АН 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш ихээхэн хэмжээний шинэчлэл хийсэн. Энэ талаар АН-ын Хэрэг эрхлэх газрын Аймаг, нийслэл хариуцсан хэлтсийн дарга Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Танай хэлтэс ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай хэлтэс 21 аймаг есөн дүүргийн намын байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутаг, дүүргүүдэд намаас хэрэгжүүлэх бодлого хэрэгжүүлэх ажлыг зохицуулж хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулдаг.
-АН-д нийтдээ хэдэн нэгж байгууллагууд хамрагддаг вэ?
-21 аймагт 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт 152 хороо байдаг. Энэ бүхэнд намын нэгж байгууллагууд байнгын үйл ажиллагаа явуулж байна. Нийт улс орон даяар байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах замаар бодлогоо хэрэгжүүлдэг нам.
-Саяхан нийслэлийн дүүргүүдэд олон хороо шинээр байгуулсан. Эдгээр хороодод намын салбарууд байгуулагдсан уу?
-Шинэ хороод байгуулагдсанаар нийслэл нийтдээ 170 хороотой болсон. Манай нам ч энэ хороодод салбараа байгуулсан.
-Дээр үед алслагдсан аймгуудад нам, төрийн бодлого бага хүрч байна гэж шүүмжилдэг байсан.
-Өнөөдөр техник технологи өндөр хөгжсөн. 1990 оноос өмнө өндөр албан тушаалтнууд ч алслагдсан сумтай бүү хэл аймагтай холбогдоход хэцүү байсан. Харин одоо ямар ч алслагдсан сум, багийн малчин нийслэлд суугаа оюутан хүүхэдтэйгээ өдөр бүр ярих боломжтой болсон. Намын үйл ажиллагааны хувьд алслагдсан аймаг, сум гэсэн ойлголт байхгүй. Нийслэлийн нэг хорооноос алслагдсан аймгийн нэг багийг ялгаж үзэх шаардлага байхгүй. Ямар ч ажиллагаа зохион байгуулсан, бодлого хэрэгжүүлсэн газар байрлалаас хамаарахгүй болсон. Гэхдээ нийслэлийн нам өөрөө Хэрэг эрхлэх газартай. Аймгуудын хувьд хол ойрын ялгаа байхгүй болсон. Ямар ч бодлогыг тухайн цагтаа улс орон даяар хүргэдэг.
-Саяхан АН Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэлээ?
-АН-ын зүгээс Ардчилсан хувьсгалд түүхэн ач холбогдол өгдөг. Монголчуудын үнэт зүйл гэж үздэг. Энэ утгаараа өргөн хүрээний үйл ажиллагаа зохион байгуулсан.
-Жишээлбэл...?
-Ойн хүрээнд намын зүгээс орон даяар урлаг спортын их наадмыг зохион байгуулсан. Гэхдээ энэ ажиллагааг нэг дор биш, зүүн, баруун, төвийн гэх мэтээр дөрвөн бүсэд болсон. Өнгөрсөн жил таван бүс болгон хувааж чуулган зохион байгуулсан. Энэ жил Ардчилсан залуучуудын холбооны бүсийн чуулгануудыг зохион байгууллаа. Энэ жишгээр цаг үеийн ажлуудыг нэгэн зэрэг зохион байгуулдаг болсон. Алслагдсан аймгууд бодлогын чанартай ямар ч асуудлаас хоцрохгүйгээр зохион байгуулж байгаа.
-Сонгогчид сүүлийн үед мөнгө ярихаас илүүтэйгээр бодлого нэхэх, асуудалд шударга хандахыг шаардах нь нэмэгдсэн гэнэ. Танай намд ямар нэгэн санал, хүсэлтээ яаж өгөх вэ?
-УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа АН дүрэмдээ өөрчлөлт оруулж, бүтэц, зохион байгуулалтдаа томоохон өөрчлөлт хийсэн. 2017 онд нам “Монголоо сонсъё” аян зохион байгуулсан. Энэ хүрээнд бүх сум, хороодод намын Үндэсний бодлогын хорооны гишүүд уулзалт зохион байгуулсан. Ингэснээр тухайн аймаг сумдын намын байгууллагуудтай хамтраад иргэдээ сонссон. Тухайн нутаг дэвсгэрээс гарсан намын гишүүд болон иргэдийн саналыг нэгтгээд таван хэсэгт хуваасан.
