Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Гантулга: 2020 оны төсөв МАН-ын төсөв шүү дээ
УИХ 2020 оны Төсвийн хуулийн төслийг хэлэлцэж дуусах дөхсөн энэ үед намууд байр сууриа илэрхийлсээр байна. Ингээд Хөдөлмөрийн үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгаас байр суурийг нь сонссон юм.
 
Ирэх жил төсөв 17 хувиар  нэмэгдэнэ
-Хөдөлмөрийн үндэсний нам ирэх жилийн төсвийн хэлэлцүүлэгт ямар дүн тавих вэ?
-Товчхондоо муу гэсэн дүн тавьж байна. Манай нам УИХ-аар хэлэлцэж байгаа 2020 оны төсвийг төрийн төсөв биш сонгуулийн төсөв болсон гэж дүгнэж байгаа.
-Яагаад?
-2016 оноос хойш гайгүй төсөв баталж байсан. Үүний үр дүнд төсөв ашигтай гарсан тохиодолд ч бий. Төсөв  өөрөө улс орныг удирдах гол зардал. Улс орон ямар орлого олж, ямар зардал гаргах вэ гэдэг тооцоо байх ёстой. Манай улсын орлого уул уурхай, түүн дотроо зэс, нүүрснээс их хамааралтай. Уул уурхайн баялгын үнэ өндөр байвал төсөв өндөр, үнэ бага байвал бага байдаг жишиг тогтсон. Энэ нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэсэн үг.
-Өнөөгийн төсвийн гажуудал нь юу вэ?
-Төсөв нэмэгдэж, буурч болдоггүй юм. Өнөөдөр олон цэцэрлэг, сургууль ашиглалтад орж байна. Ирэх жил эрдэсийн үнэ буурлаа гээд төсвийг агшааж, цэцэрлэг, сургуулийг хаах боломжгүй. Урсгал зардал, цалинг төр өгөх л ёстой. Орлого буурах нь төрөөс гаргах зардалд хамаарахгүй. Ийм тохиолдолд орлого ихтэй үедээ сан байгуулах ёстой. Харин орлого буурсан үед тус сангаасааа алдагдлыг нөхдөг жишиг олон улсад байдаг. Уул уурхайн эрдэсийн үнэ өөрийн гэсэн давтамжтай. Тодорхой үечлэлээр өсч, буурдаг. Өнөөгийн байдлаар буурах үе нь эхэлж байгаа. Эрдэсийн үнэ 2016 он хүртэл буурч түүнээс хойш өсч эхэлсэн. Харин өнөөдөр буурах тал руу орлоо.
-Одоо бид яах ёстой вэ?
-Эрдэсийн үнэ өсөхөөсөө буух магадлал өндөр байна. Ийм үед эхний ээлжид төсөв алдагдалгүй байх ёстой. Орлого өндөр байх үедээ хуримтлал үүсгэх шаардлагатай байсан. Эрх баригчид сонгууль дөхсөн учраас хөрөнгө оруулалтыг маш ихээр нэмчихлээ. Энэ нь маш аюултай.
-Попорсон төсөв гэх үү?
-Попролоос ч илүү аюултай. Попрол гэдэг амаар хийдэг зүйл бол эрх баригчид түүнийг биежүүлээд эхэлж байна.
-Юу нь аюул дагуулаад байна?
-Засгийн газар олохоосоо хамаагүй их мөнгө төсөвлөж байгаа. Төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдах гэж байна. Үнэн хэрэгтээ энэ алдагдлыг тооцохгүй үндсэн төсөв нь ч маш их алдаатай. Алдагдлаа бүү хэл үндсэн төсвөө ч бүрдүүлэх боломж бага.
-Засгийн газар яагаад зардлаа нэмээд байна гэж үзэж байна?
-Бидний хардаж буйгаар бол багш, эмч нарын цалинг жаахан нэмж байгаа нь тэдний хүсэл биш.
- Жишээлбэл...
-ДНБ өнгөрсөн жил 12 хувиар өссөн. 2020 онд бас 12 хувиар өснө гэж тооцож байна. 2018 онд ДНБ 12 хувиар өсөхөд төсвийн орлого дөрвөн хувиар өссөн. Харин 2020 ДНБ-ний 12 хэвээр байхад төсөв маань 17 хувиар нэмэгдэнэ. Энэ их нэмэгдлийг хаанаас олох вэ. Дээр нь хөрөнгө оруулалт 1.2 дахин нэмэгдэж байна.
-Энэ их өсөлтийг юунд зарцуулах вэ?
-76 тойрогт зарцуулна. Үүнийг л бид сонгуулийн төсвийн хөрөнгө оруулалт гэж нэрлээд байгаа юм. Бүтээн байгуулалт нэрийн дор төсвийг тараагаад хаячхаж байна. Баахан хэрэгтэй, хэрэггүй хөрөнгө оруулалт хийж байгаа юм.


