УИХ-ын баасан гаргийн чуулганаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Сонгуулийн хууль энэ онд батлагдахаар давчуу орж ирж байна. Хамгийн анхаарал татахуйц зүйл нь 2016 оны сонгуулиар гарч байсан маргааныг цэгцлэхэд хэд хэдэн асуудал байна. Сонгуулийн тогтолцооны асуудал анхаарал татаж байна. Гишүүдийн хандлагаас үзвэл холимог тогтолцоог дэмжих хүн цөөхөн. 26 мандатын хуваарилалт ардчилсан зарчмыг зөрчиж байна. 26 мандат байгаа бол 26 хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх ёстой байтал нэг хүн дугуйл гэдэг нь ямар учиртай юм. Хоёрдугаарт, 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад хэр хэмжээний хугацаа зарцуулах вэ, техникийн ямар боломж байгаа юм. Шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн шийдэх вэ. Нэг тойрог хоёр мандаттай бол хоёр хүртэлх хүнийг сонгох болохоос 26 хүнээс нэг хүнийг сонго гэдэг нь хүчиндэлт. Ингэж болохгүй. Улайн цайм луйвар хийж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Тогтолцооны асуудал нь иргэд нийтээрээ шууд сонгох сонголтыг хийнэ. 50:26 оруулж ирэхээр үндсэн хууль зөрчсөн гэж байна. Сонгуулийн тогтолцоог 180 улсынхыг судалсан. Одоо бидний өргөн бариад байгаа хууль нь сонгогч өөрийнхөө хүссэн хүнийг сонгох боломжийг бий болгож байна. Өнөөгийн нөхцөлд сонгуулийн энэ тогтолцоог зөв гэж харж байна. 26 нэр дэвшигч байхад яагаад заавал ганцыг сонго гэж байгаа юм гэсэн. Нам бүхэн 26 нэр дэвшигчийг дэвшүүлэх нь нээлттэй.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн:
-Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. Өмнөх бүх сонгуулиуд нэг саналын хуудсаар өгдөг байсан бол одоо дөрвөн саналын хуудас хэвлэгдэх юм байна. Тиймээс 900 гаруй хүнээс 26 хүнийг сонгоно гэдэг цаг хугацаа, техникийн хүчин чадал байхгүй. 910 хүн дотроос 26 хүнийг тэмдэглэнэ гэдэг цаг хугацааны хувьд нэг өдөрт багтахгүй. Саналын хуудасны загвар дээр энэ долоо хоногт ажиллахад нэг хүн тэмдэглэхэд боломжтой. Харин нэгээс илүү хүнийг тэмдэглэхэд боломжгүй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-Тогтолцооны асуудал маргаан дагуулж байна. Сонгуулийн мажоритор,тогтолцоог задлах юм бол 75:1 гэж орж ирэх юм байна. Сонгуулийн энэ хуулийн 26 дугаар зүйл дээр нэг заалтыг нэмж оруулах хүсэлтэй байна . Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг бүр тусад нь оруулмаар байна. Мөн бид сонгогчдоо царцаа гэж доромжилмооргүй байна. Сонгогчдыг албаар нүүлгэж аваачсанаа намайг авчирсан мэтээр цахим хуудсанд нийтэлж байсан тохиолдол гарч байсан удаатай. Нарийндаа сонгогчдыг олноор нь суурин байгаа газраас авч явж байгаа асуудлыг хатуу хуульчилмаар байна. Сонгогчдын шилжилтийг хориглохгүй болохоор үр дүнд хүрэхгүй шүү дээ. Тойргийн том жижгээс үл хамааран сонгогчдын шилжилтийг хязгаарлах ёстой. Аль ч тогтолцоогоор сонгууль явуулсан сонгогчдын шилжилтийг хаасан заалт оруулах асуудалд хатуу байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Шилжилт хөдөлгөөн тойрог томсгох тусам багасдаг. Том тойрог дээр хүн аваачих ямар ч шаардлагагүй. Одоо бидний санал болгож байгаа 26:50 логик утгаараа хянах бүрэн боломжтой. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг өмнө нь хугацаа заагаад хэн хэзээ зогсоох нь тодорхойгүй байсан бол одоо сонгуулийн санал авахаас 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг бүрэн хааж байгаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн:
–Сонгуулийн хуулийг зөрчих юм бол арга хэмжээ авахаар тусгагдсан. Энэ хууль батлагдах юм бол Зөрчлийн тухай хуульд бүлэг хууль оруулна. Сонгуульд нэр дэвшиж оролцож байгаа зохион байгуулж байгаа хүмүүс зөрчил гаргасан тохиолдолд Эрүүгийн хуульд тодорхой хэмжээний хуулийн заалтыг чангатгасан нэмэлт өөрчлөлт оруулна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Сонгуулийн тогтолцооноос шалтгаалж өндөр өртгөөр сонгууль хийдэг улс манайхаас гадна цөөхөн дөө. Цаашдаа энэ чиглэлийг өөрчлөх ёстой. Одоо өргөн барьсан хуулийн төсөлд хэн илүү мөнгөтэй нь нэр дэвшигчид ижил гараанаас гарч байгаа. Тухайлбал, рекламын самбар ижил хэмжээтэй нэг газарт байрлана гэхчилэн. Харин нэг нэр дэвшигч 25 минутаас хэтрэхгүй телевизээр сурталчилгаа явуулна гэж заасан. Тиймээс нийт 60 минутын нийт агуулгын 15 хувиас хэтрэхгүй сурталчилгаа явуулах хязгаарлалтыг хийж өгсөн.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Үндсэн хууль зөрчсөн тогтолцоотой болчих гээд л байна даа. Ардчилсан намаас холимог тогтолцоог оруулж ирнэ гэхэд би дэмжиж байсан. Хүн дугуйлж байгаа нь холимог биш мажоритор гээд гүрийгээд байгаа нь худлаа. Үнэхээр мажоритор тогтолцоо юм бол иргэд 26 хүнийг л сонгох ёстой.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Гишүүдийн дунд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр дээр сонгуулийн тухай төсөл унана гэсэн яриа их байна. Миний санал болгож УИХ-аар батлагдсан хэлбэр бол мажоритор. Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй. Засгийн газраас өгсөн 10 саналын нэг нь сонгуульд нэр дэвшигчид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр сэтгэцээ хянуулна гэж заасан.