Сонгууль ойртсоны улмаас улстөрчид судалгааны байгууллагуудын улс төрийн судалгааг анхааралтай ажиглаж эхэллээ. Саяхан гарсан “Сант марал” судалгааны төвийн дүнг зөвхөн улстөрчид биш, бизнесмэнүүд сонирхож байна. Учир нь тэдэнд бизнес хийх орчингоос гадна ямар араншин, үзэлтэй улс төрийн хүчин Засгийн эрхэнд гарах нь чухал нөлөөтэй гэнэ. “Сант марал” судалгааны төв үйл ажиллагаа 1994 оноос өнөөг хүртэл ажиллаж байна. 1996 онд тус төвийн судалгаагаар ардчилсан хүчнүүд эвсч сонгуульд орвол ялах магадлал өндөр гарсан гэдэг. Харин ардчиллын нэгэн лидер судалгааны үр дүнгээр доог тохуу хийжээ. Гэтэл судалгааны үр дүн биеллээ олсон аж. Эрх баригчид өнөөдөр сонгуулийн холимог тогтолцоог сонгох шийдвэрт хүрсэн. Гэхдээ намуудын саналыг хэрхэн хураах талаар эрхэм гишүүд хүнд ойлгуулах нь бүү хэл өөрсдөө ч ойлгож байгаа эсэх нь маргаантай мэдээллүүд гарч байна. Энэ талаар “Сант марал” судалгааны төвийн захирал Л.Суматитай ярилцлаа.
Манайд онолын судалгаа хийдэггүй
-Танай судалгааны байгууллага анх яаж үүссэн бэ?
-1994 он гэхэд манайхан судалгааны байгууллагуудаа дампууруулчихсан. Тэгээд гаднаас ирсэн байгууллагуудад Монголын дотоод дахь бодит судалгаа хэрэгтэй байсан. Тиймээс Германы Конрадд Аденаурын сантай хамтран судалгаа хийж эхэлсэн. Тэр байгууллага судалгааг санхүүжүүлж байсан.
-Судалгааны байгууллагуудыг татан буулгасан гэлээ. Тэр нь орчин цагийн судалгаа хийх мэргэжлийн байгууллагууд байсан юм уу?
-Тэгж болохгүй шүү. Өндөр мэргэжлийн судлаачидтай хэд хэдэн байгууллагууд байсан. Гэхдээ мэдээж нэг намын үзэл сурталд баригдсан, тодорхой хязгаарын хүрээнд судалгаа хийдэг байсан.
-Өнөөдөр олон судалгааны байгууллагууд гарч ирлээ. Эдгээр байгууллагуудын үнэ цэнийг яаж мэдэх вэ, ямар нэгэн шалгуур байдаг уу?
-Судалгааны байгууллагуудын шалгуур нь тэдний зах зээл. Зах зээл нь онолын болон хэрэглээний түвшнийх гэж байдаг. Одоогоор онолын түвшний судалгаа бараг хэрэггүй болчхоод байна.
-Яагаад, судалгаа үнэтэй, судлаачид баян гэдэг биз дээ?
-Төр засгаас асуух хэрэгтэй. Академийн судалгааны зардал бараг байхгүй болсон. Цалинг тавьж байна уу, үгүй юу гэдэг дээрээ байгаа байх. Хэрэглээний судалгааны зах зээл бол байна. Гэхдээ Геологийн хүрээлэнгийн судалгаа үнэд орсон. Зах зээлийн зарчмаа дагаад судалгаанууд эргэлтэд орсон. Энэ салбарын судалгаанаас баяжсан хүн цөөнгүй байх. Байгаль, нийгмийн ухааны салбарын судлаачид бол хэцүүхэн байгаа. Жишээлбэл АН ямар нэгэн судалгааг санхүүжүүлсэн тухай та сонссон уу.
-Үгүй.
-Тэгвэл бусад нь бас адилхан байгаа.
-Тэгвэл яагаад Конрад Аденаурын сан танай судалгааг санхүүжүүлсэн юм бэ?
-Энэ бол хэрэглээний судалгаа. Энэ байгууллага ардчиллыг дэмжих зорилгоор Монголд ирсэн. Тиймээс монголчууд ардчиллыг дэмжих эсэх, тэдний ажиллагаа зөв эсэхээ тандах хэрэгтэй байсан.
-Сүүлийн судалгаагаар хуулийнхан авлигад илүү их автсан харагдаж байх шиг.
-Үгүй л дээ. Бид 2006 оноос судалгаа хийж эхэлсэн. Тэр үед ч шүүх, прокурор тэргүүлж байсан. Өнөөдөр ч тэргүүлсээр байгаа.
-Анх судалгаа хийж байсан үеэс өнөөдөр ялгаа байхгүй гэсэн үг үү?