Урлагийн барилгуудыг шинэчлэх, шинээр барихад 400 шахам тэрбум төгрөг зарцуулна

-Хэрэггүй хөрөнгө оруулалт гэж юуг хэлж байна?
-Мэдээж сум бүрт эмнэлэг, сургуулиа шинэчлэх шаардлага бий. Үүнийг үгүйсгээд байгаа юм биш. Гэхдээ хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх шаардлагатай. Эрэмбэлээд үзвэл бид 40 гаруй сая долларын өр тавьж гүүр барих нь зөв үү. Хэнтий аймгийн Батноров суманд гэхэд Монголын далд уурхайн музей сургалт, сурталчилгааны зориулалтаар барихад таван тэрбум төгрөг зарцуулна. Архангай аймгийн хэдэн хүүхдүүд нийслэлд суралцахад зориулан Хан-Уул дүүрэгт дотуур байр барина. Бусад аймгийн хүүхдүүд яах болж байна. Дотуур байр барихад зургаан тэрбум төгрөг зарцуулна. Арай томхон зүйлүүд ч бий.
-Тодруулбал...
-Төв номын санд 52, драмын театрт 52, үндэсний музей гэх зэргээр урлаг, соёлын байгууллагуудад 400 шахам тэрбум төгрөг зарцуулна.
-Сайд нь буцааж татлаа гэж мэдэгдсэн шүү дээ.
-Тэр саналыг нь анхан шатны шүүхээр оруулаад хүчингүй болгосон. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтыг манай нам эсэргүүцээгүй. Эрэмбээрээ мөн үү, биш үү гээд байгаа юм. Соёлтой орнуудад 4-5 зуун жил болсон байшингуудаа сэргээгээд, авч явж байхад, манайд шууд нураах бодлого барьж байна.
-Мэргэжилтнүүд нураахаас өөр замгүй гэсэн шийдвэр гаргасан гэсэн.
-Өнөөдөр технологи өндөр хөгжсөн. Сэргээн засварлалтыг маш өндөр түвшинд хийдэг болсон. Тэгээд ч ажлын хэсгийн нэг гишүүний саналыг л шүүрч аваад нураах тухай яриад байгаа юм. Сэргээн засварлах боломжгүй гэдэг нь улс төрийн дүгнэлт болчхоод байна.
-2021 оноос том өрүүд төлж эхэлнэ. Энэ нь төсөвт нөлөөлөх үү?
-Бидний харж байгаагаар монголчууд том өрүүдийг төлөхөд санаа зовж байгаа. Харин эрх баригчид энэ талаар санаа тавихгүй байна. Тэдэнд 2020 оны УИХ-ын сонгуульд ялах нь чухал болохоос сонгуулийн дараа эдийн засаг ямар байх нь хамаагүй юм шиг байна. Төсөвт сонгуулийн өмнө маш их хөрөнгө суулгачхаад баахан тууз хайчилна. Нийтийн мөнгөөр сурталчилгаа хийж байна гэсэн үг. Сонгуулийн дараа тууз хайчилсан төсөв хэрэгжихгүй. Тэд нэгдүгээрт, нийтийн мөнгөөр сонгуулийнхаа сурталчилгааг хийж байна. Хоёрт, тендер нэрээр өөрийн хамааралтай компаниа шалгаруулаад, хандив авах замаар сонгуулийн мөнгөө босгоно. Сонгуулийн дараа баахан суурийг нь тавьсан, хагас дутуу хана босгосон барилгууд үлдэнэ. Одоо ч бараг сум бүрт ийм барилга байна.
-Хэтэрхий хардалт уу, гайгүй юу?
-Хардалт гэхээсээ илүү бодит байдал. Тоо нь өөрөө хэлж өгөөд байна. Сонгуулийн өмнө байнга ийм зүйл болдог жишгийг өнгөрсөн сонгуулиудаас харж болно. Сонгогчид бичиг үсэг тайлагдсан шүү дээ.
-Хөрөнгө оруулалт зогсвол яах вэ?
-Тодотгол хийгээд л цаашаа яваад байна. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа МАН ялчхаад “АН муухай юм хийсэн байна. Бид засна” гээд дэлхий дахинаа зарласан биз дээ. Тэгсэн боловч өөрсдөө ахиад нөгөө алдааг давтаж байна.
-Та нар энэ саналуудаа эрх баригчдад албан ёсоор тавьсан уу?
-Бид УИХ-д суудалгүй учраас хэвлэлийн бага хурал хийх замаар л бодлогоо гаргаж тавьдаг. “Төсвөө тана, бодит болго. Сонгуулиар амьдрал шийдэгдэхгүй” гэх мэтээр байнга байр сууриа илэрхийлж байна.
-Манай улс саарал жагсаалтад орох нь эдийн засагт хэр нөлөөлөх бол?
-Муу нөлөөтэй. Үүнийг эрх баригчид ойлгож байгаа. Гэхдээ тэд ард түмнийг хуурч сурсан улс.
Арилжааны банкуудын активын өсөлтийг олон улс хүлээн зөвшөөрөхгүй

