Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамтай 2020 оны төсөв, иргэдийн оролцооны талаар ярилцлаа.
-Улсын төсөв батлахад иргэдийг оролцуулах талаар яригддаг шүү дээ. Төсвийн хэлэлцүүлэгт иргэдийг оролцуулж байна уу, ямар шатанд нь иргэд оролцох боломжтой вэ, эсвэл энэ хоосон яриа болоод байна уу?
-Төсөвт иргэдийн оролцоог хангахын тулд Сангийн яаманд төсөл нэгтгэгдэхээс өмнө тухай тухайн орон нутгийнхан маань төсвийн асуудлаар санал авч байвал зүгээр байгаа юм. Сангийн яаманд төслүүд нэгтгэгдээд УИХ-д орчихдог. Иргэдийн оролцоо төсвийн төлөвлөлтөд маш хангалтгүй байгаа. Зөвхөн Орон нутгийн хөгжлийн сангийн маш бага хэмжээний өртөгтэй төслүүд дээр л иргэд санал өгч байгаа болохоос биш улсын төсвийг хэлэлцэхэд иргэдийг оролцуулах механизм байхгүй байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд яах аргагүй арга хэмжээ авах ёстой. Парламентын цахим хуудсан дээр төсвийн төслийг тавьж, иргэдийг санал хүсэлт өгч болно гэдэг ч тэр лүү нь ороод санал өгөх гэхээр маш их шат дараалалтай. Би нэг удаа оролдоод санал өгч чадаагүй.
-Иргэдийн оролцоог хангахын тулд жирийн иргэдэд ойлгомжтой хэлээр тайлбарлах ёстой л доо. Баахан тоо жагсаачихвал ямар төсөв нь хасагдаад, хүсэн хүлээсэн ямар төсөлд хөрөнгө оруулалт хийгдэж байгааг харах аргагүй?
-Сүүлийн хоёр, гурван жилд Сангийн яамнаас “Иргэдийн төсөв” гэж гаргасан л даа. УИХ-д өргөн барьсан төсвөө хялбаршуулаад гаргаж байгаа юм. УИХ-д өргөн барьсан тэр бүх хөрөнгө оруулалтын жагсаалтуудыг тавиагүй. Бөөн дүнгүүд яваад байгаа юм. Танай орон нутагт ийм хөрөнгө оруулалт батлагдах гээд байна гэдгийг илүү сайн мэдээлж байж төсвөө батлуулах хэрэгтэй л дээ. Иргэдийн төсвөө гаргаад PDF хэлбэрээр цахим хуудсандаа тавьдаг. Тэгэхээр иргэдэд хэвлэж тараагаагүй, маш сайн тайлбар хийгээгүй учраас тэр бүр тодорхой мэдээлэл авахад хэцүү.
-Төсөв хэлэлцэхэд иргэдийг оролцуулах талаар олон жил яригдсан ч төдийлөн ахиц гарахгүй байгаа нь “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэсэн дүгнэлтэд хүргэхгүй биз дээ?
-Мэдээж шүү дээ. Яагаад гэвэл иргэд хэдий хэмжээний татвар төлж байна, Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Дээр нь аж ахуйн нэгжүүд татвар төлж байна. Бид бүгд татвар төлөгч юм чинь татвар төлөгчдийн мөнгийг яаж зарцуулж байгаад иргэд хяналт тавьж байж төсвийн зарцуулалтын үр ашиг нэмэгдэнэ. Төсөв батлахад иргэд маш сайн оролцоотой байх хэрэгтэй. Шилэн дансны хувьд батлагдсан төсвийн зарцуулалт ямар байгаа мэдээлэл нь гарч байгаа. Үүнд бас иргэд хяналт тавих хэрэгтэй. Таван сая төгрөгөөс дээш гүйлгээ худалдан авалтыг үзээд энэ хууль зөрчсөн асуудал байна. Эсвэл улс орон маань ийм их гадаад өр төлбөртэй байхад Засаг даргын конторт шинэ тавилга авахад ийм мөнгө зарцуулах ёстой юу гэдэг дээр өөрсдөө хяналт тавьж байх ёстой.
-Судлаачдын хувьд төсвийн нарийн ширийн мэдээллийг олж авах боломж хэр байсан бэ?
-Төсвийн төсөлтэй хамт Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх гээд оруулаад ирсэн. Төсвийн хүрээний мэдэгдэл бол тавдугаар сарын 30-нд батлагдсан баримт бичиг. Түүнийг өөрчлөөд зарлага, орлогоо нэмэх гээд оруулж ирсэн. Бидний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуу хоолойгоо хүргэж, төсвийн алдагдал 2 их наяд гарантай ийм төсөв баталж болохгүй гэдгийг нэлээд ярьсан. Төсвийн мэдээлэл дээр өргөн барьсан төслүүдийг цахим хуудаснаас авч үзэх боломжтой. Гэхдээ шууд тооцоо судалгаа хийхэд хавсралтууд дээр байгаа тоонууд маш жижигхэн, pdf дээр байгаа. Сангийн яаманд хүсэлт тавих юм бол бидэнд өгдөг.
