ҮХНӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлэг энэ сарын 11-нээс эхэлнэ. Сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлж, төсвөө захиран зарцуулдаг байх, сонгуулийн тогтолцоог холимог байх гурван заалтыг ҮХНӨ-д оруулах санал гаргаад буй. Мөн Ерөнхийлөгч ҮХНӨ-д өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлж буйгаар Ерөнхийлөгчийн тусгасан саналын 40 хувь нь ҮХНӨ-д орсон гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, ҮХНӨ-ийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр “Байгалийн баялаг төрийн өмч байна” гэдэг заалт дээр “нийтийн” буюу ард түмний өмч байна гэсэн үгийг нэмэх гэх мэт санал гаргаж, тусгагдсан. Тиймээс ҮХНӨ дээр тал талын оролцоотой зөвшилцлийн ажлын хэсэг байгуулаад буй. Энэ ажлын хэсэг өчигдөр хуралдаж, тодорхой шийдэлд хүрсэн юм. Ажлын хэсгийн гишүүд болон УИХ-ын гишүүдээс ямар зөвшилцөлд хүрсэн талаарх байр суурийг нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох санал дээр зөвшилцөлд хүрээгүй
-Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өөрөө танхимаа бүрдүүлдэг байх нь парламент болон гүйцэтгэх засаглалын харилцан хяналт тэнцлийг хангах ҮХНӨ-д оруулах хамгийн чухал заалт. Тиймээс зөвшилцлийн ажлын хэсэг үүн дээр санал нэгтэй байна. Сонгуулийн тогтолцооны тухайд, холимог байхаар тохирлоо. Холимог тогтолцоо нь намын листээр хэн ч хамаагүй нэр дэвшиж, сонгогддог гэсэн олон нийтийн шүүмжлэл үүсгэж байгаа учраас намын листэд байгаа хүмүүсийг эрэмбэлж, ард түмнээс санал авдаг байх хувилбарыг ярьж байна. Харин ямар хувилбараар томьёолох вэ гэдгээ бүлэг тус бүр ярилцаад, эргэн хуралдах байр суурьтай байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай асуудал нь эхний хоёр асуудалтай шууд холбоотой. Ялангуяа, гүйцэтгэх засаглалын тэргүүнд танхимаа бүрдүүлж, төсөв хөрөнгөө зарцуулах эрх өгч байгаа тохиолдолд Ерөнхийлөгчийн эрхийг хумих, эсвэл нэг удаа сонгогддог болох, бусад 22 хуулиар өгдөг эрх хэмжээг нь хязгаарлахаар болсон энэ үед ҮАБЗ-ийн түвшинд санал солилцож байж, улмаар цааш зөвшилцөнө гэсэн байр сууринд нэгдлээ.
УИХ-ын гишүүн,УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 2020 оны сонгуулийг хуучин тогтолцоогоор явуулна
-Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаж, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх заалт дээр 100 хувь тохирсон. Сонгуулийн тогтолцоог холимог байх эсэхийг хоёр бүлгээр ярилцана гэж тохирсон. Манай нам холимог тогтолцоог 2024 оноос мөрдөнө, 2020 оны сонгуулийг хуучин хуулиар явуулах саналтай байгаа. Ирэх долоо хоногийн даваа гаргийн МАН-ын бүлгийн хурлаар бүх асуудлыг ярина. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг ярилцаж байгаа, одоогоор ямар нэг шийдэлд хүрээгүй байна. Мэдээж, ЕТГ-ын зүгээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалт дээр эсрэг байр суурьтай. МАН-ын бүлгийн гишүүд ч мөн эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Одоогийн хуулиар Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй ард түмний сонголтоор Ерөнхийлөгч сонгогдож байгаа бол одоо парламент сонгодог байх эсэх асуудал яригдаж байна. Нэг үгээр, ард түмний сонгох эрхийг парламент авах гэж байна гэсэн үг. ҮХНӨ-ийг даваа гарагт бүлгээр, мягмар, лхагва гарагт байнгын хороогоор, пүрэв, баасан гарагт чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: 2024 оноос холимог тогтолцоонд шилжвэл зөвшилцлөөс гарна
-Эрх баригчид сонгуулийн холимог тогтолцоог 2024 оноос хэрэгжүүлнэ гэж байгаа бол энэ тогтолцоо байгаад хэрэггүй. Аливаа асуудлыг шийдвэрлэж байгаа бол хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Нэг шийдвэр гаргачхаад тав, зургаан жилийн дараа хэрэгжүүлнэ гэж байгаа бол өнөөдөр зөвшилцөж ярих шаардлага байхгүй. Хэрэв 2024 оноос холимог тогтолцоонд шилжинэ гэвэл бид зөвшилцлөөс гарч, саналаа татна. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байгаад, холимог тогтолцоогоор сонгууль явуулах асуудал дээр зөвшилцөлд хүрвэл цаашид хамтраад явна. Ерөнхийлөгчийн асуудал бол нэн тэргүүнийх биш учраас дараа дараагийн шатанд зөвшилцөж болно байх. Улсын төсвийн хуваарилалтыг харахад, 76 халбага, хутга барьсан нөхөд нэг тогоотой хоолноос булаацалдаж байгаа мэт байна. Улс орны нийтлэг эрх ашиг, хөгжлийн бодлого, эдийн засгийн үр дүн гаргаж ирж байгаа хэн байна. Ерөнхий сайд, Сангийн сайд нар өөрсдийнхөө тойрогт хэдэн зуун тэрбум төгрөг хуваарилсан байна. Дөрвийн жилийн хугацаанд есөн их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа. Цаг хугацааны хувьд тулж ирсэн өрийг хэн төлөх вэ. Өнөөдөртөө л санаа зовж, хувиа хичээсэн гишүүд энэ парламентаар дүүрсэн. Орлого давсан он жилүүд байсан ч хуримтлал хийсэнгүй. Өнөөдөр эрх баригчид тогтворжуулалтын сангийн хөрөнгийг цацаад дуусгаж байна. Ийм байдлаар хол явахгүй, Монгол Улсын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж байгаа нэг ч хүнийг би энэ их хурлаас олж харахгүй байна.