Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар дараах тодруулгыг авлаа.
-Сонгуулийн хуулийн талаар УИХ дахь МАН-ын бүлэг дээр байр сууриа нэгтгээгүй гэсэн асуудал яригдаж байна л даа?
-Хууль санаачлах эрх нь УИХ-ын бүх гишүүдэд бий. Тийм учраас УИХ дахь МАН-ын бүлэг дээр байр сууриа нэгтгээгүй гэсэн асуудал байхгүй. Их олон талаас нь ярьсан. Бид өнгөрсөн хавар Сонгуулийн хуулийг Монгол Улс нэг тойрог гэдэг байдлаар өргөн барья гэж ярьж байсан. Мөн Засгийн газраас ч санал авсан. Бидний одоо өргөн барьсан Сонгуулийн хуулийн төсөлд 50:26 гэсэн холимог мажоритар хувилбарыг сонгосон. Тэгэхээр 26 гэдэг нь Монгол Улс нэг тойрог. Үлдсэн 50 нь жижиг мажоритар байх юм. Энэ хувилбарын талаар УИХ-ын гишүүн бүр өөрийн санал байр сууриа илэрхийлэх асуудал нээлттэй. Хамгийн гол нь Монгол Улсын эрх ашгийг бодох ёстой. Цаашид жалга довны бодлоготой 76 УИХ-ын гишүүн сонгох тогтолцооноос хэрхэн гарах вэ гэдгээ бодох шаардлага бий. Мөн улс төрийн болон Засгийн газрын тогтвортой байдлыг хэрхэн хангах, аль хувилбар нь хамгийн тохиромжтой вэ гэдгийг харгалзан үзэж уг хувилбар дээр тогтон ярьж байгаа юм.
-Улс төрийн намууд жагсаалтаар нэр дэвшүүлэх 26 хүн байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Одоо Монгол Улс нэг тойрог гэхээр нам бүрээс 26 хүн нэр дэвшүүлж түүнээс ард түмэн сонголтоо хийнэ. Сонгуулийн тогтолцоо нь мажоритар, дүн гаргах аргачлал нь хувь тэнцүүлэх гэдэг зарчмаар явж байгаа шүү дээ. Тэр 26 нэр дэвшигчид ард түмэн саналаа өгнө. Ингээд хамгийн их санал авсан 26 хүн эрэмбэлэгдээд гарч ирнэ гэсэн үг. Монгол Улсад сонгуулийн насны хоёр сая гаруй хүн бий. Тэдний 70 хувь нь сонгууль өглөө гэж тооцвол 1.6 сая хүн болно. Үүнээс хамгийн их санал авсан хүмүүс нь нам намаас эрэмбэлэгдээд гарч ирнэ. Тэгээд нийлбэрийг нь тооцож 26 суудлаас хуваарилна.
Жишээ нь нэг нам 50 хувийн буюу 800 мянган хүний санал авсан байхад 26 суудлаас 13-ыг хуваарилах юм. Тэгэхдээ тухайн хүн авсан саналаараа эрэмбэлэгдэнэ. Урд өмнө нь ард түмэн намыг дугуйлж байсан. Ингээд нам жагсаалтад орсон хүмүүсээ эрэмбэлж байсан юм. Одоо ард түмэн тухайн жагсаалтад орсон хүнд санал өгнө, тэр саналын тоогоор нь эрэмбэлнэ.
-Жагсаалтаар УИХ-д суудал хуваарилахдаа босго тогтоох уу?
-Улс төрийн намууд нийт сонгогчдын таваас доошгүй хувийн санал авах ёстой. Ингэж байж жагсаалтын 26 суудлаас хуваарилагдах эрхтэй болно. Бие дааж нэр дэвшигч том тойрогт ч жижиг тойрогт ч нэр дэвшиж болно. Олон санал авсан хүн УИХ-д орж чадахгүй байх нөхцөл үүсч магадгүй гэсэн асуудал бас яригдаж байгаа. Учир нь би дээр жишээ татсан. Нийт сонгогчдын 50 хувийн санал авсан намд 13 суудал ногдоно. Тэгэхээр хувь тэнцүүлсэн аргаар тооцож буй учраас магадгүй 13 дахь суудалд нь 1000 хүний санал авсан хүн УИХ-д орж ирэхийг үгүйсгэхгүй. Гэтэл өөр намаас нэр дэвшсэн хүн түүнээс илүү 2000, 3000 хүний санал авсан хүн орж чадахгүй үлдэх тал бий. Хүнээ дугуйлсан мажоритар тогтолцооны хувилбарт хувь тэнцүүлж тооцохоос өөр арга байхгүй.
