УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Ингээд хоёр хоногийн дараа Улсын Их Хурлын чуулганаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Ерөнхийлөгчөөр томилох шийдвэр гарсан юм. Ийнхүү өнгөрсөн долоо хоног Төв банкны мөнгөний бодлого төдийгүй түүнийг хэрэгжүүлэх шинэ удирдлага тодорсон өдрүүд байв. Одоо Монголбанкны шинэхэн Ерөнхийлөгч өмнөө тавигдсан үүрэг даалгавраа хэрхэн биелүүлэхийг харах үлдлээ. Түүнд ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ төрийн мөнгөний бодлоготой холбоотой дараах асуудалд анхаарлаа хандуулах байх хэмээн найдаж байгаагаа илэрхийлж байна.
Монголбанкнаас 2020 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлтэй танилцахад иргэдийн бодит орлогод эергээр нөлөөлөх, дундаж давхаргыг хамгаалж, нэмэгдүүлэх, ажлын байрыг өсгөх, урт хугацааны хуримтлалыг бий болгох чиглэлд дорвитой ажлууд хийгдэхгүй нь гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРУУЛГА
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-аас Монгол улсыг Саарал жагсаалтад оруулсан. Ний нуугүй хэлэхэд санхүү, мөнгөний буруу бодлого, буруу үйлдэл биднийг Саарал жагсаалтад оруулсан. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр Сангийн сайд “FATF-тай өдөр тутам мэдээллээ солилцож, хамтарч ажилладаг Монголбанкны бүтцэд багтах Санхүүгийн мэдээллийн алба зарим жил хийсэн ажлынхаа тайланг ч гаргаж өгдөггүй байсан” гэж мэдэгдсэн. Хэрэв энэ үнэн бол тус албаныхаа бүтэц, үйл ажиллагааг яаралтай шинэчлэх шаардлага байгаа гэсэн үг. Нөгөө талаас Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан нэгэнтээ, “Бид, Хар жагсаалтад орохгүйн тулд Саарал жагсаалтад орсон. Энэ бол зөвхөн Монголбанкны ажил биш ээ. Засгийн газар ч ажиллах ёстой байсан” гэж мэдэгдэж байсан. Хэрэв ингэж хэн нэгнээ буруутгахыг урьтал болгох, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь байгууллагын биш, тогтолцооны асуудал” хэмээх хуучин үлгэрээ ярьж эхлэх аваас Саарал жагсаалтаас гарах биш харин Хар жагсаалтад ороход ойрхон байна.
ОУВС-гийн ажлын хэсэг зургадугаар сарын сүүлчээр Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу явагддаг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийсэн юм. Ажлын хэсгийн дүгнэлт, хөтөлбөрийн үнэлгээнээс тусдаа боловч хөтөлбөрийн хэрэгжилттэй тодорхой хэмжээгээр холбоотой гэдгийг суурин төлөөлөгч Нэйл Сакер анхааруулсан. Ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб, “ОУВС-гийн зургадугаар шатны үнэлгээг эцэслэх асуудал хүлээгдсэн хэвээр байгаа. Энэ хүрээнд тавьсан хоёр урьдчилсан нөхцөлийг хангахаас хамаарч байна” гэж анхааруулсан. Нэгд, арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдалд аудит хийж тухайн нэмэгдүүлсэн хөрөнгө нь хууль ёсны эсэхийг тогтоох. Хоёрт, Төв банк хяналт шалгалтын үйл ажиллагаагаа сайжруулахыг сануулсан юм.
Ийнхүү олон улсын хоёр ч байгууллагаас Монголбанкинд тавьж буй шаардлага маш тодорхой байгаа юм.
ИНФЛЯЦ БУУРУУЛАХ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Инфляц нам түвшинд байх нь иргэдийн бодит орлогыг хамгаалдаг, харин хэлбэлзэл бага, тогтвортой байх нь бизнесийн макро орчны тодорхой бус байдлыг бууруулдаг. Монголбанк “Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 8 орчим хувьд тогтворжуулах зорилтыг ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Үндсэн чиглэлдээ тусгажээ. 2016 онд засаг солигдох үед 1-2 хувьд хэлбэлзэж байсан инфляц 2017, 2018, 2019 онуудад хоёр оронтой тоонд хүрч иргэдийн халааснаас ойролцоогоор 30 орчим хувийн татаас авсан гэж дүгнэж болохоор байна. Үүнийгээ ч 2020 онд үргэлжлүүлэх гэнэ. Ийнхүү инфляц өндөр байх нь төгрөгийн худалдан авах чадварыг сулруулж, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдөг.
