Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ө.Эрдэнэ-Очир: ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчид улсад хамгийн багадаа жилд 80 сая төгрөгийн хохирол учруулсан

“Онч шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очиртой ЖДҮ-гийн гэх тодотголтой хэргийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө, яагаад ЖДҮ-гийн гэх хэрэг дээр ажиллах болсон шалтгааны талаар ярилцъя?
-Захиргааны ерөнхий хууль 2016 онд батлагдсан. Энэ үед тус хуулийн 103.1-т “албан тушаалтан буруу шийдвэр гаргавал түүний учруулсан хохирлыг өөрөө нөхөн төлнө” гэдэг зохицуулалтыг шууд хийж өгсөн. Ерөнхий хууль батлагдахаас өмнө хууль судлаачийн хувьд энэ сэдвээр судалгаа хийж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах явцад нэг зүйл ажиглагдсан. Энэ нь төрийн байгууллагын албан тушаалтан дур зоргоороо шийдвэр гаргаж, хууль зөрчөөд, улмаар Захиргааны хэргийн шүүх дээр гэм буруутай нь тогтоогдсон ч гэлээ эдийн засгийн хувьд хариуцлага хүлээхгүй, төр эсвэл хуулийн этгээд хариуцаж үлддэг. Энэ жишгээр буруу шийдвэр гаргаж, будлиан хутгасан этгээд ямар ч хариуцлага хүлээхгүй үлдэж байна гэсэн үг. Ингэх нь шударга ёсонд нийцэхгүй шүү дээ. Тиймээс тодорхой хэмжээний судалгаа хийж, шинэ хуулийн төсөлд, эсвэл нэмэлт өөрчлөлтөөр эдийн засгийн хариуцлага хүлээлгэх заалт оруулахаар ажилласан. Энэ явцад Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлалын төсөлд бидний санаачилсан албан тушаалтанд эдийн засгийн хариуцлага ногдуулах тухай заалт орчихсон байсан. Ингээд Ерөнхий хууль батлагдаж, 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Гэтэл хэрэгжилтийн явцад хяналт тавихад хоёр жилийн хугацаанд огт хэрэгжсэнгүй.

 Ингээд сүүлийн 10 жилд албан тушаалтнуудын учруулсан хохирлын баримт олоод анализ хийсэн. Ингэхэд албан тушаалтнуудын буруу шийдвэрийн улмаас жилд нийт 7.2 тэрбум төгрөгийн хохирол төсөвт учруулдаг болох нь тодорхой болсон. Гэсэн ч энэ мөнгийг огт нөхөн төлүүлдэггүй бөгөөд нөхөн төлүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнууд ажлаа хийдэггүй нь тодорхой болсон. Ийм хэргийн нийт 92 шүүхийн шийдвэр байдаг. Үүнээс их хэмжээний хохирол учруулсан буюу албан тушаалтан гаргасан шийдвэртээ хэт хайхрамжгүй, үндэслэлгүй хандсан, бүр санаатай байж болох нэг жишээн дээр тулгуурлан нэхэмжлэл гаргасан юм. Тодруулбал, нэгэн төрийн байгууллагын албан тушаалтан нэг удаагийн үйлдлээр улсын төсөвт 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг байв. Энэ мөнгийг буруутай албан тушаалтнаар гаргуулах ажлыг хуулиараа Үндэсний аудитын газар хийх ёстой байдаг. Гэсэн ч бидний тавьсан шаардлагыг Үндэсний аудитын газар хүлээж аваагүй төдийгүй хууль сахиулах үүрэгтэй тус газрын дарга нь өөрөө ЖДҮХС-гаас зээл авчихсан байсан. Тийм учир Захиргааны хэргийн шүүхэд албан тушаалтны буруутай шийдвэрийн хохирлыг нөхөн төлүүлэхээр хандаж, нэхэмжлэл гаргасан. Эндээс л ЖДҮХС-гийн хэрэг нь олон нийтийн эрх ашигт харшилж байгааг олж харсан хэрэг.
-Олон нийтийн өмнөөс буюу олон нийтийн эрх ашгийн төлөө ТББ шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж ойлгож болох уу?
