Ашигт малтмалын тухай хууль болон дагалдах журманд өөрчлөлт оруулж, улмаар хүчингүй болгон энэ завсар нь улстөрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын лицензийг авдаг ноцтой баримтыг дэлгэн тавъя.
Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 60.9-д заасан талбайд сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Уул уурхай хүнд үйлдвэрийн яам) батлахаар тусгажээ. Үүний дагуу Уул уурхайн сайдын 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталсан.
Уул уурхайн сайдын 2015 оны зургадугаар сарын 26-ны А/126 дугаар тушаалаар Уул уурхайн сайдын 2015 нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар батлагдсан журамд “Сонгон шалгаруулалтын талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай, хууль бус олборлолтонд өртсөн, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байвал Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” гэсэн 1.5 дугаар заалтыг шинээр нэмж оруулсан байна. Энэ нь орон нутгийг дэмжих зорилгоор гэсэн нэрэн дор яг үнэн хэрэгтээ орон нутгийн өмчит биш дийлэнх нь өмнө нь зориуд бэлдэж байгуулсан компани, аж ахуйн нэгжүүддээ лиценз өгөх луйврын эхлэлийг тавьсан байгаа юм.
Мөн уг журманд Уул уурхайн сайдын 2017 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтонд өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар явуулж болно.” гэсэн 1.6-р заалтыг шинээр нэмж оруулжээ.
Уул уурхайн сайд /хуучнаар/-ын 2015 оны 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг “Сонгон шалгаруулалтын талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсхүл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байвал төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно.” гэж өөрчлөн найруулсан байна.
Журманд орсон дээрх нэмэлт өөрчлөлтүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг хориглох” гэсэн 14-р зүйлийн заалтыг болон уг хуулийн 10-р зүйлийн 10.1.2-ын “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 60-9-д заасан сонгон щалгаруулах журмыг засгийн газрын эрх олгосноор батлах” гэсэн заалтуудыг болон уг журмынхаа 1.1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчиж байна. Түүнчлэн Ашигт малталын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 60-д “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт гэсэн заалт байхгүй.
Дээрх нэмэлт өөрчлөлтүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулж, Эрх зүйн хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй (эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем-legal.info-д байхгүй) байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар сонгон шалгаруулалтын журманд нэмэлт өөрчлөлт оруулснаас дөрвөн сарын дараа сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталж, Уул уурхайн сайдын 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг хүчингүй болгожээ. Уг журманд түрүүчийн журмын 1-р зүйлд түүн дотор 1.5, 1.6-р заалтуудад ямар ч өөрчлөлт ороогүй бөгөөд зөвхөн Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын комиссийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14, 10-р зүйлийн 10.1.2 дахь заалтуудыг илт зөрчсөн заалтууд бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны зургадугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг ХЗДХЯ 2017 оны долдугаар сарын 21-нд хянан Эрх зүйн хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 3768 дугаарт бүртгэн авсан байна. Хууль ёсоор бол ХЗДХЯам яам, агентлагуудын хуульд заагаагүй асуудлаар гаргасан, хууль зөрчсөн журмыг хянан бүртгэж авахгүй байх учиртай билээ.! Ингэж яамд хоорондоо эвсэн хуулийг зөрчин байгаа нь цаанаа ямар учиртай вэ?
Төрийн захиргааны төв байгууллага буюу Уул уурхайн (Уул уурхай, хүнд үйлдвэрийн) яам Ашигт малтмалын тухай хуулийн 19.12-д ”Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай...”-д, 20.1-д “Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.15-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан...” талбайд, 24.2-д “Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбай...”-д, 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосонталбай...”-д, 60.-д “Нөхөн төлбөр төлөх гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг төрийн захиргааны авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 60.1, 60.7-д заасан нөхөн төлбөр алдангийг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд сонгон шалгаруулалт зарлана” гэж заасан байтал тусгай хэрэгцээний газар, хууль бус олборлолтод өртсөн талбайд болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд бүхий талбайд “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалтаар хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор журамласан нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг хориглох” гэсэн 14-р зүйлийн заалтыг болон уг хуулийн 10-р зүйлийн 10.1.2-ын “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 60.9-д заасан сонгон щалгаруулах журмыг засгийн газрын эрх олгосноор батлах” гэсэн заалтуудыг санаатайгаар ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.
