Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Оффшорт нуусан” хэргүүд нь орон улсаа хөлдөө чирэв

Зөвлөмж зөөлдсөн сануулгатай сайд

Монголын улс төр, эдийн засгийн нөлөө бүхий хүмүүс оффшор дансанд мөнгөө хийгээд таг мартсан тохиолдол олон гарсан. Зарим нь мөнгө байтугай оффшор дансаа хүртэл мартчихсан байсан гэдэг. Олон нийтэд ил болсон оффшортнуудын дунд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн ах Ч.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Нийслэл хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, Ерөнхий сайд асан С.Баярын охид болох Б.Нандин, Б.Бадамханд, сайд асан Я.Очирсүх зэрэг Монголын нөлөө бүхий улстөрч, бизнесмэнүүд болон тэдний хамсаатнуудын нэрс байгаа нь нэгэнт ил болсон билээ. Ийнхүү улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд, төрийн өндөр албан тушаалтнууд уут уут мөнгийг улсаасаа зувчуулан баяжиж байгааг оффшор хэмээн нэрлэж буй юм.

Харин одоо улстөрчид гэмт хэргээ “оффшор”-т мартдаг, мартуулдаг болжээ. Хэн нэгэн улстөрч, нэр нөлөө бүхий олны танил хүн, төрийн өндөр албан тушаалтны холбогдсон авлигын хэрэг тэгсгээд замхарч, олны хараа хяналтаас гарна. Ингээд усанд хаясан чулуу мэт алга болно. Энэ нь хууль бусаар олж авсан мөнгөө оффшор дансанд хадгалж, татвараас зайлсхийж бултдагтай агаар нэгэн үйлдэл юм. Ийнхүү албан тушаалтнуудын холбогдсон ноцтой гэмт хэргүүд шүүхийн шатанд шийдэгдэлгүй удаж, замхран алга болж байгаа нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF-ын хараанд өртсөнөөр Монгол Улс саарал жагсаалтад орох нэг болзол биелсэн юм.

Тус байгууллагаас Монголд гарч буй авлига, албан тушаалын гэмт хэргүүд шүүх дээр хэрхэн шийдэгдсэн талаар ямар ч баримт, мэдээлэл байхгүй байгааг шүүмжилж, ийм ноцтой хэргүүд яагаад хурдан шийдэгддэггүйн шалтгааныг тодруулахыг хүсчээ. Монголын шүүх албан тушаал, авлига, мөнгөний холбоотой гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Манай улс хэр авлигажсан юм. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд анхааралтай харж, үнэлж байгаа. Үүнийг шийдэхгүй бол саарал байтугай хар жагсаалтад ч ороход ойрхон байгаа. Тиймээс FATF-ын одоо мөрдөгдөөд шалгагдаж байгаа хэргүүдийг шүүх дээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Танай улсад ноцтой асуудал үүсдэг, шүүх шатанд шийдвэрлэгддэггүй гэсэн тун тодорхой бөгөөд түс тас дүгнэлт, зөвлөмж өгчээ.

Харамсалтай нь энэ хатуу сануулга өөрт нь чиглэсэн гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэрээр өнөө л муйхар, зөрүүд, хорон зангаараа саарал жагсаалтад орсон бурууг 2013-2016 оны хэрэг явдлын үр дүн ингэж гарч байна хэмээн өөрөөсөө зайлуулж, бусад руу түлхсэн байна лээ. FATF-аас Монгол Улсад хоёр жилийн өмнө өгсөн 40 зөвлөмжөөс дөрөв нь биелээгүй тул саарал жагсаалтад саадгүй морилсон гэдгийг эдүгээ захын хүн цээжээр хэлдэг болоод байна. Тэрхүү биелээгүй дөрвөн зөвлөмж тэр чигтээ хууль зүйн салбартай холбоотой. Гэтэл Ц.Нямдорж сайд өөрийгөө энхийн цагаан тагтаа хэмээн өргөмжилж, өмгөөлсөн хэвээр.

Монголын төр, засгийн зүгээс биелүүлээгүй дөрвөн асуудал дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна гэдэг нэг гол асуудал бий. Мөн авлигаар олж авсан хөрөнгө хураагдахгүй байна гэдгийг анхааруулсан байна. “Хөрөнгө хураах асуудлыг Засгийн газар шийддэггүй. Хуулийн байгууллага шалгаад, шүүх гэм буруутайг нь нотолж чадвал тэр хэрэгтэй холбоотой хөрөнгийг хураах асуудал байдаг” гэсэн салбарын сайдын хариулт мэдэхгүй, чадахгүй түмэн үгний таглаа гэдэг л төдий юм. Нөгөө талаар дургүйд хүчгүйн үлгэр ч Ц.Нямдорж сайдын үг, үйлдлээс цухалзах. Улс орноо саарал жагсаалтад оруулсан гол ноцтой шалтгаанууд өөрийнх нь тэргүүлж буй хууль зүйн салбарт бугшчихаад байхад тэрээр гэмших, санаа зовохын оронд цэцэрхэн дүрэмдэж суугаа нь харамсалтай. Товчхондоо бол салбараа самрахын даваан дээр суугаа сануулгатай сайдад FATF-ын зөвлөмж зөөлдөж байгаа бололтой.

