УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс Сонгуулийн хуулийн талаар тодрууллаа.
-Авлига, албан тушаалын хэрэгт шийтгүүлсэн хүнийг нэр дэвших эрхгүй хуулийн заалт орсон. Харин, ийм хэрэгт холбогдсон хүн нэр дэвших эрхтэй үлдэж байх шиг байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би урд нь ард түмний өмнө нэр хүнд, итгэлийг нь алдсан УИХ байхаар тарсан нь дээр гэж байр сууриа илэрхийлж байсан. Тэгэхээр миний гол барьдаг бодлого бол УИХ-д орж ирж байгаа хүн цэвэр байх ёстой. Авлига, албан тушаалын болон ямар ч хэрэгт холбогдсон, шийтгүүлсэн л бол нэр дэвших ёсгүй. УИХ-ын 76 гишүүн гурван сая гаруй хүнээс сонгогдож байгаа юм. Ийм учраас би ялаа эдэлсэн, энхийн цагаан тагтаа, цэвэр сайхан болсон гээд УИХ-д орж ирэх хэрэггүй. Цаашаа явах нь зүйтэй. Өөрсдийнхөө амьдралын хэв маягаа хөөж бизнес эрхэлнэ үү юу хийдэг санж цаашаа явах нь зөв гэж байгаа юм. Ийм учраас би дээрх заалтыг дэмжиж байгаа.
-Бусад онц ноцтой гэмт хэргийг бас тодруулж өгөх ёстой байсан гэдэг шүүмжлэл гараад байгаа?
-Онц ноцтой гэмт хэрэг хүмүүс сонгуульд нэр дэвших гээд шуугиулаад байгаа зүйл өнөөдөртөө байхгүй. Харин төрд ажиллаж байхдаа алдаа, доголдол гаргаж байсан хүмүүс “Би одоо л сайхан болно” гэж буцаж ирээд байгаад учир бий.
-Эмэгтэйчүүдийн квотыг нэмээгүй асуудалд та ямар бодолтой байгаа вэ?
-Би эмэгтэйчүүдийн квотыг дэмжих байр сууринаас хандсан. Булган аймгаас сонгогдсон. Төр засгийн байгууллагад эмэгтэйчүүдийн өнгө төрх орж ирэх ёстой. Үүнд эмзэглэх хэрэггүй гэдэг. Төрд үлгэр жишээч эмэгтэй албан хаагчид дандаа байх ёстой. Учир нь наад зах нь тэдний бие авч яваа байдал, хувцаслалт, хэлж ярьж буй зүйлийг хараад нийгэм цэвэршиж явдаг жамтай. Ийм учраас эмэгтэйчүүдийн квотыг 30 болгох байр суурьтай байсан.
-Сонгуулийг томсгосон олон мандаттай 26 тойрогт явуулна гэж байгаа. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-Энэ асуудлыг Засгийн хүрээнд эргээд ярих юм шиг байна. Томсгосон тойргийг би дэмжиж байгаа. Ард иргэд УИХ-ын 76 гишүүнийг сонгодог. Тэгээд элдвээр хэлдэг. Шууд нүүр тулж сонгогдох Үндсэн хуульд заасан заалтаа хэрэгжүүлэх ёстой. Ард түмэнтэй нүүр тулж сонгогдохоос бултаж нуугдах хэрэггүй. Намын нэр, жагсаалтын ард нуугдаж УИХ-д орох ёсгүй юм. Иргэдтэй нүүр тулж ярилцаад хэн гэдгээ таниулъя л даа. Ингэж УИХ-д орох нь зөв. Харин УИХ-д орчхоод иргэдээс зугтаад байхгүй холбоотой байя гэж байгаа юм. Төсвийн хуваарилалт буруу учраас орон нутаг хөгжихгүй, малчид, иргэд ядуу байгаа нь үнэн. Монгол Улсын хүн амын гуравны нэг нь ядууралд өртөөд байна. Өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөөнийхнийг хөөе гэсэн хачин хачин зүйл зарим хүн яриад байдаг шүү дээ. Төсвийн хуваарилалт буруу учраас иргэд төвдөө төвлөрч байгаа юм. Мөн төсвийг задлах бодлого өнөөдөр хэрэгжүүлэхгүй байна. Жишээ нь нэг гишүүнд танай тойрогт ийм л хэмжээний хөрөнгө оруулалт байна гэж хатуу зогсдог. Тэгээд тав, зургаа, долоо, найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэг тойрогт хуваарилдаг. Өнөөг хүртэл ингэж л явж ирсэн. Ингэж асуудлыг саармагжуулах хэрэггүй. Олон мандаттай нэг тойрогт нам хоорондоо бутардаг, нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг гэсэн асуудал ярих хэрэггүй. Хамгийн гол нь иргэнд сонгох бололцоог нь нээж өгөх учиртай. Түүнээс биш хоёр нэр дэвшигч ёс зүй, энээ тэрээ яриад хоорондоо зодолдоно уу, ноцолдоно уу хэнд ч хэрэггүй асуудал. Энэ нь дараагийн, намын, хүний чанар ёс зүйн л асуудал юм.
-Сонгуулийн сурталчилгааг ямар байдлаар хийхээр хуульд тусгаж байна вэ?
-Сурталчилгааг жигд хийх боломж бололцоог л олгох хэрэгтэй. Туршлагатай улстөрч ч бай, шинэ нэр дэвшигч бай хэн ч гэсэн нэг гараанаас гарч сурталчилгаа хийх боломжоор хангая гэж байгаа.
-УИХ-ын гишүүд хууль сурталчлах нэрээр сонгуулийн сурталчилгаагаа түрүүлж эхэлдэг гэсэн шүүмжлэл гараад байна л даа?
-Монголчууд “Аваргыг давж аварга болдог” гэдэг. Монгол бөхийн барилдаанд “Чи олон жил давсан учраас цаашаа бай. Залуу бөхөө гаргая” гэдэггүй биз дээ. Тэр өрсөлдөөн дунд тэмцэж явж байж гарч ирдэг. Тэгэхээр энэ бол байгалийн хууль гэсэн үг. Харин сонгуулийн сурталчилгааны хугацааны хувьд эргэж харах асуудал бий.