МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн даваа гарагт хуралдаж, 2020 оны сонгуулийн тогтолцоог 76 мандаттай томсгосон 26 тойргоор явуулах хувилбарыг дэмжсэн. Тодруулбал, орон нутагт 20, нийслэлд зургаан тойргоор сонгууль явуулахаар болоод байна. Тус саналыг УИХ дахь МАН-ын бүлэг ч мөн дэмжээд буй. 2008 оны УИХ-ын сонгуулийг яг ийм тогтолцоогоор явуулж байсан удаатай. Томсгосон 26 тойрог гэдэг нь, улсыг 26 тойрогт хувааж, хүн амын тоо, газар нутгийн байршил зэргээс нь харгалзан үзээд нэг тойрог хэдэн мандаттай байхыг шийдвэрлэдэг байна. Тухайлбал, 2008 оны сонгуулиар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг олон хүн амтай хэмээн үзэж дөрөв, орон нутгийн тухайд 1-3 мандат хуваарилсан.
Энэ удаагийн 2020 оны сонгууль ч яг энэ жишгээр аймаг, дүүрэг бүрийг нэг тойрог гэж үзээд 2-3 мандаттай байхаар тооцож буй аж. Ингээд мандатын тоогоор буюу тухайн аймаг, дүүрэг гурван мандаттай бол сонгогч гурав, хоёр бол хоёр хүн дугуйлна гэсэн үг. Улмаар хамгийн олон санал авсан хүн гарах бөгөөд энэ нь мажоритар системийн нэг хэлбэр юм.
Ямартай ч, энэ удаагийн парламент энэ долоо хоногт багтаан Сонгуулийн хуулиа баталж, ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойргоо хуваахаар төлөвлөж буй. Энэ удаад сонгуулийн томсгосон мажоритар тогтолцооны сул болон давуу талыг улс төрчид болон улс төр судлаачдаас тодруулснаа хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-МАН-ынхан дотроо учраа олж байж сонгуулийн хуулийг явуулна. Томсгосон мажоритар тогтолцоо бол нэр хүндээ алдчихсан МАН-ын хувьд зөөлөн газардах хувилбар. Гэхдээ МАН ямар тогтоомын дүрэм сонгоно манай нам түүгээр нь сонгуульд оролцоно. Би хувьдаа аль ч хувилбараар сонгууль явуулсан бүгдэд нь бэлэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Том тойрог, олон мандаттай байхын тухайд иргэд шууд сонгоно гэдэг Үндсэн хуулийн заалттай тохирч байгаа учраас зөв зүйтэй хувилбар. Сул талын хувьд нам дотроо өрсөлддөг гэдэг зүйл ярьж байгаа. Гэвч энэ бол хүний мөн чанарын л асуудал болохоос биш сонгогчдын хувьд нэр дэвшиж байгаа хүнийг шууд сонгохоос гадна судлах боломж нээгдэж байна гэж харж байгаа. Булган аймаг өмнө нь хоёр мандаттай байсан бол 2016 онд нэг болсон. Манай аймаг 62 мянган хүн амтай. Гэтэл ганцхан мандаттай. Булгантай ойролцоо хүн амтай Хэнтий аймаг гурван мандаттай байх жишээтэй. Ийм зүйлүүдээ тэгшитгээд явах байх. Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудын хүн ам ойролцоо. Эдгээр аймгуудыг буцаагаад хоёр мандаттай болгож, тэгшитгэх болов уу гэж бодож байна.
Сонгуулийн тогтолцооны хамгийн гол мөн чанар нь иргэдийг зөв гэж үзсэн хүнээ сонгох боломжоор хангах юм. Сонгуулийн сурталчилгааны тухайд хугацаа нь урт байх тусам нэр дэвшигчдийг танина гэсэн үг биш. Нэр дэвшигчид өөрийгөө бүрэн дүүрэн таниулах материал хэд байх юм, иргэдтэй хийх уулзалт ямар байх юм, сурталчилгаанд ажиллах хүмүүсийн тоо хэд байх зэрэг асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Зарим газар сонгогчдыг бүгдийг нь ухуулагч болгодог, оюутнуудыг олноор нь ажиллуулдаг. Энэ жижиг алдаануудыг бүгдийг нь олж харах хэрэгтэй болж байна.