-Санал хүсэлтийг яаж ангилсан бэ?
-Иргэдээс гарч байгаа саналууд өөр өөр түвшинд шийдвэрлэх асуудлууд байсан юм. Аймаг, сум, нийслэл, дүүрэг, төв намын хэмжээнд, төр, засгийн түвшинд шийдэгдэх асуудлуудыг бүлэглэсэн.
-Намд ирүүлсэн санал хүсэлтээс ямар нь илүү давамгайлж байна?
-Намын хувьд ихэнх нь шинэчлэлийг дэмжсэн, цаашдаа шинэчлийг үргэлжлүүлэх, гүнзгийрүүлэх тухай санал давамгайлсан. Иргэд “Намууд өмнө нь ард иргэдээ сонсдоггүй байсан” гэсэн гомдол их ирүүлсэн. Харин намын шинэчлэл хийснээр иргэдээ сонсч байгааг дэмжиж байгаа юм.
-Нийгэмд тулгамдаад байгаа асуудлаар хэр гомдол гарч байна?
-Иргэдийн хувьд үнэхээр нийгмийн бухимдалтай байгаа нь харагдсан. Утаанаас эхлээд шударга бус явдал гаарсан, улстөрчид төсвийн мөнгөнд хяналтгүй хандаж байгаа гэх мэтээр нийгэмд байгаа бүхий л гажуудлыг ярьж байгаа юм.
-Иргэд АН-ын шинэчлэлийг дэмжиж байгаа гэж байна. Харин намын гишүүд маань 100 дэмжиж байна уу?
-Намын шинэчлэл ялангуяа дүрмийн өөрчлөлтөд бүх гишүүд оролцсон. Хэлэлцүүлэг бүх шатанд олон удаа явсан. Энэ тохиолдолд батлагдсан дүрмийг намын гишүүд дэмжихгүй байна гэж үзэж болохгүй биз дээ.
-Зарим нэг гишүүн гомдолтой байгаагаа нуудаггүй шүү дээ?
-АН бусад намаас ялгаатай нь хэн нэгэн гишүүний үзэл бодол нийгэмд ил байдаг. 200 шахам мянган гишүүнтэй нам социализмын үеийнх шиг намын даргаа 100 хувь дэмждэг байх боломжгүй. Гэхдээ л ардчиллын зарчмаар олонхын саналыг авч батлагдсан намын дүрэм хэн нэгэн хүнд таалагдаагүйн төлөө муу дүрэм гэж үзэж болохгүй. Намын дарга хэн нэгэн хүнд таалагдахгүй байж болно л доо. Гэхдээ ардчиллын зарчмаар олонхын саналыг авч гарсан ирсэн намын даргыг хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй. Шүүмжлэл бол хаа ч байдаг. Бусад намаас ялгаатай нь манай намын гишүүд шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөр барахгүй, шүүмжлэх эрхийг хүндэтгэдэг.
-Өмнө нь АН-ыг гишүүдээ тоодоггүй байсан гэж шүүмжилдэг байсан. Шинэ дүрмээр асуудлыг дарга биш, гишүүд шийддэг болсон. Үр дүн гарсан уу?
-Гарсан гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд ярьж болно. АН гишүүдээ сонсдог болсноор Ерөнхийлөгчид намаас нэр дэвшигчийг дотоодын сунгаагаар зохион байгуулсан. АН-аас Ерөнхийлөгчид хэн нэр дэвшихийг намын удирдлага биш гишүүд шийдсэн. Гишүүдэд шийдвэр гаргах боломж олгосон нь зөв байсан. Намын хамт олны шийдвэр ямар амжилтад хүрдгийг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга ялалт байгуулснаас харж болох байх.
-Сүүлийн үед намын гишүүд эрхээ эдэлж байгаа тухай их ярьж байна. Шинэ дүрмээр гишүүд ямар нэгэн үүрэг хүлээх вэ?