-Хуульт ёсыг тогтооход хувь нэмэр оруулна гэсэн үндсэн чиг үүргийнхээ дагуу, мөн Захиргааны ерөнхий хуультай зэрэгцэж батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар “нийтийн эрх ашиг, сонирхлыг төлөөлөн хамгаалах” гэдэг чиг үүргийн дагуу тодорхой шаардлага хангасан ТББ-ууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн шаардаж буй чиглэлээр сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх, үүн дотор хүүхдийн эрх, хүрээлэн буй орчин, нийтийн өмч, нийтийн эрүүл мэнд гэсэн дөрвөн салбар руу чиглэсэн байх шаардлагатай. “Онч шийдэл” ТББ 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд албан тушаалтны шийдвэрийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх нь нийтийн өмч гэсэн салбарт багтаж буй учраас нэхэмжлэл гаргах эрхтэй ба шүүхээс хүлээн зөвшөөрч, Захиргааны хэрэг үүсгэж, Үндэсний аудитын газартай холбоотой хэрэг 2018 оны нэгдүгээр сараас эхэлж өнөөг хүртэл үргэлжилж байна. Тодруулбал, Үндэсний аудитын газрыг нөхөн төлүүлэх ажлыг хий гэсэн нэхэмжлэл гаргасан гэсэн үг. Тухайн үед тус газрын даргаар Д.Хүрэлбаатар ажиллаж байсан. Манай уг нэхэмжлэлтэй хэрэг анхан, давах шатны шүүхээр 2018 оны нэгдүгээр сараас эхлээд явж байтал ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ЖДҮХС-гаас 600 сая төгрөг авсан нь нийтэд ил болж, улмаар ажлаа өгсөн. Угтаа Төрийн аудитын тухай хуулиар ЖДҮХС-д хяналт тавих хүн нь ерөнхий аудитор өөрөө байтал сангаас зээл авчихсан байсан.
-ЖДҮ-дсэн зарим гишүүн ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүн зээл авч болохгүй гэсэн хууль байхгүй хэмээн өөрсдийгөө зөвтгөдөг. Тэднийг хуулийн яг ямар зүйл заалтаар буруутгаж байгаа вэ?
-Өөрсдийнх нь баталсан хуулиар авч болохгүй гэсэн заалттай. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 –т зааснаар “Ерөнхийлөгчөөс эхлээд яамны нарийн бичгийн дарга гээд төрийн албаны нэр бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас олгож байгаа хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг УИХ-ын гишүүд авахыг хуулиар хориглосон гэсэн үг. Түүнчлэн 2015 онд баталсан Эрүүгийн хуулийг 2016 оны зургадугаар сараас мөрдөж эхэлсэн. Шинэ хуулинд өмнө нь хүчин төгөлдөр байсан “Албан тушаалтан албаны нэр нөлөөгөө ашиглаж, бусад этгээдэд нөлөөлж, хийх ёсгүй ажлыг нь хийлгэсэн бол нөлөөллөө ашигласан субьект эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн заалтыг авч хаясан. Уг нь, ЖДҮ-гийн хэргийн жишээн дээр УИХ-ын гишүүн нэр нөлөөгөө ашиглаж, ЖДҮХС-гийн захиралд эсвэл тухайн салбарын яамны сайдад нөлөөлж, өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан ЖДҮ-гийн зээл авсан бол нөлөөлсөн гишүүн нь гэмт хэрэгтэн болох ёстой шүү дээ. Гэтэл энэ хуулийн заалтыг эрх мэдэлтнүүд 2016 онд Эрүүгийн хуулиас хасчихсан учир нөлөөлсөн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд хариуцлагаас мултарч, нөлөөнд өртөж, зээл гаргаж өгсөн Б.Батзориг, ЖДҮХС-гийн тухайн үеийн захирал болон мэргэжилтэн албан тушаалтнууд буруутай болсон. Энэ цаг үед УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй хүмүүс гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Мэдээж, албаны эрх үүргээ урвуулан ашигласан эсэх эрүүгийн хэргийг тусад нь шалгаж таарна. Гэтэл энэ дунд хэний ч анзаарахгүй байгаа нэг зүйл гээгдэж үлдээд байна. Энэ бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулиар хориглосон субьект авах ёсгүй байсан зээлээ авчихсан байгаа үйлдэл. Эндээс улбаалаад бид ЖДҮ-гийн асуудал руу орсон. Хэрэв олон нийтийн анхаарлын төвд байгаа хууль бус үйлдлийг хууль бус гэдгийг нь тогтоож чадвал цааш цаашдаа албан тушаалтнуудыг илт хууль зөрчсөн үйлдэл хийхээс давхар сэргийлэх ач холбогдолтой гэж үзсэн. Ингээд судлаад үзтэл хоёр асуудал хөндөгдсөн. Нэг нь, 54 аж ахуй нэгжтэй холбоотой 19.2 тэрбум төгрөгийн асуудал, нөгөө нь хамаарал бүхий этгээд гэдэг нь тогтоогдсон УИХ-ын гишүүдэд холбогдох 14 аж ахуй нэгжийн хэрэг байгаа.
-Төрийн өндөр дээр албан тушаалтнуудтай холбоотой 14 аж ахуй нэгжийн хэрэг шүүхээр явж байгаа гэсэн. Энэ асуудал дээр ямар нэхэмжлэл гаргасан байна вэ?
