-ЖДҮХС-г устгаад чиг үүрэг агуулга, хамрах хүрээ нь тэс хөндлөн гурван санг нэгтгэж мөнгө угаах гэж байна-
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС), Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС), Мал хамгаалах сан (МХС)-г татан буулгаж, улмаар нэгтгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” (ҮҮДС)-г шинээр байгуулахаар Тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьжээ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр улсын төсвөөс зөвхөн ЖДҮ-ийн салбарыг бодлогоор дэмжин олгодог 10 хувийн санхүүжилт буюу жилдээ 120-190 тэрбум төгрөг үгүй болох аюул нүүрлээд байна. Тэрчлэн ЖДҮ-ийн 300 саяас нэг хүртэл тэрбум төгрөгийн зээлийг банкаар дамжуулан олгоно, ингэхдээ ЖДҮ-ийн зээлийн босго буюу шалгуурыг энгийн иргэн авах ямар ч боломжгүй түвшинд тавьжээ. Тодруулбал, ҮҮДС-гаас зээл хүсэгч нь аль нэг банк, ББСБ-д өр зээлгүй байх ёстой гэж. Гэтэл өнөөдөр ард иргэдийн 99 хувь нь хэрэглээний, цалингийн болон арилжааны зээлийг өндөр хүүтэй банк, ББСБ, ломбарднаас авсан байдаг. Тиймээс эрх баригчдын ЖДҮХС-г татан буулгах шийдвэр бол зөвхөн өөрсдөдөө зориулсан гаргалгаа гэж жинхэнэ ЖДҮ эрхлэгчид харж байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь зээл авсан увайгүй УИХ-ын гишүүдийн нэрээ цэвэрлэж, дахин сонгуульд өрсөлдөх гэсэн башир арга гэж үзэж байна.
Ийнхүү сангуудыг нэгтгэснээр ЖДҮ-гийн хамгийн том хөшүүрэг, цаашлаад Монгол Улсын ирээдүйн хөгжил үндсэндээ үгүй болох нь.
ЖДҮХС томрох нь хэнд ашиггүй вэ. Харин ҮҮД сан байгуулах нь хэнд ашигтай вэ гэдэг бас нэгэн асуулт эндээс ургаж буй. Учир нь УИХ-ын гишүүд өнөөдөр ЖДҮХС-гаас зээл нэрийн дор мөнгө авч чадахгүй болсон учраас том үйлдвэрлэгч нарт ашигтай ҮҮД сан гэгчийг байгуулж, мөнгө угаах арга сэдэж буй бололтой. Зүй нь, ЖДҮХС-гийн гурван хувийн хүүтэй, урт хугацаатай зээл нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн хэрэгтэй, хөшүүрэг болдог санхүүжилт байсан юм. Гэтэл эрх баригчид энэ санг байх хэрэггүй гэж үзлээ. Улмаар ЖДҮХС-г устгаад чиг үүрэг агуулга, хамрах хүрээ нь тэс өөр буюу тэс хөндлөн гурван санг нэгтгэж, “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” гэдэг сүржин нэр өгөөд, үүгээрээ дамжуулан мөнгө угаахаар зэхэж буй бололтой. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж ямар нэг сангаас мөнгө зээлэх нь хууль бус үйлдэл төдийгүй өнөө Монгол Улсыг саарал жагсаалтад оруулаад байгаа мөнгө угаах гэмт хэрэг мөн юм. Цаашлаад энэ бол эх орныхоо хөгжилд чөдөр тушаа болж, ядарсан ард иргэдээ мөлжиж, эх орноосоо урваж буй үйлдэл.