Эдийн засагч Х.Батсуурь:
-Мажоритар тогтолцоогоор явбал мөнгөний сонгууль болно. 2016 оны сонгууль жижгэрүүлсэн мажоритар тогтолцоотой байсан бөгөөд давуу талтай гэж үзэж байсан ч ямар ч дээрдэх зүйл болоогүй. Мөн энэ тогтолцоо нь намын гишүүдийг хооронд нь өрсөлдүүлдэг. Дүүргийн хэмжээнд өрсөлдөх учраас тухайн дүүрэгт гурван мандат байгаад гурван хүн сонгогдоно гэж үзвэл нэг намын гишүүд хоорондоо нүүр тулах сөрөг талтай юм. Тэрчлэн нэг аймаг, дүүргийн мажоритар нь зөвхөн дүүрэг дээр ажиллах, тухайн дүүргийн иргэдийн эрх ашигт нийцсэн ажил хийх хэрэгтэй болгодог. Гэтэл Үндсэн хуульд улс орноо төлөөлөх төлөөлөл үүгээр явбал хамаг л утга учраа алдах болно. Өөрөөр хэлбэл, олон нийтийг төлөөлөхгүй зөвхөн дүүргийг төлөөлнө гэсэн үг. Уг нь мажиратор тогтолцооны оронд өмнө яригдаж байсан 50+26 гэдэг холимог мажоритар тогтолцоог оруулсан нь маш зөв хувилбар байсан. Учир нь 26 хүнийг олон нийтээс сонгоно шүү дээ.
Эрх баригчид судалгаа явуулж, мажоритар тогтолцоогоор явбал дахин сонгогдох магадлал өндөр байна гэж үзэж буй хэрэг. Учир нь, 50+26 тогтолцоо тэдэнд ашиггүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Угтаа 50+26 нь бүх нийтийн эрх ашгийг хамгаалж, 3.2 сая хүнийг төлөөлөх боломжтой тогтолцоо байсан. 2016 оноос өмнө ямар тогтолцоогоор явж ирээд, ямар завхрал болсон билээ? Энэ бүхнийг болохгүй, бүтэхгүй, луйвардаж байна гэж үзсэн учраас сонгуулийн тогтолцоогоо бид өөрчилсөн. Гэтэл яг энэ зам руу буцаад орох нь.
Эдийн засагч Н.Туяа:
-Улс орны хэмжээний бодлого явагдахгүй, бүхий л санхүүгийн нөөц хөрөнгийг үрэн таран хийж, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийгдэж, тойргийн эрх ашиг яригдаж, том бодлого явагдахгүй байх сул талтай. Давуу талын тухайд, энэ тогтолцоо нь иргэдийн төлөөллийн чанарыг уг нь сайжруулах талтай боловчиг манайд улс төрийн соёл төлөвшөөгүй, нэр дэвшигчдийн ухамсар, ёс зүй муу байгаа учраас иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөхөөс илүүтэй дараагийн дөрвөн жилд яаж гарах вэ гэдэгт л анхаарал хандуулж байгаа юм. Хэрэв ёс зүйтэй, ухамсартай, боловсролтой парламентын гишүүн болон горилогчид байсан бол тойргийн иргэдийг зөв төлөөлж болох юм. Гэтэл дараагийн дөрвөн жилд яаж сонгогдох вэ гэдэгт анхаарч байгаа учраас асуудал нь улстөрчдөд байгаа хэрэг. Уг нь бүс нутгийн хөгжлийг харгалзан улс орны том бодлоготой уялдуулах замаар иргэдийг төлөөлж чадах давуу тогтолцоо мөн.
Гэхдээ 60 тэрбум, ЖДҮ гэх мэт асуудалд орооцолдож, иргэдийн дургүйцлийг хүргэсэн хүмүүс төрөөс хулгайлсан мөнгөөрөө тойрог услаад гараад ирэх магадлал өндөр байгаа учраас олон нийтийн дунд үймээн самуун дэгдэнэ гэсэн яриа гараад байх шиг байна. Ийм асуудлыг үүсгэхгүйн тулд, Сонгуулийн хууль болон Намын санхүүжилтийн хуулин дээрээ мөнгө тараах, эд зүйлээр иргэдийг татах, худал амлалт өгөх гэх мэт асуудалд өндөр хариуцлага хүлээлгэдэг хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Гол нь, хууль нь хэрэгждэг, хуулийг хэрэгжүүлэх субьектууд ажилладаг байх ёстой.
