УИХ-ын чуулганы өчигдрийн (2019.12.05) нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизүүдийн холбоо болон олон суваг дамжуулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Гишүүдийн зүгээс хууль батлагдсанаар эцсийн хэрэглэгч болсон үзэгчдийн телевизийн хураамж нэмэгдэх эсэх, олон нийтийн радио, телевизийн бэлтгэн дамжуулж байгаа зохисгүй мэдээлэлд хязгаар, хориг байгаа эсэхийг илүүтэй тодруулахын зэрэгцээ сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар лавлаж байлаа. Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүргийг зохицуулсан 31 дүгээр зүйлийг шинээр нэмж тусгахаар болж, уг хуулийн төслийг “2020 оны долдугаар сарын 01-ний өдрөөс” дагаж мөрдөхөөр өөрчилснийг тус тус дэмжлээ. Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Ингэд УИХ-ын чуулганы хуралдаанаас дор тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Энэ хуулиар олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийн хэрэглэгчдээс авдаг төлбөрийн тодорхой хувийг Телевизүүдийн холбоонд өгөхөөр тусгасан. Нийт 15-аас доошгүй хувь гэж тогтсон. Ингэснээр таван чиглэлийн Монгол контентыг дэмжинэ. Үндэсний, хүүхдийн, танин мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлгүүдийг дэмжинэ. Хуулийн төслийн гол зорилго нь үзэгчдийг чанартай контентуудаар хангахад чиглэгдэнэ. Үл ойлголцол арилсан. Үзэгчдийг чанартай контентоор хангах нь энэ хуулийн гол зорилго.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-“Монгол контент”-ыг дэмжих асуудал хөтөлбөрт тусгасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт 80 гаруй телевизүүд үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Монгол контентуудыг дэмжинэ гэж тодорхой заасан. Монгол бүтээлүүдийг дэмжих зорилготой.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Судалгаанаас харахад Өргөн нэвтрүүлгийн 19 телевиз байна. Гэтэл цаана нь кабелийн сувгаар үйлчилгээ явуулдаг 60 гаруй суваг байна. Энэ хууль нь нэг талдаа Өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжиж байгаа боловч нөгөө талдаа кабелийн телевизүүдээ орхигдуулж байгаа юм биш үү. Адилхан л хэрэглэгчдэд хүрч байгаа. Үзэгч аль нь Өргөн нэвтрүүлгийн эсвэл кабелийн телевиз үү гэдгийг ялгаж мэдэхгүй. Сүүлийн үед мөн онлайн телевизүүд гарч байгаа. Ижил шаардлага үйлчлэх ёстой. Өргөн нэвтрүүлгийн телевизүүд IPTV-гээс мөнгө авах нь зөв гэж харж байна. Телевизүүд зах зээлийнхээ зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг байх тэр хэлбэр лүү оруулах гэж байгаа нь зөв.
Ажлын хэсэг:
-Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид гэдэг бол радио, телевизийн газрын сүлжээ, радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид мөн олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид ордог. Хуулийн төсөлд бүх телевизийн хөтөлбөрт адилхан зарчим үйлчилнэ.