-Байна. Гааль уул уурхай гэх мэт өрийн байгууллагууд жаахан ухарсан. Түүний оронд улс төрийн намууд, Засгийн газар орж ирж байгаа юм. Хаана мөнгө их байна тэнд л авлига цэцэглээд байна.
-Яагаад тэгж байна?
-Том мөнгөнүүд улс төр лүү ороод байх шиг байна. Ер зөвхөн Монголд биш, хаа сайгүй хамгийн хурдан мөнгө хийх талбар улс төр болсон байна.
-Яагаад манай хамгийн том байгууллагууд авлигад тэргүүлээд байна?
-Улс төрийн намууд, УИХ, Засгийн газар, Шүүх, Прокурор авлигын жагсаалтыг тэргүүлнэ гэдэг бол тогтолцооны хямрал болсныг харуулж байгаа юм.
-Дөнгөж сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тогтолцооны хямралаасаа гарч чадах болов уу?
-Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг шүүх арай эрт байна. Ирэх арваад жилд харагдана. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг салбар хуулиудаар хэрхэн баталгаажуулахаас их хамаарна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болсон
-Үндсэн хуулиар яг юу өөрчлөгдсөнийг би л лав сайн ойлгохгүй байна?
-Энэ Үндсэн хуулийн нэмэлтээс өмнө манай улсыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэдэг байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр үлдээсэн ч Ерөнхий сайдын эрх мэдлийг нэлээд нэмж өгсөн.
-Ерөнхий сайдын эрх мэдэл өргөжөөд ямар үр дүн гарах бол?
-Нэг талдаа Ерөнхий сайд өөрийн бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болсон. Нөгөө талдаа өнгөрч байгаа 2019 он нийгмийн нэлээд олон туршилтын талбар боллоо. Үндсэн хуулийн нэмэлт, сонгуулийн тогтолцоо, намуудын ардчилал гээд олон зүйлийг харлаа. Ирэх жилийн сонгууль намуудыг нэлээд шүүслэх байх.
-Үндсэн хуулийн нэмэлтийг ерөнхийдөө нааштай үнэлж байна уу?
-Энэ дагалдах хуулиудаас шалтгаална гэж хэлсэн. Сөрөг зүйл ч бас бий.
-Ямар?
-Миний бодлоор жижиг намуудыг улс төрийн тавцангаас шахах нь буруу гэж боддог. Улс төрийн тогтолцооны эд эс болсон энэ хэсэг шахагдаад алга болохгүй. Харин гудманд биежинэ. Тэдэнтэй нэгдэх тодорхой хүч бий. Хэрэв тогтолцоо сайжрахгүй бол гудамны тэмцэл нэмэгдэнэ. Магадгүй хувьсгал ч болж болно.
-Гудамны хорсол нэмэгдэх үү?
-Хууль хатуурахаар хулгай нэмэгддэг гэдэг үг бий. ОХУ улс төрийн хувьд нэлээд хатуу бодлого хэрэгжүүлсэн. Эрх баригчид эсэргүүцэгчдийг улс төрийн тогтолцооноосоо шахчихсан. Гэтэл нөгөөдүүл нь нийгмийн сүлжээ рүү орсон. Зарим нь гадаадад гараад явчихсан. Ингээд эрх баригчдыг эсэргүүцэх явдал улам нэмэгдэж байна. Тэгэхээр улстөрчдийг улс төрийн хүрээнээс гаргах буруу гэдэг нь харагдаж байгаа юм.
-Армян яагаад можаритор системийг бүрэн халах гэж тэмцэж байна?
-Армянчууд биднээс арай өөр юм. Тэнд сонгуулийг зөвхөн хувь тэнцүүлсэн буюу пропорцианал системээр явуулахыг эрх баригчдаасаа шаардаж энэ зун томоохон цуглаанууд хийсэн.
-Яагаад?
-Улстөрчдийг популистууд гэж үзэж байна. Популистууд ямар ч хариуцлага хүлээдэггүй гэж үзсэн. Нэг улстөр алиалж алиалж алга. Болно. Гарсан ямар ч хохирлыг хүлээхгүй. Харин түүний оронд намтай хариуцлага тооцох боломжтой гэж үзэж байна. Тэнд улс төрийн нам парламентад ороход ямар нэгэн босго байхгүй болох юм байна. Харин манайхан пропоцианалыг эсэргүүцэж, можариторыг дэмжпэгээрээ ялгаатай. Популистууд попорч олсон мөнгөө оффшорт хийнэ. Нам бол тэгж чадахгүй. Ер нь гүржүүд улстөрчдөө гарцаарчлан тоглохыг хориглож, багаараа тоглохыг шаардаж байгаа гэсэн үг.
-Ийм тогтолцоо хэр үр дүнтэй бол?
-Улстөрчид намаараа эрх, үүргээ хамтдаа үүрэлцэх болохоор хувь хүний хоосон попрол дуусч магадгүй л юм.
