Нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд хоёр хувиар нэмэгдэнэ. Тухайлбал, ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн тус бүр нэг хувийг нэмж төлөх болно. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээ иргэдийн нийт цалингийн 25 хувьд хүрч байгаа юм. Энэ нь хувийн хэвшил болоод иргэдийн аж амьдралыг дэмжих бус харин ядуурлыг нэмэгдүүлэх нөхцөл, хөшүүрэг болно хэмээн эдийн засагчид хэлэх болсон. Ингээд холбогдох албан тушаалтнууд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх болсон талаар ямар тайлбар хийснийг дор хүргэе.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг:
-Өмнөх Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т 2016 онд орохдоо, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 он хүртэл гурван жил дараалан нэмэгдүүлнэ гэж гэрээ байгуулсан байдаг.
Нийгмийн даатгалын сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авдаг. Энэ сан угаасаа орлогоороо зарлагаа нөхөж чаддаггүй. Ийм учраас тус сан энэ онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч байж, үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Тэгэхээр төсвөөс авах татаасын хэмжээ дорвитой буурахгүй байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шалтгаан болсон гэж хэлж болно. Нөгөө талдаа нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Ингэж байж нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн 20-30 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Ийм учраас тэдний нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй хугацаагаа тооцуулж нэг удаа шимтгэл нөхөн төлөх хуулийг 2020 онд хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалд хамрагдах хүний тоо нэмэгдэнэ. Тэгээд нийгмийн даатгалын сангийн алдагдал буурах боломж бүрдэх байх гэж үзэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр ядуурлын түвшин өсөхгүй. Харин эсрэгээрээ буурна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт цалингийн өсөлттэй уялдахгүй байна гэдэг нь буруу ойлголт. Төрийн албан хаагчдын цалинг 2017 оноос хойш гурван удаа нэмээд байгаа. Ирэх онд ч төрийн албан хаагчдын цалинг 18 хувиар нэмнэ. Төсөвт 150 тэрбум төгрөг тавигдсан байгаа.
Хувийн хэвшлийн цалинг нэмэгдүүлэхэд Засгийн газрын оролцоо бага. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар л хувийн хэвшлийн цалинд оролцож чадна. Энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөгт хүргэсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам нэмдэг байсныг жил бүр болгож өөрчилсөн. Иймд 2020 онд 420 мянгад хүргэнэ. 2018 онд хувийн хэвшил төрийн байгууллагад ажиллагчдын цалингийн зөрүү 26 хувьтай байсан. Тухайлбал, хувийн хэвшил сард нэг сая гаруй төгрөг, төрийн байгууллагынх 850 орчим төгрөг байсан юм. Энэ зөрүүг тэнцүүлэх талаар ажиллаж байна.
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ирэх оны тавдугаар сард дуусна. Тэгэхээр энэ хөтөлбөрөөс гарах уу, үргэлжлүүлэх үү гэдгийг одоо ярих нь эрт юм. Монгол Улсын эдийн засаг нэг үеэ бодвол тэлж, өсөлт, мөнгө санхүүгийн боломж гарсан. Гэвч энэ өсөлт хэврэг гэдгийг олон улсын байгууллагууд байнга сануулж байгаа. Иймд ОУВС-гийн хөтөлбөрөөр нэмэгдүүлсэн татвар, шимтгэлийг буулгах эдийн засаг, хөрөнгө мөнгөний боломж бүрдсэн эсэхийг эргэж харах ёстой. Тэгэхээр Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хуучин нэмэгдээгүй хэмжээнд хүргэж бууруулна гэж хэлж чадахгүй.
Нийгмийн даатгалын сангийн Капитал банкинд хадгалагдаж байсан 105 тэрбум төгрөгийг төлөх гэж шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь гэсэн мэдээлэл гарсан. Ийм зүйл байхгүй. Капитал банкнаас авах мөнгө бол авлага. Энэ мөнгийг олж авна. Монголбанкны эрх хүлээн авагчид тус сангийн мөнгө төсвийнх биш. Ийм учраас иргэдийн төлсөн шиймтгэлийг хадгаламжтай адилтган үзэж төлүүлэх ёстой гэж Монголбанкны эрх хүлээн авагчид мэдэгдсэн байгаа. Нийгмийн даатгалын мөнгийг банкуудад байршуулж, хүүгээр нь өсгөдөг бодлого байдаг ч 2020 оноос Монголбанкны үнэт цаас авч байх хуулийн төсөл өргөн бариад байгаа гэсэн тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:
-Нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх шийдвэр ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд гарсан. Тэр шийдвэрийг гаргасан хүн нь би өөрөө. Ард түмэнд бодит үнэнийг албан тушаалтнууд хэлэх хэрэгтэй. Тэтгэврийн сан жилд 600 орчим тэрбум төгрөгийн татаас улсын төсвөөс авдаг. Ингээд 4-5 жилийн дараа нэг их наяд төгрөгт хүрэх тооцоо бий. Иймд тэтгэврийн сан дампуурах эрсдэлд орох учраас бага ч гэсэн тэтгэвэртэй байлгахгүй бол нийгмийн даатгалын сангийн орлого бүрдэхгүй байгаа юм. Тэтгэврийн сан хэсэг хугацааны дараа хүнд байдалд орох гээд байгаа учраас шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Бид эдийн засаг өссөн, бүх зүйл сайхан байна гэж яриад байгаа боловч нөхцөл байдал өөр, эрсдэлтэй байдалд бий. Бодит үнэнийг ард түмэнд хэлэхгүй бол ард түмэнд худлаа сайхан болсон гэж ярих хэрэггүй болов уу гэж бодож байна. Шимтгэлийг бууруулах боломжгүй.
Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхээр аж ахуй нэгжүүд, иргэд зовлон ярина, мэдээж асуудал үүснэ. Гэхдээ орлого нь тогтмол байхад татвар төлөхөд аж ахуй нэгж дургүйцдэг. Харин төр макро эдийн засгийн тэнцвэрээ барьж чадахгүй, савлуулсан, гурван жил дараалж нэг төсөл хэрэгжүүлж чадах бодлого байхгүй байна. Энэ макро бодлогоо барьж чадвал аж ахуй нэгжүүдэд татвар нэмэх хүндрэл учруулахгүй. Монгол Улсад ажил эрхэлж буй хоёр сая орчим хүн байгаа ч нэг сая орчим л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэмээн тайлбарлаж байгаа юм.