-“Иргэд төсвөө хянана” гээд сүлжээ байдаг. Хэр үр дүнтэй ажилладаг вэ?
-Ерөнхийдөө ил гарсан мэдээлэлд тулгуурлаад “Иргэд төсвөө хянана” сүлжээний зарим байгууллагууд эмнэлгүүдийн төсвийн зарцуулалтад хяналт тавьсан. Аудитын зөвлөмжийн хяналт хийгээд явж байна. Төсвийн анхаарал татсан зарлагууд юу байна гээд төсвийн зарлагуудыг мэдээлэх цахим хуудас ажиллуулаад явж байгаа.
-2020 оны төсвийн талаар ямар дүгнэлт хэлэх вэ. Хүмүүс сонгуулийн жилийнх гээд төсвийн тэлэлтийг бараг байх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг болчхож?
-Зарлага бол маш их тэлсэн. Орлогоо нэлээд өөдрөгөөр төсөөлөөд, алдагдлаа 2 их наяд төгрөг байхаар оруулж ирж байгаа юм. Тэгэхээр 2021 оноос бид 2,9 тэрбум долларын бондын өр төлбөр төлнө. Төсвийн алдагдал улам нэмэгдээд байхаар улам л их өртэй болох учраас төсвийн алдагдлыг маш их бууруулж, болж өгвөл алдагдалгүй төсөв батлах ёстой гэсэн байр суурьтай байсан. Сая бол сонгуульд зориулсан хөрөнгө оруулалт нэлээд харагдаж байгаа юм л даа.
-Том төслүүдэд хангалттай хөрөнгө оруулалт хийсэнгүй, сонгуулийн тойргуудад төсвийг жижиглэж өгсөн гэсэн шүүмжлэл яваад байна?
-Эхлээд 1100 гаруй хөрөнгө оруулалтын төслийг санхүүжүүлэхээр орж ирсэн л дээ. 624 нь шинээр эхлэх төсөл байсан юм. Гэтэл сая батлагдсанаар бол 1427 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр төслийн тоо нэмэгдсэн байна. Тэгэхээр мэдээж том төслүүдийг задалж жижгэрүүлсэн байгаа. Төсвийн тухай хуульд УИХ Засгийн газраас өргөн барьсан төсвийн орлого зарлагын дээд хязгаарыг өөрчлөхийг хориглодог л доо.
-Урьд нь явж байсан төслүүдийг санхүүжүүлэхгүйгээр орхиод өөр шинэ төслүүд эхлүүлсэн нь анхаарал татсан. Дутуу баригдсан барилгууд бодвол улсад хохиролтой л тусдаг байлгүй дээ?
-Үндэсний аудитын газрын аудитад хамрагдсан 46 барилгаас 32 нь тусаагүй байсан. Эдгээр барилга нэлээд нь барилга угсралтын гүйцэтгэл нь 80-90 хувьтай байсан. Ийм төслүүдэд нэмэлт санхүүжилтийг нь өгөөд хурдхан шиг дуусгахгүй бол ашиглалтад орохгүй байсаар элэгдэлд ороод цаашид ашиглаж болохгүй нөхцөлд ч хүрэх эрсдэлтэй. Татвар төлөгчдийн мөнгө үргүй зарцуулагдаж байгаа хэрэг. Батлагдсан төсөв албан ёсоор гарч ирээд хөрөнгө оруулалтын жагсаалтыг нь үзэхэд ямарт нь нэмэгдэж хасагдаж орж ирсэн нь харагдана. Ерөнхийдөө урсгал зардлыг нэмж, хавар батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдэлд зааснаас зарлагаа 675 тэрбум төгрөгөөр өсгөсөн. Урсгал зардлыг нэлээд тэлсэн, алдагдал ихтэй төсөв батлагдлаа.
Төсвийн хуулиа зөрчөөд Төсвийн хүрээний мэдэгдлээ шууд өөрчлөөд ороод ирж болохгүй л дээ. Төсвийн хүрээний мэдэгдэлдээ багтаагаад төсөвлөх ёстой. Гэтэл Засгийн газар өсөлт нэмэгдээгүй байхад орлого зарлагаа шууд өсгөөд ороод ирж байгаа нь хариуцлагагүй үйлдэл.
-Бодлогын хувьд улс орны хөгжилд нөлөөлөхөөр том төслүүдийг санхүүжүүлсэн үү?
-Тэр бол жаахан хомс.
-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхээр болсонд хүмүүс нэлээд бухимдлаа. Шимтгэлийг нэмэхгүйгээр тэтгэврийн сангаа өсгөх боломж байхгүй юм уу?
-Ерөнхийдөө энэ сан татаас аваад яваад байгаа. Сангийнхаа менежментийг л сайжруулах хэрэгтэй гэж үзээд байна. ОУВС-тай тохиролцохдоо шимтгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байгаа. Менежмент сайжрахгүйгээр залуу үе маань хожим тэтгэвэр авах эсэх нь эргэлзээтэй болоод байна.