Засгийн газар сонгуулийн жилийн төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ сарын 11 гэхэд төсвөө батлах учиртай. Өмнөх практикуудаас харвал, сүүлийн жилүүдэд төсвийг шөнө дунд хүртэл хэлэлцэж байгаад “тохироо” хийн баталдаг уламжлал тогтоод буй. Эдийн засагчид, 2020 оны улсын төсвийг үлэмж хэмжээний алдагдалтай, сонгуулийн солонгорсон төсөв болсон хэмээн дүгнэж буй. Тодруулбал, ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувьтай байхаар тооцжээ.
Тэрчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр хоёр их наяд төгрөг тавьсан бөгөөд 1.6 их наяд төгрөгийн 300-гаад тэрбумыг концесс эзэлж буй. Үүн дээр нэмээд гадаадын зээл тусламжаар 1.3 их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулах тооцоолол хийгээд байгаа юм. Ингэснээр 2020 онд бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн хөрөнгө оруулалтад нийт 3.6 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гэсэн үг. Харьцуулах юм бол хөрөнгө оруулалтын 3.6 их наяд төгрөг нь хоёр “Чингис бонд”-ын санхүүжилттэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, 2020 оны хөрөнгө оруулалтад эрх баригчид маш их хэмжээний мөнгө төсөвлөөд байгаа гэсэн үг. Хамгийн гол нь, энэ их мөнгөөр ямар бүтээн байгуулалтууд хийх вэ гэдэг тун чухал асуулт юм. Тухайлбал, нийгмийн салбарт хэчнээн ажлын байр нэмэгдүүлэх вэ, импортыг орлох хэдэн үйлдвэр байгуулах вэ, үндсэндээ 3.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт нь эргээд нийгэм, эдийн засагт хэр их үр өгөөж авчрах вэ гэдэг үзүүүлэлт нэгдүгээрт тавигдах ёстой.
Юуны өмнө төсвийн хөрөнгө оруулалтын талаар товч ойлголт өгөх нь зүйтэй. Улсын төсвийн зардлын чухал хэсэг нь төсвийн зарлага байдаг. Төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх зорилгоор төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг зарцуулахтай холбогдон үүсч байгаа эдийн засгийн харилцааны илрэл нь төсвийн зарлага, санхүүжилт юм. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан төсвөөс төсвийн захирагчийн үйл ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгийг төсвийн зарлага гэнэ. Нийгмийн үйлдвэрлэлийн явцад нөлөөлөх талаас нь төсвийн зарлагыг урсгал болон хөрөнгө оруулалтын зардал гэж ангилна. Тодруулбал, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл гэх зэрэг бараа үйлчилгээний зардлууд, зээлийн үйлчилгээний төлбөр, татаас ба шилжүүлэг нь урсгал зардалд орно. Харин хөрөнгө оруулалтын шинж чанартай буюу үйлдвэрлэлийг өргөтгөхөд чиглэсэн арга хэмжээнд төсвөөс зарцуулах хөрөнгө нь хөрөнгийн зардалд хамаардаг.
Тэгвэл 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын зөвхөн ЗГХЭГ-ын даргын багцад орсон зардлын хэсгийг энэ удаад дангаар нь задалж үзье. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг задалж харахад, ЗГХЭГ-ын даргын багцад нийт 51 тэрбум 313 сая төгрөг суулгаснаас 2020 онд 26 тэрбум 89 саяыг 2021 онд үлдсэн санхүүжилтыг төсөвлөжээ. Нарийвчлан задалбал, 2019 онд баригдаж эхэлсэн бөгөөд ирэх 2020 онд дуусгах (шилжих) багийн төвийн цогцолборын төсөл гурав байна. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан, Говил, Эрдэнэ гэсэн гурван багт тус бүр нэг багийн төвийн цогцолбор барихаар нийт зургаан тэрбумыг төсөвлөжээ. Тухайлбал, Баянцагаан багийн цогцолборыг хоёр тэрбум төгрөгөөр барьж буй бөгөөд 2019 онд 1.5 тэрбумыг улсын төсвөөс гаргасан бол үлдсэн 500 сая төгрөгийг 2020 онд гаргах юм байна. Говил багт мөн хоёр тэрбумыг төсөвлөж, 2019 онд нэг тэрбумыг төсвөөс гаргасан бол 2020 онд үлдсэн нэг тэрбумыг, Эрдэнэ багт мөн хоёр тэрбумыг төсөвлөж, 2019 онд 1.5 тэрбумыг, 2020 онд 500 саяыг төсөвлөсөн харагдана. Энэ жагсаалт цааш ЗДТГ-ын барилгаар үргэлжилж байна.