-Жижиг намууд хувь тэнцүүлэх зарчмыг илүү дэмжиж байна уу?
-Тийм. Хоёр том намтай жижиг намын төлөөлөл тойрогт өрсөлдөхөд хэцүү. Том намуудын байнгын ажиллагаатай салбар, хур хөрөнгө, төрийн албаны нөхцөл гээд олон давуу тал бий.
-Яагаад хувь тэнцүүлсэн зарчим жижиг намуудад ашигтай гэж?
-Олон тойргоос нийлсэн цөөн саналууд нийлээд парламентад ганц хоёр ч болов суудал авах магадлал өндөр байдаг.
Жижиг намуудад боломж олгох хэрэгтэй
-Одоогийн яригдаж байгаа зарчмаар жижиг намууд гудманд гарахгүйгээр парламентад орох боломж байна уу?
-Можариторын 50 суудлыг АН, МАН, магадгүй МАХН нэмэгдэж, хуваагаад авчих байх. Пропорцианал суудалд жижиг намуудын төлөөллийг багтаахыг бодох хэрэгтэй.
-Шууд өгөх юм уу?
-Босгыг буулгах замаар хөнгөлж болно.
-Та жижиг намуудыг нэлээд дэмждэг үү?
-Үгүй ээ. Би аль ч намын гишүүн биш. Гэхдээ намуудыг төлөвшөөсэй гэж боддог. Жижиг гээд байгаа намууд дотор чинь цөөнгүй мэргэшсэн улстөрчид бий. Тэд гудманд гараад бухимдсан олныг зохион байгуулаад эхэлбэл яах вэ.
-Барууны өнгөт хувьсгал гарсан шалтаан энэ үү?
-Ганц энэ шалтгаанаар өнгөт хувьсгал гараагүй. Гэхдээ бас нэг томоохон нөхцөл мөн. Хонгконгчууд ардчилал шударга ёс, хуулийг хатуу баримталдаг улс. Гэтэл хууль тогтоох байгууллага нь хүслийг биелүүлэхгүй болохоор гудманд гарсан.
-Сүүлдээ АНУ оролцох болсон.
-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Бээжинтэй үг хэлээ ололцож байхад энэ явдал болсон. Уг нь д.Трамп Хонгконгийг нэг их дэмжээгүй. Түүнд хятадуудтай хэл амаа ололцох нь чухал байсан. Гэтэл Конгресс, сенат хоёр хамтраад хуулийг дэмжчихээр автоматаар гарын үсэг зурах үүрэгтэй болдог юм байна.
-Танд намд өгөх саналыг хялбаршуулах гайхамшигтай санал байгаа гэсэн.
-Гайхамшигтай юу байх вэ дээ. Одоогийн яригдаж байгаа хувилбараар бол хэдэн зуун хүний нэртэй зузаан ботийг шүүж намд саналаа өгөх юм шиг байна. Ингэхээр нэг сонгогч 30 минутад саналаа өгч барахгүй байх. Арван нам 26 хүн нэр дэвшүүлэхэд 260 болно биз дээ. Эрх баригчид өмнөхөөсөө сургамж авах гээд сая алдаа гаргачих шиг боллоо.
-Өмнө нь юу болсон юм бэ?
-2012 оны сонгуулиар порпорцианалаар орсон эхний хэд нь ороод сүүлийн хэд нь мултарсан. Мултрагчид гомдоно биз дээ. Тэгэхээр нь “Одоо нэрсийг чинь намын нэр дор бүгдийг зооно. Тэгээд олон санал аваад гар ир” гэсэн байх. Гэтэл энэ санаа нь сонголт хий боломжийг хумьж байгаа юм.
-Таны санал...
-Намын нэрийн оронд даргынх нь нэрийг тавьж болно. Харин намын дарга өөрийн намаас намын жагсаалтаар УИХ-д дэвшигчдийг жагсаана.
-Тэгэхээр нөгөө боть чинь хэвээрээ л байна биз дээ?
-Дарга соногчдод намын нэрээр дэвших нэр дэвшигчдийг танилцуулна.
-Намын даргын галуун цуваа үүсгэх үү?
-Нэр өгч амжих байх. Харин санал хураах хуудсанд зөвхөн намын даргын нэр л бичигдэнэ. Ингээд арваадхан нэрнээс л шүүгээд намд саналаа өгчихнө.
-Намын даргын нэр намд өгөх саналыг тодорхойлно гэсэн үг үү?
-Намын даргын нэрээр санал хурааснаар даргын, намын таны хэлснээр галуун цувааны рейтинг тодорхойлогдоно.
-Дарга намын саналаар 50 галуу авчирлаа. Хэнийг УИХ-д оруулах вэ?
-Тэр нь даргын асуудал байх.