Сүүлийн гурван жил Монгол Улсын эдийн засаг өссөн тухай улстөрчид, эдийн засагчид магтан дуулсаар ирсэн. Үнэхээр манай макро эдийн засгийн тоонууд чамлахааргүй хэмжээгээр нэмэгдсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн эдийн засагт шар гэрэл асав. Цаашдаа улаан гэрэл асахад бэлэн болсныг олон улсын FATF хэмээх байгууллага анхаарууллаа. Тус байгууллагын үзэж буйгаар манай эдийн засаг сааралтаж эхэлсэн. Өмнө нь олон улсын байгууллагууд тухайн орны эдийн засаг өсч байвал сайн үнэлгээ өгдөг байсан. Харин өнөө цагт эдийн засгийн өсөлтийг бус эрүүл мэндийг нь л үнэлдэг болсон. Өөрөөр хэлбэл, баян хүн бүр сайн хүн биш. Харин мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаар нь дүгнэнэ. Эдийн засгийн уламжлалт үнэлгээгээр бол манай улс хурдтай хөгжиж байгаа.
Харамсалтай нь энэ хөгжил бол гайхуулаад байх зүйл биш болохыг FATF дэлхий дахинд зарлаж орхилоо. Бид дотооддоо толгой эргэм их тоог яаж ч магтан дуулж болно. Нүдээ дарчхаад нуугдчихсан гэж тоглодог жаахан хүүхэд адил дээр дооргүй өөрсдийгөө магтаад байх амархан. Өнөөдөр монголчуудын амьдрал дэлхий дахинаас хараат болсон. Хаа холын Иран, хойт Солонгосын цөмийн зэвсгээс эхлээд сансрын жуулчлал хүртэл бидний амьдралд нөлөөлнө. Дэлхий биднээс хамаарахгүй ч, дэлхийгээс бид хамааралтай болсон. Гэтэл бид эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг хуурахыг оролдсон ч бүтэлгүйтлээ. Бид ч биш. Манай төр л ийм увайгүй араншин гаргаж байна. Мэдээж FATF монголчуудыг хорлох гэж дэлхийг мөнгө угаалт, терроризмын заналаас хамгаалах гэж манай эдийн засаг сааралтсаныг зарлаагүй. Харин улстөрчид эдийн засгаа сааралтуулбал хүн ард нь зовдог гэдгийг мэддэг учраас эдийн засгийн улаан, ногоон жагсаалт гаргадаг гэнэ. Дэлхийд зарладаг учир нь тухайн ард түмэн мэдээлэл муугаас эсвэл мэдээлэлтэй ч эрх баригчдаа хянаж чадахгүй тохиолдолд соёлт гүрнүүдийг хамтран ажиллахгүй байхыг уриалж байгаа хэрэг аж.
Эндээс харвал улстөрчид улс орон дотроо галзуурч болдог байсан үе өнгөрсөн. Тэд ард түмнээ дарангуйлж болно гэж бодож болохгүй юм байна гэдгийг ойлгох цаг ирсэн. Хачирхалтай нь саарал эдийн засгийн жолоон дээр сууж байгаа эрхэмүүд ойлгох нь бүү хэл хэзээ нэгэн цагт ойлгох нь ч эргэлзээ төрүүлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкныхны үзэж буйгаар саарал жагсаалтад орох нь нэг их том асуудал биш. Бараг л баярламаар зүйл бололтой. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаа хүлээж авчхаад баясгалантайгаар Монголбанк валютын нөөцгүй болсныг зарлаж байв. Дэлхий дээр өөрийн удирдаж байгаа банкаа дампуурсныг зарласан анхны бөгөөд эцсийн ерөнхийлөгчөөр нөхөр Н.Баяртсайхан л түүхэнд үлдэх болов уу. Саарал жагсаалтад ормогц л “ногоон” цаасны ханш өсөөд эхэлсэн. Монголбанкны үзэж буйгаар бол “түр зуурын бяцхан үзэгдэл” гэнэ. Тэгвэл энэ “бяцхан үзэгдэл” ард түмний нуруун дээр хэр хэмжээний ачаа авчрах бол. Монголчууд хэрэглээний 80 шахам хувийг импортоор авдаг. ДНБ-ий 60 гаруй хувь нь “ногоон” цааснаас хамааралтай. Ногоон цаас хэдэн хувиар өснө, тэр хэмжээгээр иргэдийн зарлага өснө. ДНБ-ий 60 хувь нь ногооны цаасны бүсэд хамаарч байхад яаж “түр зуурын бяцхан үзэгдэл” гэж харж байгаа нь ойлгомжгүй. 20 их наяд төгрөгийн ханш арван хувиар унахад хэр хэмжээний хохирол гарахыг сургуулийн хүүхэд ч тооцоолж чадна. Дээр нь энэ жил нийслэлд инфляц есөн хувьд хүрсэн. Энэ бүхэн татвар төлөгчдийн нуруун дээр ассан гал. Сонирхолтой нь татвар төлөгчид нэрвэгдсэн долларын ханшийн өсөлт, инфляц нь Засгийн газарт нааштай үзүүлэлт болж хувирна. “Засгийн газар мөнгөний ханшийг унагах замаар ард түмнийг дээрэмддэг” гэсэн үг байдаг. Манай улсын хувьд энэ үг долларт илүү ихээр хамаарна. Долларын ханшийн уналт, инфляци нь бараа, үйлчилгээний үнийг өсгөж, төгрөгөөр илэрхийлэгдэх тоо хэмжээг өсгөнө. Энэ нь Засгийн газарт макро эдийн засаг өссөн, төлбөрийн тэнцэл ашигтай гарсан, татварын орлого өмнөх оноос хоёр их наяд төгрөгөөр өссөн гэх сурталчилгаа болно. Энэ нь манай эдийн засгийг харуулсан гоё, том тоонууд ард түмэнд өгөөжтэй биш гэдгийг батална. Манай хурган эдийн засаг сайн муу байх нь дэлхийд падлийгүй. Зөвхөн бидний л амьжиргаанд хамаарна. Харин FATF-ийн мэдээлэл дээд шатанд аюултай биш бол доод шатанд ямар нөлөө үзүүлэх вэ.