Уг нь Ц.Нямдорж сайдаас оффшорт мөнгөө нуусан улстөрчдөд ямар хариуцлага тооцсон тухай, авлигын гэмт хэрэгтнүүдийн хууль бусаар олсон мөнгө хөрөнгийг хураасан эсэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар нь маш сайн “байцаалт”, “мэдүүлэг” авмаар санагддаг. Улстөрчид хийгээд эрх баригчдын “оффшорт нуусан” гэмт хэргүүд улс орноо саарал жагсаалтад оруулчхаад байгаа нь хууль эрх зүй салбарын судсыг атгаж буй сайдтай шууд холбоотой. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хууль тогтоомж баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан төдийгөөр сэтгэл нь цадсан манай эрх баригчдад FATF шүүмжлэлтэй хандсан аж.

Учир нь манай улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээр олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа төдийгүй, үндэсний хэмжээнд баталсан хууль, журмынх нь хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа гэдгийг олон улсын байгууллага онцолж байгаа юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд толгойлдог. Тиймээс саарал жагсаалтын саар зөвлөмж сайд Ц.Нямдоржтой яах аргагүй холбоотой.

“Туг тахих” технологи ба уснаас хуурай гарах эрмэлзэл

Эрх баригчид уснаас хуурай гарахаар шийдэв. Саарал жагсаалт гэдэг намаг балчиг руу улс орныг маань хэн чирээд оруулчхав хэмээн сэлэм Хүрлээ, жад Занданшатар нар ирт мэсээ харшуулж их сүрийг үзүүлж байна. “Сэлэм гялс, толгой бөндгөс”. Монголбанкны ерөнхийлөгчийг ширээнээс нь шилжүүлж, олбогноос нь огцруулахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцээд эсрэгээр нь магтаж магтаж явуулав. Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өргөдлөө өрсч өгөөд ажлаасаа чөлөөлөгдөв.

Монголбанкны ерөнхийлөгчийг буруутгана гэдэг УИХ өөрийгөө буруутгаж байгаа хэрэг болох тул эрхэм гишүүдийн дийлэнх нь дүлэгнэж, зарим нь долгиносоор дууссан. Огцруулах саналтай гишүүд нь ч олон нийтэд таалагдах гэсэн шударга дүр эсгэж, популист уриагаа урсгасаар хэрэг явдлын мөн чанар, учир шалтгааныг тайлбарлаж, дүгнэж чадсангүй. Саарал жагсаалтаа ч сайн мэдэхгүй нөхөд сайхан сайхан эх оронч, шударга үг хэлэх нь санаа зовмоор харагдсаныг нуух юун. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг л саарал жагсаалтад орсонд сандарч мэгдсэндээ хэн нэгнийг буруутган “туг тахих” л эрх баригчдад чухал болохоос биш тэрхүү саарал жагсаалтад бичигдсэний хор уршиг, эрсдэл хүндрэл юу болох, түүнээс хэрхэн хурдан гарах вэ гэдэгт УИХ-ын гишүүд ямар ч хариулт өгч чадахгүй гэдэг нь илт ажээ.

Саарал жагсаалтад оруулсан саар улстөрчид

М.Энхболдыг огцруулчих л юм бол УИХ шударга ариуны туйл болж, улс орон хөгжил цэцэглэлтийн замдаа орно гээд байсан шиг Н.Баяртсайханыг л аваад хаячих юм бол Монгол Улс саарал жагсаалтаас гарчих мэт төсөөлж суугаа гишүүд байж ч мэднэ. Тэд бүгд уснаас хуурай гарахыг л хичээж хувиа бодож, довоо шарлуулж суугаа гэдгийг өчигдрийн байнгын хорооны хуралдаанаас харж болохоор. Хэрвээ саарал жагсаалтад улс орноо оруулсны гэм буруутныг хайх юм бол УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход хүрнэ. Буруутай үйлдэл болон эс үйлдлээрээ эдүгээгийн эрх баригчид улсаа хорлоход гол үүрэг гүйцэтгэжээ.

Ингэж хэлэхийн учир нь 2016 оны сүүлээр FATF-ын ажлын хэсэг манай улсад ирж ажиллаад үнэлгээ хийж, уг тайландаа үндэслэн 2017 оны тавдугаар сард 40 зөвлөмж гаргасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаад таван асуудлаас бусдыг биелүүлсэн аж. Тавхан зөвлөмж биелүүлээгүйн улмаас саарал жагсаалтад орсноос харахад эдгээр зөвлөмжүүд маш чухал, ач холбогдолтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг гол ажлаа тун муу хийж, энэ чиглэлд идэвх санаачилгагүй ажиллажээ. Түүнээсээ болж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжигч орон гэгдэхэд хүрч.

Ер нь манай улс гэнэт нэг өдөр л FATF-ын саарал жагсаалтад орчхож байгаа юм биш. Хоёр жилийн өмнөөс буюу 2017 оноос тус байгууллагын хараа хяналтад орж хатуухан сануулга, зөвлөмжүүдийг хүлээн авсан ч эрх баригчид хангалтгүй ажиллажээ. FATF “Танайх мөнгө угаах эрсдэлтэй байна. Үүнийхээ эрх зүйн асуудлыг шийд” гэсэн ч хангалттай шийдээгүй аж. 2018 онд FATF-т эргэж хандах байсан хандаагүй байна. Тэгээд 2019 онд гэнэт сандран арга хэмжээ авсан ч нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болжээ. Ийнхүү манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үг.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлсэнчлэн ний нуугүй хэлэхэд буруу бодлого, буруу үйлдлүүд Монгол Улсыг саарал жагсаалт руу оруулсан. Буруу бодлого, буруу үйлдэлтэйгээ дасан зохицсон. Түүнтэйгээ нийцэж тайван амьдардаг болсон. Засах арга хэмжээ авалгүй байсаар өнөөгийн байдалд хүрсэн. Эцэст нь Монгол Улс дайн байлдаантай орнуудтай адил мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй холбогдчихоод байгаа нь энэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com