УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Цэцийн хүчингүй болгосон АМНАТ-ыг сэргээсэн юм. Ингээд уг хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэц АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны татвар)ыг хүчингүй болгож нэлээд асуудал гарсан. Тэгвэл УИХ дахиад АМНАТ-ыг хуучин хэвээр нь авахаар хууль баталлаа. Дахиад хүчингүй болговол яах вэ?
-Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар АМНАТ-ыг хүчингүй болгосон. Их суудлын хуралдаанд Цэцийн бүх гишүүд оролцдог. Тэгэхээр АМНАТ-ыг хүчингүй болгосон учраас 2019 оны төсөв тасрах, 2020 оны төсөвт 1.3 их наяд төгрөгөөр дутах нөхцөл үүссэн. АМНАТ гэдэг бол Үндсэн хуульд “Газрын хэвлийн баялаг төр ард түмний мэдэлд байна” гэж заасан үзэл баримтлалын хүрээнд авч буй татвар юм. Зарим оронд үүнийг “Эзний татвар, Газрын баялгийн эздийн татвар, Хааны татвар” гэж нэрлэдэг. Уг нь ямар ч улс оронд байдаг татвар.
-Тэгвэл хэдэн хувийн татвар ногдуулахаар болов. Ямар нэг шатлал тогтоож байгаа юу?
-Байгалийн баялгаа ашиглуулсны төлөө л авч байгаа татвар шүү дээ. Жишээлбэл, дотоодын хэрэгцээнд дулааны цахилгаан станцад уурхайгаас нүүрс нийлүүллээ гэж бодъё. Тэгвэл 2.5 хувийн татвар ногдуулна. Хэрэв гадаадад экспортолбол таван хувийн татвар төлөх ёстой. Үүн дээр өсөн нэмэгдэх татвар гэж бий. Энэ татварыг ашигт малтмал борлуулсан үнэ ханшаас шалтгаалж тогтоодог. Жишээ нь 5075 ам.доллароор нэг тонн нүүрс экспортод гаргасан бол нэг хувийн татвар ногдуулах боломжтой. Өсөн нэмэгдэх татварыг хэрхэн ногдуулах аргачлал нь Ашигт малтмалын тухай хуульд тодорхой бий. АМНАТ-ын хуучин хуулийг сэргээж байгаа. Ийм учраас давхар татвар төлөхгүй. Урдын адил төлдөг татвараа төлөөд явна.
-Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц АМНАТыг хүчингүй болгосноос хойш нэг сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацааны татварыг нөхөж авах асуудлыг АМНАТыг сэргээж буй хуулийн төсөлд тусгасан уу?
-Энэ асуудлыг тусгасан. Тэгэхээр аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 22-ны хооронд АМНАТ төлөлгүй экспортод ашигт малтмал гаргасан бол нөхөж авна. Боловсруулалт хийлгүй ашигт малтмал экспортолж буй бол ойлгомжтой таван хувийн АМНАТ төлж байгаа. Харин угааж, баяжуулаад экспортод гаргасан бол АМНАТ-аа улсын төсөвт нөхөн төлөх заалт орсон. Тэгэхээр энэ дагуу хууль хэрэгжээд явна гэсэн үг.