Хэрэв мартаагүй бол 2017-2018 онд ЖДҮХС-гаас УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөрийн мэдээлэлд ойр давуу тал, албан тушаалаа урвуулан ашиглаж, жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг хууль бусаар тэрбум тэрбумаар нь хуваан авсан нь илэрч, хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Тодруулбал, нийслэлийн Прокуророос УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, тухайн яамны ТНБД болон ЖДҮХС-гийн захирал асан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутган, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Уг нь энэ хэрэг ганц Б.Батзоригоор туг тахиад шийдэгдэх асуудал огт биш. Өнөөдрийн байдлаар УИХ-ын нэр бүхий 49 гишүүн тус сангаас албан тушаалаа ашиглан ямар нэг байдлаар зээл авсан нь илчлэгдсэн. Тиймээс жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой зээлийг булаан авч, Монгол Улсын үндэсний үйлдвэрийн хөгжилд чөдөр тушаа болж, ард түмний боломжийг хулгайлсан улстөрчдөд бүгдэд нь хариуцлага тооцох ёстой. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ЖДҮХС-гаас парламентын 49 гишүүн зээл авсан. Гэтэл энэ зээлийг авсан сангаа хэд хэдэн сантай нэгтгэхээр татан буулгах гэж байгаа юм байна. 2020 оны сонгуульд ЖДҮ-чин гишүүн гэдэг хоч нэр дэвшихэд нь нөлөөлнө гэж үзээд эрх баригчид татан буулгахаар шийдэж. Санг татан буулгаснаар хариуцлага нэхэх субьект байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн болон бусад албан тушаалтнуудыг шалгах субьект нь байхгүй болж, хэрэг нь хаагдаад явах юм байна. Угаасаа хөөн хэлэлцэх хугацаагаар энэ гэмт хэрэг хаагдах хугацаа дөхөж байгаа ч биз. ЖДҮ сангаа татан буулгаж, ЖДҮ нэрээ хусахын тулд эрх баригчид ийм үйлдэл хийж байна. Гэхдээ санг устгаж болох ч ард түмэн хийсэн хэргийг нь мартахгүй шүү” гэж УИХ-ын чуулганы үеэр хэлсэн.
ЖДҮХС-гаас олгож буй урт хугацаатай, нэн хөнгөлөлттэй зээл нь ЖДҮ эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас том үйлдвэрлэгч болоход санхүүгийн хамгийн том дэмжлэг байсан юм. Гэтэл ЖДҮХС-г ҮҮД сан болгон өөрчилж байгаа нь үндэсний үйлдвэрлэл хөгжих, жинхэнэ ЖДҮ-чдийг дэмжих дэмжлэгийг үндсэндээ устгаж буйтай агаар нэг үйлдэл. Ер нь ТЭДС, “Мал хамгаалах сан” нь том аж ахуй нэгж, томоохон үндэсний үйлдвэрлэгчдэд зээл олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг салбар. Эргэлтийн хөрөнгө, үүнээс гарах үр өгөөжийг ЖДҮ-ийн салбартай харьцуулшгүй. Тэмээ, ямаа, тэнгэр газар шиг ялгаатай ийм гурван том салбарыг нэгтгэж, нэг сан байгуулна гэдэг үнэндээ “тэнэг” хүний л сэдэх ажил. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ, “Засгийн газрын 29 тусгай санг 21 болгохоор төсөлд тусгасан. Тухайлбал, нэг байранд байдаг ТЭДС, Мал хамгаалах сан, ЖДҮХС-г нэгтгээд нэг сан байгуулахаар тусгасан” гэв. Ийм тэнэг шалтгаан байж болох уу. Чиг үүрэг нь тэс өөр гурван санг ердөө л нэг байранд хамт байрладаг гэдэг шалтгаанаар нэгтгэнэ гэсэн тайлбар өгч байгаа Сангийн сайдын хариултын цаана чухам өөр ямар өөдгүй санаа явж байгааг хэн ч хараад ойлгохоор. Тэд зүгээр л ЖДҮХС-г тэрбум тэрбумаар нь зээл авч цөлмөсөн, ЖДҮ-чин гэдэг муу нэрээ арилгах, улмаар уг хэргээс мултрах, сонгуульд дахин өрсөлдөх, цаашлаад ҮҮД сан гэдгээрээ дахин зээл авах эрх зүйн орчноо Үндсэн хуулийн бус аргаар хийж буй үйлдэл юм.
Угтаа дэлхийн бусад орнуудад ЖДҮХС-г бусад сантай нэгтгэсэн нэгээхэн ч тохиолдол үгүй билээ. Энэ бол дангаар хөгжүүлэх ёстой, төрөөс бодлогоор авч явах ёстой маш чухал стратегийн салбар. Тиймээс л улс орнууд ЖДҮ-гийн салбарыг номер нэг бодлогоо болгон үйлдвэрлэгч нараа дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ тэтггэж, бусад улс оронд экспортлох замаар эдийн засгаа эргэлтэд оруулж, эрүүлээр авч явдаг юм.