-Тэгэхээр Саналын хуудас ямар байдлаар хэвлэх юм бэ?
-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 34 нам байна. Нам бүрээс 26 хүн жагсаалтаар нэр дэвшүүлэхэд 700-800 орчим хүн гарна. Ингээд бид Сонгуулийн ерөнхий хороотой яриад саналын хуудаст яаж бичигдэхийг гаргаж үзсэн. Тэгэхэд технологи, практикийн хувьд боломжтой юм билээ. Харин сонгуулийн дүн гаргах, тоолох асуудалд хүндрэл гарахыг үгүйсгэхгүй.
-Таны ярианаас иргэд хоёр санал өгөх нь гэж ойлгож болох уу?
-Жижиг тойрогт санал өгч буй иргэд хоёр санал өгнө. Нэг нь өөрийн тойргийг төлөөлөх гишүүнээ сонгоно. Нөгөөх нь улс даяар өөрт таалагдсан хамгийн сайн улс төрч гэж үздэг хүнд бас санал өгнө. Одоогийн сонгуулийн тогтолцооны сул тал нь улсын төсвийг 76 жижиг тойрог руу татаж байгаа явдал юм. Цаашид улс орны хөгжлийн асуудал ярьдаг төлөөлөлтэй болох нь чухал. УИХ-ын гишүүд нь 76 жалгын асуудал ярьж болохгүй биз дээ. Ийм учраас ард түмнийг төлөөлдөг, улсын хөгжлийн бодлого ярьдаг төлөөлөл байх зайлшгүй шаардлага үүсч байгаа юм.
-Намын санхүүжилтын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсантай холбогдуулж хэд хэдэн хууль батлагдах ёстой. Тухайлбал, Сонгуулийн хууль байна. Дараа нь Улс төрийн намын тухай хууль батлагдана. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль батлагдах учиртай. Улс төрийн намын тухай хуулиар намын санхүүжилтын асуудлыг шийднэ. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлын дээд хязгаарыг Аудитын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо тогтооно гэж орсон байгаа. Компани 10, хувь хүн гурван сая төгрөгийн хандив өргөх зохицуулалт хийсэн.
-Сонгуулийн үеэр цахим хуудас, сошиал медиаг хянаж зохицуулна гэж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Нэр дэвшигчид цахим хуудастай байж болно. Харилцаа холбооны зохицуулах хороо түүнийг нь бүртгэнэ. Энэ байгууллагад бүртгэгдээгүй фейсбүүк, твитер, You Tube, инстеграм хаягаас бусдын нэр төрд халдсан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуульд нэмэлт зохицуулалтууд оруулж өгч байгаа. Монгол Улсад өнөөдөр 2.2 сая цахим хуудас хэрэглэж байгаа тооцоо бий. Эдгээр цахим хуудсыг хязгаарлаагүй. Хязгаарлаж болохгүй. Фейсбүүк өнөөдөр хүний бизнесийн орчин болсон. Хамгийн гол нь хүний нэр хүндэд халдсан, гүтгэн доромжилсон зүйл байвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх юм. Фейсбүүк компанийн төлөөлөл Монгол Улсад гурван удаа ирж уулзсан. Энэ компаниуд улс орны дотоод хэрэгт оролцохгүй байх, сонгуулийг шударга будилаангүй явуулахад хөндлөнгөөс ямар нэг оролцоогүй байхыг эрхэмлэж байгаа. Өөрөөр хэлбэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улс орны троллууд хөндлөнгөөс оролцсон гэдэг маргаан дэгдсэн шүү дээ. Улс орны сонгуулиудад фейсбүүк орчинтой холбоотой маш их маргаан дэгдэж байгаа юм билээ. Иймд тус компани сонгуулийн үеэр тухайн улс орнуудын Засгийн газартай хамтран ажиллаж тодорхой зохицуулалтууд хийж буй практик байгаа гэсэн.