- УИХ-ын гишүүн, сайд, төрийн өмчит компанийн захирлууд, ИТХ-ын дарга, Засаг дарга, ҮХЦ-ийн гишүүн, шүүгч, прокурор гэсэн субьектүүдийн хамаарал бүхий 14 аж ахуй нэгж байгаа нь тогтоогдоод, шүүхэд хандаад явж байна. Гэтэл зарим гишүүн “Бид зээлсэн мөнгөө буцаагаад 100 хувь төлсөн. Одоо ямар асуудал байна” гэсэн хандлага гаргасан. Ингээд шүүгээд үзтэл 14 аж ахуй нэгжийн долоо нь бүрэн гүйцэт төлсөн, үлдсэн долоо нь одоогоор төлөөгүй байна) Тэгэхээр хэдийгээр одоо хүчингүй боловч анхандаа зээл олгох шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтооё, харин одоо үйлчлэлтэй буюу зээлээ эргүүлэн төлөөгүй байгаа актын үйлчлэл нь дуусаагүй байгаа долоон компанийн тухайд хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаад байна.
Хөнгөлөлттэй зээлийг гурван хувиар тогтоож, Засгийн газраас буюу төсвөөс санхүүжүүлж байгаа. Заримыг нь бонд гаргаж өгсөн байдаг. Бондын зээлийн хүүг судалж үзтэл 17 хувийн хүүтэй бонд гаргаж байж ЖДҮХС-г санхүүжүүлсэн байдаг. Ингээд харахад 17 хувийн хүүтэй бондыг ЖДҮХС-гаар дамжуулан гурван хувийн хүүтэй олгож байна. Нөхөд тэгшитгэсэн дүнтэй тэрбум төгрөгийн зээл авсан шүү дээ. Тэгвэл үүний зөрүү болох нэг тэрбум төгрөгийн 14 хувь нэг жилд 140 сая төгрөгийн хүүг төсвөөс төлүүлж байна гэсэн үг юм. Бонд гаргаагүй үед шууд улсын төсвөөс санхүүжүүлдэг. Мөнгө үнэтэй байдаг. Үүний үндсэн үнийг Монголбанкнаас тогтоодог. Жил бүр бодлогын хүүгээ нэмлээ, өөрчиллөө, хэвээр үлдээлээ гэдэг. Энэ нь дунджаар 11 орчим хувиар хэлбэлздэг. Иймд 11 болон гурван хувийн зөрүү нь найм болж байгаа биз. Үүнийг нэг тэрбумаар тооцоход жилдээ 80 сая төгрөгийн зээлийн зөрүүгээ улсаар төлүүлж байгаа юм. Зарим улстөрчид гурван хувийн хүүтэй авсан зээлээ хоёр жилийн хугацаанд ашигласан гэж бодвол нэг жилийн зөрүүг 140 саяар тооцоход, хоёр жилд 280 сая төгрөгийн хүүгийн зөрүүг авах ёсгүй этгээд нь авчихаад татвар төлөгчдөөр төлүүлсэн гэсэн үг. Энэ бол нийтийн өмчид хохирол учруулж байгаа бодит жишээ. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103.1, 103.2-т заасны дагуу “Хууль бус шийдвэрийн улмаас албан тушаалтнуудын төсөвт учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлье” гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Үүний үр дүнд 2.4 тэрбум төгрөг ЖДҮХС-д төвлөрнө гэж тооцсон. Бид нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 498.5-т зааснаар “Хэн нэгэнд гэм хор учруулсан бол учруулсан буруутай этгээдээс гадна үүний үр дагаврыг хамтран хүртсэн этгээд нөхөн төлөх үүрэгтэй”. Захиргааны ерөнхий хуулийн заалтаар буруутай албан тушаалтан төлөх ёстой гэж үзээд, ЖДҮХС-гийн жишээн дээр Б.Батзориг ганцаараа 2.4 тэрбумыг төлөх болчхоод байна. Гэтэл үүний үр дагаврыг УИХ-ын гишүүдийн найз нөхөд, хамаатан садангууд хүртсэн тул тэд завшиж үлдэх учраас нэхэмжлэлийн шаадлагаа –“Б.Батзориг албан тушаалтан ба үүний үр дагаврыг хүлээсэн УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий буруутай компаниудаас нөхөн төлүүлэхээр нэхэмжил” гэж шаардлагаа өөрчилсөн. Ингэснээр хууль бусаар учирсан хохирлуудыг нэг мөр арилгах юм. Түүнээс бид буцаагаад төлчихсөн гээд эрх баригчид том дуугараад байх шаардлагагүй. Ашигласан хугацааныхаа хууль бус зээлийн хүүгийн зөрүүг тэд төлж, улсад, татвар төлөгчдөд учруулсан хохирлыг барагдуулах ёстой.
-Эрх баригчид гурван хувийн хүүтэй зээл аваад 36 хувийн хүүтэй болгож мөнгө угаадаг гэсэн?
-ЖДҮХС-гийн зээлд нэр нь холбогдсон УИХ-ын гишүүдийн дийлэнх нь ББСБ-тай. Үүгээрээ дамжуулан гурван хувийн хүүтэй зээлийг 36 хувийн хүүтэй эргэлдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан. Ийм шударга бус байдлаас нэг талдаа жинхэнэ ЖДҮ-чид хохирч, нөгөө талдаа нэг хэсэг нь баяжаад, хариуцлагаас мултарч болохгүй. Тиймээс л зүгээр хараад суугаад байж чадахгүй энэ асуудалд оролцоод явж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com