Уг нь улстөрчдийн сангуудыг хоосолдог увайгүй үйлдэл олон түмэнд илчлэгдэж, ЖДҮХС-гийн журамд өөрчлөлт оруулж, олон нийтийн хяналт дор жинхэнэ эзэддээ очдог болж, энэ салбар хөгжлийн зөв зүг чигтээ орох эхлэл тавигдсан. Даан ч ийм чухал цаг үед ЖДҮХС-г үгүй хийж байгааг үнэхээр эрүүл саруул ухаанаар бодоод ч ойлгохгүй нь. Ганцхан тоо л хэлье. Өнөөдөр Монгол Улсад 90 гаруй мянган ААНБ бүртгэлтэй байгаагийн 70 гаруй мянга нь ЖДҮ-ийн салбарынх. Эндээс харахад л, үндсэндээ Монгол Улсыг жижиг, дунд үйлдвэрлэгчид нуруун дээрээ авч яваа гэсэн үг. Ийм том массыг эзэлж буй салбарыг дэмжих санг устгаж, үгүй хийнэ гэдэг улс орноо мухардалд оруулж буйтай ижил. ЖДҮ эрхлэгчдийг дэмжихгүйгээр улс орон хэрхэвч хөгжихгүй. Өнөөдөр байгалийн баялаг бол шавхагдаад дуусах зүйл. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжил нь нь ус, агаар мэт хэрэгтэй, үр хойчид үлдэх ганц хөгжлийн хөшүүрэг. Дахиад нэг тоо дурдъя. 2018 онд ЖДҮХС 99 тэрбум төгрөгийг 200 гаруй аж ахуй нэгжид өгснөөс үүний 100 гаруй нь улстөрчдийн хамаарал бүхий компани байсан. Харин 2019 онд олон нийтийн хяналттай 47 тэрбум төгрөгийг 500 орчим жинхэнэ ЖДҮ-чдэд өгсөн байна. Энэ бол тэнгэр газар шиг ялгаатай тоо бас баримт юм. Төдий хэмжээний мөнгийг цөөн хэдэн улстөрчдийн компаниуд хуваагаад авсан бол өнөөдөр хоёр дахин бага санхүүжилтыг ямар олон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хуваагаад авч байгааг харьцуулаад бодоод үзээрэй. Улстөрчдийн том компаниуд өнөөдөр ЖДҮ-гийн салбарыг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх үү, жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байр нэмэх үү? Ийм л энгийн логик энд харагдаж байна. Гэтэл яагаад ЖДҮХС-г устгах гээд байна вэ?
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ЖДҮ-ийг дэмжих дэд хорооны даргаар сонгогдоод удаагүй. Түүнээс энэ талаар тодруулахад “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтай уулзах үеэр сангийн зээл олголт, хуваарилалт, сонгон шалгаруулалт харьцангуй аятайхан болсон гэдгийг хэлсэн. Өмнө нь 90-ээд тэрбум төгрөгийн санхүүжилтыг 200 гаруй ААНБ-д өгсөн бол энэ онд 47 тэрбумыг 400 гаруй үйлдвэрлэгчид өгсөн . Эндээс үзвэл, энэ салбар зөв голдиролдоо орж байна. Монгол Улсад ЖДҮ хөгжих, эдийн засгийг дэмжих боломж маш их бий. Гэтэл бусад сангуудтай саармагжуулах нь маш буруу. Миний бодлоор ЖДҮХС тусад нь хөгжүүлж, үйл ажиллагааг нь түлхүү дэмжих ёстой” гэв.
Ийм л учраас ЖДҮХС-д жил болгоны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийг хуваарилна гэж заасан байдаг. Улмаар энэ заалтыг 2030 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө гэж Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр өөрчлөлт оруулсан. Гэтэл хуулийн энэ заалт хэрэгжиж амжаагүй байхад “нүд аниж байгаа” нь УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, түүний хамаарал бүхий этгээдүүд олон нийтийн хяналттай ЖДҮХС-гаас зээл авч чадахгүй болсонтой холбоотой гэж үзэхээс өөр аргагүй байна. Өөрөөр хэлбэл, дөнгөж тавхан сарын өмнө өөрчилсөн хуулиа эрх баригчид “булшилж” орхих нь. Нэг хууль гаргачхаад таван сарын дараа түүнээсээ буцна гэдэг УИХ, Засгийн газар ямар ч барьцгүй, эрх зүйн чадамжгүй байгааг нотлон харуулж байна.
Эндээс дүгнэхэд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд үндэсний үйлдвэрийг хөгжүүлж, сэргээх сонирхолгүй, худалдааны эдийн засаг буюу импортын барааг шүтэж, мөргөсөн явдал болж байна. Эдгээр санг нэгтгэж, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан болгох нь ЖДҮ эрхлэгчдэд очих санхүүгийн дэмжлэг байхгүй болж, үндэсний үйлдвэр хөгжихөд асар эрсдэлтэй болно. Мөн уг хуулийн төслийг дагалдаж, “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 4 дүгээр зүйлд “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.8, 11.9, ба 11.10 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.2в ба 8.1.2г дахь заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэж өөрчлөлт оруулж байгааг нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчид эсэргүүцэж байна.