-Нуух ямар хэрэг байна?
-Хариуцлагаас мултрах арга. Саарал жхгсаалтад оронгуут эдийн засаг шууд дампуурахгүй ч хэтдээ асар муу нөлөөтэй. Макро эдийн засгийн гоё тоонууд ч тус болохгүй. Дөнгөж саарал жагсаалтад орсны маргааш Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзахад шууд л “Дотоодын санхүүгийн асуудлаа шийдчих” гэж байгаа байхгүй юу. Энэ чинь саарал жагсаалтаасаа гарчхаад уулз гэсэн үг. Доллар өсөөд эхэлсэн. Гадаад гүйлгээ хийдэг банкууд хаячихлаа.
-Одоо гадаад гүйлгээ хийх боломжгүй болсон уу?
-Гадны том банкууд манай гүйлгээнээс ашиг олдоггүй. Одоо саарал жагсаалтад орохоор бүр ашиггүй болно. Тийм учраас тэдэнд манай гүйлгээ нэрмээс болно. Тэгээд л манайхыг хаяж байгаа юм. Мэдээж хөршүүд маань л үлдэнэ. Гэхдээ гадаад гүйлгээний шимтгэл нэмэгдэж, гүйлгээ хийх хугацаа уртасна. ОУВС-гийн гэрээний хүрээнд амласан том мөнгөнүүд зогсоно. Үе шаттайгаар эдийн засагт нөлөөлж эхэлнэ. Үүнийг тэгээд саарал жагсаалт эдийн засагт нөлөөлөхгүй гэж үзэх үү,
-2020 оны гоё төсөвт саарал жагсаалт нөлөөлөх болов уу?
-Саарал жагсаалтад орсны маргааш олон улсын санхүүгийн байгууллагууд эдийн засгийн урьдчилсан төсөөллөө бууруулж эхэлсэн. Төсөв өндөр өсөлтөд тулгуурласан. Өсөлт буурахаар орлого багасна. Төсөв төгрөгөөр тооцсон. Доллар өссөн. Ингэхээр төсөв алдагдалд орно.
-Монголбанк долларын өсөлтийг түр зуурынх гэж үзсэн шүү дээ...
-Би тэгж бодохгүй байна. Гэхдээ доллар өснө гээд төгрөгөө доллар болгох нь буруу гэж бодож байна. Хувийн бодлоо хэлэхэд долларт хэт шүтэхгүй байх нь дээр.
-Саарал жагсаалтаас болж Монголбанк, СЗХ-ны удирдлагатай хариуцлага тооцох тухай яригдаж эхэллээ.
-Албан тушаалтнуудыг солиод саарал жагсаалтаас гарчихгүй л дээ. Энэ бол өвчнийг эмчлэх арга биш. Асуудлыг намжаах оролдлого. Манайхан сайн ажилласан дүр үзүүлэх гээд баахан мөнгө хулгайлсан тухай зарладаг. Хэдэн арван тэрбумаар хулгайлсан тухай зарладаг. Гэхдээ шүүхээр нэг хэрэг шийдвэрлэгдээгүй байдаг. Энэ чинь өөрөө саарал жагсаалтад орох шалтгаан.
-Хуулиас хамааралтай юу?
-Хууль нь бий. Хэрэгжүүлэхгүй байгаа байхгүй юу. Цагдаа, АТГ илрүүлэхээр шүүх дээр очоод цайрчихна.
-Арилжааны банкууд активаа нэмснийг ОУВС хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?
-Ил тод байдлын хууль гаргаад 33 их наяд төгрөг ил гарсан. ОУВС арилжааны банкуудад активаа нэмэх даалгавар өгсөн. Нөгөөдүүл нь нэмчихсэн чинь эх үүсвэрээ зарла гэсэн нэмэлт шаардлага тавьсан. Гэтэл нэмсэн хөрөнгө нь ил тодын хуулиар гарч ирсэн хөрөнгө болж таарсан. Ил тод байдлын хуулиар эрүүгийн болон санхүүгийн хариуцлагыг хамт аваад хаячихсан.
-Үнэхээр банкууд ил тодын хуулиар гарсан мөнгөөр нэмэгдүүлсэн юм уу?
-Үнэн. Хууль бусаар олсон орлогыг монголд хуулиар хүлээн зөвшөөрсөн ч олон улсын санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөггүй.
 
Х.Баттөгс
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com