УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
-Энэ удаагийн Сонгуулийн хуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн хууль хүний сэтгэлд хүрсэн төгс төгөлдөр зүйл болоогүй нь ойлгомжтой. Миний хувьд 50:26 гэсэн сонгуулийн тогтолцоог нэг шалтгаанаар дэмжиж байсан. Тэр нь улс нэг тойргоос 26 гишүүн сонгоё гэсэн байр суурьтай байлаа. Жагсаалтыг бол эрс эсэргүүцсэн. Хэн нэгний суганд хавчуулагдаж УИХ-д орж ирж болохгүй. Улс даяар 26 хүн шигшигдэж гарч ирэх нь чухал гэж үзсэн юм. Харамсалтай нь МАН-д улсын хэмжээнд өрсөлдөөд гараад ирэх 26 лидер улстөрч байхгүй бололтой. Тэгээд эрх баригчид олон мандаттай томсгосон 26 тойргийг сонгосон гэж бодож байна. Сонгуулийн хуулийг хэрхэн батлах нь эрх баригч МАН-ын асуудал. Миний хувьд нэгэнт Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр хэлэлцэж эхэлсэн учраас бусад хуулиудаас ялгаатай жишиг хууль болоосой гэж хүсч байгаа. Үүний тулд нэгдүгээрт нь мөнгөний сонгууль бүү болоосой. Харамсалтай нь тойрог томсгохоор хүссэн ч хүсээгүй ч мөнгөтэй хүн л илүү санал авна. Мөнгөгүй хүн гарахгүй. Жишээлбэл, Орхон аймгийг аваад үзье. Орхон аймаг 90 мянга орчим хүн амтай. Үүнээс сонгуулийн насны хүн ам нь ойролцоогоор 40 гаруй мянга. Тэгэхээр тэр 40, 50 мянган хүнд сонгуулийн сурталчилгааны тараах материал өгөх ёстой. Үүн дээр сонгуулийн штабт нь ажилласан 400-500 хүний цалин өгнө. Мөн сурталчилгааны самбарууд байршуулна. Тэгэхээр нэр дэвшигчээс гарах зардал яах аргагүй гурав дахин өсч байгаа юм. Үүнээс гадна намуудаас нэр дэвшигчид бие биенээ үзэн ядах байх. Эрх баригч МАН-ынхан УИХ-д 32:34 болж талцсан. Тэгэхээр жинхэнэ ил тод байлдах байх л даа. Гэхдээ энэ нь маш сайн. Учир нь тийм хүмүүсийг, тийм намыг сонгож яах юм. Хэрэггүй шүү дээ. Сонгуульд нэр дэвшигчид “Сонгогч таныг төлөөлье” гэж өрсөлддөг. Түүнээс биш ямар ч хамаагүй үнээр Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалтад орох гэдэггүй. Энэ бол маш чухал. Үүнийг сонгогчид бодох ёстой.
-Та Сонгуулийн хуулийн төсөлд санал өгсөн үү?
-Сонгуулийн тойргийг томсгохоор нэр дэвшигчийг тодруулах асуудлыг анхаарах ёстой. Авлига, албан тушаалтай асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Ингэхийн тулд би зарчмын зөрүүтэй дөрвөн санал өгсөн. Бүгд дэмжигдсэнгүй. Нэг саналаа би бараг өөрөө татаж авсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өгсөн учраас. Тэр нь ЖДҮ-чидээ нэр дэвшүүлэхгүй байх. Прокурор ЖДҮ-гийн хэрэг дээр ажиллаж шалгаж мөрдөж, тогтоогоод асуудлыг УИХ-д оруулж ирснийг хүн бүр мэднэ. Тэгээд УИХ үүрийн таван цаг хүртэл хэлэлцсэн. Энэ бүгд их ажил, хөдөлмөр шүү дээ. Тэгэхээр ЖДҮ-чид нэр дэвших нь тэдний хөдөлмөрийг үгүйсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дөрвөн жил. Иймд Улсын Ерөнхий прокурор албан бичиг өгч хэрэг нь тогтоогдсон, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон хүмүүсийн асуудлаар албан бичиг өгөх учиртай. Энэ бичгийг нь үндэслэн асуудлыг шийдэх ёстой. Харамсалтай нь тэгсэнгүй. Бас нэг зовлонтой зүйл бий. Эмэгтэйчүүдийн квот 20 байна. Үүнийг 30 болгох ёстой гэсэн. Би эмэгтэйчүүдийн квот 30 хувь байхыг дэмжсэн. Яагаад гэвэл УИХ-ын 76 гишүүний 30 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн үг биш. Намууд нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 50:50 хувь гэж авч үздэггүй. Ийм учраас аргагүйн эрхэнд босго тогтоож байгаа юм. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг УИХ-д оруулах талаар анхаарах ёстой. Өнөөдөр хаана ч тэр байшин барилга, зам талбай, цахилгаан шат, сургууль цэцэрлэгийг хар. Бүгд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг байгаа юм. Тэдэнд таатай ямар ч боломж, нөхцөл олгоогүй. Тэгэхээр тэдэнд учирдаг бэрхшээл, зовлонг мэддэг хүн ярих нь илүү үр дүнтэй. Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг сайн тал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зөвлөхөөрөө авсан. Манай УИХ-д ийм юм байхгүй. Гэтэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд “25 ажилтантай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг заавал ажилд авна” гэж заасан байдаг.
-Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон гэсэн үг үү?