Сонгон шалгаруулалтын журмын 1.5 дахь заалтаар сонгон шалгаруулалт явуулсан тухай мэдээлэл АМГТГ-ын цахим сайтад байхгүй байгаа бөгөөд журмын 1.6 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа 2017 оны дөрөвдүгээр сарын 05-наас эхэлжээ. Энэ нь Ашигт малтмалын тухай хууль, журманд өөрчлөлт оруулахыг 2016 оны сүүл үе, 2017 онд бэлтгэж байгаад сонгон шалгаруулалтыг 2017 оны дөрөвдүгээр сароын 05-ны өдрөөс эхлэн олгосон байгаа юм. Журмыг байн байн өөрчилсний дотор Монгол Улсын лиценз талбайг цаанаа зорилготойгоор авах гэсэн ашиг сонирхол дээр тулгуурласан гэж үзэхээр байна. Дараах баримтыг өгүүлсүгэй.
БАРИМТ-1
Эрх зүйн хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж хүчин төгөлдөр болоогүй, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн заалтыг болон уг хуулийн 10-р зүйлийн 10.1.2-р заалтуудыг зөрчсөн Уул уурхайн сайдын 2015.01.13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.6 дахь (Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017.02.16-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар нэмэгдэж орсон заалт) заалтыг үндэслэн SRA-01742 код бүхий орон нутгийн тусгай хэрэгцээний газарт 2017.04.05-нд Төв аймгийн Заамар сумын нутаг 15541.08 га бүхий “Өвөр наймганы ам” (Талбайн код СШ 14-1), 5628.5 га бүхий “Түмэнгийн дөрөлж” (Талбайн код СШ 14-2) нэртэй талбайнуудад “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт зарлажээ.
Сонгон шалгаруулалтад хэдэн аж ахуйн нэгж оролцсон, сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн материалыг хэзээ нээсэн тухай болон сонгон шалгаруулалтын холбоотой бусад мэдээллийг АМГТГ-ын цахим мэдээллийн санд оруулаагүй байна. Төв аймгийн Заамар сумын нутаг 15541.08 га бүхий “Өвөр наймганы ам” (Талбайн код СШ 14-1) нэртэй талбайд 2017.07.27-ны өдөр “Эрдэнэсийн эрэг” компанид XV-020880 хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.
“Эрдэнэсийн эрэг” компаний 30%-ийг Төв аймаг болон Заамар сум, 70%-ийг “Илт гоулд” компаний захирал Байгалмаа, УИХ-ийн нэг гишүүний хамт эзэмшдэг тухай мэдээлэл байна. Уг компани 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017.02.16-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журманд “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтонд өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар явуулж болно.” гэсэн 1.6-р заалт нэмэгдэж орсны дараа байгуулагдсан байна.
БАРИМТ-2
Эрх зүйн хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж хүчин төгөлдөр болоогүй, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн заалтыг болон уг хуулийн 10-р зүйлийн 10.1.2-р заалтыг тус тус зөрчсөн Уул уурхайн сайдын 2015.01.13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.6 дахь (Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017.02.16-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар нэмэгдэж орсон заалт) заалтыг үндэслэн 2017. 05.18-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутаг 14397.28 га бүхий “Өндөр” нэртэй талбайд (Талбайн код СШ-16-1) “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтад хэдэн аж ахуйн нэгж оролцсон, сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн материалыг хэзээ нээсэн тухай болон сонгон шалгаруулалтын холбоотой бусад мэдээлэллийг АМГТГ-ын цахим мэдээллийн санд оруулаагүй байна.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутаг 14397.28 га бүхий “Өндөр” нэртэй талбайд (Талбайн код СШ-16-1) 2017.07.27-нд “Корунд гео” компанид XV-020883 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ. Энэ талбай Засгийн газраас 2017.03.29-нд зарласан шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авч болох талбайд хамаарахгүй байгаа тул Ашигт малталын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай биш юм.