Хэдийгээр Төв банк, “Үнийн хэлбэлзэл нь дан ганц мөнгөний бодлогоор нөлөөлж болохуйц эрэлтийн хүчин зүйлээс шалтгаалдаггүй бөгөөд нийлүүлэлтийн хүчин зүйлсийн улмаас өөрчлөгдөх нь их. Манай хүнсний бүтээгдэхүүний үнэ хэрэглээний сагсны 20 орчим хувийг эзэлдэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүний үнэд цаг агаар, ургац хураалт зэрэг мөнгөний бодлогоос хамааралгүй хүчин зүйлс нөлөөтэй байдаг. Мөн зарим импортыг орлох боломжгүй бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ инфляцад шууд нөлөөлдөг” гэсэн тайлбар тавьдаг. Гэвч 2012-2016 онд эдийн засгийн хямралын хүнд жилүүдэд “үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр инфляцыг бага түвшинд оруулж, гадаад валютын ханшийг тогтвортой байлгаж иргэдийн хэтэвчнээс гарах мөнгийг хэмнэж байжээ. Гэвч 2016 онд засгийн эрх авсан МАН энэ бодлогыг зогсоосноор инфляц нэмэгдэж, ханш огцом өссөнөөр шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бүх төрлийн үйлчилгээний үнэ ханш огцом нэмэгджээ. Энэ үнийн өсөлт ард түмний халаасыг сэгсэрч, дөнгөж амилж байсан дунд давхаргад хүнд цохилт болж байна.
ВАЛЮТЫН ХАНШАА АЛДСААР БАЙНА
Сүүлийн жилүүдэд үндэсний валютын ханш огцом суларсан нь шатахууны, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэх шалтгаан болсон. Монголбанк ам.долларын ханш чангарсныг зөвхөн гадаад хүчин зүйлтэй холбон тайлбарладаг. Гэвч дотоодын олон хүчин зүйл байгаагийн нэг нь хариуцлагатай албан тушаалтнуудын улс төржсөн хариуцлагагүй мэдэгдлүүд зүй ёсоор орно.
Сангийн сайдын “маш их хэмжээний өр төлж байна”, өмнөх Монголбанкны ерөнхийлөгчийн “валют хомс байна, валютын нөөцөө нэмэгдүүлж зургаан тэрбумд хүргэхээр шаргуу ажиллаж байна” гэх удаа дараа хийсэн мэдэгдлүүдийг дурдаж болно. Олон нийтэд тарааж буй энэ мессеж нь “валют бага байна, валютаа хадгал” гэсэн ташаа ойлголтыг зарлаж, “валютын спекуляци” хийх сэдлийг нийтэд өдөөж байгаа хэрэг мөн. Өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч “Монголбанкны валютын нөөц хасах тал руугаа орсон” гэж худал мэдэгдэл хийсний дараа валютын ханш огцом өсч цөөхөн тооны валютын хадгаламж эзэмшигчид хожиж, монгол улсын нийт иргэд хохирч үлдсэн байдаг. Үүнийг доорх графикаас харж болно.
Эх үүсвэр: Монголбанк
Ханш сулрахад гадаад, дотоодын хүчин зүйлээс гадна эдийн засгийн суурь үзүүлэлтүүд чухал нөлөөтэй. Үүнд, дөрвөн жилийн хугацаанд нийт есөн их наяд төгрөгийн алдагдалтай баталж байгаа төсвийн үрэлгэн бодлого, Монгол Улсын гадаад өр таван тэрбум 500 сая ам.доллар, Засгийн газрын өр зургаан их наяд, Монголбанкны богино хугацаат үнэт цаас дөрвөн их наядаар нэмэгдсэн зэрэг үзүүлэлтүүд нөлөөлж байгаа юм. Өрийн дарамт өндөр үед хямралд орох амархан байдаг төдийгүй, түүнээс гарах хугацаа урт байдгийг Грекийн туршлагаас дэлхий нийтээрээ мэдэж авсан. Мөн төсвийг асар их алдагдалтай баталж, тэр дүнгээрээ хөрөнгө оруулалт, импортыг нэмэгдүүлж байгааг анхаарах цаг ирчхээд байна.