-Архангай аймгийн Батцэнгэл суманд 1.2 тэрбум,
-Баянхонгор аймгийн Баянговь суманд 979 сая,
-Говь-Алтай аймгийн Алтай суманд 1.1 тэрбум,
-Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1.2 тэрбум,
-Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1 тэрбум 850 сая
-Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1 тэрбум
-Увс аймгийн Сагил суманд 1.3 тэрбум
-Ховд аймгийн Ховд суманд 1 тэрбум
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1 тэрбум
-Хөвсгөл аймгийн Ханх суманд 1.2 тэрбум
-Хэнтий аймгийн Галшар суманд 1 тэрбум 50 сая
-Хэнтий аймгийн Дадал суманд 1 тэрбум 50 сая
-Хэнтий аймгийн Дархан суманд 1 тэрбум 76 сая
-Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1 тэрбум 50 сая төгрөгийг тус тус 2019-2020 оны төсөвт хуваан суулгасан байгаа юм. Түүнчлэн шинээр барих барилга байгууламжийн жагсаалтад 2020-2021 он дамжин барих
Дундговь аймгийн Өлзийт сумын 3, 4 дүгээр багт тус бүр “Багийн иргэний танхим”-ыг нийт 400 сая төгрөгөөр барихаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, 500 хүрэхгүй хүн амтай нэг багийн төв дээр 200 сая төгрөгөөр иргэний танхим барина гэж улсын төсвийн төсөлд суулгаад байгаа юм. Энэ мэт бараг л хүн амьдардаггүй, хүн амьдардаг ч гэсэн тухайн багийн иргэдийн амьдралд бодит үр дүн үзүүлэхгүй шахам хөрөнгө оруулалтын жагсаалтууд ганцхан сайдын багцын жишээн дээр цааш хөвөрнө.
Тухайлбал, Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт баг, Тариат сумын Хорго баг, Хангай сумын Гичгэнэ, Тэрх багийн төв дээр “Багийн төвийн барилга” барихаар нийт 240 сая төгрөг төсөвт суулгасан бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт хэмээх ганцхан багийн төв дээр цогцолбор барихад хоёр тэрбум төгрөг “цохсон” байх юм. Эндээс харахад, нэг аймгийн дөрвөн багийн төв дээр цогцолбор барих өртөг нийлээд 240 сая төгрөг болж байхад ганцхан Яргуйт гэдэг багийн төвийн цогцолборын өртөг үүнээс даруй найм дахин нэмэгдсэн буюу хоёр тэрбум төгрөгөөр баригдах өртөгтэй байгаа юм.
Зүй нь бүгд адилхан багийн төвүүд бас бүгд нэг цогцолбор барих атал яагаад барилга баригдах өртөг зардал ийм тэнгэр, газар шиг ялгаатай байгааг гайхаад баршгүй. Ухаандаа нэг нь их л тансаг цогцолбор, нөгөө нь нүд тагласан юм болж таарах гээд байна уу. Аль нь ч байсан гэлээ 10, 20 саяас 240, хоёр тэрбум гээд нэг төгрөг ч байсан татвар төлөгчдийн хэтэвчнээс гарч буй мөнгө. Энэ мэтчилэн багийн цогцолбор барилга, багийн төвийн барилга, ЗДТГ-ын барилга, хорооны цогцолбор барилга гэх мэт нэртэй төслүүдийн жагсаалт хөвөрч, энэ бүхэнд 56 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа.
Энэ бол татварын төлөгчдийн мөнгийг эрх баригчид гарын салаагаараа урсгаж, сонгуулийн жилийн төсөв баталж, тойргоо “усалж”, иргэдийн саналыг ямар ч хамаагүй аргаар худалдаж авах гэсэн үйлдэл гэж дүгнэж болохоор байна. Мөн Ерөнхий сайд 600 гаруй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барина гэж мэдэгдээд буй. Гэхдээ эдгээр газруудад ажиллах манаач, цэвэрлэгчээс эхлээд багш, эмч нарын урсгал зардал маш өндөр гарч эхэлнэ. Гэтэл одоо байгаа багш, эмч нартаа 1.5 сая төгрөгийн цалин өгч чадахгүй байгаа манай улс шинээр баригдах 600 эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарын цалин хангамж, дулаан, цахилгааны урсгал зардлыг даах эдийн засгийн бололцоотой юу гэдэг бодох ёстой, тооцож, судлах ёстой маш том асуудал. Сэтгэлийн хөөрлөөр, сонгуульд ялалт байгуулахын тулд татвар төлөгчдийн хөлс хүчээ барж олсон мөнгийг салхинд хийсгэж, үрэн таран хийх гэж буй үйлдэл гэж дүгнэхээс өөр гаргалгаа алга байна.
Угтаа аливаа төсвийн хөрөнгө оруулалт нь улс орныг авч явах бүтээн байгуулалтад зориулагдах ёстой. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүй, сонгуулийн төсвийг эрх баригчид батлах гэж байгааг дээрх ганцхан сайдын жишээнээс харж болохоор байна. Эрх баригчид ийн сонгуулийн жилд бүтээн байгуулалт хийсэн хүний дүр эсгэж, оноо авахын тулд өөрийнхөө биш татвар төлөгчдийн мөнгөөр дамжуулан тойрогтой шоудах аргаа улсын төсвөөр уургалан хийх гэж байна. Эцэст нь ганцхан асуулт л тавья. 200 хүрэхгүй хүүхэдтэй сумын төв дээр 1000 хүүхдийн багтаамжтай сургууль барих гээд байгаа нь хэр зөв төсвийн зарцуулалт, хэр зөв төрийн бодлого вэ?