БАРИМТ-3
Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж хүчин төгөлдөр болоогүй Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн заалтыг болон уг хуулийн 10-р зүйлийн 10.1.2-р заалтыг тус тус зөрчсөн Уул уурхайн сайдын 2015.01.13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.6 дахь (Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017.02.16-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар нэмэгдэж орсон заалт) заалтыг үндэслэн 2017.06.22-нд Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг 549.24 га бүхий “Төмөр толгой” нэртэй талбайд (Талбайн код СШ 18-1) “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт зарлажээ. Энэ талбай нь Засгийн газраас шинээр тусгай зөвшөөрөл олгохоор зарласан /”нээлттэй” сонгон шалгаруулалтаар олгох/ талбай бөгөөд дээрх журмын 1.6-д заасан тусгай хэрэгцээний газар, хууль бус олборлолтонд өртсөн талбай биш тул энэ талбайд “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт зарласан нь хууль болон журмаа зөррчсөн үйлдэл юм.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг 549.24 га бүхий “Төмөр толгой” нэртэй талбайд (Талбайн код СШ 18-1) 2017.07.27-нд “Сэлэнгэ байгалийн нөөц” компанид XV-020879 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байна.
Сонгон шалгаруулалтад хэдэн аж ахуйн нэгж оролцсон, сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн материалыг хэзээ нээх тухай болон сонгон шалгаруулалтын холбоотой бусад мэдээллийг АМГТГ-ын цахим мэдээллийн санд оруулаагүй байна.
БАРИМТ-4
Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж хүчин төгөлдөр болоогүй Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн заалтыг болон уг хуулийн 10-р зүйлийн 10.1.2-р заалтыг тус тус зөрчсөн Уул уурхайн сайдын 2015.01.13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.6 дахь (Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017.02.16-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар нэмэгдэж орсон заалт) заалтыг үндэслэн 2017.06.22-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг 3924.54 га бүхий “Чулуут” (Талбайн код СШ 21-1), 733.85 га бүхий “Үүрэг” Талбайн код СШ 21-2) нэртэй талбайнуудад “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт зарлажээ. Уг талбайнууд нь гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаанд бага зэрэг өртсөн Бороогийн уурхай орчмын талбайнууд бөгөөд Засгийн газраас зарлахаар хүлээгдэж буй талбай юм.
СШ 21-1 код бүхий “Чулуут” нэртэй 3924.54 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад оролцохоор “Баянхишиг Хараа”, “Хараа хамтын ажиллагаа”, “Сэлэнгэ байгалийн нөөц” компаниуд , СШ 21-2 код бүхий “Үүрэг” нэртэй 733.85 га талбайд сонгон шалгаруулалтад оролцохоор “Баянхишиг Хараа”, “Хараа хамтын ажиллагаа” компаниуд хүсэлтээ ирүүлснийг 2017.10.19 -ний өдөр нээж үнэлэх ажиллагаа эхэлсэн байна.
2017.11.09-нд СШ 21-1 код бүхий “Чулуут” нэртэй 3924.54 га талбайд “Сэлэнгэ байгалийн нөөц” компанид XV-020950 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон ба уг талбайд ашиглалтын MV-021321 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сэлэнгэ байгалийн нөөц” компанид олгожээ. Хэзээ хайгуул хийж нөөцийг нь бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
СШ 21-2 код бүхий “Үүрэг” нэртэй 733.85 га талбайд 2017.11.09-нд XV-020965 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Баянхишиг хараа” компанид олгожээ.
Хязгаарлагдмал сонгон шалгаруулалтад оролцсон болон ялж хайгуулын тусгай зөвшөөрөл авсан компаниуд 100% орон нутгийн өмчит юмуу эсвэл орон нутгийн өмчийн хэдэн хувийн оролцоотой болох нь тодорхойгүй байна.
БАРИМТ-5
Хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохын тулд 2017.09.13-нд Дорноговь аймгийн Хатан булаг сумын нутаг “Эргэл-Халивийн өргөтгөл” нэртэй 25087.36 га талбайг орон нутгийн (сумын) тусгай хэрэгцээнд “Ерөнхий тусгай хэрэгцээ” нэрээр авчээ. Газрын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1, 16.2-т “Ерөнхий тусгай хэрэгцээний газар” гэсэн зорилгоор тусгай хэрэгцээнд авах тухай заалт байхгүй тул “Эргэл-Халивийн өргөтгөл” нэртэй 25087.36 га талбайг орон нутгийн (сумын) тусгай хэрэгцээнд авсан шийдвэр нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудтай харшилж байна. Журам ёсоор бол журам гарахаас өмнө тусгай хэрэгцээнд байсан талбайд л “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох ёстой байтал энэ тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахын тулд тусгай хэрэгцээнд авч байгаад “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт зарласан нь хачирхалтай.
Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.6 дахь заалтын дагуу “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалтыг орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтонд өртсөн талбайд л зарлан явуулах байтал 2017. 09.18-нд журмын дээрх шаардлагад огт хамаарахгүй, SRA-02552 кодтой “Эргэл-Халивийн өргөтгөл” нэртэй 25087.36 га талбайн урд талд залгаа орших Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг 49260.41 га бүхий “Эргэл-Халивийн өргөтгөл” нэртэй талбайд (Талбайн код СШ 22-2) сонгон шалгаруулалт зарласан байна. Энэ 49260.41 га талбай нь сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй хаалттай талбай байдлаар АМГТГ-ын цахим хуудсан дахь зурган мэдээлэлд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас зарласан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 20.1-д заасан үндэслэлээр “нээлттэй” сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай байв.
Сонгон шалгаруулалтад хэдэн аж ахуйн нэгж оролцсон, сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн материалыг хэзээ нээх тухай болон сонгон шалгаруулалтын холбоотой бусад мэдээлэллийг АМГТГ-ын цахим мэдээллийн санд оруулаагүй байна.
Мөн 2017.09.18-нд SRA-01847 кодтой, 2015 оны 12.17-нд орон нутгийн /сумын/ тусгай хэрэгцээнд авсан байсан Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг 15823.53 га бүхий “Баянтал” нэртэй талбайд (Талбайн код СШ 22-1) “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт зарлажээ.
“Хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт зарласнаас хойш 25 хоногийн дараа Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг 49260.41 га бүхий “Эргэл-Халивийн өргөтгөл” нэртэй талбайд (Талбайн код СШ 22-2) 2017.10.24-нд “Вольф ресурс” компанид XV-020952, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг 15823.53 га бүхий “Баянтал” нэртэй талбайд (Талбайн код СШ 22-1) 2017.10.23-нд “Фрэндли майнинг консалтинг” компанид XV-020951 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг тус тус олгожээ.
“Вольф ресурс” компани XV-020952 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнхаа зүүн хэсгийн 11966.2 га талбайд MV-021322 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг аваад байгаа ба XV-020952 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнхаа баруун хэсгийг “Винд майнинг” компанид шилжүүлэн /XV-021271/ өгчээ. АМГТГ-ын цахим хуудсанд тусгай зөвшөөрлүүдын тухай бүрэн мэдээлэл байдаг байсан бол тусгай зөвшөөрлийг хэзээ олгосон, хэзээ хэнд шилжүүлсэн, хэзээ сунгасан, хэзээ сэргээсэн гэх мэт тусгай зөвшөөрлийн түүхтэй холбоотой мэдээллүүдийг хассан байгаа нь хачирхалтай.
Тусгай зөвшөөрлийг “хягаарлагдмал” сонгон шалгаруулалтаар олгох дээрх хууль бус нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу долоон хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоод Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017.06.29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг батлагдсанаас нь хойш 7 сарын дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018.02.13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар хүчингүй болгожээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018.02.13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-г шинэчлэн батлахдаа 2017.06.29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан журмын 1.5, 1.6 дахь заалтуудыг хасжээ.
Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журманд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам ойр ойрхон Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн нэмэлт өөрчлөлтүүд оруулж, Хууль зүй дотоод хэргийн яам хууль зөрчсөн журмыг нь хянан бүртгэж, орон нутгийн ИТХ “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт явуулах талбайг нь “Ерөнхий тусгай хэрэгцээ”-ний зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, АМГТГ уг талбайд нь хүчинтэй хүчингүй журмуудыг үндэслэн маш шуурхай “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалт зарлан тусгай зөвшөөрлүүдийг олгосны дараа , Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017.06.29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-аа гэнэт хүчингүй болгосон зэргээс үзвэл уг үйл ажиллагаа тодорхой эрх мэдэл бүхий хэсэг бүлэг этгээдүүдийн хүсэлтээр явагджээ гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлэхээр байна.
Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл олгох журманд өөрчлөлт оруулж байгаад өөрсөддөө болон хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгосон шиг хууль бус үйл ажиллагаа энд явагдсан байх магадлал маш өндөр байгаа тул хууль хяналтын болон эрх бүхий төрийн байгууллагууд анхааралдаа авч арга хэмжээ авах шаардлагатай юм. Ийнхүү хуульд өөрчлөлт оруулж, хүчингүй болгох замаар Монгол Улсын лизенз талбайг авч байгаа аж ахуйн нэгж, компанийн ард ихэвчлэн УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниуд бий гэдгийг эх сурвалж хэлж байна. Бид дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх болно.
Б.ОДМАА