Энэ бүхэн Монголбанк, Засгийн газрын хоорондын уялдаа холбоо туйлын хангалтгүй байгаагийн тод илрэл юм. Иймээс макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, инфляцыг нам түвшинд тогтвортой хадгалахад мөнгөний бодлого чиглэгдэх ёстой.
ХЭРЭГЛЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГ ТЭЛЭЛТИЙН ЭРСДЭЛ
Сүүлийн жилүүдэд банкны салбараас олгосон иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт эрчимжсэнээс өрхийн өрийн дарамт нэмэгдэж, иргэд татварын дараах орлогынхоо дийлэнх буюу дунджаар 70 орчим хувийг зээлийн төлбөрт зарцуулж, амьжиргааныхаа наад захын хэрэгцээгээ танах, эсвэл дахин зээл авах байдлаар зээлийн циклд орох эрсдэл нэмэгдэж байгаа талаар Монголбанкнаас өмнө нь мэдэгдэж байсан. Энэ нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газар болон Монголбанк иргэдийн бодит орлогыг дээшлүүлэх зорилгоор хуруугаа ч хөдөлгөөгүй учраас иргэд хэрэглээний зээл авч өдөр хоногоо аргацаан өрийн дарамтад орсон гэдгийг баталдаг. Мөн урт хугацааны хөрөнгө оруулалт болох ипотекийг зогсоосон алдаатай бодлогын нөлөө ийнхүү нийт зээлийн тал хувийг давсан хэрэглээний зээлээр илэрч байна. Цаашид өрхийн бодит орлого буурч, иргэдийн төлбөрийн чадвар суларч, дагаад зээлийн чанар муудан, нийт хэрэглээ огцом хумигдвал эдийн засгийн уналт болох эрсдэл их байна.
САНХҮҮГИЙН СИСТЕМ ТОГТВОРТОЙ БАЙНА УУ
Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны аравдугаар сарын эцэст 949.1 тэрбум төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны есдүгээр сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (12.2%) их наяд төгрөгөөр өссөн. Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 37.3 хувийг ипотекийн зээл, 26.9 хувийг цалингийн зээл, 10.3 хувийг хэрэглээний зээл, 6.6 хувийг тэтгэврийн зээл, 5.8 хувийг бусад зээл тус тус эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны аравдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.3 пунктээр өссөн байна.
Энэ статистик үзүүлэлт нь Монголбанкны үндсэн хоёр үүргийн нэг болох “санхүүгийн системийн тогтвортой байдал”-ыг бүрдүүлж чадаагүй, дордуулсан үзүүлэлт гэж дүгнэхээс өөр аргагүй. Санхүүгийн системийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, санхүүгийн хямрал болон санхүүгийн тогтворгүй байдлаас сэргийлэх, түүний нөлөөг бууруулахад Монголбанк бүх анхаарлаа тавьж ажиллах ёстой.
Судалгаагаар харахад эдийн засгийн хөгжилтэй орнуудын инфляцын жилийн хувь ойролцоогоор хоёр хувь орчим, Төв банкны бодлогын хүүг 3-4 хувиас хэтрэхгүй байна. Энэ нь арилжааны банкны зээлийн хүү жилийн 5-6 хувиас хэтрэхгүй байж үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хүү багатай, 10-20 жилийн урт хугацаатай “хөрөнгө оруулалтын зээл” авах боломжоор хангагдаж эдийн засаг эрчимтэй хөгжих үндэс суурь болж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын мөнгөний бодлого инфляцыг өндөр байлгах, монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг “уян хатан” байлгах, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Монголбанкнаас тогтоодог бодлогын хүүг өндөр байлгах чиглэлд томьёологдож ирлээ. Энэ нь үнэ тогтвортой байх, зээлийн хүү буурах боломжгүй байдалд хүргэж, дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид богино хугацаатай, өндөр үнэтэй, хомс мөнгөөр бодит баялаг үйлдвэрлэх “шахаанд” оруулж байгаа билээ.
Төв банкны шинэ удирдлага дээр дурдсан бүхнийг дангаар шийдвэрлэж чадахгүй нь мэдээж. Гэхдээ хэдий болтол дуугаа хурааж, банк санхүүгийн наад захын мэдлэггүй УИХ-ын гишүүдийн амаар ажлаа явуулах билээ? Та бүхний өмнө Хятадаас авсан свопын асуудлыг шийдвэрлэх, Саарал жагсаалтаас гарах, валютын ханш болон үнийн тогтвортой байдлыг хангах, инфляцаа бууруулах гээд л дурдаад байвал дэндүү их ажил байна даа.