Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд хуулийн төслийг нэгдүгээрт, анхдагч хуулийн төсөл, хоёрдугаарт, шинэчилсэн найруулгын төсөл, гуравдугаарт, багц хуулийн төсөл, дөрөвдүгээрт, хуульд өөрчлөлт оруулах төсөл, тавдугаарт, хууль хүчингүй болсонд тооцох хуулийн төсөл гэсэн төрөлтэй байхаар заасан байдаг. Анхдагч хуулийн төсөл гэдэг нь шинээр үүссэн харилцааг зохицуулах хэрэгцээ үүссэн, эсхүл тухайн нийгмийн харилцааг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай гэж үзвэл анхдагч хуулийн төсөл боловсруулах журамтай.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нарын нэр бүхий гишүүд 2019 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг анхдагч хуулийн төсөл хэлбэрээр УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эдгээр нь анхдагч хуулийн төсөл мөн үү гэдэг нь асуудалтай юм. УИХ-аас 2015 онд Сонгуулийн тухай хуулийг батлан гаргаж, 2016 оны УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан. Манай улс өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой зохицуулалтыг бие даасан нэг хуулиар зохицуулж байна. Нэгэнт ийн зохицуулж байгаа тохиолдолд дахин нарийвчлан зохицуулна гэсэн ойлголт байхгүй тул анхдагч хуулийн төсөл боловсруулах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд хууль санаачлагч нь хуулийн төслийн төрлийг буруу сонгосон гэж үзэх үндэстэй. Хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төслийг судлан үзэхэд 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулиас зарчмын хувьд ялгаа байхгүй, харин түүнээс хуулбарласан, уг хуулийг гурван хэсэгт хуваасан шинж чанартай байна. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч, УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслүүд нь үндсэндээ “ихэр” төсөл болжээ.
2015 оноос өмнө Монгол Улс сонгуулийн хэд хэдэн бие даасан, тусдаа хуультай явж ирсэн бөгөөд эдгээр хуулийг системчлэн, боловсронгуй болгож, эрх зүйн консолидаци буюу нэгтгэл хийж Сонгуулийн нэгдсэн хуультай болсон түүхтэй. Гэтэл өнөөдөр эрх зүйн системчлэлийн дэвшилт хэлбэр болсон консолидаци хийсэн хуулиа буцаан задалж байгаа нь хууль тогтоомжийн системчлэл, тогтвортой байдлыг алдагдуулсан ухралт болж байна.
Монгол Улсад сонгуулийн харилцааг нарийвчлан зохицуулсан, хүчин төгөлдөр хууль үйлчилж байгаа тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлд зааснаар тухайн хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үр дагаврын үнэлгээ хийгдэх ёстой байдаг. Гэтэл хууль санаачлагч нь хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ огт хийгээгүй бөгөөд, түүнээс зайлсхийх зорилгоор анхдагч хуулийн төсөл нэрээр өргөн мэдүүлжээ. Хууль тогтоомжийн тухай хуулиа чанд мөрдөж, 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үр дагаврын үнэлгээний ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байна. Энэ ажил бол цаашид Монгол Улс сонгуулиа хуулийн хүрээнд зохион байгуулж, зөв төлөвшихөд чухал ач холбогдолтой юм. Өмнө батлагдсан, одоо үйлчилж байгаа сонгуулийн хуулийнхаа хэрэгжилт, түүний үр дагаврын үнэлгээ, судалгааг хийхгүйгээр алгасаж, сонгуулийн шинэ хуулийг “анхдагч” төсөл нэрээр УИХ дахин хэлэлцэж батална гэдэг бол парламентын улс төр, эрх зүйн соёл, зарчимд байж болохгүй зүйл. Хууль тогтоомжийн тухай хуульд хуулийн төсөл санаачлах, боловсруулах, батлах үйл ажиллагаа нь “судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх”-аар заасан. Энэ зарчим зөрчигдөж байна.
Цаашид ямар сөрөг үр дагавар үүсгэх вэ гэхээр тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуультай байхад хуулийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үр нөлөө, үр дагаврын хэмжилт, үнэлгээг хийхгүйгээр “анхдагч төсөл” нэрээр хуулийн төсөл өргөн мэдүүлдэг “гажуудал” бий болгоно. Ингэснээр Монгол Улсад хуулийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үр дагаврын үнэлгээ хийх механизм ажиллахгүй болох эрсдэлтэй.
Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн эдгээр төсөл нь “анхдагч хуулийн төсөл” биш (хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдаа) бөгөөд энэ нь Үндсэн хууль болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан “хууль дээдлэх”, “судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх” зарчмыг ноцтой зөрчиж байна. Хэрвээ УИХ эдгээр төслийг батлах тохиолдолд дээрх хуулиудыг зөрчсөн асуудал үүсэж, Үндсэн хуулийн цэцээс хуулийг хүчингүй болгох, мөн уг хуулиар зохион байгуулагдсан УИХ-ын сонгууль ч хүчингүй болж, улс төрийн хямралт нөхцөл байдалд хүргэх эрсдэлтэй байна.
Бэлтгэсэн: Хуульч Д.Оросоо