Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл ирэх онд хэрхэн хэрэгжих болон түрээсийн орон сууцны талаар ярилцлаа.
-Ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулж Монголбанк 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс ипотекийн зээлийн санхүүжилтээс гарна. Ингээд Засгийн газар ипотекийн зээлийн санхүүжилтийг хариуцан ажиллана. Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтийг тусгаж ирсэн. Тухайлбал, эхний жил 120, дараа жил нь 115 тэрбум төгрөг тусгасан. Энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж улсын төсөвт 60 тэрбум төгрөг тусгаад байна. Мөнгөн дүнгийн хувьд өнгөрсөн оныхоос хоёр дахин багассан. Гэвч өмнөх жилүүдийнхээс бууруулахгүй байх бодлого боловсруулж байгаа. Өөрөөр хэлбэл нэг орон сууцыг 60 сая төгрөг гэж тооцвол 1000 өрх орон сууцтай болно гэсэн үг. Тэгвэл уг мөнгийг арилжааны банкуудаас олгосон зээлийн хүүгийн зөрүү эсвэл бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд зарцуулах бололцоо бий. Энэ онд 7000 орчим иргэнд орон сууцны ипотекийн зээл олгохоор төлөвлөсөн. Дээрх байдлаар төсөвлөсөн мөнгөө зарцуулбал ирэх онд 8-10 мянга орчим иргэнд ипотекийн зээл олгох нөхцөл бүрднэ. Бид ийм тооцоо хийгээд бодлого гаргаж Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Тэгэхдээ хоёр, гурван хувилбартай бодлого гаргасан. Ингээд нэгдүгээр сарын 01 гэхэд эцэслэн боловсруулж олон нийтэд мэдээлнэ.
-Та энэ онд 7000 орчим иргэн ипотекийн зээл авна гэлээ. Санхүүжилт нь хүрэлцээтэй байж чадсан уу?
-Улсын төсөвт 115, арилжааны банкуудаас мөн мөнгө орж ирсэн. Ингээд 300 орчим тэрбум төгрөг болсон. Үүн дээр Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 250 орчим тэрбум төгрөг орж ирсэн юм. Тэгэхээр 600 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлийн хөтөлбөрт зарцуулж байгаа. Харин энэ оны төсөвт тусгасан мөнгийг бодлогын шийдэлд зарцуулснаар ипотекийн зээлд хамрагдах иргэдийн тоо буурахгүй гэж үзэж байна.
-Түрээсийн орон сууц иргэдийн сонирхлыг бас татаж байгаа. Ирэх онд хэдэн айлын түрээсийн орон сууц ашиглалтад орох вэ?
-Энэ 972 айлын түрээсийн орон сууцыг нийслэлд Буянт-Ухаад ашиглалтад оруулсан. Орон нутагт 600 гаруй айлын түрээсийн орон сууцыг Говьсүмбэр, Говь-Алтай, Хөвсгөл аймагт ашиглалтад оруулсан. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг цаашид нэлээд онцгойлж авч үзнэ. 2020 оны 2-3 дугаар сард Чингэлтэй дүүргийн Ногоон нуур орчимд 1008 айлын түрээсийн орон сууцны барилгын газар шорооны ажлыг эхлүүлнэ. Мөн ирэх жилдээ багтааж БНСУ-ын 500 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Солонго-1, 2”, “Баянголын ам” гэсэн гурван төслөөр 7000 айлын орон сууцны ажил эхлүүлэхээр төлөвлөсөн.
-Гэр хорооллын амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах асуудал юу болсон бэ?
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолд гэр хорооллын амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах талаар туссан. Манай яаманд чиглэл өгсөн байгаа. Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарч баталсан журамд энэ асуудал туссан. Гэвч арилжааны банкууд уг асуудлыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл байна үзээд хойрго хандаж байгаа. Учир нь амины орон сууцыг барих зураг төслийг хэрхэн гаргах, зөвшөөрөл авах, ямар материалаар барих, бариагүй барилгыг яаж барьцаалах вэ зэрэг шалтгаанаар уг асуудал хэрэгжихгүй байна. БХБЯ-наас Монголбанк, арилжааны банкуудтай хамтарсан уулзалт зөвлөгөөн хийсэн. Тэгээд энэ асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг хайж байгаа. Ирэх онд уг асуудлыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх юм. Гэр хорооллын амины орон сууцны засварт зориулж хөнгөлөлттэй зээл олгох чиглэл бий. Уг асуудлыг бас шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Зах зээлд борлогдоогүй хэчнээн орон сууц байна. Барилгын компаниуд өөрсдөө найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгохыг төр засгаас хэрхэн дэмжиж байна вэ?
-БХБЯ-наас 2018 оны төгсгөлд зах зээл дээр байгаа орон сууцны тооллого хийсэн. Тэгэхэд 5000 орчим орон сууц борлогдоогүй байсан. Энэ онд 7000 орон сууцанд ипотекийн зээлийн санхүүжилт зарцуулагдаж байна. Мөн ашиглалтад орох орон сууцыг тооцоод үзвэл зах зээл дээр орон сууцны илүүдэл байхгүй юм. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд орон сууцаа борлуулах олон төрлийн менежмент хийх болсон. Тухайлбал, түрээслээд өмчлөх талаар Засгийн газраас тогтоол, журам гаргасан. Жишээ нь Чингэлтэй дүүргийн дахин төлөвлөлтөд шалгарсан “Бармон” компани орон сууц захиалагч иргэнд таван жилийн хугацаатай түрээслээд худалдах үйл ажиллагаа явуулж байна. Орон сууц түрээслэгч иргэн сард нэг сая орчим төгрөг төлж орон сууцаа худалдан авах нөхцөл бүрдүүлсэн. Орон сууц борлуулах ийм шинэлэг механизмыг БХБЯ, Хөгжлийн банкнаас дэмжиж байгаа. Мөн “Эрин интернейшнл” компани бас лизенг өгч эхэлсэн. Хуулиар энэ арга хэмжээ нээлттэй учраас яамны зүгээс цаашид дэмжих болно.
-Гэр хороололд “Сервис центр” ашиглалтад оруулж байгаа. Иргэд амины орон сууцаа үүнд хэрхэн холбогдох юм бол. Үүнд зориулж зээл олгох уу?
-“Сервис центр”-ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Мөн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөс ч үүнд зарцуулж байна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 300 айл “Сервис центр” төсөлд хамрагдсан. Одоо үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. “Сервис центр” гэдэг нь гэр хороололд инженерийн хэсэгчилсэн шугам сүлжээ тавих асуудлыг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл төвлөрсөн шугам сүлжээ хүрэхгүй байгаа газар хэсэгчилсэн хэлбэрээр шугам сүлжээ үүсгэж байна. БХБЯ уг төслийг туршилтын журмаар Сүхбаатар дүүрэгт анх эхлүүлсэн. Ирэх онд ажил нь эрчимжих төлөвлөгөө бий. Харин Улаанбаатар хотын захиргаанаас Чингилтэй дүүрэгт эхлүүлсэн “Сервис центр” ашиглалтад ороод байна. Иргэд үүнд ам сайтай байгаа. Цаашид БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд 50 ширхэг “Сервис центр”-ыг Улаанбаатар хотын захын хороололд байгуулахаар төлөвлөсөн.