боломжгүй” гэсэн болоод цааргалж л таараа. Уг нь энэ аргыг хэрэглэх хангалттай хугацаа тэдэнд байсан юм.


Бас татварын хувь хэмжээг өсгөх арга байж болно. Гэвч энэ нь татвар төлөгчдөд татварын нэмэлт дарамт үзүүлж хэрэглээ, хөрөнгө оруулалтыг хязгаарлахад хүргэх учраас татгалзах хэрэгтэй. Нийт хэрэглээ буурч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Тийм болохоор тийм ч оновчтой сонголт биш.
Эцэст нь төсвийн алдагдлыг улсын өр болгон хувиргах арга л үлдлээ. Манай эрх баригчдын дуртай шийдэл. Төр нь тогтворгүй, Засгийн газар нь богино хугацаанд солигдож ирсэн нь магад энэ аргыг сонгохоос өөр гарцгүй болгосон байхыг үгүйсгэхгүй. Энэ нь иргэд, аж ахуй нэгжийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх эсхүл олон улсын санхүүгийн зах зээл дээрээс зээл авах замаар төсвийн алдагдлыг нөхдөг. Тухайн үедээ асуудлыг шийдвэрлэж байгаа мэт боловч, аажмаар улсын өрийн хэмжээг нэмэгдүүлэх асар сөрөг үр дагавар авчирдаг тааруухан арга. Гэвч бидэнд өөр сонголт алга.
Манай Сангийн сайд нийгмийн сүлжээнд их наядаар өр төлсөн гэж улс төржих дуртай нэгэн. Гэхдээ энэхүү өр хэрхэн яаж үүссэн талаар огт дурдаж байсангүй. Зөвхөн гадаад өрийн ДНБ-д харьцуулсан хувь хэмжээг өр буурсан гэж мушгин гуйвуулна. Дэлхийн түүхий эдийн зах зээлийн ханшнаас хамааралтай жижигхэн эдийн засагтай манай улсын хувьд гадаад өрийн ДНБ-д харьцуулах хувь хэмжээ ашиглах нь туйлын өрөөсгөл ойлголт. Хэрэв зэс, нүүрсний ханш унавал, гадаад өрөө буулгасан ч ДНБ-д харьцах хувь нь өмнөх жилүүдээсээ хавьгүй ихэсч гарна. Хэрэв түүхий эдийн ханш өсөөд ДНБ нэмэгдээд эхэлбэл гадаад өр нэмж тавьсан ч өрийн харьцаа буурч харагдана. Ийм л тодорхой зүйл дээр улс төр хийж гайхуулах ер нь хэнд хэрэгтэй юм бол доо?


Дөрвөн жил дараалан есөн их наяд төгрөгийн алдагдалтай төсөв өргөн мэдүүлж Монгол Улсын эдийн засгийг сөхрүүлэх адгийн бодлого хэрэгжүүлснээ нуух гэж тэр үү? Манай эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа нэмэгдсэн энэ жилүүдэд алдагдалтай төсөв өргөн барих өчүүхэн ч шалтгаан байхгүй. 2012-2016 онд зэс, нүүрсний үнэ ханш 3-6 дахин унаж, эдийг засгийн хямрал нүүрлэчихсэн үе байсан бол аргагүй гэхсэн. Гэвч 2013 онд өргөн барьсан төсөвт төсвийн алдагдал ДНБ-ний хоёр хувь буюу 356.3 тэрбум төгрөг, 2014 онд төсвийн алдагдал ДНБ-ний хоёр хувь буюу 416.3 тэрбум төгрөг, 2015 онд төсвийн алдагдал ДНБ-ний 1.8 хувь буюу 439.2 тэрбум төгрөг, 2016 онд төсвийн алдагдал ДНБ-ний 3.4 хувь буюу 940.5 тэрбум төгрөг байсныг эргэн сануулъя.


Ийнхүү энэ удаагийн парламент Монгол Улсын түүхэнд хамгийн их өр үйлдвэрлээд буух нь. Гадаад өртэй холбоотой ганц ам.долларын төлбөр хийгдсэнгүй. Бондууд хэвээр үлдсэн. Сү. Батболдын Засгийн газрын /Бид 17 хувийн эдийн засгийн өсөлт авчирсан гэж өөрсдийгөө магтдаг үе/ босгосон Евро бондын нэрийг нь өөрчилж, хугацааг нь сунгачхаад өр төлсөн гэж иргэдээрээ даажигнасан. Хамтарсан Засгийн үед Сангийн сайд Ч.Улааны босгосон Самурай бонд, Ж.Эрдэнэбат сайдын босгосон Дим Сам бонд ч хэвээрээ. Уг нь бага хүүтэй гадны бондыг зөв ашиглаж чадвал эдийн засагт “шар тос” байдаг л даа. Гэвч хий хоосон улс төржилтөөрөө нийгэмд бонд шиг муухай юм байхгүй гэх ойлголтыг гүн бат суулгаад өгчихлөө, өнөөгийн эрх баригчид. Гэвч Хөгжлийн банкаараа дамжуулан 500 сая ам.доллар, Ипотекийн корпорацаараа дамжуулаад 300 сая ам.долларын бонд босгохоо тэд мэднэ. Энэ тухай нийгэмд чимээгүйхэн өнгөрч байх жишээний.


Ирэх дөрвөн жилд Засгийн газар гадаад бондын 2.9 тэрбум ам.доллар, Монголбанкны своп, бусад төрийн болон төрийн бус компаниудын 11 орчим тэрбум ам.долларын гадаад өр төлөгдөхөөр хүлээгдэж байна. Үүнийг Монголын эдийн засаг дийлэхгүй. Ерөнхийдөө зэс нүүрсний уналтын мөчлөг ч эхэлж байх шиг байна. Үнэхээр хоноцын сэтгэл. Эдийн засгаа нугаслах бүх зүйлийг мэргэжлийн өндөр түвшинд хангалттай хийж чадлаа, энэ парламент. Удахгүй Монгол Улсын гурван сая иргэдийн амьдрал хүндэрч, энэ улс орны хөгжлийн тухай ярих хий хоосон мөрөөдөл болон үлдэж байх шиг. Үнэхээр ёс журамгүй парламентын балаг үлэмж их ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com