УИХ дахь олонхын бүлэг Сонгуулийн тухай хуулийг энэ сарын 25-наас өмнө өөрчлөхөөр тогтжээ. Өөрөөр хэлбэл энэ долоо хоногт багтааж шийднэ гэсэн үг. Тэгэхдээ УИХ-ын 2020 оны сонгуулийг томсгосон можаритор буюу 26 тойрогт 2-3 мандаттай явуулах хувилбар сонгожээ. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлэг намынхаа төв хорооноос авсан даалгавар гэдгээ өчигдөр зарлав. Энэ хувилбар дахин өөрчлөгдөхгүй. Учир нь МАН-ын ЖДҮ-чин, концессчин, Засгийн газрын тусгай санг хоослогч гишүүд энэ хувилбараар сонгуульдаж төрийн хамгаалалтад орох эцсийн арга хэмээн үзсэн байна. Сонгуулийн хуульд эхний санал болгосон хувилбар нь ч бас тэдний “нуувчийг” бэлдэх сайхан арга байсан. Гэвч тэр хувилбараар сонгуульдах ямар ч боломжгүй, хүсэл нь биелэх арга байхгүй гэдэг нь тодорхой болсон билээ. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “УИХ-ын сонгуулийг 50:26 гэсэн хувилбараар явуулбал техник, технологийн бололцоо байхгүй. Санал тоолох үйл явц өдөртөө багтахгүй. Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэнэ. Өмнөх бүх сонгууль нэг саналын хуудсаар өгдөг байсан бол одоо дөрвөн саналын хуудас хэвлэгдэх юм байна” хэмээн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн юм.
Үүнээс гадна улс төр судлаачид 50:26 гэсэн хувилбарыг ширүүхэн шүүмжилж мөн л бололцоогүй зүйл хэмээн мэдэгдсэн байдаг. Улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Миний уншиж мэдсэн зүйлсээс харахад сонгуулийн тогтолцоо гэдэг нь ганцхан санал хуваарилах асуудлыг хэлдэггүй юм. Нэр дэвшихээс эхлээд сонгуулийн зохион байгуулалт, компанит ажил гээд үр дүнг тоолох хүртэл бүхэл бүтэн цогц үйл ажиллагааг хэлнэ гэсэн байдаг. Өргөн хүрээнд нь харвал 50:26 гэдэг нь сонгуулийн мажоритар хувилбар. Тэр дундаа хамгийн их ээдрээтэй маргаантай хувилбар. Ерөнхийдөө улс нэг тойрог гэсэн хувилбар сайн хувилбар биш. Явцуу ойлголтоор санал тоолох үйл явц. Нам болгон улсын хэмжээнд 26 хүн гаргаж ирнэ. Эдгээр нь ах дүү хамаатан садан бүх хүмүүсээ тал талаас татаж санал өгүүлэх гэж оролдоно. Улс нэг тойрог 26 нэр дэвшигчтэй, нөгөөх нь жижгэрүүлсэн нэг тойрог нэг мандат гэсэн тогтолцооноос үүдэлтэйгээр Үндсэн хуулийн том зөрчил гарахаар харагдаж байгаа юм” хэмээсэн байдаг.
Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга өчигдөр (2019.12.16) 2020 оны УИХ-ын сонгууль явуулах тогтолцооны талаар мэдээлэл хийснийг дор хүргэе.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-УИХ-дахь МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, тогтолцооны эцсийн шийдвэрээ гаргалаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүд Сонгуулийн тухай хууль өргөн барихдаа сонгуулийг 50:26 гэсэн тогтолцоогоор явуулах санал оруулж ирсэн. Энэ нь УИХ-ын 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүн улс нэг тойргоос сонгогдох хувилбар юм. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг хэлэлцээд дээрх хуулийн төслийг хоёр талаар учир дутагдалтай байна гэж үзсэн.
Нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Хоёрдугаарт, иргэд сонгогчдын зүгээс нөгөө л намын ард нуугддаг систем байна гэсэн шүүмжлэл гарч ирсэн. Иймээс бүлэг 50:26 тогтолцоог дэмжихгүй байх шийдвэр гаргалаа. Сонгосон тогтолцоо нь 1992, 2008, 2012 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжлээ. Маргааш (2019.12.17) Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, лхагва гаргийн 15:00 цагаас Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, энэ долоо хоногт багтааж эцэслэн батлах чиглэлтэй байна гэлээ.