-Тийм. Эмэгтэйчүүд нэр дэвших боломжтой. Харин бололцоог нь гаргахгүй болохоор аргагүйн эрхэнд хуульчилж байгаа шүү дээ. Магадлалаар яривал нэг намаас 100 хувь эмэгтэй хүн нэр дэвшиж болно. Харин эмэгтэйчүүд элдэв хуралд очиж үг хэлж, хор найруулж чаддаггүй. Ийм учраас УИХ-д цөөхөн эмэгтэй гишүүн байдаг. Тэгэхээр аргаа бараад 30 хувь гэсэн босго тогтоох гээд байгаа юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн мөнгө төгрөг байхгүй, намд ямар ашигтай юм. Гудамжаар яваад сурталчилгаа хийж чадахгүй гэсэн хандлагаар нэр дэвшүүлдэггүй. Ийм учраас Сонгуулийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлэх квотыг хоёр хувь гээд тодорхой тусгаад өгөөч л гээд байгаа юм.
-Та дээр ярьсан. Гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж ойлгож болох уу?
-Уг нь нэр дэвших эрхгүй байх ёстой. Харин нэр дэвшихээр болгосон. Эрх баригч МАН-ын ганц эмзэг сэдэв. Үүн дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы оруулж ирсэн “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн хүнийг нэр дэвшүүлэхгүй байх” гэдэг саналыг бодолцох хэрэгтэй. Монгол Улс саарал жагсаалтад орсон. Саарал жагсаалтад оруулахад ямар үг өгүүлбэртэй тайлбар байсныг эргээд хар л даа. Түүнд “Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүний хөрөнгийг хураахгүй байгаа учраас саарал жагсаалтад орууллаа” гэсэн. Бүх хөрөнгийг нь хураа гээд байгаа шүү дээ. Олон улсад, дэлхийн жишигт ийм хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн бол бүх хөрөнгийг нь бүр халаасанд нь байгаа сохор зоосыг хүртэл хурааж ав гэдэг юм. Гэтэл бид өрөвдөөд “Хөөрхий дөө, яах вэ. Зайлуул авсан мөнгө нь хоёр тэрбум л юм байна. Үүнийг нь хөөн хэлэлцэх хугацаагаар үлдээгээд өгье” гэснээс болоод манай улс саарал жагсаалтад орчихсон. Тэгвэл өнөөдөр Япон, АНУ-ыг хар. Жишээлбэл, Монгол Улсад захиргааны зөрчил гаргасныг нь Японы тал мэдэх юм бол тэр хүнд виз өгөхгүй. АНУ авлига, албан тушаалын хэрэгт шүүхээр шийтгүүлсэн хүнд виз өгөхгүй. Энэ нь 10 эсвэл 100 жилийн өмнө байсан нь хамаагүй шүү дээ. Гадаад улсууд өөрийн орондоо ийм хамгаалалт хийж байхад монголчууд Төрийн ордондоо ийм хамгаалалт яагаад хийж болохгүй гэж.
-Сонгууль явуулах тогтолцооны асуудал нэлээд маргаан дагуулсан. Одоо тогтсон олон мандаттай 26 тойрог гэдгээ өөрчлөхгүй гэсэн үг үү?
-МАН ийм тогтолцоогоор сонгууль явуулахгүй бол амь тавилаа шүү дээ. Өнгөрсөн сонгуулиар амласан зүйлээсээ юу ч хийгээгүй. Жишээлбэл, МАН-ын нөхдүүдийг ЖДҮ ав гэж ард түмэн шахаж дарамтлаагүй биз дээ. Гэтэл МАН-ынхан ЖДҮ-дсэн, концессодсон, төрийн албыг худалдаад авчихсан. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг идчихсэн. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хусчихсан. Ийм хүмүүсийн мэдээлэл жижиг тойрогт хурдан тарна. Өрсөлдөгч нь ганцхан л үг хэлнэ шүү дээ. Тэгээд 5000 хүнд сурталчилгааны хуудас тараах зардал нь арай бага, учиртай тусна. Тухайлбал, бичгийн цаасан дээр сурталчилгаа хийж тараагаад “Би ЖДҮ, консцесс идээгүй, Капитал банкаар дамжуулж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хусаагүй” гэхэд эрүүл саруул ухаантай хэн ч гэсэн хулгайчийг сонгохгүй. Жижиг тойрогт нэр дэвшсэн хоёр хүний нэг нь сонгогдоно гэсэн үг. Ийм учраас сурталчилгаанд тараах цаасыг олон болгоод, тойргоо томсгоод байгаа юм.
-Тэгэхээр сонгуулийн сурталчилгааг хэзээнээс хэдий хугацаанд хийх заалт хуульд тусгаж байна вэ?
-Сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа нь 22 хоног юм билээ. Бас л хэцүү дээ. Би зөвхөн Орхон аймгаар жишээ авъя. Эрдэнэт хот 21 багтай. Нэг багт нэг өдөр л ажиллана гэсэн үг. Баг нь цаашлаад хэсэгтэй болоод явна. Олон гудамтай. Тэгэхээр бүх багт хүрч очоод би нэр дэвшиж байгаа гээд сурталчилгаа хийхэд цаг хугацааны хувьд хэцүү болно.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэдийд хэлэлцэх юм бол?
-Үүнийг би одоохондоо мэдэхгүй байна. Миний мэдэж буйгаар орон нутгийн сонгуульд нэр дэвших бол төрийн албан хаагч дөрөвдүгээр сар гэхэд ажлаа хүлээлгэж өгнө. Тэгэхээр би УИХ, Орон нутгийн сонгууль тусдаа явна гэж ойлгож байгаа. Тэр дундаа хуучин жишгээр аравдугаар сард сонгууль явуулах байх.