МАН-ын Амлалт ба Биелэлт
Амлалт:
УИХ-ын 2016 оны сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөр 1.4.8-д Ипотекийн зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх, зээлийн нөхцөлийг сайжруулах бодлого баримтална.
Биелэлт:
2016 оноос өмнө Ардчилсан нам бодлого хэрэгжүүлж, 80 мянган айлыг орон сууцтай болгосон. 2016 оноос хойш МАН-ын Засгийн газрын үед ипотекийн зээл олгогдохгүй болсон. Ипотекийн зээл уг нь иргэдэд маш хэрэгтэй, агаарын бохирдлыг бууруулахад дөхөмтэй хүндээ хүрсэн сайн хөтөлбөрийн нэг. 2012-2016 оны хооронд 80 мянган айлыг орон сууцтай болгож, 200 мянган ажлын байрыг хадгалж, утааг арилгахад буюу утааг нэмэгдүүлэхгүй байхад бодит хувь нэмэр оруулсан. Гэтэл МАН сонгуульд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөр дээрээ ипотекийн зээл дээр илүү сайжруулсан бодлого хэрэгжүүлнэ гэж амласан боловч ард түмэнд туйлын хэрэгтэй, агаарын бохирдлыг багасгахад хамгийн чухал гэж хэлж болох “Сайн хашаа” хөтөлбөр, ипотекийн зээл зэргийг шууд зогсоосон. 2016 оноос хойш ипотекийн зээл иргэдэд огт олгогдохгүй байгаа ба ипотекийн зээл олгогдож байгаа гэх нэрний ард арын хаалгаар л цөөн тоогоор олддог жишиг хэрэгжиж байна. 2016 онд Засгийн газрын 100 хоногийн тайланд 1000 айлын газрыг чөлөөлж орон сууцжуулна гэж тусгасан боловч өнөөг хүртэл бодитой хэрэгжилт байхгүй байна. Монгол Улсын 2020 оны төсөвт улсын төсвөөс 60-хан тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгохоор тусгажээ. Тэгтэл энэ 2019 онд улсын төсвөөс 115 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд зориулж Монголбанкнаас 220 тэрбум төгрөг, Улсын төсвөөс 115 тэрбум төгрөг, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс 115 тэрбум төгрөг гээд нийт 450 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн гэх боловч ипотекийн зээл иргэн Дорж, Дулмаад олдохгүй байгаа. Өнөөдөр бодит байдал дээр нэг талаас барилгын нийлүүлэлт, нөгөө талаас иргэдийн орон сууцтай болох хүсэл хэрэгцээ их байна. Гэтэл зээлийн эх үүсвэр, олдоц хүрэлцээгүй байгаа учраас ажилтай цалинтай иргэдэд хямд зээл нь олдохгүй байна. Энэ л хэрэгцээг Засгийн газар бодлогоороо хангаад өгөх бүрэн боломжтой боловч төсвийн болон бусад эх үүсвэрийг эрх баригчид хэрэгцээгээ эрэмбэлэхгүйгээр, ойрын зорилтодоо ашиглахаар төлөвлөж байгаа талаар эдийн засагчид хэлж байна.
Тухайлбал, эдийн засагч Н.Туяа хэлэхдээ “Ипотекийн зээлд зориулж 2020 оны төсөвт суулгасан 60 тэрбум төгрөгийг дунджаар нэг өрхөд 60 сая төгрөгийн зээл олгоно хэмээн тооцоход 1000 орчим айлын орон сууцны санхүүжилт болох нь. Гэтэл зах зээл дээр 30 мянган орон сууц борлогдоогүй бэлэн байна. Өмнөх жилүүдэд дунджаар жилд 10 мянгаас 20 мянган айл ипотекийн зээлээр орон сууцтай болж байсан бол 2020 онд 1000 айл л орон сууцтай болох нь. Энэ үзүүлэлтээс харахад ипотекийн зээл үндсэндээ зогслоо гэж ойлгож болно” гэж байна. Ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй бүхнийг зогсоох нь хэнд ашигтай байна вэ?
Ирэх оноос Засгийн газрын мэдэлд шилжиж байгаа ипотекийн зээлийн санхүүжилт ийнхүү хоёр дахин буурсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, МАН-ын амлалт яагаад хэрэгжихгүй байна вэ гэдэг асуултад хүргэж байна. Иргэдээ орон сууцжуулж эрүүл тухтай амьдрах, утаанаасаа салах төрийн бодлогоосоо энэ засаг ухарч байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нам мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, сонгогчдын итгэлийг хүлээдэг. Тухайн улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол тухайн намын бодлогын шууд илэрхийлэл төдийгүй эрх барьж буй дөрвөн жилийн хугацаанд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэн ажиллах үүргийг хүлээдэг. УИХ-ын 2016 оны сонгуульд 65 суудал авч олонх болсон МАН мөрийн хөтөлбөрөө хэр бодитой биелүүлж байна вэ? “МАН-ын Амлалт ба биелэлт” булангаас бодит мэдээллийг авна уу.
Б.ОД