-Уул уурхайн сайд АМНАТ-ыг давхардуулж авч байна. Үүнийг болиулсан гэж яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Манай улсад АМНАТын давхардуулж аваагүй. Авч ч байгаагүй. Тухайлбал “А” уурхайн эзэн ТЭЦ-4-т нүүрс нийлүүлбэл 2.5 хувийн АМНАТ төлнө. Хэрэв түүхий нүүрсээ гадаад экспортод гаргавал таван хувийн татвар төлнө. Тэгвэл “А” уурхайн эзнээс Х гэдэг хүн нүүрс авч угааж, баяжуулаад экспортод гаргаж болно. Ингээд Х гэдэг хүн таван хувийн АМНАТ төлөх ёстой. Гэвч Х гэдэг хүн “А” уурхайгаас түүхий нүүрс худалдаж авахдаа 2.5 хувийн АМНАТ төлсөн байгаа. Тэгэхээр Х гэдэг хүн угааж баяжуулсан нүүрс экспортод гаргахдаа 2.5 хувийн татвараа хасч төлнө. Нэг ёсондоо нүүрс авахдаа 2.5, гадаад экспортлохдоо 2.5 хувийн АМНАТ төлнө гэсэн үг. Угааж баяжуулсан нүүрс экспортолж буй компаниуд нэг тонныг нь 120-130 ам.доллароор зарж байгаа. Ийм компани нүүрс олборлогч биш учраас олборлогч “А” компанид 2.5 хувийн татвараа төлсөн. Тэгээд нэг тонныг нь 120 ам.доллароор зарсан учраас суурь татвар буюу экспортод гаргах таван хувь, өсөн нэмэгдэх татвар 1.5 хувийн татвар тус тус төлнө. Ингээд 6.5 хувийн татвар төлнө гэсэн үг. Тэгэхээр дотоодоос “А” компаниас нүүрс худалдан авахдаа 2.5 хувийн татвар төлсөн байгаа. Үүнийгээ хасаад дөрвөн хувийн татвар төлөөд нүүрс экспортолж байгаа юм. Ийм учраас АМНАТ давхар төлж байгаа асуудал байхгүй.
-Бусад орнуудад АМНАТ-ыг хэрхэн тогтоосон байдаг юм бол?
-Бид Австрали зэрэг уул уурхай хөгжсөн орнуудын жишгийг судалж үзсэн. Австрали ашигт малтмал олборлож буй уурхайн үйл ажиллагаанд нь 10 хувийн АМНАТ ногдуулдаг. Өндөр авч байгаа биз дээ. Тэгвэл манай улс 2.5 хувийн АМНАТ авч байгаа юм. Хэрэв гадаадад экспортод гаргавал таван хувийн АМНАТ авдаг. Аж ахуйн нэгжүүдийн хэлээд байгааг харвал давхардуулж авч байгаа юм шиг харагдаж байна. Жишээ нь бид нүүрс олборлож буй компанид ногдуулах АМНАТ-ыг нэмэгдүүлж болно. Гэтэл дотоодын зах зээлд эрчим хүчний нүүрсний үнэ өсчих гээд байгаа юм. Нүүрсний үнэ өсөхөөр цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх нөхцөл байдал үүснэ. Ашигт малтмалын хуулийг ойлгомжтой болгохын тулд гадаад дотоодын туршлагад суурилж тооцоо судалгаа хийж хэн хэндээ маргаангүй, ашигтай татвар ногдуулах ёстой юм.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд бас өөрчлөлт орох уу?
-Үндсэн хуульд Үндэсний баялгийн сантай болно гэсэн заалт орсон. Уул уурхайн салбар ямар өгөөж улс оронд өгч байна гэдэгт хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр манай улсын төсвийн 24 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Ийм учраас Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орох нь гарцаагүй.
-Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэх болсон. Яг ямар байдлаар өөрчлөлт оруулах боломж байгаа юм бэ?
-Гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ том бүтээн байгуулалтын төслийг гэрээ нь буруу байна гээд зогсоож болохгүй. Оюу толгойтой холбоотой Монгол Улсад орж ирж байгаа өгөөж хэр байна гэдгийг харах ёстой. Монголын олон аж ахуйн нэгж энэ төсөлтэй хамтран ажилладаг. Өнөөдрийн байдлаар монголын 15 мянга гаруй иргэн уг төсөл дээр ажилладаг тооцоо бий. Гэрээг нь засч сайжруулахад би санал нэг байна. Оюу толгой татвараа төлөөд явж байгаа.
-Хөрөнгө оруулагч тал “Рио Тинто” компанийн зүгээс Оюу толгойн гэрээг засч сайжруулах манай саналыг хэрхэн авч үзэж байгаа юм бол?
-Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани хоёрын аль аль тал нь санаачилгатай ажиллах ёстой. Бид дэлхийд томд тооцогдох зэс, алтны ордтой гээд яриад байдаг. Үүнийхээ өгөөжийг ард түмэн хэрхэн хүртэх эрхтэй. Өнөөдөр ард түмний амьдрал хэцүү байна. Ийм учраас ард түмнийг төлөөлж байгаа Засгийн газар нь хөрөнгө оруулагч талтай ярилцаж харилцан ашигтай тохиролцоо хийж гэрээгээ засч сайжруулах үүрэгтэй юм.
-ЖДҮ-тэй холбоотой хэргийг шүүхээр шийдэх болсон. Тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан УИХын гишүүн Б.Батзориг хэргээ хүлээсэн мэдээлэл бий. Таны нэр бас ЖДҮ-д холбогддог шүү дээ. Энэ хэргийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-ЖДҮ-тэй холбоотой асуудлыг шийдэх нь зүйтэй. Миний нэр ЖДҮтэй холбогдсон. АТГ болон хууль шүүхийнхэн намайг ЖДҮ-гээс зээл авч хувьдаа ашигласан эсэхийг яаралтай шалгаж, асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Миний нэр холбогдсон тэр компани манай дүүгийнх. Би тэр компаниас ямар нэг хувьцаа эзэмшдэггүй. Түүнд зээл авч өгөөгүй. Тэр компани жижиг дунд үйлдвэрлэгч. Мах боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Авсан зээлээ төлсөн юм билээ.
-ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдээс шалгагдаж байгаа болов уу?
-Би түүнийг сайн мэдэхгүй байна. Хэвлэлээр гарсан мэдээллийн хэмжээнд л мэдээлэлтэй байгаа.
-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмнэ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын 2016 оны сонгуульд МАН дийлэнх олонхын санал авч Засгийн газраа эмхлэн байгуулсан. Ингээд 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Ингэж байж гадаадын зээл, тусламж авах боломжтой болсон. Тухайн үед ОУВС орлогоо нэмэгдүүлэх ганц шаардлага тавьсан юм. Үүний тулд төсвийн сахилга батыг сайжруулах, орлого олох эх үүсвэрээ нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. Ингээд нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал гарч ирсэн. Энэ хүрээнд 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь, 2019 онд нэг хувь ирэх жил хоёр хувь нэмэхээр болсон. Ингээд 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь болж байгаа. Энэ нь аж ахуй, бизнес эрхлэгч, иргэдэд дарамт учруулах нь тодорхой. Нийгмийн даатгалын шимтгэл нь Тэтгэврийн санг бүрдүүлдэг гол эх үүсвэр. Өнөөдөр энэ сан төсвөөс татаас авч байна. Улсын төсвөөс жил бүр 600 орчим тэрбум төгрөг авч байж өндөр настны тэтгэвэр өгдөг. Миний харж буйгаар Засгийн газар ОУВС-тай 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл нэмэх асуудлыг тохиролцож чадаагүй юм болов уу даа. Гэхдээ 2020 оны тавдугаар сард манай улс ОУВС-гийн хөтөлбөрөөс гарна. Ийм учраас хөтөлбөр дууссаны дараа нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байна.
-Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхээс өмнө уг асуудлыг зохицуулах боломж байхгүй нь гэж ойлгож болох уу?
-ОУВС-гийн хөтөлбөрт ороход хатуу шаардлага тавьсан. Тэгэхээр Засгийн газар яриагүй биш ярьж үзсэн байх. Тэгээд зөвшилцөлд хүрээгүй бололтой. Ийм учраас хөтөлбөрөөс гарсны дараа хоёр хувийн нэмэгдлийг хүчингүй болгоод 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ны хооронд төлсөн хоёр хувийн нэмэгдлийг буцаан олгох хуулийн төсөл санаачлан батлуулах нь зүйтэй гэж би бодож байна. Хувь гишүүний хувьд ингэж л асуудлыг харж байгаа юм.