Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн. Тэгээд УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн чуулганаар (2019.11.22) Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилов. Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Ингээд Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэнгээс хийх ажлынх нь талаар тодрууллаа.
-Та Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдлоо эхний ээлжинд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Монголбанкны хийх ажил ойлгомжтой. Монгол Улсын хувьд тулгарсан бэрхшээлтэй асуудал байна. Эхний ээлжинд саарал жагсаалтаас гарах явдал. Дараа нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр орно. Мөн эдийн засаг сэргэж байна. Үүнийг тогтворжуулахад мөнгөний бодлого чухал үүрэгтэй. Энэ долоо хоногт мөнгөний бодлогыг УИХ эцэслэн батална. Ингэхээр хийх ажил ойлгомжтой, тодорхой юм.
-Саарал жагсаалтад орсон явдал Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцроход хүргэсэн. Уг жагсаалтад орсон нь Төв банкны үйл ажиллагаатай холбоогүй гэж бас яригдаж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын хяналтад орсон. Үүнийг саарал жагсаалт гэж ойлгож байгаа. Энэ хяналтад зөвхөн нэг байгууллага, нэг хүний асуудал биш. Тэгэхээр Монгол Улс багаараа ажиллаж байж саарал жагсаалтаас гарна. Бид 2020 оны мөнгөний бодлогодоо саарал жагсаалтаас аль болох богино хугацаанд гарах зорилт дэвшүүлсэн байгаа.
-ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах хугацаатай үүрэг өгсөн гэсэн. Хэдий хугацаанд уг жагсаалтаас гарах үүрэг өгсөн юм бэ?
-ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад хийх ажил тодорхой. Нийт зургаан ажил хийх ёстой. Ажлын хэсэг гараад үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлаад хэрэгжүүлж эхэлсэн.
-Зээлийн хүүг бууруулах, бага хэмжээнд байлгах талаар ямар ажил хийх вэ?
-Манай улсад өнөөдөр зээлийн хүү 16.9 хувьтай байна. Сүүлийн хорин жилд хамгийн доод түвшиндээ хүрсэн. Үүнээс доош буулгах шаардлага бий. Учир нь зээлийн хүү өндөр гэж олон нийтийн зүгээс үзэж байгаа. Зээлийн хүүг буулгая гээд шууд буулгачихдаг асуудал биш. Мэдээж мөнгөний бодлогын олон арга хэрэгсэл хэрэгжүүлэх ёстой. Эхний ээлжинд мөнгөний бодлогоор дэмжих учиртай. Мөн банкны секторт шинэ техник, технологи нэвтрүүлж байж зардал хэмнэнэ. Энэ нь зээлийн хүүг бууруулах боломж олгоно. Энэ бүгдэд Монголбанк стратеги боловсруулан ажиллаж байна.
-Монголбанкны бодлогын зөвлөл бий. Үүнд ямар нэг өөрчлөлт оруулах уу?
-Мөнгөний бодлогын зөвлөл долоон гишүүнтэй. Бүгдийг нь УИХ-аас томилдог. Тэгэхээр тодорхой өөрчлөлт орох байх.
-Ирэх оны нэгдүгээр сард ФАТФ-ын хурал болно. Үүнд саарал жагсаалтаас гарах асуудлаа тавьж чадах болов уу?
-Бид тайлангаа явуулна. ФАТФ-аас харилцан үнэлгээний баг ирж газар дээр нь шалгах ёстой.
Д.Баярсайхан: ФАТФ-ын зөвлөмжид үнэт чулууны бизнес эрхлэгчдийг цэгцлэх асуудал орсон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилох асуудлыг хэлэлцэв. Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилохыг байнгын хороо дэмжсэн байна.
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг томиллоо.Д.Баярсайхан нь 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ, ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-СЗХ-ны зүгээс банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ-той холбоотой маргаан их байдаг. Иргэд их хохирдог. Өмнөх удирдлагаас энэ асуудлаар зохицуулалт хийж, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох талаар ямар нэг арга хэмжээ аваагүй. Хэрвээ томилогдвол ямар арга хэмжээ авах вэ?
Нэр дэвшигч Д.Баяртсайхан:
-ФАТФ-ын зөвлөмжид СЗХ-той холбоотой асуудал байсан. Тэр нь үнэт чулуугаар бизнес эрхлэх асуудлыг цэгцлэх тухай байгаа. 538 ББСБ, үнэт цаастай холбоотой 600 гаруй хуулийн этгээд байдаг. Сүүлийн жилүүдэд СЗХ-ны боловсон хүчин нэмэгдээгүй. Хэрвээ томилогдвол холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Мэргэжлийн хүн томилогдож байгааг дэмжиж байна. Хувьцаат компаниудын төвлөрлийг алга болгох хэрэгтэй. Мөн Санхүүгийн үйлчилгээний тухай хуулийг боловсруулж байсан. Энэ хуулийг гаргах шаардлагатай.