-Гишүүд үүрэгтэй. АН-ын гишүүн гурван шатанд татвар төлөгч байдаг. Дэмжигч, татвар төлөгч, сонгуульт гишүүд татвар төлнө.
-Татварын хэмжээг хэлж болох уу?
-Намын гишүүн жилд 12 мянган төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл сард мянган төгрөг гэсэн үг. Энэ хэмжээний татвар жирийн намын гишүүдийг нэг их хүндрүүлэхгүй байх. Дэмжигч гишүүн татвар төлөхгүй. Үйл ажиллагааг дэмжих хэлбэрээр явдаг. Сонгуульт гишүүн гэдэг бол бүх шатны намын сонгуульд оролцож намын дотор улс төрийн албан тушаал хашиж байгаа гишүүд. Энд нийслэл, дүүрэг, аймаг, сумдаас эхлээд Үндэсний бодлогын хорооны гишүүд хамрагдана. Татвар нь тухайн шатнаасаа хамаараад өөр өөрөөр тогтоосон байдаг.
-Залуучууд АН-д элсэхээр бол ямар нэгэн болзол бий юү, яаж элсэх вэ?
-Шинэ гишүүд өөрийн харьяалагдах намын үүртээ хандаад АН-д элсч болно. Ямар нэгэн шалгуур болзол байхгүй. Гишүүнээр элссэний дараа дүрмэнд заасан үүргээ биелүүлэхэд л хангалттай.
-АН өнөөдөр хэдэн гишүүнтэй вэ?
-Бүртгэлээр татвар төлөгч гишүүн 200 гаруй мянга болсон.
-Яагаад АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар бут авхуулсан бэ?
-Уг нь бол бут авхуулаагүй л дээ. Нийт сонгогчдийн 30 гаруй хувийн саналыг авсан шүү дээ. Энэ чинь УИХ-ын 20 гаруй суудал гэсэн үг. Жижиг можаритор тогтолцооны гай нь сонгогчдын санал ихээр хаягддаг. Хэдхэн хүнээр илүү санал аваад гишүүн болчих боломжтой. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар АН-д санал өгсөн иргэдийн саналын аравхан хувь парламентад тусч бусад нь хаягдсан байхгүй юу.
-Иргэдийн саналыг байнга авах уу эсвэл аль нэгэн кампанит ажлын үеэр авдаг уу?
-Байнга авна. Манай хэлтэс нэгтгээд намын бодлого боловсруулагчдад өгнө. Үндэсний бодлогын хороонд 410 гишүүн байдаг. Эдгээр гишүүд 16 бодлогын хороонд харьяалагдана. Нам Үндэсний бодлогын хорооны гишүүдийг бодлого, зөвлөмжөөр хангаж, байнга орон нутаг ажиллах боломжоор хангана. Ингэснээр намын гишүүд, иргэдтэй холбоотой байж санал, хүсэлтийг авдаг.
-Сонгууль дөхөж байна. УИХ-д нам хэнийг нэр дэвшүүлэх вэ?
-Үндэсний бодлогын хорооны гишүүд нэр дэвшинэ.
-410 хүн дэвших юм уу?
-Үгүй ээ. Сонгуулийн нэг тойргоос таван Үндэсний хорооны гишүүн сонгогддог. Тэд тойрогтоо гишүүдийн оролцоотойгоор шалгарч нэг тойргоос нэг нэр тодорно. Шинэ дүрмээр Сонгуулийн хороо байгуулагдсан.
-Ойрын хугацаанд намаас ямар ажиллагаа зохион байгуулах вэ?
-Өнгөрч байгаа оны ажлаа дүгнэнэ. Ирэх жилийн ажлаа төлөвлөнө.
-АН-ын 2020 оны УИХ-д орох мөрийн хөтөлбөр хэзээ бэлэн болох бол?
-Ерөнхий санаанууд бодлогын хороодоор үндсэндээ хэлэлцэгдчихсэн. Одоо нарийвчлан хэлэлцэнэ.
-Танай нам аль зүгийн нам бэ?
-Баруун төвийн үзэл баримтлалтай нам.
-Энэ үзэл намын мөрийн хөтөлбөрт тусах болов уу?
-Тусна. Энэ ч бас намын шинэчлэлийн том ололт.