Улс төр судлаач Д.Уламбаяр:
-Үндсэн хуульд тусгаснаар сонгогчид саналаа нэр дэвшигчид шууд өгөх заалтыг хангаж байгаа гэдгээрээ давуу талтай. Жижиг 76 тогтолцооны тухайд, аймгийг хоёр, гурван тойрогт хуваагаад, улмаар жалга довны үзлээр гишүүд тойрог өмчилдөг байсан. Харин энэ тогтолцоо нь нэг аймгийг нэг тойрогт хуваадаг учраас иргэдийн нийтлэг эрх ашиг яригддаг гэдгээрээ давуу талтай. Мөн том савлагаа үүсэхгүй, ашиг сонирхлыг тэнцүүлдэг. Өнгөрсөн хугацаанд олноо танигдсан З.Алтай, С.Оюун гишүүн яг энэ тогтолцоогоор гарч ирсэн байдаг. Тэдэн шиг хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг том тойрогт нам хамаагүй гээд дэмжээд гаргаад ирэх магадлал өндөр бий. Мөн нэг нам хэт дангаар ялахыг багасгах талтай буюу олон намын төлөөлөл гарах боломжтой болно. Түүнчлэн хоёр эрх баригч намын амжилттай яваа нэр дэвшигч саналаа наймаалцах асуудал үүсдэг. Тухайлбал, би МАН-аас нэр дэвшээд, АН-ын нэг нөхөртэй найз байвал өөрсдийн дэмжиж буй төлөөллийг санал өгүүлэх буюу нам харгалзахгүй нэгнээ дэмжих тохироо хийдэг талтай. Энэ нь дараагийн шинэ МАНАН эрхээ авахаар оролдож байгаа эхлэл.
Аймаг, нийслэлийн тухайд, сонгуулиа салгаж хийх гэж байгаа болов уу. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын 45-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт хийхээр МАН-д ямар ч ач холбогдолгүй, гол төлөв Ардчилсан намд нийслэлийн суудлыг алддаг тул салгаж аваад, тусдаа үзэх нь дээр гэж тооцож байгаа бололтой. Эрх барьж буй МАН-ын хөгшин бурхинууд дахин сонгогдох хамгийн өндөр магадлалтай хууль. Яагаад гэвэл, нэг том тойрогт олны танил мөнгөтэй хүн ялалт байгуулдаг. Тэгэхээр тэдний хажуугаар орж танигдах мөнгөтэй хүн бараг байхгүй.
Хуульч Ж.Эрхэмбаатар:
-Сонгуулийн тогтолцооны эцсийн зорилго нийгмийн төлөөллийг хууль тогтоох байгууллагад орж ирэхэд зориулагддаг бол өнөөдөр өргөн барьсан хувилбарыг хамгийн муу хэлбэр гэж харж байгаа. Өргөн барьсан төсөл дээр сонгуулийн сурталчилгааны хугацааг 22 өдрөөр тусгасан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч үнэмлэхээ гар дээрээ авсан мөчөөс сурталчилгааны хугацаа эхэлнэ. 22 өдрийг 2016 оны сонгуультай харьцуулж үзвэл дөрвөн өдөр нэмэгдсэн. Нэр дэвшигч сонгуульд оролцох материалаа бүрдүүлэх хугацаа 45 хоног байгаа. Гэхдээ сонгуулийн сурталчилгааны хугацааг уртасгах нь зардал нэмэх, сонгогчдыг залхаах гээд сөрөг тал байгаа боловч нөгөө талаас иргэд саналаа өгөхийн тулд мэдээлэлтэй байх ёстой. Иргэд сонгох эрхээ бүрэн эдлэхийн тулд тухайн нэр дэвшигчийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх ёстой. Сонгуулийн гол зорилго бол нэг гараанаас тэгш өрсөлдөх бололцоог хангах. Энэ бололцоог одоогийн хуулийн төсөл дээр тусгаагүй гэж би харж байгаа.
Эрх зүйч, судлаач, АН-ын гишүүн Х.Номингэрэл:
-Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Дор хаяж 30 хувь. Өнөөдөр эрх баригчдын сонгосон сонгуулийн тогтолцоогоор 2008 оны сонгуулийн дүнгээр гурван эмэгтэй гишүүн УИХ-ын гишүүн болсон. Энэ бол маш бага тоо. Одоо ч гэсэн бид дэлхийн дунджаас доогуур явж байгаа. Томсгосон 26 тойргоор явуулах нь жижиг тойргоос дээр гэдэгтэй санал нийлж байна. Үүнээс үүдэн илүү том тойрог руу үр дүнтэй аргаар яаж хүрэх вэ гэдэг асуудал бий болно. Үнэхээр намуудыг төлөвшүүлье гэж бодож байгаа бол би хувьдаа хатуу лист буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог дэмждэг. Пропорционал тогтолцоогүйгээр намуудыг төлөвшүүлэх боломжгүй.