Ингээд УИХ-ын сонгууль явуулах тогтолцооны талаар УИХ-ын зарим гишүүн, МАН-ын удирдах албан тушаалтны байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Сонгуулийн тухай хууль бол сонгогчдын эрх ашигт нийцэж байгаа эсэхт анхаарах ёстой. Мөн сонгогчдын санал гээгдэхгүй байх. Тиймээс сонгогчдын эрх ашиг талаас харвал шинэ хүн, хуучин олон жил сонгогдсон гишүүн, эсвэл аль нэг улс төрийн хүчин, парламентад суудалтай, суудалгүй намд ашигтай гэж хуулийн ач холбогдлыг ярьж болохгүй. Энэ утгаараа сонгуульд нэр дэвшиж байгаа аливаа иргэн, санал өгч байгаа иргэдийн эрх ашигт нийцсэн хууль байх ёстой. Энэ хууль нь орон нутгийн бүсчилсэн хөгжилд ашигтай хувилбар гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн, Сонгуулийн хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч
Л.Энх-Амгалан:
-Сонгуулийн хуулийг Үндсэн хуульдаа зохицуулж гаргах ёстой. Үндсэн хуульдаа можаритор тогтолцоогоор сонгууль явуулахаар тусгасан. Сонгууль явуулах хувилбараар МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Ингээд УИХ-ын сонгуулийг 2008, 2012 онд хэрэглэсэн томсгосон можаритор болон Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбараар Сонгуулийн хуулиа баталж болох чиглэл өгсөн. Тэгэхээр Нэг тойрог олон мандат гэсэн ойлголт байгаа учраас жагсаалт байхгүй. Удирдах зөвлөлийн шийдвэрийг УИХ дахь намын бүлэг дэмжих байх гэж бодож байна. Тойрог томрох учраас жалга довны УИХ-ын гишүүн гэдэг яриа үгүй болно. Өнөөдөр 76 жижиг тойрогтой учраас улсын төсөв хуваарилахаас өгсүүлээд улс орны хөгжлийн бодлогын шийдвэр гаргахад маш хүндрэлтэй байгаа шүү дээ. Гишүүн бүр жижиг тойргийн эрх ашиг хамгаалж ярьдаг. Тэгээд одоо аймгийн хэмжээнд, нийслэл дүүргийн хэмжээнд хөгжлийн бодлого ярих бололцоо гарч байна. Нөгөө талаар тойргийн төсвийн хуваарилалт ч томорч ирнэ гэсэн үг. Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг үзүүлэлтээр мандатын тоо буюу тухайн тойргоос УИХ-д сонгогдох гишүүний тоог тогтооно. Сонгуулийн хууль энэ сарын 25-ны өдрөөс өмнө батлагдах ёстой. Тэгэхээр тойрог хуваарилах асуудал гуравдугаар сарын 01 гэхэд тодорхой болох байх.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сонгуулийн тогтолцоог дүүрэг, аймаг олон гишүүнтэй томсгосон тойрог байхаар тогтсон. Одоогийн 26 тойрог, нэр дэвшигчид нь нэг тойрог дээр өрсөлдөнө гэсэн үг. Намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх талтай. Гэхдээ улс орныхоо ирээдүйг бодвол илүү зөв тогтолцоо. Аймгаа, дүүргээ бүхэлд нь харж хөрөнгө оруулалтаа хийх, жижиг тойрог руу зулгаадаг хөрөнгө оруулалт нэгтгэгдэх сайн талтай. Улс орны том хөгжлийн бодлого ярихад ч том тойрог хэрэгтэй. Ер нь намын Удирдах зөвлөлөөс гаргаж байгаа шийдвэр бол даалгавар байдаг. Тиймээс Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагах ёстой.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын өргөн барьсан Сонгуулийн тухай хуульд оруулсан 50:26 гэдэг сонгуулийн тогтолцоо улс төрийн намууд болоод, иргэд, олон нийтийн шүүмжлэл их дагуулсан. Үндсэн хуулийн зөрчил үүснэ, намын нэрний ард нуугдаж орж ирэх магадлалтай гэх шүүмж гарсан. Тиймээс намын Удирдах зөвлөл энэ асуудлыг авч үзлээ. Өнөөдрийн жижиг 76 тойрог улс орны эдийн засаг, хөгжилд сөрөг нөлөөтэй, төсөв тарамддаг гэдэг шүүмжлэл дагуулдаг. Энэ талаар ярилцсаны эцэст 2008 оны сонгууль явуулсан тогтолцоо буюу нэг тойрог олон мандаттай байх нь илүү зохимжтой гэж үзсэн. Ер нь цаашид тойргийг илүү томруулж, тэндээс лидер болсон улс төрчдийг сонгодог байх, тэд нь улс орноо хөгжүүлдэг байх нь хэрэгтэй гэж үзэж байна. Монгол Улсад бүсчилсэн хөгжлийн бодлого хамгийн зохимжтой. Үүний тулд сонгуулиа ч бүсчилсэн тойргоор явуулдаг байх нь зөв. Одоохондоо бүсчилсэн тойргоор явуулах боломж алга. Гэхдээ цаашид бүсчилсэн хэлбэр лүү ороод явах нь зөв гэсэн байр суурьтай байна.
Тиймээс намын Удирдах зөвлөлөөс бүлэгт чиглэл өгч байгаа юм. Жижиг тойрог байх үед мөнгөний асуудал яригддаг, мөн царцааны нүүдэл гэх зүйл яригддаг. Томсгосноор энэ байдал алга болно. Улс төрийн удирдах дээд байгууллагын шийдвэрийг УИХ-д сууж байгаа эрхмүүд дагаж мөрдөх үүрэгтэй. Ер нь 90 гаруй хувийн ирцээр шийдвэр гарсан.