Амлалт ба Биелэлт
УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нам мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, сонгогчдын итгэлийг хүлээдэг. Улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол тухайн намын бодлогын шууд илэрхийлэл төдийгүй эрх барьж буй дөрвөн жилийн хугацаанд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэн ажиллах үүргийг хүлээдэг. УИХ-ын 2016 оны сонгуульд 65 суудал авч олонх болсон МАН мөрийн хөтөлбөрөө хэр бодитой биелүүлж байна вэ?
“Амлалт ба биелэлт” булангаас бодит мэдээллийг авна уу.
Амлалт:
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН “Бид хамтдаа” нэртэй мөрийн хөтөлбөртэй орсон.
БИД ХАМТДАА
1. Иргэдээ ядуурлаас аварч
2. Эдийн засгаа хямралаас гаргаж
3. Эх орноо өрнөөс салгаж
4. Төрийн дампуурлыг засч
5. Тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна хэмээн тунхаглаж, сонгуульд оролцож байсан билээ.
Биелэлт:
1.Иргэд өдрөөс өдөрт ядуурч, бензин шатахууны үнэ өсч, өргөн хэрэглээний бараа, ам.доллар валютын ханшийн өсөлтөд дарлуулж, ипотекийн зээлд хамрагдаж чадахаа байсан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэх мэт олон сангуудаас олгогдох хөнгөлөлттэй зээл иргэдэд биш албан тушаалтнуудад олгогддог болсон. Өнгөрсөн хугацаанд цалин, тэтгэврийг дорвитой нэмсэнгүй, тэтгэврийн насыг уртасгасан, хүүхдийн мөнгийг ялгавартай олгосон, оюутны 70 мянгыг зогсоосон, хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон, олон татварыг нэмсэн гэх мэт иргэдэд халтай маш олон шийдвэрийг өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд гаргажээ.
2.2016 онд нэг ам.доллар 1940 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2700 төгрөгөөс давж, саарал жагсаалтад орсноор валютын ханшийн өсөлт улам бүр нэмэгдэх нь тодорхой болоод байна. Ингэж ам.долларыг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютын нэг болгож хувиргасан. Гэтэл экспортын голлох бараа зэс, нүүрсний үнэ өссөн, гадаад худалдааны тэнцэл түүхэндээ байхгүй ашигтай гарсан, инфляц дор тогтвортой байх таатай нөхцөлд ингэж валютын ханшийг алдсан нь мэргэжлийн бус Засгийн газар, Монголбанкны ажлын ур чадвар туйлын хангалтгүй байгааг харуулна. Хэт удаан ажиллаж, дотооддоо хувилбараа гаргаж чадахгүй байгаагаас гурван жил гаруй хугацаанд томоохон төслүүдээ эхлүүлж чадаагүй. Мөн гадаад нөхцөл байдлаа муутгасан бодлогогүй яриа, алхмуудын үр дүнд Монгол Улс Валютын сангийн хөтөлбөрт шахагдан орсон төдийгүй саяхан саарал жагсаалтад орсон. Саарал жагсаалтад орсноор олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, гадаадын хөрөнгө оруулалт багасч, гадаад худалдааны хэмжээ буурах, иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл тулгарсан байна.
3.МАН “Өр нэмэхгүй” гэсэн амлалт өгч, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон. Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улсын өр 2016 оноос хойш зургаан тэрбум ам. доллароор өссөн. Өнөөдөр нэг хүнд ногдох өр 25 сая төгрөгт хүрлээ. Татвар нэмэхгүй гэж амлачхаад нэг удаагийн чуулганаар найман төрлийн татвар нэмсэн. Засгийн газрын бонд, Төвбанкны үнэт цаасны хэмжээ өссөөр 5 их наяд төгрөгт хүрч жилд 550 тэрбум төгрөгийг аравхан арилжааны банкуудад хуваан өгч байна. Засгийн газрын өр төлөх нэг ч алхам хийгээгүй. Гадаад үнэт цааснуудын нөхцөл хэвээрээ, үүнийг илүү таатай болгох гэрээ, хэлцлийг хөрөнгө оруулагчидтай хийж чадаагүй.
4.МАН 2016 оны сонгуулийн өмнө Монгол Улсын төрийн албыг 60 тэрбумаар үнэлж, арилжих тухай схем гаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор халдсан. Үнэн болох нь сая шүүхээр тогтоогдсон. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед Засгийн газрын сайд нар нь Монголын төрөөс 800 тэрбумын концессын хулгай хийв. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед иргэд, аж ахуйн нэгжид олгогдох ёстой ЖДҮХС-гийн зээлийг 2017, 2018 онд УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий хүмүүстэй хуваарилан өгч хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумаар авсан нь илчлэгдсэн. Хариуцлага өнөөг хүртэл тооцоогүй. Арилжааны “Капитал” банк дампуурч, иргэдийн Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын мөнгө салхинд хийссэн. 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Жаст” компанийн тавьсан 40 сая ам.долларын өр татвар төлөгч та бидний хармаанаас гарсан.
5.Тэгш журамт, баян Монголоо цогцлооно гэсэн МАН-ын амлалтыг нэхэн санах аваас өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд Ард түмэн баян болсон уу, эсвэл албан тушаалтан, эрхтэн дархтнуудын бизнес цэцэглэн хөгжсөн үү?. Хариултыг уншигч танд үлдээе.
Б.ОД