Зарим эдийн засагчдын үзэж буйгаар валютын гүйлгээний хураамж нэмэгдэнэ. Мөн гүйлгээ удааширна. Гүйлгээний хяналт нэмэгдэж хугацаа уртсах тул гүйлгээ хийж байгаа банкууд хураамжаа нэмэхээс өөр замгүй. Мөн өмнө гурван төрлийн төрлийн шалгалт хийдэг байсан бол одоо хоёр дахин нэмэгдэх учраас хугацаа хоёр дахин уртасна. Энэ бүх зардал бараа үйлчилгээний өртгийг өсгөнө. Соёлт гүрнүүдийн компаниудтай байгуулсан манай гэрээ хэлэлцээрүүд эргэлзээтэй байдалд шилжинэ. Өнөөдрийн байдлаар ОУВС маш тодорхойгүй байдалд шилжээд хэдэн сар болж байна. Мөнгө угаадаг, терроризмыг санхүүжүүлдэг орны жагсаалтад орсон Монгол Улсад ОУВС мөнгөө цутгаад байх нь эргэлзээтэй. Дээр нь Японтой байгуулсан стратегийн түншлэлийн гэрээ ч сураг алдарч эхэлсэн. Дээрх гэрээнүүдийн хэрэгжилт доод шатныханд ашигтай байсан. Ирэх жилийн төсөвт иргэдийн цалин тэтгэвэр нэмэх тухай их ярьж байгаа. Тэр нэмэгдэл нь энэ жил идсэн ууснаасаа багыг худалдан авах тохиолдолд ард иргэдэд бус Засгийн газарт л авчрах том ашиг болно. Ирэх жилийн төсвийг тансаг төсөв гэж болно. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай. Хавтгайрсан халамжтай. Харин 2021 оноос том өрүүдийг дарж эхэлнэ. Одоогоор Монголбанкинд байгаа 3.6 тэрбум долларыг эс тооцвол гадаад өр бүү хэл төсвийн алдагдлаа ч нөхнө гэсэн баталгаа алга. Засгийн газар маань халамжийн хавтгайрсан бодлогоо зорилтот бүлгийг ядуурлаас гаргах арга зам гэж үзэж байна. Ядуу хүнд халамж өгөөд ядуурлаас гаргадаг бол дэлхий өнөөдөр нэг ч гуйлгачингүй байх боломжтой. Манай эрх баригчид саарал жагсаалтыг энэ сэтгэхүйгээр харж байна. Дэлхийн хамгийн муу жагсаалтад орсон гэдгээ ойлгохгүй бололтой. Бид саарал ус ашиглах тухай олон жил ярьсан олигтой үр дүнд хүрээгүй. Гэхдээ саарал ус ашиглаагүй гээд бид өнөөдөр цангаагүй л байна. Харин мөнгө угааж, терроризмыг санхүүжүүлдэг цол нь саарал уснаас шал өөр асуудал гэдгийг ойлгохгүй байгаа нь л бидний аюул гэнэ.
Эндээс FATF үнэн хэрэгтээ биднээс юу хүссэн бэ гэдэг асуулт гарна. Энгийн иргэдэд бол хүнээр гуйлгаад байх биш, иргэд нь шаардаад л хийчих ажил. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын цэргийн техникийн сэлбэгийг Хойд Солонгост худалдахыг завдсан асуудал гарсан юм байна. Энэ нь бидэнд онц аюултай санагдахгүй ч олон улсын хэмжээнд бол ноцтой асуудалд тооцогддог аж. Гэхдээ энэ хэрэгт хэн нэгнийг буруутгах, цагаатгах шаардлага тавиагүй. Шүүхээр оруулаад худал үнэн эсэхийг хэлээд өгөөч гэсэн байна. Бас нэг асуудал нь арилжааны банкуудыг ОУВС активаа нэмэгдүүлэх шаардлага тавьсан. ОУВС, Монголбанк шалгалт дууссан тухай мэдээлэл хийсэн ч үр дүнг өнөө хүртэл зарлаагүй. Банкууд активаа Монголбанкнаас өгсөн тэнсэнгийн хугацаанд 500-700 тэрбум төгрөгөөр нэмж чадсан. Гэтэл ОУВС хэнээс, хаанаас мөнгө босгосон тухай мэдээллийг нэхээд суучхав.
Эндээс эхлээд Монголбанк дуугаа хурааж, ОУВС нүүрээ буруулах эрсдэл үүссэн бололтой юм. Мөн манай улсад ломбард, ББСБ гэх мэт багагүй хэмжээний мөнгө эргэлддэг салбарууд бий. Энэ мөнгийг бас хяналтад оруулах шаардлага тавьсан гэнэ. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход цаг, зардал гаргаад байх шаардлага байхгүй. Хууль хэрэгжүүлэх л асуудал. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нараар туг тахих тухай мэдээлэл сошиалаар гарч эхэллээ. Үнэн хэрэгтээ энэ нь урд хөл бүдрэхэд хойт хөлийг ташуурдав гэдэг болно. Уг нь энэ асуудлыг шийдэх Үндэсний хороотой, дарга нь хууль зүйн сайд Ц.Нямдорж л юм байна шүү дээ. Харин тэр нь саарал ус, саарал жагсаалтынхаа ялгааг мэддэг л байгаа даа.